| Шүүх | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дорждэрэмийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 222/2017/00009/И |
| Дугаар | 09 |
| Огноо | 2017-09-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 09
“Шаттле” банк бус санхүүгийн байгууллагын
нэхэмжлэлтэй, Б.Эрдэнэчимэгт холбогдох
иргэний хэргийн талаар
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Л.Наранбаяр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга С.Бат-Очир
Нэхэмжлэгч “Шаттле” банк бус санхүүгийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Цээсүрэн
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмаа нар оролцов.
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 267 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмаагийн давж заалдах гомдлоор “Шаттле” банк бус санхүүгийн байгууллагын “Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох 48630000 төгрөг гаргуулах тухай” Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, 27А байр, 1-3 тоотод оршин суух Б.Эрдэнэчимэгт холбогдох иргэний хэргийг 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч “Шаттле” банк бус санхүүгийн байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Шаттле” банк бус санхүүгийн байгууллага нь иргэн Б.Эрдэнэчимэгт 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 28000000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн. Зээлдэгч Б.Эрдэнэчимэг нь зээл авснаас хойш зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчин зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөөгүй. Иймд хариуцагч Б.Эрдэнэчимэгээс үндсэн зээлийн үлдэгдэл 28000000 /хорин найман сая/, Үндсэн зээлийн хүү 17200000 /Арван долоон сая хоёр зуун мянга/, нэмэгдүүлсэн хүү 3430000 /Гурван сая дөрвөн зуун гучин мянга/, нийт 48630000 /Дөчин найман сая зургаан зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Би анх 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Шаттле” банк бус санхүүгийн байгууллагатай гэрээ байгуулан 60.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлээс 40.000.000 төгрөгийг хүүгийн хамт төлсөн. Гэтэл үндсэн зээлийн 20.000.000 төгрөг хүү 8.000.000 төгрөгийг нийлүүлээд 28.000.000 төгрөг болгоод шинээр гэрээ байгуулж, гэрээнд гарын үсэг зуруулсан.
“Шаттле” банк бус санхүүгийн байгууллагын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан гэх зээлийн гэрээ нь бодитойгоор байгуулагдаж зээл олгосон гэрээ биш миний өмнөх зээлийн гэрээг дуусгавар болгож шинээр хийсэн мэтээр хийгдсэн гэрээ юм. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан дүр үзүүлсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.
“Шаттле” банк бус санхүүгийн байгууллага нь банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасны дагуу зээлийн гэрээний дагуу надад зээлийн данс үүсгэж зээлийн мөнгөн хөрөнгийг бодитоор олгоогүй. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д Зээлдэгчийн дансанд зээлийн гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасан бөгөөд надад мөнгөн хөрөнгийг олгосон гүйлгээ хийгдээгүй тул зээлийг олгоогүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д дэх хэсэгт заасны дагуу банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүүг буцаан төлөх үүрэг хүлээнэ гэж заасан. Гэтэл “Шаттле” банк бус санхүүгийн байгууллага нь 28.000.000 төгрөгийг надад шилжүүлээгүй, хүүгийн хамтаар буцаан төлөх үүрэг үүсэхгүй гэж үзэж байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу “Шаттле” банк бус санхүүгийн байгууллага нь надад мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй тул Шаттле банк бус санхүүгийн байгууллагад буцаан төлөх үүрэг үүсэхгүй.
Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх заалт болон дээр дурдсан хуулийн үндэслэлүүдээр “Шаттле” банк бус санхүүгийн байгууллагад 28.000.000 төгрөгийн үндсэн зээл, 17.200.000 төгрөгийн хүү, 3430.000 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 48.630.000 төгрөгийг буцаан төлөх үүрэггүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 341 дүгээр шийдвэрт: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Б.Эрдэнэчимэгээс 48.630.000 / дөчин найман сая зургаан зуун гучин мянга / төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Шаттле” банк бус санхүүгийн байгууллагад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Шаттле” банк бус санхүүгийн байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 401.100 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эрдэнэчимэгээс улсын тэмдэгтийн хураамж 401.100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Шаттле” банк бус санхүүгийн байгууллагад олгохоор тус тус шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмаа давж заалдах гомдолдоо: Шүүх талуудын хооронд байгуулсан 2015 оны зээлийн гэрээгээр 28000000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй авахаар тохирон гэрээнд гарын үсэг зурсан ч энэ гэрээний дагуу Б.Эрдэнэчимэгт зээлийн данс үүсгэж, мөнгө шилжүүлээгүй нь нотлогдож байна Өмнө нь авсан зээлийн үлдэгдэл дээр шинэ гэрээ байгуулсан байна гэж үзэж уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох боломжгүй гэж үзжээ. 1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох эрхтэй. Гэтэл шүүх өмнө авсан зээлийн үлдэгдэл дээр шинэ гэрээ байгуулсан гэсэн үндэслэлээр дээрх эрхэд халдаж нэхэмжлэлийн шаардлагыг шүүх тодорхойлох замаар энэхүү зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг, хүүгийн хамт төлөхийг хангаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагаас давж шийдвэрлэсэн. 2. Зээлийн мөнгийг бодитоор шилжүүлээгүй, зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрөөр гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь дүр үзүүлж халхавчлах зорилгоор хийсэн. Нөгөө талаас Банк эрх бүхий этгээдийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т заасны дагуу зээл олгогдсонд тооцох боломжгүй. Иймээс зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл юм.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Мөн банк эрх бүхий этгээдийн зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно”, 21.4-т “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж тус тус заасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргааныг зөв тодорхойлон шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч “Шаттле” банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/ нь хариуцагч Б.Эрдэнэчимэгээс “үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү болох 48630000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь “Шаттле” банк бус санхүүгийн байгууллагаас 2014 оны 11 сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 60 000 000 төгрөг зээлж авсан, үүнээс үндсэн зээл 32 000 000 төгрөгийг төлж, 28 000 000 төгрөг төлөөгүй талаар маргадаггүй боловч, 2015 оны 06 сарын 25-нд өмнөх зээлийн үлдэгдэл 28 000 000 төгрөг шинээр зээлүүлсэн мэтээр дахин зээлийн гэрээ байгуулсан, уг мөнгийг надад зээлийн данс үүсгэж шилжүүлээгүй тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Зээлдэгч “өмнөх зээлийн үлдэгдэл 28 000 000 төгрөгийг хугацаанд нь төлж чадаагүй тул шинээр зээлийн гэрээ байгуулж, өмнөх зээлийн барьцааны үл хөдлөх хөрөнгөө чөлөөлүүлэх, зээлээ хүүгийн хамт төлнө” гэж хүсэлт гаргасны дагуу “Шаттле” ББСБ хүлээн зөвшөөрч, 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр шинээр зээлийн гэрээ байгуулсан болох нь зээлдэгчийн хүсэлт, зээлийн гэрээ, 3 сарын хугацаагаар сунгасан 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2015/11-1 дугаартай зээлийн гэрээний хавсралт зэргээр нотлогдож байна. Үүнээс үзэхэд зээлдэгч өмнөх зээлийн гэрээг дуусгавар болгож, зээлийн үлдэгдэл дээр шинэ зээлийн гэрээ байгуулах хүсэлт гаргасныг “Шаттле” ББСБ зөвшөөрч байгаа нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон байна” гэж үзэхээр байна. Иймээс Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.2-т зааснаар талуудын хооронд байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн харилцаа дуусгавар болжээ.
Талууд хүсэл зоригоо илэрхийлэн харилцан тохиролцож, 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулан гарын үсэг зурснаар Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар тухайн гэрээг хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу хариуцагч зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид шаардах эрх үүсч, нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хангаж, шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмаагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 401100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1, 167 дугаар зүйлийн 167.2 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 267 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 401100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БААТАРСҮХ
ШҮҮГЧИД Л.НАРАНБАЯР
Д.БАЙГАЛМАА