Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 14

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,                             

улсын яллагч Н.Мөнгөнсүх,

            иргэдийн төлөөлөгч Д.Өлзийхүү,

            хохирогч Ш.Мөнхжаргал, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, 

шүүгдэгч Л.Гантөгс, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар, Б.Болортуяа,

гэрч Г.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Батмөнх овогт Лянхцэцэгийн Гантөгсөд холбогдох 201525021430 дугаартай хэргийг 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Батмөнх овогт Лянхцэцэгийн Гантөгс, Монгол Улсын иргэн, 1971 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн 6-126 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:ЧК71081473/

          Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

           Шүүгдэгч Л.Гантөгс нь 2015 оны 08 дугаар сарын 05-ны орой 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Лондон стреет 28” караокены үүдэнд иргэн Ш.Мөнхжаргалтай хувийн таарамжгүй харилцаа буюу өр авлагын улмаас маргалдаж, улмаар түүнийг хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр санаатай амь насыг нь хохироохоор завдсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Гантөгс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2015 оны 08

 

дугаар сарын 05-ны өдөр намайг 10 дугаар хороололд дэлгүүрээс гарах үед Мөнхжаргал над руу яриад очиж уулзсан. Өмнө нь бид хоёрын дунд өр авлагын харьцаа байсан ч муудалцаж байгаагүй. Намайг очиход элдэв хэл амаар доромжилсон. Тухайн үед би дэлгүүрээс хутга авсан явж байсан. Хоол хийхдээ хэрэглэхээр тэр хутгыг худалдаж авсан байсан. Тэр хутгыг Мөнхжаргал хараад намайг шаах гэж ирсэн юм уу, чадахгүй бол би чамайг шаачихая гээд хутга авах гэхээр нь айлгах санаатай хутга далайсан. Мөнхжаргал хариу үйлдэл үзүүлээгүй тул больсон. Мөнхжаргалд хөнгөн зэргийн гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байгаа. Духанд нь хутгалж гэмтэл учруулсан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хохирогч Ш.Мөнхжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би Гантөгс ахыг таньдаг болоод 2 жил болж байна. Анх манай найзтай ирж машинаа үлдээгээд 4 сая төгрөг авч явсан. 7 хоногийн дотор өгнө гэж байсан ч хэдэн сараар алга болсон. 3 сарын дараа эхнэр Навчаа нь залгаад банк бус санхүүгийн байгууллага машин хураана гээд байхаар нь би 3.800.000 төгрөг төлсөн. Тэгээд машиныг эхнэрийнхээ нэр рүү шилжүүлсэн. Навчаа эгч ирээд 5 сая төгрөг байна, машинаа авъя гэж хэлсэн. Тэрээс хойш 8-аас 9 сар болсон. Үлдэгдэл мөнгөө асуухад мэдэхгүй гэж байсан. Удалгүй Гантөгс ах ирээд машинаа үлдээгээд үлдэгдэл мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Маргааш орой нь Гантөгс ирээд 500.000 төгрөг өгчих тоглоё гэсэн. Би тоглоом зохиодоггүй. 7 хоногийн дараа ирээд машинаа авъя гэхэд эхнэртэй яриад машинаа зар гэсэн. Тэр үед эхнэр хөдөө байсан. Маргааш өдөр нь Гантөгс ах ирээд халамцуу ирээд машин асуусан. Гантөгс ахтай гадаа уулзаж байхад таньдаг залуу хамт байсан. Гантөгс ахад хутга байгааг хараад яах гэж байгаа юм бэ гэхэд чамайг ална гэсэн. Миний толгой руу далайгаад дахин далайхад нь гараараа хаасан. Цус гоожихоор нь зах руу гүйхэд араас чамайг одоохон алчихъя гээд хөөгөөд байсан. Цагдаад болсон явдлыг үнэн зөвөөр хэлсэн гэв.

