Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2014/0122

 

Ж.М-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч Ж.М нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор, Ж.М-ын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хэрлэн сумын 5 дугаар багийн 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 02 дугаар тогтоол, 2013 оны 11 дугаар сарын 08-ны өдрийн 03, 05 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурал нь хуулийн дагуу явагдсан. Би Ж.М-д хурлын товыг мэдэгдсэн. Өөрөө нэр дэвшүүлэх хуралдаанд орсон“ гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие 90 санал буюу 55,2 хувийн саналаар багийн Засаг даргад сонгогдсон бөгөөд энэ өдрийн хуралдаан нь хууль зөрчөөгүй" гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр: “Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 23 дугаар зүйлийн 23.4, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж” шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Г.Адавж заалдах гомдолдоо: ‘2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хуралдсан хуралдаанд 2013 оны 10 дугаар сарын 16-нд багийн иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж, 2013 оны 11 дүгээр сарын 01-ний хуралдах хурлаар хэлэлцүүлэхээр хэлэлцэх асуудлыг урьдчилан зарласан, иргэдэд мэдэгдсэн, тэргүүлэгчдийн шийдсэн асуудал байсан.

Харин 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр багийн Засаг даргад нэр дэвшигчдийн аль нь ч багийн иргэд сонгогчдын 50-аас дээш хувийн санал аваагүй учир санал хураалтыг дахин явуулах асуудал үүссэн. Санал хураалт явуулах цаг хугацаагаа шийдэх, уг хугацаанд багийн иргэдийг оролцуулах л зохион байгуулалтын асуудал байсан.

Иймд Тэргүүлэгчидтэй ярилцаж тохиролцсоноор 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэдийн Нийтийн Хурлаа үргэлжлүүлэн хийж, санал хураалтаа явуулсан.

Багийн иргэдийн Нийтийн Хурал болох үед иргэдийн Хурлын дарга, Засаг даргад нэр дэвшиж дэмжлэгийг автоматаар дэвжүүлэх гэснийг нь зөвшөөрөөгүй, зарчмынхаа дагуу сонголтоороо болно гэснээс болж, тэргүүлэгчдэд орж ирсэн тэдгээр хүмүүс асуудлыг зориуд сунжруулан тэргүүлэгчдээрээ ярилцсан асуудлаа зориуд үгүйсгэж, зохион байгуулсан иргэдийн Нийтийн Хурлаа ч замбараагүй болгож, ялагдлаа зөвшөөрөхгүй маргаан үүссэн.

Тухайн үеийн цаг хугацаа, хурлын орон байрны нөхцөл зэргийг бүгд л мэдэж байсан бөгөөд бололцоо нөхцөлдөө тулгуурлан асуудлаа шийдсэн.

Харин ч иргэд зарыг 15 хоногийн өмнө хүртээхгүй гэхгүйгээр өмнөх хурлаасаа илүү ирцтэй оролцсон. Иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчөөгүй. Нэхэмжлэгч Ж.М ч өөрөө нэр дэвшиж, санал хураалтад оролцсон. Түүний эрхийг зөрчсөн асуудал болоогүй.

2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 3 дугаар тогтоол, Дахин санал тоолсон дүнгийн тухай 5 дугаар тогтоол хоёр нь дараалал алдагдсан байна гэж шүүх тэмдэглэсэн байна.

Гэтэл энэ нь багийн иргэдийн Нийтийн Хурлын тэмдэглэл тэргүүлэгчдийн 3 дугаар тогтоол, нөгөө нь тооллогын комиссын 5 дугаар тогтоол учир дараалал алдагдсан гэх учиргүй.

Мөн гэрч, тооллогын комиссын дарга шүүхэд бүртгэлийг хэрхэн тэмдэглэж байсан, хэрхэн тэмдэглэж чадахгүй болсон шалтгаанаа хэлсээр байтал шүүх зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн зөвхөн зөв гэсэн тэмдэглэл хийсэн тэмдэглэлээр нь тооцоо хийж, санал хураалтын дүнг үгүйсгэсэн дүгнэлт шүүх хийснийг зөвшөөрөхгүй байна.

Багийн хурлын албаны хариуцлагагүй, бичиг баримтын боловсруулалт чадвар муу, зохион байгуулалтын цэгцгүй байдал нь санал хураалтад нөлөөлсөн гэх үндэслэлгүй юм. Иймд шүүхийн гаргасан дүгнэлт шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү“ гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Ж.М нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 2 дугаар “дахин санал хураалт явуулах” тогтоол, Иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 03 дугаар “багийн Засаг даргад нэр дэвшүүлэх” тогтоол, “санал тоолсон дүнгийн” тухай 05 дугаар тогтоол болон мөн өдрийн хуралдааныг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Хэрлэн сумын 5 дугаар багийн Иргэдийн Нийтийн хурал хуралдаж, багийн Засаг даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн байх бөгөөд 3 нэр дэвшигч өрсөлдсөнөөс хэн аль нь олонхын санал аваагүй тул дахин санал хураалт явуулахаар болжээ. Гэвч хуралдаанд ирсэн төлөөлөгчдийн дийлэнх олонх нь хуралдааныг орхиж явсан, ирц хүрэлцээгүй тул хуралдааныг хойшлуулжээ.

Ийнхүү хойшлуулахдаа дараагийн хуралдааны товыг нийтэд зарлаагүй, тодорхойгүй хугацаагаар хойшилсон болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, гэрч С.М-ийн “дараагийн санал хураалт хэзээ болох тухай зарлаагүй” гэх мэдүүлэг, 2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн Иргэдийн Нийтийн хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.

Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд хуралдаж, 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хурлын товыг зарласан гэх боловч 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 2 дугаар тогтоол дараах байдлаар хууль бус болжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт зааснаар Иргэдийн Нийтийн Хуралдааны товыг Хурлын Тэргүүлэгчид тогтоож, зарлан хуралдуулах ёстой.

Тус баг нь таван Хурлын Тэргүүлэгчтэй атлаа Ш.Б, Т.М нарт 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр болох хурлын товыг мэдэгдээгүй, тэднийг оролцуулаагүй болох нь хариуцагч Б.Ц-ийн “Б-ийн утасны дугаарыг мэдэхгүй учир холбогдож чадаагүй, М-ын утас холбогдохгүй байсан гэж А хэлсэн” гэх тайлбараар тогтоогдож байна.

Мөн 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Хурлын Тэргүүлэгчид бодит байдалд хуралдсан гэдэг нь Хурлын Тэргүүлэгчдийн нэг болох гэрч Г.Б-ы “утсаар ойлголцсон, тэргүүлэгчид хуралдаж, тогтоол гаргаагүй” гэх мэдүүлэг, хариуцагч Б.Ц-ийн “11 дүгээр сарын 7-ны өдрийн 15 цагийн орчим Сүмбэр суманд хувийн ажлаар явж байхад Г.А утасдаж, хурлаа маргааш хийх талаар ярьсан, би зөвшөөрсөн” гэх тайлбараас үзэхэд эргэлзээтэй байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид нь асуудлыг хамтын зарчмаар олонхын саналаар шийдвэрлэх ба бүх Хурлын Тэргүүлэгч нарт хурлын товыг мэдэгдэж, тэдгээрийг хуралд оролцох, санал өгөх эрхээр хангасан тохиолдолд Хурлын Тэргүүлэгчдийн хэлэлцэн шийдвэрлэсэн тогтоол хүчин төгөлдөр үйлчлэх ёстой.

Хариуцагчийн “шинээр хуралдаж байгаа асуудал биш, өмнөх хурлын үргэлжлэл байсан” гэх тайлбарын тухайд Хурлын товыг зарлах эрх нь Тэргүүлэгч нарт байх ба энэхүү хуулийн заалтыг зөрчиж, хурал товлосон байх тул үндэслэлгүй.

2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 03, 05 дугаар Г.Аө-ыг багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоол, санал тоолсон дүнгийн тухай тогтоол хууль бус байна.

Учир нь Хэрлэн сумын 5 дугаар багийн хуралд нийт хэдэн өрхөөс хэдэн хүн ирсэн, хэд нь санал өгсөн, үүнээс нэр дэвшигч бүр хэдэн санал авсан нь тодорхойгүй, Хурлын тэмдэглэлд тусгаж бичээгүй, багийн иргэдийн нэрсийн жагсаалт хуулийн шаардлага хангахгүй, овог нэр, оршин суугаа хаяг, регистрийн дугаарыг бүрэн бичээгүй, дугаарлалт эмх замбараагүй, зарим нэрс давхар бичигдсэн улмаар хэдэн хүн санал өгсөн болох нь тодорхойгүй болжээ.

“Санал тоолсон” тухай дүнгийн тогтоолд Г.А 90, Ж.М 73 санал авсан гэх боловч энэхүү дүнг нотлох баримт байхгүй байна. Учир нь нэрсийн жагсаалтад 176 иргэдийн нэрс бүртгэгдсэнээс 129 иргэн санал өгсөн мэтээр бүртгэсэн байгаа нь 34 саналаар зөрүүтэй байна.

Гуравдагч этгээдээс “шүүх зөвхөн V тэмдгээр тэмдэглэснийг тоолж, санал хураалтын дүнг үгүйсгэсэн” гэх гомдлын тухайд нэрсийн жагсаалтад тэмдэглэсэн V тэмдэг болон 0 тэмдгийг хамт тоолоход 141 болж байгаа нь мөн санал хураалтын нийт дүн 163 саналтай тохирохгүй байх тул гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн багийн Засаг даргад нэр дэвшин өрсөлдөж байгаа Г.А нь өөрөө санал өгөх сонгогчдын нэрсийг бүртгэж, санал хураах үйл ажиллагааг зохион байгуулахад биечлэн оролцсон болох нь Г.А-ын “Би санал өгөх иргэдийн нэрсийг гаргаж бүртгэсэн” гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. Энэ нь санал хураалт явуулах, нэр дэвшигч бүгд адил эрхтэй байх зарчмыг ноцтой зөрчжээ.

Иймд Г.А-ыг багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн 5 дугаар багийн Иргэдийн Нийтийн хуралдаан, түүнээс гарсан тогтоолууд хууль бус болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хангаж, Иргэдийн Нийтийн Хурлыг дахин хуралдуулах нь зүйтэй байна.

Гуравдагч этгээдийн “ирц хангалттай байсан” гэх гомдлын тухайд дээр дурдсанаар 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанд 5 дугаар багийн хэдэн өрхөөс хэдэн хүн хүрэлцэн ирсэн нь тодорхойгүй, санал өгсөн иргэдийн нэрсийн жагсаалт хуулийн шаардлага хангаагүй байх тул дээрх тайлбар үндэслэлгүй.

Иймд, дээрх үндэслэлүүдээр гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.