Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/315

 

          

 

 

  2022         03          25                                    2022/ШЦТ/315

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  И.Номин,

Улсын яллагч М.Отгонбаатар,

Шүүгдэгч Г.Б түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-ын Б-д холбогдох эрүүгийн 2209000000336 дугаартай 1 хавтас хэргийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Премьер фүүдс” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 47 дугаар байрны 16 тоотод оршин суух хаягтай, Б овогт Г-ын Б /РД:0000000000/,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Ампер хаусны урд талын зам дээр иргэн М.Э-ийг такси үйлчилгээ үзүүлэхдээ буруу чиглэл рүү эргэлээ гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдан зодож, түүний биед баруун дээд соёо шүдний булгарал, доод үүдэн 1, 2 шүдний сулрал, доод уруулын дотор салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, гэм буруугийн асуудал дэр маргахгүй...”гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Миний үйлчлүүлэгч нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Яагаад гэхээр хавтаст хэрэгтэй танилцсаны дараа нарийн мэргэжлийн шүдний эмчээс асууж, тодруулж эмчилгээ, үйлчилгээний стандартыг харлаа. Нэгдүгээрт доод үүдэн талын баруун талын 1, 2 дугаар шүд унасан. Эмч нар шүдийг дугаарлахдаа баруун талын доод үүдэн шүдийг 41, 42 дугаар шүд суларсан гэх шүүх эмнэлгийн дүгнэлт байгаа. Тэгтэл саяны яриад байгаа имплант хийлгэнэ гэж яриад байгаа шүдийг эмчийг тодорхойлолтод 31, 41 гэж дугаарласан. Үүнээс үзэхэд Шүүх эмнэлгийн гаргасан дүгнэлттэй Оргил дент шүдний эмнэлгийг тодорхойлолт зөрж байна гэж үзэж байна. Энэ хүний дээд шүднүүд нь байдаггүй харин доод хэдэн шүднүүд л байдаг. Ясны сийрэгжилтээс шалтгаалаад олон тооны шүднүүд нь унасан байна. Ийм ясны сийрэгжилттэй буйланд имплант шүд тогтох ямар ч боломжгүй байдаг гэсэн зөвлөгөөг өгсөн. Хоёрдугаарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт юуг ойлгох талаар хуульчилж өгсөн байгаа. Энд хүний эрүүл мэндэд гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг хохиролд тооцно гэж заасан. Тэгэхээр шууд учирсан гэдэг нь Б-тын үйлдлийн улмаас 2 шүд нь суларсан гэх дүгнэлтийг Шүүх эмнэлэг гаргасан. Хөдөлсөн шүдний хувьд албан ёсны эмнэлгийн тодорхойлолт гаргаж өгч байгаа боловч үзлэг, шинжилгээ хийсэн албан ёсны онош тогтоосон зүйл байхгүй байна. Мөн суларсан эмчлэх боломжтой эсэхийг тодруулаагүй байна. Тэр эмнэлэгт 3 шүдийг авсан гэж байгаа боловч эмнэлэг ямар үзлэг, оношилгоо хийгээд шүднүүдийг авчихсан юм бэ гэдэг нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэн. Хохирлын хувьд эргэлзээтэй байгаа учраас эмнэлгийн тодорхойлолтыг нотлох баримтаар үнэлж гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоох боломжгүй гэж үзэж байна. 70.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн. Оргил дент эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн 30.000 төгрөгийг төлөх боломжтой. ...” гэжээ.

