Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/185

 

          

 

 

  2022         02          23                                    2022/ШЦТ/185

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Г.Галхүү,

Улсын яллагч Ц.Шагдар,

Шүүгдэгч, хохирогч *******,

Шүүгдэгч, хохирогч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н-гийн Г, Ш овогт Ц-ын Б нарт холбогдох эрүүгийн 210 900 933 1391 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 01 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 31-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, ам бүл 3 эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 01-170 тоот оршин суудаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй,

-2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хан уулын шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 531 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тэнссэн,

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 295 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахв хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг ялыг 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 278 дугаартай захирамжаар өршөөн хэрэгсэхгүй болсон Б овогт Н-ийн Г /РД:000000000/,

Монгол Улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, ам бүл 5 эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Хүрээ хотхоны 302-153 тоотод оршин суудаг, дээд боловсролтой, архитектор мэргэжилтэй, барилгын брагидтай, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй Ш овогт Ц-дын Б /РД:00000000/,

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 20-ний өдөр Сүхбаатар дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Циркийн хойд уулзвар орчим хохирогч*******тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний баруун нүдэн тус газарт нэг удаа цохиж баруун хөмсөг зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч******* нь 2021 оны 07 дугаар сарын 20-ний өдөр Сүхбаатар дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Циркийн хойд уулзвар орчим хохирогч *******тай дүү Н.А-ыг өмөөрч маргалдан улмаар цохиж зодон уруул язарсан шарх, дагзанд зөөлөн эдийн няцрал, тохой, сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн үед зодуулчхаад шууд амны доод хэсгээр мэдээ алдсан. Тэр үед тухайн байцаагч болон прокурортоо  доод уруул мэдээ алдсан. Тэр үед 31,32,33 дугаар шүд гэмтсэнээс болоод юм зажилж болохооргүй байсан. Уруул гэмтсэнээс болоод нөхөн төлжүүлэх эм болон витамин хэрэглэсэн эмнэлэгт үзүүлсэн баримтууд өгч амжаагүй байсан. Хохирсон тал дээр бол гомдолтой гээд өргөдөл өгсөн байгаа. Нэхэмжилж байгаа зүйл байхгүй...” гэжээ.

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн үед миний баруун зовхи болон нүдний баруун талаараа язралт, улаалттай байсан. Маргааш нь эмнэлэгт очиж үзүүлсэн. Зовиур гэх юм бол тэр өдрөө толгой өвдсөн. Нэхэмжлэх зүйлгүй...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.

Хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 20-ний өдөр Сүхбаатар дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Циркийн хойд уулзвар орчим хохирогч*******-тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний баруун нүдэн тус газарт нэг удаа цохиж баруун хөмсөг зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 Шүүгдэгч******* нь 2021 оны 07 дугаар сарын 20-ний өдөр Сүхбаатар дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Циркийн хойд уулзвар орчим хохирогч *******тай дүү Н.А-ыг өмөөрч маргалдан улмаар цохиж зодон уруул язарсан шарх, дагзанд зөөлөн эдийн няцрал, тохой, сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *******ын гэрчээр өгсөн “...Тухайн үед үл таних А-ын ах Б гэх залуу эхлээд зууралдаж маргалдах үед мөн машинаас бууж ирээд хойноос дагз руу гараараа нэг удаа нэг удаа цохисон. Тэгээд надаас зуурч намайг газарт унагаасан. Тэгээд босох гэсэн босгохгүй миний хөлөөс чирсэн. Тэр үед энэ тэнд зулгаралт үүссэн байх. Мөн дараа нь цагдаагийн машинд сууж байхад миний нүүр лүү буюу уруул хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэрнээс болж надад үүссэн гэмтлүүд байна... гомдолтой байна эмчилгээнийхээ төлбөрийг гаргуулж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч*******ын өгсөн “...Тухайн үед дүү А дуудаж очоод юу болсон талаар асуугаад, тухайн машин худалдсан гэх залуутай уулзсан. Тэгээд бид 2 маргалдаж миний машины түлхүүр авсан авсан байсан болохоор өөрийнхөө машины түлхүүрийг авах гэж зарж байгаа машинд нь асуудал гаргасан байсныг ярилцаад хоорондоо барилцаж зууралдан түлхэлцсэн. Тэгээд зууралдаж газарт унасан. Бид 2 эхлээд заамдалцаж ноцолдож байгаад газарт хоёулаа унасан. Унахдаа Г миний дээр дарж унасан. Тэгээд унасан байхад салахгүй Г босох гэж байхдаа миний баруун нүд рүү нэг удаа цохисон. Тэгээд А болон Гын хамт байсан хүмүүс салгаад зогсож байх зуур цагдаа ирсэн. Харин би Г-ыг цагдаа ирээд авч явахад нь цагдаагийн машин дотор маргаан үүсгээд хэрүүл хийгээд байхаар нь нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон. Тэрнээс өөрөөр цохиж зодоогүй...

