Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/235

 

 

 

 

 

 

   2022       03          09                                   2022/ШЦТ/235

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, С.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,

Улсын яллагч Д.Даваадорж,

            Шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа

            Иргэдийн төлөөлөгч Г.Нямбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б овогт Б-н Б-д холбогдох эрүүгийн 2109011120097 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 02-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ах, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 83 дугаар гудамжны 189 тоотод оршин суух хаягтай, Урьд

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2006 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 89 дугаартай тогтоолоор 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т заасан үндэслэлээр эдлээгүй үлдсэн 02 сар, 21 хоногийн баривчлах ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 6 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 02 жил, 05 сар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 05 жил, 02 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 243 дугаартай захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан үндэслэлээр эдлээгүй үлдсэн 02 жил, 19 хоногийн хорих ялыг Өршөөн хасаж байсан Б овогт Б-ийн Б /РД:000000000/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамжны 2-6 тоотод иргэн Н.Нтай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний толгой хэсэгт нь гараараа цохих, мөн хайруулын тавгийг зэвсгийн чанартайгаар ашиглаж, толгой хэсэг рүү нь удаа дараа цохих байдлаар халдаж, эрүүл мэндэд нь “...Дух яс, зүүн нүдний ухархайн дотор хана, хоншоор яс, хамар ясны хугарал, тархины аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, зүүн нүдний дээд доод зовхи, хамры нуруу, зүүн шанаа, баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх, хамрын нуруу, дух, цээж, зүүн булгалганы цус хуралт, зулгарлат...” бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт “...Тэр өдөр бүгд уусан байсан. Намайг янхны үр сад, наадхаа гудар гэж доромжлоход би хайруулын тавгаар цохиогүй бөгөөд, зүгээр аваад шидсэн. Тухайн үед ийм юм болчихлоо гэж бодоогүй. Явчхаад ирэхэд цагдаа шүүх болчихсон байсан Хохирогчоос уучлалт гуйсан, хохирогч гомдолгүй гэсэн ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Мөнхтуяа шүүхийн хэлэлцүүлэгт “...Миний үйлчлүүлэгч Б.Бг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэх зүйлчлэлээр зүйлчлэн ирүүлсэн. Миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Өмгөөлөгчийн хувьд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай хэрэглэсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь энэ хуулийн тайлбарт нь зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж тайлбарласан байгаа. Иж бүрдэл бүтэц нь аливаа зүйлийг устгах гэмтээх, бие хамгаалах зориулалттай эд зүйлийг хамааруулж ойлгоно гэж байгаа. Гэтэл энэ хайруулын тавгийн зориулалт нь хоол хийх зориулалттай болохоос биш аливаа зүйлийг устгах гэмтээх зориулалт байхгүй юм. Мөн зэвсэг нь галт, хүйтэн, хийн ба гар хийцийн аль ч байж болно. Хэрэг маргаан болж байхад хайруулын таваг бол ширээн дээр байж байсан. Хэрэг маргаан нь хоол иднэ идэхгүй гэдгээс үүсэж хэрэг маргаан болсон бөгөөд үүссэн хэрэг маргаанаас болоод ширээн дээр байсан хайруулын тавгийг аваад нэг удаа цохисон асуудал байгаа тэгэхээр хайруулын тавгийг зэвсгийн чанартай зүйл гэж үзэх үндэслэл байхгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймээс миний үйлчлүүлэгчид зүйлчилж ирсэн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү ...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянавал:

НЭГ: Хууль хэрэглээ болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамжны 2-6 тоотод иргэн Н.Нтай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний толгой хэсэгт нь гараараа цохих байдлаар халдаж, эрүүл мэндэд нь “...Дух яс, зүүн нүдний ухархайн дотор хана, хоншоор яс, хамар ясны хугарал, тархины аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, зүүн нүдний дээд доод зовхи, хамры нуруу, зүүн шанаа, баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх, хамрын нуруу, дух, цээж, зүүн булгалганы цус хуралт, зулгарлат...” бүхий амь насанд аюултай хүнд хохирл санаатай учруулсан болох нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

