Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/70

 

          

 

 

 

  2022         01         13                                    2022/ШЦТ/70

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

Улсын яллагч Ц.Төгөлдөр,

Шүүгдэгч М.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М-н Ч-д холбогдох эрүүгийн 2109 01109 1594 дугаартай 1 хавтаст хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Астила Увс” ХХК-д туслах ажилтай, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамжны 680б тоотод оршин суух хаятай, Урьд,

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 440 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгүүлж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулсан,

-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1078 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгүүлж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулсан,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 286 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь заалтад зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 282 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт М-ийн Ч /РД:00000000/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч М.Ч нь 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 буудлын автобусны буудал дээр Б.Б эзэмшлийн Самсунг А02 загварын гар утсыг “эгчтэйгээ ярьчхаад өгье” гэж хэлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилан авч 319.200 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч М.Ч нь 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 буудлын автобусны буудал дээр Б.Б эзэмшлийн Самсунг А02 загварын гар утсыг “эгчтэйгээ ярьчхаад өгье” гэж хэлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.  Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Б өгсөн “... Би 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Фэйсбүүкээрээ Рэ Зу гэсэн хаягтай нэг залуутай найз болсон бөгөөд тэр залуу өөрийгөө Ч гэж танилцуулж байсан. 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 7 буудлын автобусны буудал дээр Чингүүнтэй уулзаад байж байтал надад хандан “утсаа өгч бай, би эгч рүүгээ ярьчхаад өгье гэж хэлээд миний Самсунг А02 загварын гар утсыг аваад дэлгүүр рүү ороод буцаж гарч ирээгүй. Тэрнээс хойш надтай дахиж холбоо бариагүй намайг блок хийсэн байсан. 2021 оны 09 дүгээр сард Теди төвөөс тухайн гар утсыг 500.000 төгрөгөөр авч байсан. Одоо тэр залууг харвал танина...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч М.Чгийн яллагдагчаар өгсөн “...2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр фэйсбүкээр таньж болох найзууд дотроос нэг охин над руу найзын хүсэлт явуулсныг нь би аваад бид хоёр чатаар харилцаж эхэлсэн. Танилцаад 4-5 хоног чат бичиж байгаад гадуур хамт явж байгаад салсан. Тухайн үед надаас Лизингийн мөнгө нэхэгдээд мөнгөний хэрэг байсан болохоор уг охиноос эгчтэйгээ ярьчхаад өгье, чи эндээ хүлээж байгаарай гэж хэлээд утсыг нь аваад дэлгүүр ороод тэр чигтээ явчихсан юм. Тэгээд тухайн гар утсыг фэйсбүүк орчинд зар тавьж байгаад зарчихсан. Би тухайн үед Рэ Зу гэх нэртэй фэйсбүүк хаяг ашигладаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Б Самсунг А02 загварын гар утсыг үнэлсэн “Дамно” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн СБ2-21-902 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 37-38/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад явуулсан таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 21-25/-р тал зэрэг болно.  

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч М.Чгийн тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаангүйн дээр шүүгдэгч М.Чг тухайн гэмт хэргийн үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Залилан мэхлэх гэмт хэргийн өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээс ялгагдах онцлог нь зөвхөн эд зүйлс, өмч хөрөнгийг хуурч, мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа ялгагдана.

Түүнчлэн залилах гэмт хэргийн арга болох хууран мэхлэлт нь идэвхтэй болон идэвхгүй хэлбэрээр явагддаг.

Идэвхтэй хууран мэхлэлт нь өмчлөгч болон бусад эзэмшигчийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгчид гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлэх аргаар үйлдэгддэг.

Шүүгдэгч М.Ч нь “гар утсаар чинь эгчтэйгээ ярьчхаад өгье” хэмээн хуурамч сэтгэгдэл төрүүлж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, хохирогч Б.Бийг хуурч залилсан идэвхтэй үйлдэл хийсэн болох нь тогтоогдож байх бөгөөд прокуророос шүүгдэгч М.Чгийн үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл анхнаасаа лизингийн төлбөрөө төлөх зорилгоор хохирогч Б.Б итгэлийг урвуулан ашиглаж, түүний өмч /гар утас/-г өөрийн эзэмшилд шилжүүлэн авч бусдад худалдан борлуулж байгаа шууд санаатай үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэх үндэслэлтэй байна.  

Иймд, дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч М.Чг хохирогч Б.Бийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бт 319.200 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч М.Ч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч М.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгч нь биелүүлээгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 650 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” саналыг гаргасан бол шүүгдэгч М.Чгийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч М.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс шүүгдэгч М.Чд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг нөхөн төлсөн шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэлээ.

Мөн шүүгдэгч М.Ч нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 282 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өнөөдрийн байдлаар биелүүлээгүй болох нь Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах газарт хандаж хүргүүлсэн Нийслэлийн  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 3/23701 дугаартай албан бичиг болоод Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2053 дугаартай “Ялтныг эрэн сурвалжлах тухай” захирамж, болон шүүгдэгч М.Чгийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Чд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр өмнөх буюу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 282 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 650 цагийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

Гурав. Бусад

Шүүгдэгч М.Ч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт М-ийн Ч-г хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай .

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Чд 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Чд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан буюу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 282 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 650 цагийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 08 цагийн ажлыг 01 хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.

5. Шүүгдэгч М.Ч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Х.ИДЭР