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн үед такси үйлчилгээ үзүүлээд явж байхад Г.Б нь гараа өргөхөөр нь аваад явж байтал намайг зүүн эргэ гэхээр нь би зүүн эргэтэл пизда минь буруу эргэчихлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ хүн согтуу байгаа юм чинь агсам тавьж магадгүй юм байна гэж бодоод буу гэж хэлсэн. Тэгсэн чинь энэ залуу буухдаа машины хаалга саваад буухаар чи яаж байгаа юм бэ гээд буухад намайг шууд цохиж зодсон. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд эргүүлийн цагдаа ирэхээр нь би энэ хүн намайг зүгээр явж байхад зодоод шүдийг минь унагаачихлаа гэж хэлтэл тухайн залууг эрүүлжүүлээд намайг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс дээр авчирч мэдүүлэг авсан бөгөөд мэдүүлэг авсан цагдаа намайг шүүх эмнэлэгт үзүүл шаардлагатай гэсний дагуу шүүх эмнэлэгт үзүүлсэн ...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б нь 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Ампер хаусны урд талын зам дээр иргэн М.Энхтөрийг такси үйлчилгээ үзүүлэхдээ буруу чиглэл рүү эргэлээ гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдан зодож, түүний биед баруун дээд соёо шүдний булгарал, доод үүдэн 1, 2 шүдний сулрал, доод уруулын дотор салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Э-ийн өгсөн “...Эхнэрийн хамт өөрийн эзэмшлийн 85-04 УБВ улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй таксинд явж байгаад 1 дүгээр хорооллын хойшоо зуун айл руу явдаг автобусны буудал дээрээс нэг залуу гар өргөхөөр нь аваад хаашаа явах юм гэсэн чинь зүүн эргэ гэхээр нь би гэрлэн дохио хүлээж байгаад зүүн гар тийш эргэсэн чинь пизда чинь буруу эргэчихлээ гээд нөгөө залуу бууя гэхээр нь буу гэсэн чинь нөгөө залуу буухдаа машины хаалгыг савсан. Тэгээд би буутал нөгөө залуу миний нүүр хэсэг рүү хоёр гараараа ээлжлээд цохисон. Тэгэхээр нь би барьж аваад эхнэрээ цагдаа дууд гээд дуудуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15, 34/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Оюун-Эрдэнийн өгсөн “...Нөхөр Энхтайваны хамт хүүхдийн үсний найрт орчхоод буцаж явахад 11 дүгээр хорооллын дунд хоёр залуу гараа өргөхөөр нь зогстол нэг нь нэгнийгээ суулгаж өгөөд явуулсан. Тэгсэн чинь тэр залуу зүүн эргэ гэхээр нь 100 айлаас Баянбүрд тал руу эргэтэл пизда чинь буруу тийшээ эргэчихлээ гэхээр нь нөхөр уурлаад буу гэж хэлсэн. Тэгсэн чинь тухайн залуу буухдаа машины хаалга чанга саваад буусан ба араас нь манай нөхөр буугаад яаж байгаа юм бэ гэтэл тухайн залуу шууд манай нөхрийн нүүр хэсэг рүү цохиод бас гэдэс рүү нь цохиод байсан. Би хөгжлийн бэрхшээлтэй учир бууж очоод салгаж чадахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40/-р тал,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2622 дугаартай “...М.Э-ийн биед баруун дээд соёо шүдний булгарал, доод үүдэн 1, 2 дугаар шүдний сулрал, доод уруулын дотор салстад цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл...” учирсныг тогтоосон дүгнэлт /хх-ийн 27-28/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Б-ын яллагдагчаар өгсөн “...Би прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хамаатны үеэлтэйгээ 11 дүгээр хороололд байрлах таны зоог гэх нэртэй газарт 5-6 шил шар айраг уучхаад орой 18 цаг өнгөрч байхад Сэлбэ плазагийн урд талын 11 дүгээр хорооллын зам дээрээс таксинд суугаад явсан бөгөөд тухайн машины маркийг сайн санахгүй байна. Таксинд суугаад зүүн гар тийш эргээрээ гэж хэлтэл нөгөө такси зүүн гар тал руугаа буюу Баянбүрд тал руу эргэчихээр нь би буруу эргэчихлээ би буулаа зогс гэж хэлээд буусан. Тэгсэн чинь араас жолооч ах бууж ирээд зам дээр загнаад байсан. Тэгээд намайг бариад авахаар нь би гарыг нь тавиулах гээд түлхсэн бөгөөд намайг бүр боогоод байсан. Тэгээд юу болсон талаар сайн санахгүй байгаа бөгөөд миний ухаан санаа орж гараад байсан. Тэр ах миний хоолойноос зүүгдчихээд байхаар нь би тавиулах гэж нэлээд ноцолдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 24/-р тал зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.

Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд,

Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О.Нансалмаа нь “...хохирогч М.Э-ийн биед баруун дээд соёо шүдний булгарал, доод үүдэн 1, 2-р шүдний сулрал, доод уруулын дотор салстад цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтийг гаргасан байх бөгөөд прокуророос шүүгдэгч Г.Б-ын үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Өөрөөр хэлбэл хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргээс харахад шүүгдэгч Г.Б нь хохирогч М.Э-ийн биед халдаж, түүнийг цохисон үйлдэл гаргасан болох нь тогтоогдож байх бөгөөд дээрх үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шалтгаант холбоотой байна.

