Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 0319

 

  

 

 

 

 

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2020/0319

Улаанбаатар хот

                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,

Нэхэмжлэгч: Б.М

Хариуцагч:    БГДЗД,

БГДИТХ.

Нэхэмжлэлийн шаардлага: “БГДИТХ-ын 2013 оны 13/03 тоот захирамжийн Б.Мд холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох, БГДЗД-ын 2013 оны А/814 тоот захирамжийн Б.Мд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, хариуцагч БГДЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, БГДИТХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Мээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...БГДЗД-ын 2012 оны Б/37 тоот захирамжаар Б.М надад Баянгол дүүргийн 6-р хороо 3-р эмнэлгийн хойно 96 м2 талбайтай газрыг амины орон сууц үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, эзэмших эрхийн 037******* тоот гэрчилгээ олгож, газар эзэмших эрхийн гэрээ байгуулсан.

Миний бие гэрээнд заасан хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаж ирсэн ба 2012 онд үйлчилгээний зориулалттай барилга барьж байсан. Цахилгаан дулааны бүх асуудлыг шийдвэрлэх, зохих шатны газар төлбөрийг төлөх зэрэг газрыг бодитой эзэмшиж ашиглаж байсан юм.

Гэтэл БГДЗД-ын 2013 оны А/814 тоот захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.4-т заасныг зөрчин газар эзэмших эрх олгосон, 40 дүгээр зүйлийн 40.1.6-т заасныг зөрчиж газрыг хуульд заасан хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн үндэслэлээр эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.

Газар хүчингүй болгосныг мэдээд дүүргийн газрын алба, Нийслэлийн газрын албанд хандаж зохих хариуг авсан.

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дээрх захиргааны хэрэгт хариуцагчаар оролцсоноор 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 14/08 тогтоол гаргаж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт зааснаар “Хурлаас гарсан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж ...шийдвэрт нийцээгүй бол тухайн Хурал өөрчлөх ...” гэсний дагуу тогтоолын 4 дэх заалтаар дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 9 сарын 25-ны өдрийн 13/03 тоот тогтоолын 1 дэх хэсэгт заасан “...нэгдүгээр хавсралтад дурдсан 55 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг дүүргийн Засаг дарга /Д.О/-д даалгасугай” гэснийг “55 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн талаарх зөрчлийг хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэхийг дүүргийн Засаг дарга /Д.О/-д даалгасугай” гэж өөрчлөлт оруулсан байна.

БГДИТХ-ын 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолоор нэр бүхий 55 иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахыг дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн байдаг. Нэхэмжлэгч Б.М уг тогтоолын нэр бүхий иргэдийн жагсаалтад орсон. Уг тогтоолыг үндэслэн БГДЗДас 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/814 тоот захирамж гаргасан. Уг захирамжаар нэхэмжлэгч Б.Мийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 3-р эмнэлгийн хойно байрлалтай 96 м.кв талбайтай газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Захирамжийн хууль зүйн үндэслэл нь газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмаар аваагүй гэдэг үндэслэлийг тусгаад газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байдаг. Мөн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13/03 тогтоолыг шууд үндэслэн захирамж гаргасан байдаг. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд бусдын газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг даалгах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй гэж маргаж байна. Уг шаардлагатай холбогдуулан дүүргийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүхэд хариу тайлбар ирүүлсэн. Уг тайлбарт уг маргаан бүхий тогтоолд 2019 оны 12 дугаар сард өөрчлөлт оруулаад, дүүргийн Засаг даргад газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг даалгах гэснийг хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэхийг даалгасугай гэж өөрчлөлт оруулсан. Ийнхүү тогтоолыг хууль тогтоомж зөрчсөн гэдгийг хүлээн зөвшөөрч өөрчлөлт оруулсан гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хууль бус байсныг тогтоолгох гэдгээр шүүхэд шаардлага тавьсан. Уг тогтоолын тэмдэглэлийг үзсэн. Газар эзэмших эрхийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс хүчингүй болгоё, зөрчлийг шалгаад тавья гэдэг зүйлүүд хуралдаанд яригдсан байдаг. Тэгэхээр зөрчил шалгах эрх нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байхгүй гэж үзэж байгаа. Газрын хууль, тогтоомж түүний зөрчилтэй холбоотой асуудлыг Засаг дарга, түүний харьяа агентлагуудад олгогдсон эрх байдаг. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ийм асуудлуудыг хэлэлцээд, Засаг даргад газар эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргасан нь анхнаасаа хууль бус байсан юм байна. Үүнийг тогтоож өгнө үү гэдэг байдлаар шаардлага гаргаж байгаа.