Эрх бүхий албан тушаалтны буюу Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа Н.Цэрэнбатын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр дуудлагаар очсон тухай тэмдэглэл /хх-ийн 11-12/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Нын өгсөн “...Би 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 20 цагийн үед харалдаа айлын эгч М-ынд байж байхад Баярхүү, Б нар гаднаас 2 шил 0.5 литрийн архи авч орж ирсэн. Тэгээд архи ууж байгаад тасарчихсан байсан ба юу болсныг сайн санахгүй байна. Нэг сэрээд ухаан ороход цагдаа, түргэн ирсэн байсан. Түргэний эмч гэмтэл орж үзүүл гэж хэлэхээр нь төрсөн дүү Үүрийнтуяаг Мөнхжаргал эгч дуудаад гэмтэл дуудуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Нын дахин өгсөн “...Тухайн үед намайг унтаж байхад Б нь миний куртикийг өмссөн байхаар нь би куртикийг маань аваад ир гэж хэлэхэд намайг цохисон. Миний биед учруулсан гэмтлийг Б нь хайруулын тавгаар цохиж учруулсан. Тухайн гэмтлүүд нь өмнө надад үүсээгүй байсан. Баярхүүгийн тухайд миний биед гар хүрээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.М-ын өгсөн “...Тухайн өдөр амарч байсан болохоор би гэртээ байсан юм. Тэгээд орой 18 цагийн орчимд Н, Б, түүний найз Б /Б/ нар халамцуу 1 шил архитай орж ирээд авчирсан архиа уугаад нэлээн согтоцгоосон. Тэгээд орой хийсэн хоолоо халааж идье гэхээр нь Н дургүйцээд хоорондоо маргалдаад байхаар нь би тэдэнд хандаж “яахав дээ халаагаад иднэ биз” гэж хэлээд жорлон ороод ирэхэд зодоон болсон байдалтай Н гэрийн хоймор хэсэгт зурагтын урд талд хэвтэж байхаар нь би Б-ээс юу болсон талаар асуухад тэрээр “Б зодчихоод, хайруулын тавгаар цохисон” гэхээр нь би цагдаа дуудна гэхэд тэрээр гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.М-ын дахин өгсөн “...Б, Н нар хоорондоо маргалдсан талаар мэдэхгүй байна. Харин Б, Н нар нь хоолноос болоод маргалдаад байсан. ...Намайг гаднаас орж ирэхэд Б, Н нар маргалдаад Баярхүү нь салгаж байсан. ...Би хайруулын тавгаа хайгаад олоогүй байгаа, манай хүү ямартай ч жалга руу шидсэн гэж хэлсэн. Хаашаа шидсэнийг надад хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Баярхүүгийн өгсөн “...Унтаж байгаад ам цангаад ус уух гээд босож ирэхэд Б /Б/ нь Наранмандахыг гараараа цохиж унагаагаад, улмаар ширээн дээрээс хайруулын таваг аваад толгой руу нь нэг удаа цохиод дахиж цохих гээд байхаар нь би түүнийг салгахад тэрээр гараад гүйгээд явсан. ...Намайг харахад Б Наранмандахыг гараараа цохиж унагаагаад дээрээс нь хайруулын тагаар цохиж мөн унагаасан. Тэрээр дахиж цохих гээд байхаар нь би салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37/-р тал,

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №8002 дугаартай “...Н.Нын биед дух яс, зүүн нүдний ухархайн дотор хана, хоншоор яс, хамар ясны хугарал, тархины аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн шанаа, баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх, хамрын нуруу, дух, цээж, зүүн бугалганы цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо, 2, 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинж гэмтлүүд байна, 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, 5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 42-44/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн өгсөн “...Үзүүлэгчийн биед учирсан дух яс, зүүн нүдний ухархайн дотор хана, хоншоор яс, хамар ясны хугарал гэмтлээс дух ясны хугарал гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт, хоншоор ясны хугарал гэмтэл нь хүндэвтэр зэрэгт, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь нүүрний хэсгүүд болох дух, хамрын нуруу, дээд уруул зэрэг нүүрний давхар хэсгүүдэд цус хуралт гэмтэл учирсан нь хавтгай гадаргуутай зүйлээр 1 болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой буюу хайруулын тавгаар цохих үед үүсэх боломжтой гэмтэл байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/-р тал,

“Лазер мед” эмнэлгийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Компьютерт томографийн шинжилгээний дүгнэлт /хэргийн 51 дүгээр хуудас/,

Гэмтэл согог, судлалын үндэсний төвийн Осол, гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хэргийн 52-53 дугаар хуудас/,

Хохирогч Н.Нын өвчний түүхийн харуулсан дэвтрийн хуулбар, эмнэлгээс гарах, шилжих үеийн эпикриз /хэргийн 55-62 дугаар хуудас/,

Хохирогч Н.Нын нүүрний биеийн байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 63-64 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Бгийн яллагдагчаар өгсөн “...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хоол идье гэхэд Н намайг “гуйлгачин” гэх мэтээр доромжлоод хувцсаа тайлаад над руу ирээд намайг цохисон. Тэгээд бид хоёрыг ноцолдоод байж байхад Баярхүү орж ирээд голоор орж салгахад тэрээр улам орилоод “гуйлгачин минь” гээд байхаар нь би хайруулын тавгаар толгой руу нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/-р тал зэрэг болно.