Гэрч Г.Ган-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би Мөнхжаргал ахын караокед нь үйлчлүүлдэг. Мөнхжаргалыг танина. Тухайн үед Мөнхжаргал, шүүгдэгч нар хоорондоо маргалдаад шүүгдэгч хутга гаргасан. Шүүгдэгч зүүн талаасаа хутга гаргаад ална гээд араас нь явсан. Цаашаа Мөнхжаргалыг хөөгөөд гүйсэн. Би араас нь татаад болиулах гэж оролдсон. Цаашаа гүйсэн тул цагдаа дуудсан. Миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Миний нүдэн дээр энэ хэрэг болсон. Ална гээд араас нь хөөсөн нь үнэн. Би Гантөгс гэх хүнийг танихгүй. Шүүгдэгч зүүн талын суганаасаа хутга гаргасан. Тухайн үед Гантөгс гэх хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг анзаараагүй. Гантөгс хутга гаргаад Мөнхжаргал ахыг ална гээд дайрсан. Би салгах гэж ороолдоод буцаж ороод цагдаа дуудсан гэв.

Гэрч О.Сэргэлэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “…2015 оны 08 дугаар сарын 31-нд Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд Мөнхжаргалаас яасан талаар асуутал манай нөхөр Мөнхжаргалыг ажлынхаа газрын гадаа зогсож байхад тэр мөнгө зээлсэн нөхөр ирээд хутгалсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-32/,

Гэрч Б.Билгүүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2015 оны

 

8 дугаар сарын 5-ны өдөр манай дэлгүүрээс 014088 гэсэн кодтой хутга 21 цагийн үед зарагдсан байна.” гэх мэдүүлэг /хх-34/,

Гэрч Г.Ган-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 23 цагийн үед Лондон-28 караокегоор үйлчлүүлэх гээд очиход үүдэнд тэр кароакены эзэн Мөнхжаргал руу 40 гаруй насны эрэгтэй дайрч давшилсан, хэрэлдсэн байдалтай зогсож байсан. Тэгээд би кароаке руу орчихоод 3-4 минутын дараа Мөнхжаргал ахаас юм асуух гээд гарч ирээд Мөнхжаргал ахтай ярилцаад зогсож байхад нөгөө эрэгтэй хүн дөхөж ирээд "алаад хаячихая, ална" гээд л зүүн суганаасаа сонингоор боочихсон нэлээд урт хутга гаргаж ирээд Мөнхжаргал ахын бие рүү хатгаад л явчихсан. Тэгэхээр нь би зугтаад караоке руу орсон, Мөнхжаргал ах бас зугтаад явсан тэгсэн чинь тэр эрэгтэй хүн хутгаа бариад араас нь хөөгөөд явсан. Тэгээд би Мөнхжаргал ахын араас гараад харахад нүүр ам нь битүү цус болчихсон байсан.” гэх мэдүүлэг,        /хх-35/,

Шүүхийн шинжилгэний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн №11457 дугаар шинжээчийн дүгнэлтэд:

1. Хохирогч Мөнхжаргалын биед зовхи, мөр, бугалаганд зүсэгдсэн шарх, нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой /хх-39/ гэжээ.

Шүүхийн шинжилгэний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн №1085 дугаар 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтэд:

 1. 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн шинжээч эмч Н.Туяагийн гаргасан 11457 дугаартай шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна.

2. Тухайн дүгнэлтийг гаргах үед толгойн КТГ-н шинжилгээ хийгдээгүй байсан байна.

