Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/159

 

 

 

 

 

 2022          02          17                                  2022/ШЦТ/159

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Галхүү,

Улсын яллагч Н.Булганчимэг,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, С овогт Б-ийн Б-д холбогдох эрүүгийн 2209000000052 дугаартай 1 хавтас хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 86 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Тэнгэрийн ивээл ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 16 дугаар гудамжны 219 тоотод оршин суух хаягтай, С овогт Б-ийн Б /РД:0000000000/,

           2. Холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Холивүүд” баарны гадна хохирогч Б.М-тэй үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянавал,

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Холивүүд” баарны гадна хохирогч Б.М-тэй үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ө.М-ийн өгсөн  “...2021 оны 12 дугаар сарын 08-ны шөнө 00 цагийн үед найзуудын хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Холивууд” баараар үйлчлүүлэх гээд очтол тухайн баар хаалттай байсан тул буцаад явах гэж байтал тэр хавьд хэсэг залуучууд согтуу зогсож байсан. Тэгээд тэдгээр залуучуудын хажуугаар гараад явах гэж байтал цагаан цамцтай ******* гэх залуу нь бид нар луу агсам тавиад байхаар нь би “Уусан идсэнээ шингээдээ” гэж хэлтэл намайг шууд барьж аваад толгой, нүүрэн тус газарт 3 удаа хүчтэй цохисон. ******* нь надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14/-р тал,

Хүний биед үзлэг хийсэн тухай Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №286 дугаартай “...Б.М-н биед зүүн хацар ясны далд хугарал, зүүн чамархайн хуйх, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 31-32/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.М-н өгсөн “...Холивууд бааранд очиход тухайн баар хаалттай байсан бөгөөд гадаа нь хэсэг залуучууд согтуу байсан. Тэр дундаас нэг цагаан цамцтай эрэгтэй бид нар луу агсам тавиад, манай найз М-н нүүрэн тус газарт нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.М-ын өгсөн “...Баарны гадна тамхи татаж байтал манай ажлын газрын залуу ******* нэлээд согтсон байсан бөгөөд цаанаас ирж байсан 2 эмэгтэй, 2 эрэгтэй рүү орилоод байсан. Тэгэхэд тэр залуучуудын нэг намхан залуу нь уусан идсэнээ шингээж чадахгүй гэж хэлсэн чинь ******* очоод тухайн залуугийн нүүрэн хэсэг рүү цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Т-ийн өгсөн “...Б нь хэсэг хүмүүстэй маргалдаад байсан ба энэ үед Б дээр очиход Б нь нэг залуугийн толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “...******* нь хохирогч Б.М-ийн толгой руу 3 удаа нударга зангидан цохиж байгаа дүрс харагдав...” гэх тэмдэглэл /хх-ийн 7-8/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн “...Би 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Холивууд” баарны гадна Б.М гэгчийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/-р тал зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан болон хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн хохирогч, шүүгдэгч, гэрч нараас тайлбар, мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх аль ч үед өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаангүйн дээр шүүгдэгч *******г тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******гийн зүгээс өөрийн гэм буруутай үйлдлийг сайн дураараа хүлээн зөвшөөрч холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан /хх-ийн 57/-р тал, байх бөгөөд хохирогч Б.М-ийн зүгээс мөн адил *******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг /хх-ийн 58/-р тал, тус тус гаргасныг улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж үзэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч болон хохирогчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Иймд, шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт болон эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа “...Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” саналыг гаргасан бол шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагатай холбоотойгоор ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл хэмжээний дотор багтсан байх хуулийн ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зармыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

 

Шүүх шүүгдэгч *******д Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирол нөхөн төлөгдсөн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзэв.

Гурав. Бусад асуудлаар.

Мөн хохирогч Б.М нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлж авсан цаашид гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй талаараа мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******-г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журмыг тусгаж өгчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх хуралдаанд прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, эсхүл хууль ёсны төлөөлөгч оролцоно. Хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч оролцох хүсэлт гаргасан бол оролцуулна...” гэж заажээ.

Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргаагүй тохиолдолд тэдгээрийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах шаардлагагүй бөгөөд хохирогч Б.Мөнхтөрийн зүгээс шүүх хуралдаанд биечлэн оролцох талаар ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болохыг дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Б-ийн Б-г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /Зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж, сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Х.ИДЭР