Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/264

 

          

 

 

  2022         03          15                                     2022/ШЦТ/264

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  И.Номин,

Улсын яллагч Г.Билгүүжин,

Шүүгдэгч Д.С түүний өмгөөлөгч Д.Батбаяр, Н.Баатардорж

Хохирогчийн өмгөөлөгч Л.Очбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Д-ын С-д холбогдох эрүүгийн 2109000000666 дугаартай 3 хавтас хэргийг 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөх хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Туул гол гудамжны 83 дугаар байрны 25 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, То овогт Д-мын С-д /РД:00000000/,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.С нь 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Боловсрол, шинжлэх ухааны яамны үүдэнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Эг тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж буюу, “Монгол хүүхдүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн вакцин тарьж болохгүй” гэж биед нь хүч хэрэглэн халдаж, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутга ашиглан заналхийлсэн,

Мөн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Боловсрол, шинжлэх ухааны яамны үүдэнд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу эрхэлж байгаа албан үүрэгт нь холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Эгийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний гадна доод хэсэгт шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэм хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж хэлэх тайлбар байхгүй...”гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр, Н.Баатардорж нар шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн. Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг дэмжиж байна...” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн гүйцэд хийгдээгүй гэж үзэж байна. Шүүгдэгч нь вакцины асуудлаар ганц удаа хохирогчийн биед халдсан зүйл байхгүй бөгөөд шүүгдэгч нь 2020 оноос хойш хохирогч, хохирогчийн ар гэр, нэр төр алдар хүндэд халдаж байсан. Хэргийг зөвхөн шүүгдэгчийн биед халдсан хэмээн шалгаж байгаа нь гэмт хэргийн үйлдэл санааг бүрэн гүйцэд тогтоогоогүй. Шүүгдэгч нь хохирогчийн амь нас эрүүл мэндэд нь халдахаар завдсан. Учир нь шүүгдэгч нь хэрэг гардаг өдөр хохирогчийн өөдөөс амь нас эрүүл мэндэд нь халдахаар довтолсон бөгөөд хамт явж байсан Түвшинжаргал нь шүүгдэгчийн үйлдлийг таслан зогсоосон. Энэхүү үйлдлээс болж шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан. Шүүгдэгч нь олон жил бухимдсаны улмаас түүний амь насыг хохироохоор халдсан учир хэргийн зүйчлэлийг дахин шалгаж, хэргийг прокурорт буцаах саналтай байна. Хохирогч нь эд мөрийн баримтаар хураагдсан шилийг буцаан авах саналтай байна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.С нь 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Боловсрол, шинжлэх ухааны яамны үүдэнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Эг тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж буюу, “Монгол хүүхдүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн вакцин тарьж болохгүй” гэж биед нь хүч хэрэглэн халдаж, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутга ашиглан заналхийлсэн,

Мөн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Боловсрол, шинжлэх ухааны яамны үүдэнд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу эрхэлж байгаа албан үүрэгт нь холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Эгийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний гадна доод хэсэгт шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Эгийн өгсөн “...2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн үед ажил дээрээ буюу яаман дээр ирэхэд нэг залуу үүдэнд зогсож байсан бөгөөд тэр залуу надад хандан “...Сайдаа та яагаад Монгол хүүхдүүдэд Хятад вакцин хийх гээд байгаа юм бэ“ гэсэн. Тэгэхээр нь би тухайн залууд хандан хүүхдүүдэд вакцин хийхгүй, тийм шийдвэр гаргаагүй гэхэд нь баримт нь байна гээд надад хэдэн цаас үзүүлсэн. Би тухай цаасыг үзэхэд Монгол хүүхдүүдэд Хятад Вакцин хийж болохгүй гэсэн бичигтэй Баянгол бил үү Баянзүрх дүүргийн элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь байх шиг байсан. Би тухайн цааснуудыг ураад өөрт нь өгөөд “битгий худлаа гүтгэлэг хийж бай, хүүхдүүдэд вакцин хийх шийдвэр ерөөсөө гараагүй гэж хэлээд холдох гэтэл шууд гараараа миний баруун нүд орчим газар гараараа нэг удаа цохисон. Цохилтын улмаас миний нүдний шил газар унаад намайг шилээ хайж байхад миний хажуу талд нэлээд урт хутга унасан. Тухайн үед С зугтсан бөгөөд би наадхаа бариад ав гэхэд манай туслах Түвшинжаргал, Мөнхжаргал нар барьж авсан. Тухайн цохилтын улмаас нүдний шилний боолт миний зовхинд шигдээд орсон байсан бөгөөд үүнээс өөр ямар нэгэн гэмтэл надад учраагүй. Харин миний нүдний шилний гар нь хугарч эвдэрсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 190-193/-р тал,