3. Мөнхжаргалын биед 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн толгойн Улаанбаатар Сонгдо эмнэлгийн хийсэн КТГ-н шинжилгээгээр зүүн нүдний ухархайн дотор дээд хананаас зүүн духны хөндий рүү чиглэсэн сэлтэрсэн хугарал, хугарлын харалдаа зүүн духны хэсэгт тархины эдэд хийн хуралт, бүрхүүл доорхи цус хуралт гэмтэл оношлогдсон байх ба энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Дээрхи зүүн нүдний ухархайн дотор дээд хананаас харалдаа зүүн духны хөндий рүү чиглэсэн сэлтэрсэн хугарал, хугарлын харалдаа зүүн духны хэсэгт тархины эдэд хийн хуралт, хатуу сүрхүүл доорхи цус хуралт гэмтэл нь 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр бусдад хутгалуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

5. Зүүн нүдний дээд зовхи, хөмсөгний хэсэгт учирсан шарх гэмтэл нь гавлын хөндийн нэвтэрсэн шарх үүсгэсэн байна.

 

6. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой /хх-43-44/ гэжээ.

Шүүхийн шинжилгэний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №1395 дугаар 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтэд:

1. Шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан акт №1085 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Мөнхжаргалын биед зүүн талын духны хөндий, зүүн талын самалдгийн хөндийн дээд хана, зүүн нүдний ухархайн дотор дээд ханыг дайрсан хугарал /нэвтэрсэн гэмтэл/, хугарлын харалдаа тархины эд дэх цус хуралт, няцрал, дух хэсгийн тархины эдэд хий хуралт, зүүн, дух, яамархай хэсгийг хамарсан хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхи, зүүн бугалга, мөрөнд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн олон удаагийн хатгах, зүсэх үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх зүүн талын духны хөндий, зүүн талын самалдгийн хөндийн дээд хана, зүүн нүдний ухархайн дотор дээд ханыг дайрсан хугарал /нэвтэрсэн гэмтэл/, хугарлын харалдаа тархины эд дэх цус хуралт, няцрал, дух хэсгийн тархины эдэд хий хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна /хх-45-48/ гэжээ.

 

Шүүхийн шинжилгэний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн №4423 дугаар шинжээчийн дүгнэлтэд:

1. Шинжилгээнд саравчтай хар малгай, богино ханцуйтай хар цамцанд зүсэгдсэн уранхайнууд гарсан байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн

-Саравчтай хар малгайнд гарсан 31 мм уранхай хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр шинээр гарсан зүсэгдсэн уранхай байна.

-Хар цамцанд гарсан 60 мм, 6 мм, 16 мм хэмжээтэй уранхайнууд хурц иртэй зүйлийн тус бүр 1 удаагийн үйлчлэлээр шинээр гарсан зүсэгдсэн уранхай байна.

3. Дээрхи уранхайнууд нь хутгаар үүссэн байж болно /хх-57-58/,

Эд зүйлд үзлэг хийж хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-11/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг, /хх-15-21/,

“Си Ди”-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, /хх-22/,

Эд мөрийн баримт /камерын бичлэг/, /хх-27-28/,

Шүүгдэгч Л.Гантөгсийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-92-98/,

Хохирлын баримтууд, /хх-124-129, 201/,

Шүүгдэгч Л.Гантөгсийн сэтгэцийг шалгасан дүгнэлт /хх-148/,

Хохирогч Ш.Мөнхжаргалын биед учирсан гэмтлийн гэрэл зураг, /хх-177-178/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч Л.Гантөгс нь 2015 оны 08 дугаар сарын 05-ны орой 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Лондон

 

стреет 28” кароакены үүдэнд иргэн Ш.Мөнхжаргалтай хувийн таарамжгүй харилцаа буюу өр авлагын улмаас маргалдаж, улмаар түүнийг хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр санаатай амь насыг нь хохироохоор завдсан болох нь

