Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 11

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор В.Төгсбаяр

          Шүүгдэгч Т.Ц гийн өмгөөлөгч Б.Энхбат

          Нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбатын давж заалдах гомдлоор Т.Ц , Ц.Т  нарт холбогдох 1729000180031 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Монгол Улсын иргэн, Өмнөговь аймаг, Баян-Овоо суманд 1961 онд төрсөн, 57 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, лаборант мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 1, Өмнөговь аймаг, ............................. оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх, Боржигон овгийн Т.Ц , регистрийн дугаар ........................,

          Монгол Улсын иргэн, Өмнөговь аймаг, Баян-Овоо суманд 1984 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “ГЭ ” ХХК-д механик ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, Өмнөговь аймаг, ........................багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх, Галт мэргэн овгийн Ц.Т , регистрийн дугаар........................,

         Т.Ц  нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт 2017 оны 06 дугаар сар, 2017 оны 07 дугаар сарын 23, 27-ны өдрүүдэд каффейн буюу эмийн түүхий эдийг хууль бусаар худалдан борлуулсан,

          Ц.Т  нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан Овоо баг, Таван толгой ХК-ийн 4 дүгээр амны орчимд 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр  каффейн буюу эмийн түүхий эдийг хууль бусаар худалдан борлуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

           Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх: Т.Ц , Ц.Т  нарыг эмийн түүхий эдийг хууль бусаар худалдан борлуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Т.Ц , Ц.Т  нарт хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар Т.Ц , Ц.Т  нар нь тэнсэгдсэн 2 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ялаар солихыг мэдэгдэж, Т.Ц , Ц.Т  нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй Т.Ц , Ц.Т  нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн МиМи гэх 14.4 грамм жинтэй улаан алаг ууттай, мөнгөлөг цаасанд боосон нунтаг цагаан өнгөтэй каффейн буюу эмийн түүхий эдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэжээ.

             Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбат давж заалдах гомдолдоо: Гэрч Р.Ж  /хх-19/, Ц.Б  /хх-21-25/ нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 7769 дугаартай дүгнэлт /хх-28-29/, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 1088, 1261 дугаартай албан бичгүүд /хх-33, 34, 36-49/, шүүгдэгч нарын мэдүүлэг гэх нотлох баримтад үндэслэн Т.Ц , Ц.Т  нарыг гэм буруутайд тооцсон.

            Гэрч Р.Ж ын өгсөн мэдүүлэг бол агуулгын хувьд зөвхөн Ц.Т өөс ми ми гэх зүйлийг худалдан авсан үйл явдлын талаарх агуулгатай. Энд Т.Ц гийн тухай, түүнийг гэм буруутай байж болох талаар ямар нэгэн үйл явдлын талаар гэрчлээгүй.

             Гэрч Ц.Б гийн мэдүүлгээс үзэхэд тэрээр кофейн гэх бодис нь бол эмийн түүхий эд гэх бөгөөд кофейн гэх бодисыг каффейн гэж өөрөөр нэрлэж хэрэглэдэг тухай дурдсан байна. Үүнийг шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 7769 дугаартай дүгнэлтэд шинжилгээнд хүргүүлсэн ми ми гэх зүйлээс "кофейн" гэх бодис илэрсэн гэх ба Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс ирүүлсэн баримтад “каффейн” гэх бодис нь эмийн түүхий эд мөн гэж бичсэн баримтын зөрүүтэй агуулгыг залруулах, кофейн болон каффейн гэх нь нэг бодисын нэр гэдгийг нотлох нотолгооны хэрэгсэл болгож ашигласан.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ.

Гэтэл гэрчээр нөхцөл байдал бус харин мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан нэр томъёо, химийн бодисын агууламж, хууль тогтоомжийн хэрэглээний талаар тайлбарлуулж үүндээ үндэслэн шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй.

           Гэрчийн мэдүүлэг нь эх сурвалжаа заасан, хэрэгт авагдсан бусад эд мөрийн болон бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байж үйл баримтыг нотлох чадвартай байдгийг анхаарч үзэх хэрэгтэй.

          Шүүгдэгч нарын шүүх хуралдаан болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд нь гэм буруугаа хүлээсэн агуулгатай боловч энэ төрлийн гэмт хэргийн онцлогоос шалтгаалан тэдний мэдүүлгээр гэм буруутайд тооцох нь үндэслэлгүй.

          Учир нь эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ми ми гэх нэртэй нунтагт чухам ямар бодис агуулагдаж байгаа, энэ нь хүний эрүүл мэндэд ямар нөлөөтэй болохыг хүн өөрийн мэдрэхгүйгээр мэдэж тодорхойлох боломжгүй.