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 50-52/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн “...Д.С нь баруун гараараа зүүн энгэрээ ухаж А4 хэмжээтэй цаас гаргаж, зүүн гартаа саарал өнгийн ноосон цамц тохож барьсан байдалтайгаар 2021-05-21 18:03:45 цагт хар өнгийн хослолтой, нүдний шилтэй эрэгтэй хүний өөдөөс ертөнцийн зүгээр хойд талаас явган хүний замаар алхаж ирэх ба хар өнгийн хослолтой нүдний шилтэй эрэгтэй нь Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Э болох нь танигдаж байна. Л.Э нь өгсөн цаасыг нь голоор нь урж нугалан урж Д.Сын нүүр хэсэг рүү шидчихээд явах гэхэд Д.С нь биеэр хойш ухарч буцаад биеэрээ Л.Э руу дайрах хөдөлгөөн хийхэд Л.Этай хамт явж байсан хар өнгийн хослолтой эрэгтэй Д.Сын үйлдлийг хорьж, зүүн гараараа хүзүүний урд, баруун гараараа хүзүүний хойд хэсгээс нь түлхэхэд Д.С нь зүүн гаран дээр тохсон хувцсаа газарт унагаж баруун гартаа хутга барихад түүний Л.Эгийн хажууд байсан гурван залуу цааш холдуулж модны араар ороход хар өнгийн хослолтой эрэгтэй Д.Сын зүүн талаар тойрч, ард нь гарч баруун талын гарыг цохиход Д.Сын баруун гартаа барьсан хутга шидэгдэж газар унав...” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 142-144/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.М-ын өгсөн “...Модон дотроос нэг эрэгтэй гарч ирээд сайдад бичиг өгсөн бөгөөд тухайн бичиг нь Монгол хүүхдүүдэд Хятад вакцин хийлгэхийг эсэргүүцэж байна гэх утгатай байсан. Тухайн бичгийн сайд уншиж үзээд битгий худлаа зүйл ярьж яваад бай гэж хэлээд тухайн бичгийг урж хаяхад С нь сайдын биед хүрэх шиг болсон бөгөөд сайдын шил нь газарт унасан. Сайдын зүүн нүдний зовхи орчим нь шалбарсан байсан бөгөөд сайд Л.Э бидэнд хандан наадах чинь хутгатай байна гэж хэлэхээр нь хартал баруун гартаа хутга барьсан байсан бөгөөд Түвшинжаргал уг залуугийн баруун гарын ар талаас атгаж барихад С хутгаа шат руу шидсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 190-201/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Эрхэмбаярын өгсөн “...Сайдад цагаан цаас бүхий бичгийг өгтөл сайд уншиж үзээд ураад чи ямар сонин юм ярьж явдаг юм гэж хэлтэл тухайн хүн сайдын нүүрэн тус газарт хүрэх шиг болоход нүдний шил нь унасан. Үүний дараа бид тухай хүнийг барьж аваад авто зогсоолын явган хүний модтой хэсэг рүү түлхэж, би сайд болон үл таних хүний дундуур ороод зогстол сайд “наад хүн чинь хутгатай байна” гэж хэлэхээр нь би уг хүний бие рүү хартал тухайн хүн гартаа 20 см орчим урттай хурц ирмэгтэй хутга барьсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 203-204/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч В.Түвшинжаргалын өгсөн “...Би С байна гээд гишүүнд цаас үзүүлтэл гишүүн цаасыг нь харж үзчихээд битгий худлаа мэдээлэл тараагаад бай гэж хэлээд цаасыг нь шидчихээд явах гэтэл нөгөө залуу Л.Э гишүүнтэй барилцаж аваад зүүн нүд орчим нь цохисон. Тэгж цохиход гишүүний нүдний шил газар унасан. Гишүүнийг цохиход М зөвлөх гишүүн С хоёрын дундуур орж салгаад Сыг гишүүнээс холдуулсан. С гишүүнээс холдоход нь харахад гартаа хутга барьсан харагдсан. Тухайн хутгыг хаанаас гарч ирснийг би ерөөсөө анзаараагүй, маш богино хугацаанд тэр хутгаа гартаа барьчихсан байсан. Энх-Амгалан гишүүн ч гэсэн бат хутгыг хараад наадах чинь хутгатай байна гэхээр нь би Сын араар ороод 2 гарыг нь барьж зогссон. Хутгатай гарыг нь барьж байхад С хутга сайдын зүг шидсэн боловч сайдад хүрээгүй наана нь унасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 206-207/-р тал,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №4354 дугаартай “...Л.Эгийн биед зүүн нүдний гадна доод хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүснэ.  Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 249-250/-р тал зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.

Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд,

Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч “...хохирогч Л.Эгийн эрүүл мэндэд учирсан зүүн нүдний гадна доод хэсэгт шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтийг гаргасан байх бөгөөд прокуророос шүүгдэгч Д.Сын хохирогч Л.Эгийн эрхэлж байгаа ажил албан үүрэгтэй нь холбогдуулан биед нь халдсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Өөрөөр хэлбэл хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргээс харахад шүүгдэгч Д.С нь хохирогч Л.Эгийн биед халдаж, түүнийг цохисон үйлдэл гаргасан болох нь тогтоогдож байх бөгөөд дээрх үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шалтгаант холбоотой байна.

Нөгөөтээгүүр шүүгдэгч Д.С нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй болно.

Мөн шүүгдэгч Д.С нь “...Монгол хүүхдүүдэд Хятад вакцин хийх гэлээ...” гэх шалтгааны улмаас тусгайлан бэлтгэсэн хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж хохирогч Энх-Амгаланг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж сүрдүүлсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Эгийн, гэрч Д.Мөнхжаргал, гэрч Б.Эрхэмбаярын, В.Түвшинжаргалын мэдүүлэг болоод мөрдөн шалгах ажиллагааны явцад камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Заналхийлэх гэмт хэрэг нь олон нийт болоод хувь хүнд айдас төрүүлэхэд чиглэсэн аюултай үйлдэл байдаг бол тусгайлан бэлтгэсэн зэвсэг гэдэгт халуун, хүйтэн, хийн бүх төрлийн зэвсэг, хамаарахаас гадна зэвсгийн чанартай зүйл гэдэгт хүний амь, нас, эрүүл мэндэд хохирол учруулахаар зориуд бэлтгэсэн буюу урьдаас бэлтгэсэн буюу урьдаас олж хэрэглэсэн аливаа зүйл хамаарч болно.

Шүүгдэгч Д.С нь Боловсрол шинжлэх ухааны сайд хохирогч Л.Эг тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардсан буюу Монгол хүүхдэд Хятад вакцин шахах гэлээ гэх шалтгаанаар тусгайлан бэлтгэсэн хутгыг зэвсгийн чанартай ашиглаж түүнийг заналхийлсэн гэх үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн асуусан “...Яагаад хутга авч явсан бэ...” гэх асуултад

Шүүгдэгч Д.С “...Тухайн хутгаар сайдын амь нас, эрүүл мэндэд нь халдах гэж тухайн хутгийг авч яваагүй. Өөрийн шаардлагад хүч нэмэх гэж биедээ авч явсан, мөн хамт явсан хүмүүсээс нь өөрийгөө хамгаалах гэж хутга авч явсан. Учир нь тухайн хүмүүс нь намайг Фэйсбүүкээр дарамталж байсан...” гэх хариултыг өгчээ.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад хэн нэгэн этгээдээс Д.Сыг дарамталж, сүрдүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй, нөгөөтээгүүр Боловсрол шинжлэх ухааны сайдад шаардлага хүргүүлэхдээ зайлшгүй хутга авч явах шаардлага үүссэн, өөрөөр хэлбэл хэн нэгнээс өөрийгөө хамгаалах зорилгоор хутга авч явсан талаар нотолсон ямар нэгэн үйл баримт тогтоогдсонгүй.

Нөгөөтээгүүр шүүгдэгч Д.С нь Монгол Улсын иргэний хувьд хэн нэгэн албан тушаалтан, төрийн болон төрийн бус байгууллагад өөрийн итгэл үнэмшлээр аливаа хэлбэрийн шаардлага хүргүүлэх эрх нь нээлттэй бөгөөд харин шаардлага хүргүүлэх нэрийн доор бусдын биед халдаж, хутга барин сүрдүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл мөн гэж үзнэ.

Иймд, дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Д.Сыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Мөн тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдыг заналхийлэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно...” гэж заажээ.

Шүүгдэгч Д.С нь нэг цаг хугацаанд нэг удаагийн үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах болон заналхийлэх гэмт хэргийг үйлдсэн байх бөгөөд прокуророос шүүгдэгчийн Д.Сыг үйлдлийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамласан нь хууль зүйн хувьд үндэслэлтэй болжээ.

Мөн хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс “...шүүгдэгч Д.С нь 2020 оноос эхлэн хохирогчийн болоод түүний гэр бүлийн нэр хүндэд халдаж байсан, мөн шүүгдэгч нь олон жилийн бухимдлаас үүдэн хохирогчийн амь насанд халдахаар заналхийлэхэд Түвшинжаргал шүүгдэгчийн үйлдлийг таслан зогсоосон. Иймд, зүйчлэлийг дахин шалгах, нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах саналтай байна...” гэжээ.