хохирогч Ш.Мөнхжаргалын “…Миний бие хувиараа бизнес эрхэлдэг бөгөөд Гантөгс гэх хүнийг бол сайн танихгүй. 2013 оны 11 сарын үед надаас бэлнээр 5.000.000 төгрөг зээлж авсан. Бид 2 хоорондоо ямар нэг гэрээ хэлцэл хийгээгүй бөгөөд надад тухайн үед унаж байсан машинаа өгсөн. Би нэрийг нь шилжүүлж аваагүй. Тэгээд мөнгөө өгөхгүй удаад байсан ба надад хэлэлгүйгээр машинаа унаад явдаг зээлэнд тавьчихсан байсан. ...2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Төгсөө ах өөрөө утсаар яриад орой 21 цагт Лондон 28 караокены гадаа уулзья гэсэн юм. Тэгээд би товлосон цагтаа ирээд өөрийн танил дүү Ган-Эрдэнэтэй хамт юм яриад Төгсөө ахыг хүлээгээд зогсож байтал гэнэт Төгсөө ах гарч ирээд "Сонин юу байна даа, хоёулаа хэзээ наад машиныг чинь зарах бэ" гэхээр нь би "энэ машин чинь манай эхнэрийн нэр дээр байгаа, эхнэр хөдөө байгаа хэд хоногоос ирнэ, тэгэхээр нь та машинаа өөрөө зараад миний мөнгийг өгөөд, илүү гарсан мөнгийг нь та өөрөө ав" гэж хэлсэн чинь "одоо авчиж болохгүй юмуу" гэхээр нь би "одоо авах боломжгүй, эхнэр хөдөө байгаа" гээд ярилцаад зогсож байтал түүний халаасанд нэг зүйл гялалзсан. Тэгэхээр нь би "наадах чинь юу юм" гээд үзэх гэтэл халаасандаа нэг том хутга гаргаж ирээд "үүгээр чамайг алах гэж ирлээ" гээд миний зүүн хөмсөг, зүүн мөр хэсэгт хутгаараа хэд хэдэн удаа хатгасан. Тэгэхээр нь би өөрийнхөө машин руу зугтаад гүйсэн чинь Төгсөө ах миний араас хөөгөөд гүйж байгаад замаасаа машинд суугаад явчихсан байсан. ...би толгойныхоо зургийг авхуулсан чинь хутга гавал яс руу нэвтэрсэн байсан... гомдолтой байна...” гэх мэдүүлэг, /хх-29-31/,

шүүгдэгч Л.Гантөгс мөрдөн байцаалтын шатанд сэжигтэнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “…би нийтдээ Мөнхжаргалд 7.000.000 төгрөг өгөх ёстой болсон. 2014 оны 9 сард Мөнхжаргалд төлөх ёстой мөнгөнөөс 5.000.000 төгрөгийг Мөнхжаргалд эхнэр Навчаагаар дамжуулан өгсөн. Тэр өдрөө үлдсэн 2.000.000 төгрөгийг нь удахгүй өгнө. Машины хэрэг байна гээд машиныхаа нэрийг солилгүй унаад аваад явсан. 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 19 цагийн үед Мөнхжаргал над руу яриад “уулзмаар байна, ажил дээр хүрээд ир” гэхээр нь ажил дээр нь 21 цагийн үед очсон. Тэгээд “би машинаа авмаар байна, эсвэл зөрүү мөнгө авмаар байна” гэх мэтээр ярилцаж байхад Мөнхжаргал намайг “чамайг цохиход чи үхчихнэ, хөгшин төгцөг” гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Тэгтэл Мөнхжаргал миний өмдний зүүн халаас руу гараа хийгээд халаасанд байсан хутгыг авах гэхээр нь болиулах гээд халаасанд байсан хутгаа гаргаж ирээд айлгах санаатай мөр хэсэг рүү нь нэг удаа хатгасан чинь Мөнхжаргал гүйгээд явчихсан. Би араас нь яасныг нь мэдэх гэж гүйгээд очсон чинь Мөнхжаргал алга болсон байсан. …би хохирогчийн нүүрний хэсэг рүү хутгалсан зүйл байхгүй. Надаас зугтаж байхдаа толгойгоороо юм мөргөсөн байх....Би Мөнхжаргалтай уулзахаар явж байхдаа 10 дугаар хороололд байх дэлгүүрээс тэр хутгыг 3.700 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд тэр хутгаа Мөнхжаргалыг хутгалсаны дараа буцаж 10 дугаар хороололд найзынхаа гэрт очих замдаа хаясан.” гэх мэдүүлэг, /хх-82-87/,