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 103 дугаартай шийтгэх тогтоол үндэслэлгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа учир шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Т.Ц д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

           Прокуророос шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Шинжээчийн дүгнэлтээр энэ бодис эмийн түүхий эд мөн биш гэдэг нь тогтоогддоггүй учраас зохих журмын дагуу мэргэжлийн эмийн байгууллагад хандаж эмийн түүхий эд мөн гэдгийг тогтоолгож, хэргийг шүүхэд шилжүүлээд шийдвэрлүүлсэн. Гэрчийн мэдүүлэг дээр олон өөр нэртэй боловч нэг төрлийн эмийн түүхийн эдийн бодис гэдгийг тодорхойлж дүгнэж өгсөн. Энэ гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бол байхгүй. Хуулийн дагуу бүх ажиллагаа явагдаж шүүх шийдвэрээ гаргасан. Өмнө нь гарч байсан ийм төрлийн гэмт хэргүүд мөн адил ийм журмын дагуу шийдвэрлэгдэж байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байхгүй гэв.

           Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Прокурор тайлбарлахдаа өмнө нь гарсан  ийм төрлийн гэмт хэрэг ингэж шийдвэрлэгдэж байсан учраас энэ гэмт хэрэг бол ялгаагүй гэсэн байдлаар хандаж байна. Бусад хэргийг ингэж шийдсэн учраас энэ хэргийг адилхан шийднэ гэсэн байдлаар туйлширч хандаж болохгүй. Гэрч Б-гийн биеийн байцаалттай хэсэг дээр энэ хүн ямар мэргэжил эзэмшсэн бэ гэдэг нь тодорхой гарсан. Энэ хүнийг эмийн түүхий эдийн чиглэлээр дүгнэлт гаргах эрхгүй гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтээс харахад энэ бодисноос мими гэх агууламж илэрсэн гэж байгаа. Энэ нь 100 хувь мими бодис биш гэдэг нь харагддаг.  Эргэлзээтэй нотлох баримтыг үндэслэн хүнд ял оногдуулна гэдэг нь алдаа гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбатын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

            Т.Ц , Ц.Т   нар нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт 2017 оны 06 дугаар сар, 2017 оны 07 дугаар сарын 23, 27-ны өдөр, 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрүүдэд кофейн /caffeine/ буюу эмийн түүхий эдийг хууль бусаар худалдан борлуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч Р.Ж , Ц.Б  нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 7769 дугаартай шинжээчийн дүгнэлт, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2017 оны 1088, 1261 дугаартай албан бичгүүд, яллагдагч, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна гэж анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

           Хавтас хэрэгт мөрдөгч нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Р.Ж аас эд мөрийн баримтаар улаан алаг ууттай, цагаан өнгийн мөнгөлөг цаасанд боосон 14,4 гр жинтэй нунтаг цагаан өнгийн зүйлийг хураан авч /хх-14/, цагаан өнгийн нунтаг зүйлээс дээж авч шинжээчид хүргүүлсний дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 7769 дугаартай дүгнэлтээр нунтаг цагаан өнгөтэй зүйлд кофейн /caffeine/ илэрч байна гэж дүгнэжээ.

          Мөрдөгч нь эм зүйч мэргэжилтэй, Эрүүл мэнд хөгжлийн төвд эмийн бүртгэл хариуцсан мэргэжилтэн ажилтай Ц.Б гаас кофейн болон каффейн гэх нэршил болон эмийн түүхий эдэд хамааралтай эсэхийг тодруулан асууж тайлбарыг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна.

           Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эм” гэж хүний болон мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг оношлох, эмчлэх, дархлаажуулах зориулалттай, үйлчлэл нь эм судлал, эмнэлзүйн сорилт туршилтаар нотлогдсон, нийлэг буюу амьтан, ургамал, эрдсийн гаралтай бодисыг тодорхой хэлбэрт оруулсан, зохих тун хэмжээгээр хэрэглэдэг бэлдмэлийг гэж, 3.1.9-д “эмийн түүхий эд” гэж эмчилгээний идэвхт бодис агуулсан цэвэр язгуур махбодь, нийлэг болон ургамал, амьтан, эрдсийн гаралтай зүйлийг хэлнэ гэж зааснаас үзэхэд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “ми ми” гэх нунтаг цагаан өнгийн зүйл нь эмийн түүхий эд болох нь шинжээчийн дүгнэлт болон гэрч Ц.Б гийн мэдүүлгээр тогтоогдож байна.

          Монгол улсад эм, эмнэлгийн хэрэгслийг худалдахад Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар ...хүний эм, эмнэлгийн хэрэгсэл болон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, тэдгээрийн угтвар бодис, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрлийг эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно гэснээс дүгнэхэд шүүгдэгч нар нь эмийн түүхий эдийг худалдах тусгай зөвшөөрлийг авсан нь нотлогдоогүй байна.

          Т.Ц , Ц.Т   нарын Монгол улсын нутаг дэвсгэрт эмийн түүхий эдийг худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

          Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

           Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй гарчээ.

          Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбатын “Т.Ц д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг” хүссэн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл нь тогтоогдоогүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбатын “Т.Ц д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг” хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

                     3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                       

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                               ШҮҮГЧИД                                          Т.БЯМБАЖАВ

                                                                                                                Х.ГЭРЭЛМАА