Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/77

 

          

 

 

  2022         01          14                                    2022/ШЦТ/77

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

Улсын яллагч С.Болорзул,

Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ж-ийн Б-д холбогдох эрүүгийн 2009 00000 1289 дугаартай 1 хавтаст хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Зуун мод суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Төв аймгийн Зуун мод сумын 3 дугаар баг, Баянхошууны 11 дүгээр гудамжны 06 тоотод оршин суух хаягтай, Урьд

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 02 жил, 02 сар, 06 хоногийн хорих ял эдлэх хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, өмнөх хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 02 жил, 03 сар, 06 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж байсан,

-2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 381 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 212 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан Б овогт Ж-ийн Б /РД:00000000/,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Ж.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дэлхийн зөн” төрийн бус байгууллагын бариа заслын өрөөнөөс иргэн М.С эзэмшлийн Хуавэй П-9 Хуавэй Хунгми-6 загварын 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бусдад 410.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ж.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дэлхийн зөн” төрийн бус байгууллагын бариа заслын өрөөнөөс иргэн М.С эзэмшлийн Хуавэй П-9 Хуавэй Хунгми-6 загварын 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бусдад 410.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.  Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.С өгсөн “...2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 10 цаг 30 минутын үед би бариа заслын ажил дээрээ нэг өрөөндөө үйлчлүүлэгч хүндээ эмчилгээ хийж байгаад ариун цэврийн өрөө ороод гарч ирэх хооронд миний Хуавэй маркийн 2 ширхэг гар утсыг өрөөнөөс хулгай хийгээд аваад гараад явсан байсан. Өрөөн дотор эмчлүүлэгч хэвтэж байсан бөгөөд урдуур нь хөшиг татсан байсан. Тэгээд эмнэлгийн үүд рүү гарахад 40 орчим насны залуу зам хөндлөн гараад зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9, 20, 21/-р тал,

Дамно хөрөнгийн үнэлгээний газрын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн СБ-2-20-1206 дугаартай “...Хуавэй П-9, Хуавэй Хунгми-6 загварын хоёр ширхэг гар утсыг нийтэд нь 410.000 төгрөгөөр үнэлсэн...” үнэлгээний тайлан /хх-иийн 24-25/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ж.Бы яллагдагчаар өгсөн “...Би үнэртэй ус зарах гээд уг бариа заслын газар руу орсон. Тэгтэл орон дээр нь 2 гар утас байсан бөгөөд хажуу хавьд нь хүн байхгүй болохоор нь авч гараад 7 буудлаас автобусанд суугаад Тэди төв ороод 2 гар утсаа нийлүүлээд нийтэд нь 100.000 төгрөгөөр зарсан. Тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор гар утаснуудыг ямар хүнд зарснаа санахгүй байна. Хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-6/-р тал зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч Ж.Бы тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаангүйн дээр шүүгдэгч Ж.Быг тухайн гэмт хэргийн үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.

Нөгөөтээгүүр хулгайлах гэмт хэрэг нь өмчлөх эрхийн бусад хэлбэрээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд юмс нь гэмт халдлагад өртөгдөх үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, эзэмшигч тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэлд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх, үүрэггүй учир нууц, далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоороо онцлог.

Шүүгдэгч Ж.Бы тухайд дээр дурдагдсанчлан бусдын эд хөрөнгийг хувийн ашиг олох гэсэн шунахайн сэдэлтээр нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байх бөгөөд прокуророос түүний үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.

Иймд, шүүгдэгч Ж.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирогч М.Ст тухайн гэмт хэргийн улмаас нийт 410.000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч Ж.Б нь төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс 410.000 төгрөгийг гаргуулж, хохирогч М.Ст олгох нь зүйтэй байна.  

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас биелүүлээгүй үлдсэн 212 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон 26 хоногийн хорих ялаар сольж нийт эдлэх хорих ялын хэмжээг 06 сар, 27 хоногийн хугацаагаар тогтоох...” саналыг гаргасан бол шүүгдэгч Ж.Бы зүгээс эрүүгийн хариуцлагын талаар ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр соёрхон баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Бусдын эд хөрөнгийг хулгайлах /Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг/ гэмт хэрэг, Эрүү шүүлт тулгах /Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэг/, 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/, Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Хөрөнгө завших /Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/, Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Эрүү шүүлт тулгах /Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйл/, Хууль бусаар ан агнах /Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Хууль бусаар мод бэлтгэх /Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг/, Ой, хээрийн түймэр тавих /Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх /Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйл/ гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино…” гэж заажээ. 

Шүүгдэгч Ж.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байх бөгөөд цаг хугацааны хувьд болоод гэмт хэргийн төрлөөрөө Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байх хэдий ч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан заалт нь зөвхөн хуульд заасан дээрх гэмт хэргүүдийг үйлдэж, шүүхээр хорих ял шийтгүүлсэн хоригдолд хамаарах зохицуулалттай заалт юм.

Нөгөөтээгүүр шүүгдэгч Ж.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Иймд, шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Ж.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирол нөхөн төлөгдөөгүй байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэлээ.

Мөн шүүгдэгч Ж.Б нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 381 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 212 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өнөөдрийн байдлаар биелүүлээгүй болох нь Сүхбаатар дүүрэг дэх  Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасагт хандаж хүргүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 10-1/1619 дугаартай албан бичгээр болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан шүүгдэгч Ж.Бы мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. 

Иймд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр өмнөх буюу Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 381 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 212 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 612 цагийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бы урьдчилан цагдан хоригдсон 37 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, шүүхээс оногдуулсан 612 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 296 цагийн ажлыг хасаж, нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 316 цагийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

Гурав. Бусад

Шүүгдэгч Ж.Б нь энэ хэргийн учир нийт 37 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ж-ийн Б-ныг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд 400 /Дөрвөн зуу/-н цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан буюу Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 381 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 212 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 612 /Зургаан зуун арван хоёр/ цагийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бы урьдчилан цагдан хоригдсон 37 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, шүүхээс оногдуулсан 612 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 296 цагийн ажлыг хасаж, нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 316 /гурван зуун арван зургаа/-н цагийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 08 цагийн ажлыг 01 хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Б-аас 410.000 /Дөрвөн зуун арван мянга/-н төгрөгийг гаргуулж, хохирогч Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо, Дамбадаржаагийн 0000-0000 тоотод оршин суух хаягтай, М овогт М-ийн С /РД:00000000/-т олгосугай.

7. Шүүгдэгч Ж.Б нь энэ хэргийн учир 37 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Х.ИДЭР