ял өөрчилж сонсгоод байцаасан тэмдэглэл /хх-87-90/, хохирогч

Ш.Мөнхжаргалын мэдүүлэг /хх-29-31/, гэрч О.Сэргэлэн /хх-32/, Б.Билгүүн /хх-34/ Г.Ган-Эрдэнэ /хх-35/ нарын мэдүүлгүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-15, 19/, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-16-18, 20-21/, СиДи бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-22/, уг бичлэгийн гэрэл зургийн үзүүлэлт, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 11457, 1085, 1395, 4423 дугаар дүгнэлтүүд /хх-39, 43-44, 45-48, 57-58/, шүүх сэтгэц эмгэг судлалын 1128 дугаар дүгнэлт /хх-148/, шүүгдэгч Л.Гантөгсийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-92а тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-92б тал/, хохирлын талаарх баримтууд /хх-124-129/, өвчний түүх /хх-151-155/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12/, мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-139-140, 162-163/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Л.Гантөгсийн дээрх үйлдэлд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүлйийн 91.1 дэх хэсэгт зааснаар зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Гантөгсөд холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

            Шүүгдэгч Л.Гантөгс нь уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, хохирогчид учруулсан гэм хорын хохирлыг бүрэн гүйцэд барагдуулаагүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшихгүй байгаа зэргээс түүнд ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хохирогч Ш.Мөнхжаргалын гэмт хэргийн улмаас бие махбодид учирсан гэм хорын төлбөрийн төлөгдөөгүй үлдсэн 225.930 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Ш.Мөнхжаргалд олгож, гэмт хэргийн улмаас бие махбодидоо учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Гантөгс нь 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл нийт 60 хоног, 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 77 хоног  цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Л.Гантөгсийн цагдан хоригдсон нийт 137 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохоор шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн КТГ-н 3 ширхэг зураг, 1 ширхэг бичлэг бүхий Сиди-г энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, 1 ширхэг малгай, 1 ширхэг фодволк зэргийг хохирогч Л.Гантөгсийн хүсэлтээр түүнд буцааж олгох нь зүйтэй.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 291, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Батмөнх овогт Лянхцэцэгийн Гантөгсийг хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гантөгсийг 6 /зургаа/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гантөгсөд оногдуулсан 6 /зургаа/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг журамлан ялтан Л.Гантөгсийн цагдан хоригдсон 137 /нэг зуун гучин долоо/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.1.7 дахь хэсэгт зааснаар КТГ-н 3 ширхэг зураг, 1 ширхэг бичлэг бүхий Сиди-г энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, 1 ширхэг малгай, 1 ширхэг фудволк зэргийг хохирогч Ш.Мөнхжаргалд буцаан олгосугай.

6. Монгол Улсын иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497, 505 дугаар зүйлийн 505.1 зааснаар шүүгдэгч Л.Гантөгсөөс 225.930 /хоёр зуун хорин таван мянга есөн зуун гуч/ төгрөгийг гаргуулж хохирогч Баянгол дүүргийн 3 дугаар хороо 2-57 тоотод оршин суух хаягтай ГЮ80081375 регистрийн дугаартай Боржигон овогт Ширчиндоржийн Мөнхжаргалд олгосугай. 

7. Хохирогч Ш.Мөнхжаргал энэ гэмт хэргийн улмаас бие махбодидоо учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.                   

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Л.Гантөгсөд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

            9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Гантөгсөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ИДЭР

                                ШҮҮГЧИД                                             Б.ДУЛАМСҮРЭН

                                                                                                Б.МӨНХ-ЭРДЭНЭ