Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/78

 

 

 

 

 

 

   2022         01         14                                  2022/ШЦТ/78

                                                                                                              

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга И.Номин,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Шүүгдэгч Г.П түүний өмгөөлөгч С.Сүхболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Г-ийн П-т холбогдох эрүүгийн 2009016090747 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Монгол улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймаг төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн ахлагч ажилтай, ам бүл 5, аав, ээж, ах, дүү нарын хамт, Баянгол дүүргийн 10 дугаар хороо 303-127 тоотод оршин суух хаягтай,

Урьд нь 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулсан,

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 369 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж байсан Ш овогтой Г-ийн П /РД:00000000/,

Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Г.П нь 2020 оны 05 дугаар сарын 17-ны  өдөр Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр эмнэлэгт таксигаар хүргүүлээд жолооч О.Г гар утсаар интернэт банк ороод төлбөрөө шилжүүлье хэмээн “Офо А11” загварын гар утсыг нь хууран авч 640.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/,

Шүүгдэгч Г.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би такси бариад 7 буудал ороод буцаад багшийн дээд орсон. Миний утасны цэнэг дууссан тул би өөрийн утсыг үлдээгээд, таксины жолоочоос та утас аа өгч байгаач би интернэт банкийг тань ашиглаад мөнгөө шилжүүлье гэж хэлээд түүний утсыг авсан. Дэлгүүр ороод интернэт банкийг нь ашиглаад гарч ирэхэд таксины жолооч өөрөө явчихсан байсан. Өөр нэмж хэлэх зүйлгүй ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сүхболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Шүүгдэгч Г.П нь эхнэр мөн бага насны хүүхдийн хамт амьдардаг. Хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан. 1 дүгээр хавтас хэргийн 84 дүгээр талд Налайхын 354 дүгээр ангид ажилладаг, ахлагч цолтой. Шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан мөнгөн торгуулийн ял оногдуулж өгнө үү. Гэм буруу хэргийн зүйчлэл дээр маргахгүй. Шүүгдэгч нь хэрэгт авагдсан нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болно...” гэжээ.