Түүнчлэн шүүгдэгч Г.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.Э-тэй үл ялих зүйлээр шалтаглах буюу буруу эргэлээ гэх шалтгаанаар нийтээр дагаж мөрдвөл ёс зүйн хэм хэмжээг зөрчиж, хохирогч М.Э-ийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч, гэрчийн учир зүйн дараалалтайгаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад нэр бүхий оролцогч нарын өгсөн дээрх мэдүүлэг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2622 дугаартай дүгнэлтээр давхар нотлогдож байна. 

Иймд, шүүгдэгч Г.Б-ыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй болно.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгийн торгуулийн ялын оногдуулах...” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар эрүүгийн хариуцлагын талаар “... Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Өнөөдрийн байдлаар гарсан хохирлыг төлж барагдуулсан. Нэмж гаргасан 30.000 төгрөгийн нэхэмжлэлийг одоо төлөх боломжтой. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тодорхойлолтоос харахаар компанид гүйцэтгэх захирлын ажил эрхэлдэг бөгөөд тогтсон цалинтай. Эхнэр 2 хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэх саналыг,

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Би улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаад байгаа торгуулийн ялын саналтай санал нийлэхгүй байна. Бүхэл бүтэн 3 шүдээрээ хохирчхоод байхад нэг ч шүдний үнэтэй тэнцэхгүй торгуулийн ял авах гээд байгаад би гайхаж байна...” гэх саналыг тус тус гаргасан бол шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр, хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Г.Б нь тухайн гэмт хэргийг үйлдэснээс хойш хохирогч М.Энхтөртэй уулзаж, хохирол нөхөн төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй, энэ талаар ямар нэгэн санал, санаачлага гаргаагүй болох нь тогтоогдож байна. 

Шүүхээс шүүгдэгч Г.Бад ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Г.Б-д 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ. 

Гурав. Бусад асуудлаар.

Хохирогч М.Э нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцон шүүгдэгч Г.Б-аас нийт 4.440.000 төгрөгийг нэхэмжилж, нотлох баримтаар “Оргил Дент” эмнэлгийн тодорхойлолтыг хавсарган шүүхэд ирүүлжээ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө бусад эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно...” гэж,

Мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно...” гэж заасан бол 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлнэ...” гэж тус тус заажээ.  

Хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас харахад хохирогч М.Э-ийн эрүүл мэндэд баруун дээд соёо шүдний булгарал, доод үүдэн 1, 2-р шүдний сулрал, доод уруулын дотор салстад цус хуралт гэмтэл учирсан болох нь тогтоогдсон, энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд харин хохирогч М.Э-ийн тухайд өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт 3 шүдээ авхуулсан хиймэл шүд хийлгэнэ гэх тайлбарыг гаргаж 4.440.000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл хохирогч М.Э нь эмчилгээ хийлгэсэн эсэх талаарх баримтаа ирүүлээгүй, харин ирээдүйд хийлгэх эмчилгээний талаарх баримтыг шүүхэд ирүүлжээ.

Мөн хохирогч М.Энь өвдөөд байсан учраас гэх шалтгаанаар 3 ширхэг шүдээ авхуулсныг шууд учирсан бодит хохирол гэж үзэх боломжгүй, түүнчлэн “Оргил дент” эмнэлгийн албан бичигт шүд хийлгүүлэхэд шаардагдах зардлыг тусгаж өгсөн нь ирээдүйд бий болох зардал гэж үзэх үндэслэл болж байна.

Өөрөөр хэлбэл хохирогч Г.Б нь өнөөдрийн байдлаар эмчилгээ хийлгэсэн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд, хохирогч М.Э нь өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Г.Баас жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, харин хохирогчийн эмнэлэгт үзүүлсэн төлбөр болох 30.000 төгрөгийг шүүгдэгч Г.Баас гаргуулж, хохирогч М.Э-д олгож, Г.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Г-ын Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д 300 /Гурван зуу/-н цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-аас 30.000 /гучин мянга/-н төгрөгийг гаргуулж, хохирогч Б овогт М-ын Э /РД:0000000000/-д олгож, хохирогч М.Э нь өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох Г.Баас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Г.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Х.ИДЭР