Засаг даргын захирамж нь хууль бус тогтоолд үндэслэж гарсан. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг буруу хэрэглэж захирамж гаргасан. Б.Мийн тухайд 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/37 захирамжаар газар эзэмших эрх олж авсан. Гэтэл дүүргийн Засаг даргаас 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр бусдын газар эзэмших эрхийг 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэдэг үндэслэлээр гаргасан нь хуулийн хугацаа баримтлаагүй. Өөрөөр хэлбэл 1 жил 9 сарын хугацаа өнгөрч байхад бусдын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байгаа юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Мийн нэр дээр бүртгэлтэй 96 м.кв газар нь Т.Э гэдэг хүний нэр дээр кадастрын зургаас давхцалтай гэдэг баримт ирсэн. Үүний дагуу шүүхээс Т.Э гэдэг хүнд хүчин төгөлдөр захирамж, эрхийн гэрчилгээгээр газар эзэмших эрх байгаа эсэхийг тодруулсан. Үүнтэй холбоотой баримтууд газрын албадуудаас ирээгүй. Энэ хүний нэр дээр газар эзэмших эрх олгогдоогүй гэж үзэж байгаа. Түүнчлэн Т.Э нь миний эрх ашиг энэ нэхэмжлэлийн шаардлагаар зөрчигдөхгүй гэдэг байдлаар тайлбар өгсөн учраас гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг, сонирхол зөрчигдөөгүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэх бүрэн боломжтой байна. Үүнд БГДИТХ-ын 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 13/03 тоот тогтоолын Б.Мд холбогдох хэсэг хууль бус байсныг тогтоолгох, БГДЗД-ын 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/814 тоот захирамжийн Б.Мд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү ” гэв.

Хариуцагч БГДЗД шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/814 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэн дүүргийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/37 дугаар захирамжаар иргэн Б.Мд эзэмшүүлсэн газрыг хүчингүй болгосон байна. Иргэн Б.М нь газар эзэмших эрхээ хүчингүй болсноос хойш 6 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн хувьд дүүргийн Засаг даргын 2013 оны захирамжид хуучнаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргах, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг тус тус хэтрүүлсэн байна. Цаг хугацааны хувьд нэхэмжлэгч 2019 оны 4 дүгээр сард нэхэмжлэл гаргаж байх тул одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь заалтын дагуу хугацаа сэргээлгэх хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт захиргааны хэргийн шүүхэд гаргаж шийдвэрлүүлэхээр хуульд заасан байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.” гэв.