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Г.П нь 2020 оны 05 дугаар сарын 17-ны  өдөр Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр эмнэлэгт таксигаар хүргүүлээд жолооч О.Г гар утсаар интернэт банк ороод төлбөрөө шилжүүлье хэмээн “Офо А11” загварын гар утсыг нь хууран авч 640.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Г өгсөн “...Би 2020 оны 05 дугаар сарын 17-ны 21 цагийн үед өөрийн 26-59 УНЗ улсын дугаартай “Тоёота приус 20” маркийн авто машинтай Сансарын туннелийн доор байдаг “Е-март” дэлгүүрийн гадаа хүн хүлээж байхад нэг залуу ирээд таксинд явах уу гэж асуухад нь явна гээд суугаад явсан. ...нэгдүгээр эмнэлгийн зүүн урд талын өндөр байшингийн хажууд зогсоод тэр залуу гар утсаа өгч байгаач би интернэт банкаар төлбөрөө хийнэ гэхээр нь би гар утсаа өгсөн. Тэгсэн тэр залуу нэвтэрч болохгүй байна гэсэн. Тэгэхээр нь би гэр рүүгээ ороод картаа аваад гараад ирээ АТМ оръё гэсэн. Тэгсэн тэр залуу за гээд надад зам зааж яваад уг өндөр байшингийн урд талд очоод тэр залуу надад гар утсаа үлдээгээд орсон. Тэгээд хэсэг байж байгаад эргэж гарч ирээд одоо интернэт банк зүгээр болсон та утсаа өгч бай гээд аваад оролдож байгаад яваад өгсөн. Тэгээд би утас өгөөч ээ гэсэн чигээрээ яваад өгсөн...” гэх мэдүүлэг \хх-20-21, 70-71\-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Лхагвасүрэнгийн өгсөн “...Би 2020 оны 06 дугаар сард хөдөө аж ахуйн яамны замын урд талд байдаг ломбардаас тухайн гар утсыг худалдаж аваад өөрийн 89259990 дугаарыг хийгээд одоо болтол барьж байгаа. Би гар утас худалдаж авсан ломбардаа зааж өгч чадна. Би тухайн гар утсыг хураалгах болно. ...миний хувьд ОРРО А7 загварын гар утсыг 350.000 төгрөгөө Лакс ломбардын ажилтан Ганзоригоос 2020 оны 06 сарын орчимд худалдан авсан байсан. Энэ гар утас нь гэмт хэргийн замаар олдсон эд зүйлс гэдгийг нь мэдээд цагдаагийн байгууллагаар дамжуулан албан ёсны эзэмшигчид нь хүлээлгэн өгсөн байгаа. Ингээд надад учирсан хохирол болох 350.000 төгрөгийг уг гар утсыг хохирогч О.Гаас залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн. Г.П өөрөө төлж өгч хохирлыг бүрэн барагдуулахаар болж тохирсон байгаа тул надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна. ...Г.П нь надад ямар учраас гэмт хэрэг үйлдсэн болох талаараа бол хэлж яриагүй. Харин энхийг сахиулах ажиллагаанд хамрагдах гэж байгаа тул гэмт хэрэгт холбогдон ял шийтгэл хүлээж болохгүй байна, хэрэв ял шийтгэл авсан тохиолдолд энхийг сахиулах ажиллагаанд явж чадахгүй болчихно тийм учраас чи хэргийг даачих, шүүхээс торгууль шийтгэл оноох юм бол би даагаад төлчихсөн ямар ч асуудалгүй гэж хэлээд надаас гуйгаад байсан юмаа. Түүнээс би энэ гэмт хэрэгт үйлдэгдэхэд ямар ч хамааралгүй гэдгийг хэлэх байна...” гэх мэдүүлэг \хх-н 23, 73\-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Ганзоригийг өгсөн “...Би 2019 оны 05 дугаар сарын үеэс Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Цэцэн хангай төвийн 1 дүгээр давхарт Лакс нэртэй ломбард ажиллуулдаг байсан бөгөөд би өөрөө сууж ажиллуулдаг байсан. ...дээрх гар утас нь барьцаанд тавиад хураагдсан гар утаснуудын 1 байх. Би барьцаанд тавьсан гар утсыг ямар хүн тавьсан талаар хуучин ломбардын бичиг баримтуудаас хайгаад олох байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг \хх-н 26\-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Минж-Одын өгсөн “...Од-Сэргэлэн нь ломбардад ирэхдээ ихэнхдээ 2 эрэгтэй найзтайгаа ирдэг болсон  бөгөөд тавьсан эд зүйлсээ хугацаа хэтрүүлэлгүйгээр буцаад авдаг байсан. ...Од-Сэргэлэн нь цуг явдаг хоёр найзтайгаа байнгын үйлчлүүлэгч болж яваандаа тэр 3 нэг нэгнийхээ нэр дээр эд зүйл тавих асуудал гарч байсан...” гэх мэдүүлэг \хх-н 38\-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Од-Сэргэлэнгийн “...миний бичиг баримтын нэрээр манай найз Г.П нь “Лакс” ломбардын танил Ганзоригт хэлж гар утас барьцаалан мөнгө зээлж авсан байдаг юм билээ. 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр цагдаагийн байгууллагын 4 давхрын зээлийн хэсэгт найз Пүрэвхишиг, Лхагвасүрэн нарын хамтаар зогсож байх үед О.Г гэх эмэгтэй зөрч өнгөрөх явцдаа шууд Пүрэвхишигийг заагаад чи миний утсыг залилаад аваад явсан залуу мөн байна шд ямар ичдэггүй хүн бэ би чамайг хөнхөр нүүр, хөмсөг зэргээр чинь тод сайн таньж байна гэж хэлж байсан. ...миний регистрийн дугаар РВ:95020618, Г.Пийн регистрийн дугаар РВ:96021018 гэсэн маш ойрхон үсэг дугаартай байдаг юмаа...” гэх мэдүүлэг \хх-н 75-76\-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Анхбаярын өгсөн“...Би жилийн 5  сард Өмнөговь аймгийн Ханбогд суманд Оюу толгойн туслан гүйцэтгэх компани болох Ханбогд Хайрхан ХХК-д агуулахын нярав ажил хийж байсан. Би тэр ажлаасаа 2020 оны 08 дугаар сарын дундуур гарсан. ...Энэ худлаа би Пүрэвхишиг гэх хүнд гар утас зарж байгаагүй. Энэ оны 6-7 сарын үед санагдаж байна Г.П ах над руу залгаад чи Сүхбаатар дүүргийн прокурорын газарт очоод нэг мэдүүлэг өгчих гэсэн.Би тэгээд Сүхбаатар дүүргийн прокурорын газарт очиж тухайн гар утсыг би Г.Пт зарсан юм гэж би мэдүүлсэн. Би уг нь Г.Пт гар утас зараагүй. Г.П тэгээд мэдүүлэг өгчхөөч чамд чамд нэгэн асуудал байхгүй. Тэгээд хэлчихэд болно гээд гуйгаад байхаар нь би прокурорын газарт очоод тэгээд хэлчихсэн юм...” гэх мэдүүлэг \хх-н 137\-р тал,