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, тухайн баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх зөрчил тогтоогдоогүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр сарын 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт “...Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол...” хүндрүүлж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зохицуулжээ.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод хэргийн үйл баримтаас харвал шүүгдэгч Б.Б нь хохирогч Н.Нын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдэхдээ хайруулын таваг ашигласан байна.

 Зэвсэг гэдэгт “...Бүтцийн хувьд амьд болон бусад биетийг устгах гэмтээх мөн бие хамгаалах болон дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгсэл...”-ийг,

Мөн тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж “...хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, эд зүйл хэрэгсэл...”-ийг тус тус ойлгоно.

Хайруулын таваг нь эд зүйл болохынхоо хувьд хүнсний бүтээгдэхүүнийг болгох, хоол хийх үндсэн зориулалттай бөгөөд бусдын амь бие, эрүүл мэндэд хохирол учруулахаар зориулагдсан эд зүйл болоод түүнийг урьдаас тусгалайн бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж үзэх боломжгүй юм.

Шүүгдэгч Б.Б нь хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдэхдээ урьдчилан төлөвлөөгүй, тусгайлан бэлтгээгүй, эд зүйл /хайруулын таваг/-г ашиглаж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэл муутай болжээ.

Өөрөөр хэлбэл хайруулын тавгийг биет байдлаар нь хүн бүр хэрэглэж заншсан, нэг төрлийн айл, гэр бүлийн хэрэглээ бөгөөд үүнийг тусгайлан бэлтгэсэн зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл гэж үзэх боломжгүй юм.

Харин шүүгдэгч Б.Б нь хохирогч Н.Нын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н.Нын мэдүүлэг, гэрч Д.М, Н.Б нарын мэдүүлэг болоод шүүгдэгч Б.Бгийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэргээр хангаллттай нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Бгийн хохирогч Н.Нын эсрэг хийсэн хууль бус довтолгооны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь хавтас хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.   

Нөгөөтээгүүр Б.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй болохыг дурдвал зохино.

Түүнчлэн шүүгдэгч Б.Б нь хохирогч Н.Нтай маргаан үүсгэсэн даруй ярилцах, хэлэлцэх замаар учир зүгээ олох боломжтойн дээр асуудлыг туйлд нь хүргэлгүйгээр шийдвэрлэх бүрэн боломжтой байсан болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Тухайн үед миний уур хүрээд биеэ барьж чадалгүй зодсон...” гэх тайлбарыг гаргасан бөгөөд энэ нь цэвэр тухайн хүний ухамсарт сэтгэхүйтэй холбоотой зүйл бөгөөд шүүгдэгч Б.Бгийн цаашид өөрийн үйлдэлд нийтээр дагаж мөрдвөл зохих ёс зүйн болоод зан заншлийн хэм хэмжээг өөрийн амьдралд мөрдлөг болговол зохино.

Иймд, дээрх үндэслэлүүдээр прокуророос “...шүүгдэгч Б.Бг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, зэвсэгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн...” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг “...Шүүгдэгч Б.Бг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн...” гэж хөнгөрүүлэн зүйлчилж тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.       

ХОЁР: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаарх санал, дүгнэлтдээ “...Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 04 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад...” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж байгаа, мөн хохирол төлбөрөө барагдуулсан  учир ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийг ашиглан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан бол шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар хөнгөн ял шийтгэж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус заажээ.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журам, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, удаа дараа ял шийтгүүлсэн шүүгдэгчийн хувийн байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 04 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

ГУРАВ. Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Н.Н нь өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох Б.Бгээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б овогт Б-ийн Бд холбогдуулан “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж...” ирүүлснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар...” гэж хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Б овогт Б-ийн Бг Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 04 /Дөрөв/-н жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 04 /Дөрөв/-н хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Н.Н нь өөрт учирсан гэм хорын хохирол хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болох Б.Бгээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ИДЭР

 

ШҮҮГЧИД                                                             Б.ДУЛАМСҮРЭН

 

                                                                                С.ОЮУНЧИМЭГ