Хариуцагч БГДЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.М гэдэг хүн хэзээ газар эзэмших эрхтэй болсон бэ гэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаагаар 2005 оны Б/37 дугаар захирамжаар газар эзэмших эрхтэй гэдэг боловч тухайн Б/37 дугаар захирамжид Б.М гэсэн нэр, үг, үсэг агуулга байхгүй байна. 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 649 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх, гэрээ шилжүүлэх, сунгах баталгаажуулах, зориулалт талбай байршил өөрчлөх тухай захирамжийн 1 дүгээр хавсралтын 4 дэх хэсэгт гэрээ сунгаж байгаа иргэн аж ахуйн нэгж байгууллага гээд Б.М дүүргийн 2005 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 428 тоот захирамжийг үндэслэж хугацаа сунгаж байгаа хэлбэрээр гарсан хэдий боловч уг 428 тоот захирамжид Б.М гэсэн агуулга байгаагүй. Тэгэхээр Б.М 2011 оны захирамжийн хугацаа сунгаж байгаа хэлбэрээр тухайн үеийн засаг, захиргаа газар эзэмшүүлсэн байдаг. Энэ тухай хавтаст хэргийн 99 дүгээр хуудсанд Б.М миний бие Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 3-р эмнэлгийн хойд талд 2005 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 428 тоот захирамжтай. Дээрх газарт авто зогсоол барьж байгаа. Иймд энэ захирамжийг иргэн миний нэр дээр шилжүүлж өгнө үү. Би 2005 оны захирамжаар газар эзэмшдэг. Тэгсэн мөртлөө түүнийгээ надад шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг үндэслээд дээрх захирамж гарсан зүйл хавтаст хэрэгт авагдсан.

 Маргаан бүхий 2013 оны А814 захирамжид Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д хүсэлт гаргасан байршил нь аймаг, нийслэл, сум дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж болохоор гэж заасныг зөрсөн гэж үзсэн. Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т энэ хуулийн 31.1.1 буюу энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан зайлшгүй хэрэгцээт газрыг эзэмшүүлэх тухайн шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана. Зориулалтаар иргэн аж ахуйн нэгж байгууллагад тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдүүлнэ. Төсөл сонгон шалгаруулах, дуудлага худалдаа зохион байгуулах журмыг Засгийн газар батална гэж заасныг зөрчиж эзэмшүүлсэн байна гэж үзсэн. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт эзэмшүүлэхийг хориглоно гэж заасныг тус тус зөрчсөн үндэслэлээр дүүргийн Засаг даргаас 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/814 захирамжаар иргэн Б.Мд газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тухайн захирамжийн үндэслэх хэсэгт БГДИТХ-ын 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 13/03 тогтоолыг үндэслэсэн хэдий боловч Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрх олгох, нэр шилжүүлэх, талбайн хэмжээ, зориулалт, хүчингүй болгох зэрэг нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын хуулиар олгогдсон бүрэн эрх байгаа. Иймд дээрх шийдвэрийг гаргах эрх хэмжээтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Уг асуудалтай холбоотойгоор 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дүүргийн газрын албанд Б.М газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлт гаргасан байдаг. Уг хүсэлтдээ надад эзэмшүүлсэн газрыг 2013 оны 814 дүгээр тушаалаар хүчингүй болгосон гэдгийг энэ онд мэдсэн юм. Иймд газар эзэмших эрхийг сэргээж өгөхийг хүсье гэсэн хүсэлт хавтаст хэргийн 92 дугаар хуудсанд байдаг. Энэ хүсэлт гараад тухайн өргөдөл, гомдол шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу 30 хоногийн дотор, Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлээс 94 дүгээр зүйлд заасны дагуу 30 хоногийн дотор хариу өгөөгүй нөхцөл байдал хавтаст хэргийн материалаас харагддаг. Дээрх хугацаанд хариу өгөөгүй тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар гомдлыг шийдвэрлүүлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас хариу өгөөгүй тохиолдолд өргөдөл гаргаснаас хойш 30 хоног өнгөрсөн бол шууд шүүхэд нэхэмжлэл гаргах эрх зүйн зохицуулалттай байгаа. Дээрх хугацаанд нэхэмжлэлээ гаргаагүй буюу 2 жил нэхэмжлэл гаргаагүй. Тухайн хугацааг хэтрүүлсэн. Иймд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй юм” гэв.

Хариуцагч БГДИТХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “БГДИТХ-ын 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар газрын хууль тогтоомжийн хэрэгжилтийн тайланг хэлэлцээд  Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийг хүчингүй болгохын дүүргийн Засаг даргад даалгасан 13/03 дугаартай тогтоол гаргасан байдаг.