 “Юнител” ХХК-ны 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 05-01\4782 дугаартай албан бичиг болон хавсралт \хх-н 44-47\-р тал,

 Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд \хх-н 48-49\-р тал,

 Эд зүйл түр хүлээн авсан тэмдэглэл \хх-н 52\-р тал,

 Эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл \хх-н 53\-р тал,

 Алдагдсан эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн СБ1-20-1600 тоот “ОРРО А11 загварын гар утас 640.000 төгрөг” гэх дүгнэлт \хх-н 61-62\-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Г.Пийн өгсөн “...Миний тухайд өөрийн үйлдсэн гэмт хэрэгт маш их гэмшиж байна. ...Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Бөхийн өргөөний хажуу талын байранд үйл ажиллагаа явуулдаг “Лакс” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт гар утас барьцаанд тавьсан өдрөө замын унаанд сууж Хөвсгөл аймгийн төвд очиж буусан байдаг юм. “Лакс” нэртэй ломбардаар Од-Сэргэлэн бид 2 хэн хэн нь ойрхон хугацаанд өөрсдийн эд зүйлсийг барьцаалан мөнгө зээлж байсан болохоор тухайн цаг хугацаанд Од-Сэргэлэнгийн нэр дээр бүртгүүлээд “ОРРА 11” маркийн гар утсыг “ОРРА 60” маркийн гар утас бүртгүүлэн 350.000 гэж бүртгэл хийлгэн бичүүлж оронд нь өмнө өөрийн барьцаалж зээл авсан байсан “Самсунг А30 S” загварын гар утсыг аваад уг өдрөө Хөвсгөл аймаг орохоор явсан байгаа. Ингэхдээ ломбардны зээлийн бичгэн дээр би Од-Сэргэлэн гэж түүний нэрийг дармал үсгээр бичиж гарын үсэг зурсан байгаа. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан байгаа. Түүний гар утсыг биет байдлаар нь буцаан өгсөн байгаа. Энэ гар утсыг худалдан авсан байсан өөрийн найз Лхагвасүрэнд 350.000 төгрөгийг төлж өгч хохиролгүй болгосон байгаа. 2020 оны 05 дугаар сарын 17-ны орой 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр болох Сансарын туннелийн эсрэг тал буюу “Е март” дэлгүүрийн гаднаас такси бариад 7-н буудалд очиж найзаасаа мөнгө авах гэтэл гэр нь цоожтой байсан тул буцаж яваад Улсын төв 1 дүгээр эмнэлгийн хажуу талд ирээд уг таксины эгчийг та гар утсаа өгч байгаач миний интернэт банк болохгүй байна гэж хэлээд гар утсыг нь аваад шууд гэртээ ороод өөрийн цэнэг нь дууссан гар утсаа цэнэглээд интернэт банкны хаягаар гарч ирэхэд уг таксинд явж байсан эгч машинтайгаа хөдлөөд явчихсан байсан. Би өмнө нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаандаа өөрийн найз Лхагвасүрэнг цагдаагийн байгууллагад миний өмнөөс гэмт хэрэг үйлдсэн гээд хүлээчих, би Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд явах гэж байгаа юм, хэрэв ял шийтгэл эдэлсэн ямар нэгэн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд энхийг сахиулах ажиллагаанд явуулдаггүй юм, би хохирол гомдлыг нь барагдуулаад өгье гэж хэлж ярьж гуйсан нь үнэн. ...найз нь нэг гар утасны хэрэгт холбогдчихоод хэцүү байна гэж хэлэхэд Анхбаяр чи ямар хэрэгт холбогдсон юм надад хэлчих, би цагдаа, прокурорын байгууллага дээр нь очоод энэ гэмт хэргийг би үйлдсэн юм гээд хэлээд өгчихье гэж хэлэхээр нь зөвшөөрөөд түүнийг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлбаатартай дагуулж уулзуулсан юм. Дээрх найз нөхөд болох Лхагвасүрэн, Анхбаяр нарийг өөрийн үйлдсэн гэмт хэргийн өмнөөс хэрэг хүлээгээд гэж хэлж ярьснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг \хх-н 140-141/-р тал зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч Г.Пийн тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаангүйн дээр шүүгдэгч Г.Пийг тухайн гэмт хэргийн үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Залилан мэхлэх гэмт хэргийн өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээс ялгагдах онцлог нь зөвхөн эд зүйлс, өмч хөрөнгийг хуурч, мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа ялгагдана.