Шүүхээс хавтас хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг бүрэн гүйцэт судалж үзэхэд шүүгдэгч Д.С нь олон жилийн бухимдлаас үүдэлтэйгээр хохирогч Л.Эд өш санасан, түүний амь насыг гарцаагүй хохироох зорилгоор уулзсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 Өөрөөр хэлбэл төр, албан тушаалтны шийдвэрт шүүмжлэлтэй хандах, тухайн шийдвэртэй нь холбогдуулан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, сонгох, сонгогдох зэрэг нь Монгол Улсын Үндсэн хуульд заагдсан иргэний эрх мөн бөгөөд шүүгдэгч Д.С нь хохирогч Л.Этай сонгуульд цуг өрсөлдөж байсан, үүнээсээ үүдэн өш санасан гэдэг үндэслэлээр амь насанд халдах зорилготой байсан гэж дүгнэх боломжгүй болохыг дурдвал зохино.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Д.Сод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 төгрөгийн торгуулийн ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгийн торгуулийн ял тус тус оногдуулах...” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б, Н.Б нарын зүгээс эрүүгийн хариуцлагын талаар “...Эдгээр гэмт хэргүүд нь 2021 оны Өршөөлийн тухай хуульд хамаарч байгаа тул Өршөөлийн тухай хуулиар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан бол хохирогчийн өмгөөлөгч болон шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал, хүсэлт гаргаагүй болно.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ёсчлон баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “...Энэ хуулийн үйлчлэлд дараах хүн, хуулийн этгээд хамаарна...” гэж,

 

Мөн хуулийн 3.1.2-т “...2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн...” гэж,

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “...Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно...” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Д.С нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг,

Мөн тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдыг заналхийлэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр тус тус үйлдсэн нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан шаардлагыг, мөн шүүгдэгч Д.С нь хохирогч Л.Эд учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан шаардлагыг тус тус хангаж байна.

Иймд, шүүгдэгч Д.Сод холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Өршөөн хэрэгсэхгүй болгож гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу хохирогч Л.Эгийн нүдний шилний үнэ болох нийт 2.392.320 төгрөгийг шүүгдэгч Д.Соос гаргуулж хохирогчид олгож,  хохирогч Л.Э нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болох Д.Соос жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Гурав. Бусад асуудлаар.

Шүүгдэгч Д.С нь энэ хэргийн учир 30 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг Сд-г хэрэгт хавсарган үлдээж, 13 см урттай, өргөн нь 1.2х2.5 см, ажлын хэсэг 15 см урттай ягаан өнгийн утсаар 8 удаа ороож уясан цагаан хар өнгийн бариултай хутга 1 ширхгийг, 21.5 см урттай хар өнгийн хутганы гэр буюу хуй 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогч устгахыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хар өнгийн BFL бичигтэй 1 ширхэг куртик, самсунг загварын хар өнгийн гар утас 1 ширхэг зэргийг хууль ёсны эзэмшигч шүүгдэгч Д.С, зүүн талын гар нь хугарсан бор өнгийн нүдний шилийг эзэмшигч Л.Эд буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан

 

шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Л.Э нь өөрт учирсан гэм хорын хохирол хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Соос жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Д-ын Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

-Мөн хохирогчийг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадаж, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглан заналхийлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ёсчлон баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-д холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн 497 дугаар 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-д нийт 2.392.320 /Хоёр сая гурван зуун ерэн хоёр мянга гурван зуун хорь/-н төгрөгийг гаргуулж, хохирогч Ө овогт Л-гийн Э /РД:00000000/-т олгож, хохирогч Л.Э нь өөрт учирсан гэм хорын хохирол хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.С-с жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

4. Шүүгдэгч Д.С нь энэ хэргийн нийт 60 /жар/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг Сд-г хэрэгт хавсарган үлдээж, 13 см урттай, өргөн нь 1.2х2.5 см, ажлын хэсэг 15 см урттай ягаан өнгийн утсаар 8 удаа ороож уясан цагаан хар өнгийн бариултай хутга 1 ширхгийг, 21.5 см урттай хар өнгийн хутганы гэр буюу хуй 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогч устгахыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эд мөрийн баримт устгах комисст, хар өнгийн BFL бичигтэй 1 ширхэг куртик, самсунг загварын хар өнгийн гар утас 1 ширхэг зэргийг хууль ёсны эзэмшигч шүүгдэгч Д.Сод, зүүн талын гар нь хугарсан бор өнгийн нүдний шилийг эзэмшигч Л.Эд буцаан олгохыг шүүгчийн туслах Т.Өлзийтүвшинд тус тус даалгасуай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Х.ИДЭР