Тус тогтоол БГДИТХ-ын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит Арвандөрөвдүгээр хуралдаанаар  14/08 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт заасан “ Хурлаас гарсан тогтоол бусад шийдвэр нь хууль тогтоомж... шийдвэрт нийцээгүй бол  түүнийг тухайн Хурал өөрчлөх ...” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд БГДИТХ-ын 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 13/03 тогтоолын 1  дэх хэсэгт заасан “... нэгдүгээр хавсралтад дурьдсан 55 иргэн нэгж ахуйн нэгж байгууллагын газар газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг  дүүргийн Засаг дарга /Д.О/-д даалгасугай” гэснийг  “55 иргэн аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн талаарх зөрчлийг хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэхийг дүүргийн Засаг дарга /Д.О/-д даалгасугай” гэж өөрчилсөн байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д  “Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ” гээд 18.1.1-д хууль тогтоомж, дээд шатны болон тухайн хурлын шийдвэрийн биелэлтийг Засаг дарга хэрхэн зохион байгуулж байгааг хянан шалгах, шийдвэрлэх, зохих ёсны шийдвэр гаргах эрхтэй гээд заачихсан байгаа. Мөн зохион байгуулалтын бүтцийн хувьд хурлын дэд хороо, түр хороо байгуулах эрхтэй. Хурлын үндсэн үйл ажиллагаа хуралдаан хэлбэрээр явагддаг. Б.Мд холбоотой асуудлыг тухайн үеийн Байгаль орчин, үйлдвэрлэл, үйлчилгээ, тохижилтын асуудлыг эрхэлсэн хурлын хороо 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр тогтоолд дурдагдаад байгаа маргаан бүхий газруудыг нэг бүрчлэн хэлэлцэн, ярилцсан. Эрхгүй байж хүчингүй болгохыг даалгасан юм шиг зүйл яриад байна. Эрх нь иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байгаа. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрөө хүчингүй болгоогүй. 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өөрчлөхдөө бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн хэлбэр, үг, үсэгт нийцүүлэн зассанаас биш агуулгын хувьд Б.М хууль зөрчсөн нь зөв байсан, буруу байсан эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад Б.М газар эзэмших эрхтэй байсан эсэх нь эргэлзээтэй. Хууль бус, хулгайгаар захирамжийн голд нэр шургуулсан байдал нотлох баримтуудаас харагдаж байгаа. Тэгэхээр Б.М нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэхэд асуудал гарах байх гэж бодож байна. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Гуравдагч этгээд Т.Э шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “... Т******* овогтой Э******* миний бие Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 3 дугаар эмнэлгийн арын газрыг эзэмшдэггүй бөгөөд кадастр дээр нэр гарч ирсэн. Энэ кадастрын зураг дээр гарч байгаа нэрийг минь хасаж өгнө үү. Нэр шилжихэд гомдолгүй болно” гэжээ.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.М анх тус шүүхэд хандан “БГДЗД-ын 2013 оны А/814 дүгээр захирамжийн Б.Мд холбогдох хэсгийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа “БГДЗД-ын 2013 оны А/814 дүгээр захирамжийн Б.Мд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, БГДИТХ-ын 2013 оны 13/03 дугаар тогтоолын Б.Мд холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” хэмээн эцэслэн тодорхойлсон.

Шүүх нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эцэслэн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, маргаан бүхий акттай холбогдуулан шүүхээс хийсэн үзлэг зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 33 дугаар зүйлийн 33.1.1-т “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” хэмээн тус тус заасан бөгөөд  мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” хэмээн тус тус хуульчлан заажээ.

2. Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч БГДЗДд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Засаг даргын 2012 оны Б/37 тоот захирамжаар ... Баянгол дүүргийн 6-р хороо 3-р эмнэлгийн хойно 96м.кв талбайтай газрыг амины орон сууц, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн” хэмээн тайлбарлан маргаж байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтууд, маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэг, хэргийн оролцогчдын тайлбар, гэрч нарын мэдүүлгээр,

 БГДЗД-ын 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх, гэрээ сунгах, баталгаажуулах, зориулалт, талбай, байршил өөрчилж байгаа тухай” Б/37 дугаар захирамжийн “Зориулалт, талбай, байршил өөрчилж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага” хэмээх 4 дүгээр хавсралтын  2-т:

д/д

Нэр

Байршил

Зориулалт

Хэмжээ /м2/

Хугацаа

Эдэлбэрийн хэлбэр

Өмнөх зориулалт, байршил, талбай

Өмнөх шийдвэр

2

Б******* М*******

6-р хороо 3-р эмнэлгийн хойно

Амины орон сууц, үйлчилгээ

96

5

Эзэмшүүлэх

149

ДЗД 2011.12.27- 649 дүгээр захирамжтай

хэмээн тусгаж, 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 037******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгон, 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан.

            БГДЗД-ын 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх, гэрээ сунгах, баталгаажуулах, зориулалт, талбай, байршил өөрчилж байгаа тухай” 649 дүгээр захирамжийн ”Гэрээ сунгаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага” хэмээх 1 дүгээр хавсралтын 4-т:

д/д

Нэр

Байршил

Зориулалт

Хэмжээ /м2/

Хугацаа

Эдэлбэрийн хэлбэр

Өмнөх шийдвэр

4

Б.М

6-р хороо 3-р эмнэлгийн хойно

үйлчилгээтэй Амины орон сууц

149

5

Эзэмшүүлэх

ДЗД 2005.12.31- 428 тоот захирамжтай

хэмээн тусгасан байх бөгөөд

БГДЗД-ын 2005 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгох тухай” 428 дугаар захирамжийн 1-т ”Тус дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Клиникийн нэгдсэн гуравдугаар эмнэлгийн хойно нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу иргэн Г.М-д 200 м.кв, М.М-д 150 м.кв, А-д 150 м.кв, Б.Ж д 150 м.кв, Д.Т 150 м.кв, Ө.Б-д 100 м.кв... газрыг тус тус үйлчилгээний зориулалтаар газар эзэмших зөвшөөрөл олгосугай.” хэмээн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Клиникийн нэгдсэн гуравдугаар эмнэлгийн хойно газар эзэмших эрх олгож буй 6 иргэний нэр, газрын хэмжээг тухайлан заасан байх бөгөөд эдгээрийн дунд нэхэмжлэгч Б.Мийн нэр байхгүй, түүнд олгосон 149 м.кв талбай бүхий газартай адил хэмжээтэй газар тусгагдаагүй гэх үйл баримт тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Мээс 2005 онд Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасанчлан газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргаж байгаагүй, маргаан бүхий газрыг БГДЗД-ын 2005 оны 428 дугаар захирамжаар нэхэмжлэгчид эзэмшүүлээгүй, харин дүүргийн Засаг даргын 2011 оны 649 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралт “Гэрээ сунгаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага”-ын 4-т хариуцагч БГДЗД-ын 2005 оны 428 дугаар захирамжийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж байгаа мэтээр тусгаснаар Б.Мийн нэр дээр анх удаа 149 м.кв талбай бүхий газар эзэмшлийн асуудал үүссэн улмаар дүүргийн Засаг даргын 2012 оны Б/37 дугаар захирамжаар талбайн хэмжээг өөрчилж 96 м.кв болгосон болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан БГДЗД-ын 2005 оны 428 дугаар захирамж, 2011 оны 649 дүгээр захирамж, 2012 оны Б/37 тоот захирамж, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 12/2437, 12/2762 болон дүүргийн Засаг даргын 2020 оны 09/983 дугаар албан бичгээр тус тус тогтоогдож байна.

3. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-т дүүргийн Засаг дарга нь нь “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах” бүрэн эрхтэй бөгөөд мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасанчлан “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” үүрэгтэй.

Үүнтэй холбогдуулан шүүх, хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд БГДИТХ-ын 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн “Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн тухай” 13/03 дугаар тогтоолыг хэрэгжүүлэн, Газрын тухай хууль тогтоомжийг зөрчин нэхэмжлэгч Б.Мд газар эзэмших эрх олгогдсон дүүргийн Засаг даргын 2012 оны Б/37 дугаар захирамжийг хүчингүй болгосон хариуцагч БГДЗД-ын 2013 оны Б/814 дүгээр захирамж хуульд нийцсэн байна гэж үзлээ.

4. Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч БГДИТХ-ын 2013 оны 13/03 дугаар тогтоолын өөрт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхэд бусдын газар эзэмших эрхийг цуцлах эрх  хууль тогтоомжоор олгогдоогүй” хэмээн тодорхойлон маргаж байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан маргаан бүхий акт болох БГДИТХ-ын 2013 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн тухай” 13/03 дугаар тогтоолын 1 дэх заалт нь “...нэгдүгээр хавсралтад дурьдсан 55 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг” дүүргийн Засаг даргад даалгасан агуулгатай байх бөгөөд хавсралтын 20 дугаарт нэхэмжлэгч Б.Мийн нэр багтсан байна.

Улмаар уг тогтоолд БГДИТХ-ын 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн “Тогтоолуудад өөрчлөлт оруулах тухай” 14/08 дугаар  тогтоолын 4 дэх заалтаар ”... БГДИТХ-ын 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 13/03 тогтоолын 1 дэх хэсэгт заасан “...нэгдүгээр хавсралтад дурдсан 55 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг дүүргийн Засаг даргад даалгасугай” гэснийг “55 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн талаарх зөрчлийг хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэхийг дүүргийн Засаг даргад даалгасугай” гэсэн өөрчлөлтийг оруулжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-н “з”-д зааснаар дүүргийн Хурал нь “хууль тогтоомж, дээд шатны болон тухайн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг Засаг дарга хэрхэн зохион байгуулж байгааг шалгах, үнэлгээ өгөх” бүрэн эрхтэй бөгөөд Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2-т тус тус заасанчлан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь харьяа нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, энэ талаархи Засаг даргын тайланг хэлэлцэж дүгнэх болон тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах нийтлэг бүрэн эрхтэй.

Үүнтэй холбогдуулан харьяа дүүргийнхээ хэмжээнд газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавин, хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд тухайн шатны Засаг даргад үүрэг, чиглэл өгсөн агуулга бүхий БГДИТХ-ын 2013 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн тухай” 13/03 дугаар тогтоолыг шүүхээс хууль бус байсныг тогтоосноор нэхэмжлэгчийн Газрын тухай хууль тогтоомжийн зөрчиж, газар эзэмших эрх олж авсан гэх нөхцөл байдал үгүйсгэгдэхгүй, тухай маргаан бүхий актын холбогдох хэсгийг БГДИТХ-ын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Тогтоолуудад өөрчлөлт оруулах тухай” 14/08 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тус тогтоолтой маргаагүй байх тул шүүх БГДИТХ-ын 2013 оны 13/03 тоот захирамжийн болон БГДЗД-ын 2013 оны А/814 тоот захирамжийн Б.Мд холбогдох хэсгийг тус тус зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр хэмээн дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2, 20.2.1, 27 дугаар зүйлийн 27.1, 32 дугаар зүйлийн 32.1-т заасныг тус тус үндэслэн БГДЗД, БГДИТХд холбогдуулан нэхэмжлэгч Б.Мээс гаргасан “БГДИТХ-ын 2013 оны 13/03 тоот захирамжийн Б.Мд холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох, БГДЗД-ын 2013 оны А/814 тоот захирамжийн Б.Мд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.МӨНХТУЛГА