Түүнчлэн залилах гэмт хэргийн арга болох хууран мэхлэлт нь идэвхтэй болон идэвхгүй хэлбэрээр явагддаг.

Идэвхтэй хууран мэхлэлт нь өмчлөгч болон бусад эзэмшигчийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгчид гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлэх аргаар үйлдэгддэг.

Шүүгдэгч Г.П нь таксины төлбөрийг интернэт банк ашиглан шилжүүлье гэж хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч О.Гыг хуурч залилсан идэвхтэй үйлдэл хийсэн болох нь тогтоогдож байх бөгөөд прокуророос шүүгдэгч Г.Пийн үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл анхнаасаа хохирогчийн гар утсыг авах зорилгоор зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч О.Г итгэлийг урвуулан ашиглаж, түүний өмч /гар утас/-г өөрийн эзэмшилд шилжүүлэн авч зээлийн барьцаанд тавьсан шууд санаатай үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэх үндэслэлтэй байна. 

Нөгөөтээгүүр шүүгдэгч Г.П нь утасных нь интернэт банкийг ашиглаад эргээд гараад ирэхэд таксины жолооч өөрөө явчихсан байсан талаар мэдүүлжээ.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод хэрэг болсон гэх цаг хугацаанд болсон үйл баримтуудаас харвал шүүгдэгч Г.П нь хохирогч О.Г гар утсыг залилж авсныхаа дараагаар “Лакс” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьсан, нөгөөтээгүүр шүүгдэгч Г.Пийн тайлбарлаж байгаа шиг тэрээр интернэт банк ашиглачхаад эргүүлж өгөх гэж байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл хэрэв үнэхээр буцааж өгөх санаа, зорилготой байсан бол ямар учраас барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьсан бэ гэдэг нь ойлгомжгүй байна.

Иймд, дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Г.Пийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогчийн итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч О.Гд 640.000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч Г.П нь бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Г.П нь эхнэр бага насны хүүхдийн хамт амьдардаг бөгөөд хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Мөн тэрээр Налайх дүүрэг дэх Зэвсэгт хүчний 354 дүгээр ангид ахлагч цолтой ажилладаг юм. Иймд, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан үзэж торгуулийн ял шийтгэж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч Г.Пт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ёсчлон баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “...Энэ хуулийн үйлчлэлд дараах хүн, хуулийн этгээдэд хамаарна...” гэж,

Мөн хуулийн 3.1.2 дахь хэсэгт “...2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн...” хүн, хуулийн этгээдийг хамааруулна гэж,

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “...Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна...”гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Г.П нь бусдыг залилах гэмт  хэргийг 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр үйлдэж, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд энэ тохиолдолд холбогдох хэргийг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэх боломжтой гэж шүүхээс үзлээ. 

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр соёрхон баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Бусдын эд хөрөнгийг хулгайлах /Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг/ гэмт хэрэг, Эрүү шүүлт тулгах /Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэг/, 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/, Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Хөрөнгө завших /Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/, Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Эрүү шүүлт тулгах /Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйл/, Хууль бусаар ан агнах /Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Хууль бусаар мод бэлтгэх /Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг/, Ой, хээрийн түймэр тавих /Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх /Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйл/ гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино…” гэж заажээ.

Шүүхээс шүүгдэгч Г.Пт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг нөхөн төлсөн шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хорих ялыг мөн хугацааны зорчих эрх хязгаарлах ялаар, Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 369 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялыг мөн хугацааны зорчих эрх хязгаарлах ялаар тус тус сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн зорчих эрх хязгаарлах ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрх хязгаарлах ялын хэмжээг 03 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.П нь зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 303-127 тоот хаягаас гарч явах эрхийг хязгаарлаж, эрх бүхийн байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.  

Гурав. Бусад

Шүүгдэгч Г.П нь нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 12.4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Г-ийн П-ийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай .

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пт 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пт оногдуулсан 01 жилийн хорих ялыг 01 жилийн зорчих эрх хязгаарлах ялаар сольсугай.

4. Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 369 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пт 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

5. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пт оногдуулсан 02 жилийн хорих ялыг 02 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар сольсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн зорчих эрх хязгаарлах ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрх хязгаарлах ялын хэмжээг 03 жилийн хугацаагаар тогтоосугай.

7. Г.П нь зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 303-127 тоот хаягаас гарч явах эрхийг хязгаарлаж, эрх бүхийн байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

9. Шүүгдэгч Г.П нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Пт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                                                     

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Х.ИДЭР