Миний гар утсан дээр нүд рүүгээ цохиулсан зураг байгаа мэдүүлэгт тусгуулж зургийг өгөх шаардлагатай байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.А-ын  өгсөн “...гадуур явж байтал машин зарсан залуу болох Бадрахтай уулзахаар тохирч Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах их дэлгүүрийн усан оргилуурын ойролцоо Б-тай уулзсан Б намайг машин  машин худалдаж авсан мөнгөө өг гэж дарамтлаад зодох гээд байхаар нь би өөрийн хуурай ах Б-ыг дуудаж болсон асуудлыг хэлтэл Б ирж Б-тай маргалдаж улмаар зодолдсон, энэ үер Б Б-хын уруул руу цохиж гэмтээсэн. Үүний дараа цагдаагийн байгууллагын албан хаагчид ирж биднийг саатуулсан. Ах Б-ыг ирэхээр хамт машин руу очсон. Тэгсэн тэнд Г ганцаараа зогсож байсан. Тэгснээ ахтай маргалдаж ахыг өдөөд байсан. Тэгээд зууралдах үедээ ахыг Г нэг удаа нүүр лүү нь цохисон. Тэгсэн ах зөрүүлээд цохисон. Тэгээд тэр хоёр зууралдаад Г ахыг  машин руу түлхээд Б ах машины толийг хугалж тэр хоёр унасан. Тэгээд унасан байталтай зууралдаад байсан. Тэгээд зууралдаж байх үед цагдаа ирж салгасан. Б ах эрүүлжүүлэхэд хоноод өглөө ирэхэд нэг нүд нь улайсан дээд хэсэгт зураас гарсан байсан. Нурууны хойд хэсэгт нь бас хөхөрсөн байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 29-30, 124-125/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Т-гийн өгсөн “...Г-ыг авто машин худалдаж авсан гэх залуугийн ах нь зодож цохисон. Тухайн үед эхлээд нүүр лүү нь хоёр удаа шанаадаж гараараа цохисон. Дараа нь цагдаагийн авто машин дотор хамт сууж байхад зодсон гэж байсан би тэрийг бол хараагүй машинаас бууж ирэхдээ уруул нь язарсан цус гарсан байсан... хамт байсан Батхишиг болон Магнай хоёр маргаан болохоос өмнө ажил руугаа явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/-р тал

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Кадирбекийн өгсөн “...эхлээд очиход тэнд байсан хоёр залуу хоорондоо мөнгө тооцооны талаар маргаж байсан. Тэрнээс өмнө тэр хоёр хоорондоо зодолдсон талаар өөрсдөө хэлж байсан. Тэгээд материалжуулан шалгахаар хэлтэс рүү авч явахаар авто машины хойд талын суудалд суулгасны дараа наян хэдэн оны залуу нь ерэн хэдэн оны залуугаа нэг удаа гараараа ам руу нь цохисон. Тэгээд хооронд нь салгаж хэлтэс дээр авч ирсэн. Тэгээд жижүүр дээр авч ирэхэд хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хоорондоо зодолдсон байх тул эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн... тэнд байсан гэрч нараас хоорондоо зодолдсон талаар хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/-р тал,

Шинжээч эмч Г.Ханхүүгийн “...Ц.Бт учирсан гэмтэл нь учирсан даруйдаа цус хуралт үүсэхгүй байж болно. Хаван хавдар зөөлөн эдийн няцрал нь шууд үүсдэг. Тухайн үед илт овойж хавдаагүй бол харагдах боломжгүй... дээрх гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүснэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 63/-р тал

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Д-гийн өгсөн “...тухайн үед манай нөхөр над руу залгаад би Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр байна, чи намайг ирээд авчхаач гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн нөхөр болох Быг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очиж нөхрийгөө батлан даалтад аваад явсан... намайг тухайн үед цагдаагийн хэлтэс дээр очиж Быг батлан даалтад авах үед Бын нүд хөхөрсөн байсан, арьс нь шалбарсан байсан, надад болсон асуудлын талаар яриагүй. Би энэ талаар сайн мэдэхгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 128-129/-р тал,

2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Шүүх шинжилгээний шинжээч эмч Н.Т-гийн гаргасан 6547 дугаартай “...*******ын биед уруул язарсан шарх, дагзанд зөөлөн эдийн няцрал, тохой, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үссэн байх боломжтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68/-р тал,

2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Ханхүүгийн гаргасан 7079 дугаартай “...Ц.Бын биед баруун хөмсөг зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 69-70/-р тал зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд,

Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.

Өөрөөр хэлбэл Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Туяа, Г.Ханхүү “...Шүүгдэгч *******ын хохирогч*******ын эрүүл мэндэд учруулсан баруун хөмсөг зовхинд цус хуралт, зөөлөн эдийн  гэмтэл болоод шүүгдэгч*******ын хохирогч *******ын эрүүл мэндэд учруулсан  уруул язарсан шарх, дагзанд зөөлөн эдийн няцрал, тохой, сарвуунд зулгаралт гэмтэл зэрэг нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтийг гаргасан байх бөгөөд прокуророос нэр бүхий шүүгдэгч нарын үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт би*******ыг цохиогүй гэж маргасан хэдий ч энэ нь хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл “...Зодох гэдэг нь хүний бие махбодид халдсан байхыг ойлгох бөгөөд хүний бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх...” зэрэг хэлбэртэй байж болох юм.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан шүүгдэгч нарын тайлбар, мэдүүлэг зэргээс харвал хэрэг учрал болсон өдөр ******* нь*******ын биед,******* нь *******ын биед халдсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд тэдгээрийн халдсан үйлдлийн улмаас хэн алиных нь эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шалтгаант холбоотой байна.

Иймд, шүүгдэгч *******ыг хохирогч*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч*******ыг хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгуулын ял оногдуулах...” саналыг гаргасан бол шүүгдэгч нарын зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлсан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.  

Шүүгдэгч *******,******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, тэдгээрт ял шийтгэл оногдуулах тухай улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч *******,******* нарт тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгуулийн ялын шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарлаж шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь хэн алинаасаа нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Гурав. Бусад асуудлаар.

Шүүгдэгч *******,******* нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Н-ийн Г-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

-Шүүгдэгч Ш овогт Ц-ын Б-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /Таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүгдэгч *******,******* нарт тайлбарласугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулсугай.

5. Шүүгдэгч *******,******* нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сд-1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Х.ИДЭР