Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/300

 

 

 

 

 

 2022         03          23                                  2022/ШЦТ/300

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч С.Эрдэнэтуяа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, Б овогт Х-рын Э-т холбогдох эрүүгийн 2109013870367 дугаартай 1 хавтас хэргийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, Алтангадас ресторанд менежер ажилтай, ам бүл 3, эх, эхийн хамт Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Буянт-Ухаа 2 хороолол, 1008-10 тоотод оршин суух хаягтай, Б овогт Х-ын Э /РД:0000000000/,

           2. Холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ноёд караокены орчимд иргэн Д.Б-той үл ойлголцол үүсгэн улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь баруун 4, 5, 6, 7 дугаар хавирганы зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянавал,

Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ноёд караокены орчимд иргэн Д.Б-той үл ойлголцол үүсгэн улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь баруун 4, 5, 6, 7 дугаар хавирганы зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Б-ийн өгсөн “...Миний биед 4, 5, 6, 7 дугаар хавирганы далд гэмтэл учирсан гэдгийг шинжээчийн дүгнэлтээс харлаа. Тухайн үед надтай маргалдсан залуу нь Э гэх махлаг бор залуу мөн байна. ******* нь намайг хавсарч унагаад миний цээж хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Э-ын өгсөн “...Тухайн маргаан болох үед Э нь Б-ийг нэг удаа хавсарч унагасан бөгөөд би өөр хүнтэй бас маргалдаж байсан болохоор түүнээс хойш юу болсон талаар сайн хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.О-ийн өгсөн “...Манай нөхөр Б нь шөнө 00 цагаас хойш гэртээ орж ирсэн бөгөөд архи, уучихсан, ил харагдах шарх сорви гэх зүйлгүй, харин дээгүүр хувцсыг нь тайлахад нурууны ард хэсэгт хөхөрчихсөн дарахад эмзэглээд байсан бөгөөд тэгж байгаад унтаад өгсөн. Маргааш нь ажлаасаа чөлөө аваад ямар нэгэн эмнэлгээр явалгүй хэсэг ажигласан бөгөөд цусаар бөөлжөөд байхаар нь гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд хавирга нь хугарсан байна гэхээр нь цагдаагийн байгууллагад хандаж, шүүх эмнэлэгт үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69/-р тал,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №9528 дугаартай “...Д.Б-ийн биед баруун 4, 5, 6, 7 дугаар хавирганы зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 39-40/-р тал зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан болон хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн хохирогч, шүүгдэгч, гэрч нараас тайлбар, мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэхдээ “...Хохирогчийн биед гэмтэл учруулаагүй, зүгээр түлхсэн...” гэх хариултыг өгчээ.  

 “...Зодох гэдэг нь хүний бие махбодид халдсан байхыг ойлгох бөгөөд хүний бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх...” зэрэг хэлбэртэй байж болох юм.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******ын шууд чиглэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогч Д.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Нөгөөтээгүүр шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгч *******ын зүгээс өөрийн гэм буруутай үйлдлийг сайн дураараа хүлээн зөвшөөрч холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан /хх-ийн 99/-р тал, байх бөгөөд хохирогч Д.Б-ийн зүгээс тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлж авсан, гомдол, санал байхгүй талаараа мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хүсэлт гаргасан /хх-ийн 100/-р тал, байх бөгөөд улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж үзэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч болон хохирогчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Иймд, шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Улсын яллагчаас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгуулийн ял санал болгосныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь тогтоогдож байна.

Шүүх шүүгдэгч *******т Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирол нөхөн төлөгдсөн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан үзээд улсын яллагчийн саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журмыг тусгаж өгчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх хуралдаанд прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, эсхүл хууль ёсны төлөөлөгч оролцоно. Хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч оролцох хүсэлт гаргасан бол оролцуулна...” гэж заажээ.

Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргаагүй тохиолдолд тэдгээрийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах шаардлагагүй бөгөөд хохирогч Д.Б-н зүгээс шүүх хуралдаанд биечлэн оролцох талаар ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болохыг дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Х-ын Э-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /Таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж, сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Х.ИДЭР