Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
Хэргийн индекс | 185/2016/0046/Э |
Дугаар | 57 |
Огноо | 2016-08-08 |
Зүйл хэсэг | 096.1., |
Улсын яллагч | Ж.Отгонбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч Н.Ганцэцэг,
Нарийн бичгийн дарга О.Болормаа,
Улсын яллагч Ж.Отгонбаяр,
Шүүгдэгч Д.Зоригтбаатар, түүний өмгөөлөгч Д.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт Д.Зоригтбаатарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625020948 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1967 оны 2 дугаар сарын 25-нд Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүрэг 13 дугаар хороо, Рашааны 16-860а тоотод оршин суудаг,
1985 оны 9 дүгээр сарын 18-нд Эрүүгийн хуулийн 88 дугаар зүйлийн Б-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдлэж байгаад 1987 оны 7 дугаар сарын 30-нд эдлээгүй үлдсэн 11 сар 10 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
2005 оны 7 дугаар сарын 28-нд Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д заанаар 280 /хоёр зуун ная/ цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, Боржигон овогт Дагвадоржийн Зоригтбаатар /регистрийн дугаар ФЖ 67022519/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Д.Зоригтбаатар нь 2016 оны 4 дүгээр сарын 8-ны орой 22 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүүхдийн Урлан бүтээх төв”-ийн доод подвальд байх сантехникийн өрөөнд хамт архи ууж байсан иргэн С.Мөнхбаттай маргалдаж, улмаар түүнийг хутгалж цээжний хөндийд нэвтэрч баруун уушигны 4 дүгээр сегментийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний хөндийд 250 мл цус хуралдалт, учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Зоригтбаатар шүүх хуралдаанд “...2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр мужаан Бямбадоржийн өрөөнд орой ажил тарсны дараа Батчулуун, Батбаяр, Бямбадорж, Мөнхбат, Төмөр нар нийлээд архи ууж байсан. Би эд нартай нийлж архинаас нь уугаад, н.Бямбадорж 21 цагаас хүнтэй уулзах ёстой боллоо явъя гээд 20 цаг өнгөрөөгөөд тараад явсан. Би сангийн өрөөндөө орж ирээд байж байхад Мөнхбат, Төмөр хоёр араас орж ирээд “Зоригоо ахаа дахиад нэг юм ууя” гэж хэлэхээр нь “надад мөнгө байхгүй” гэж би хэлтэл “бид хоёрт мөнгө байгаа” гээд гарч яваад нэг шил архи авчирсан. Архи дөнгөж ууж эхлээд н.Төмөртэй нь танилцаад юм ярьж байтал н.Төмөр над руу агсам тавьж эхэлсэн. Би хамаатан санданг нь таньдаг юм. Тэгээд “чи юу юм, манайхныг мэддэг хэн юм, чи яасан сайн мэддэг юм” гээд агсамнаад эхэлсэн. Би “одоо больё, явцгаая” гэж хэлэхэд н.Төмөр босож ирээд намайг бариад авсан, бид хоёр барилцаад би үүд рүү хөөсөн. Тэгтэл Мөнхбат ирээд намайг бас зуураад авсан. Яагаад манай найзыг хөөж байгаа юм гээд, хоёулаа нийлээд намайг хоёр талаас цохисон, аминд аюултай байдал үүссэн, би давчдаад, бачимдаад яаж салах уу гэж бодож байсан, ноцолдсоор байгаад өрөөнөөсөө гаргасан, тэгээд ноцолдож байхдаа халаасанд байсан хутгаа гаргаж ирээд айлгаад явуулах санаатай байтал “хүүе” гэхийн завдалгүй хутга руу ороод ирсэн. Би хутга бие рүү нь орох дуу гарахаар нь мэдсэн. Түүнээс би хутга гаргаж ирээд хөөж байгаад хутгалсан зүйл байхгүй. Цагдаад баригдаад би камер шүүгээд үзээрэй гэж 10-аад удаа хэлж байсан. би ганцхан хутга халаасандаа хийгээд явж байдаггүй, пронцосс, хутга, хайч байнга халаасандаа хийгээд явж байдаг. Би аргагүйдээ ийм үйлдэл хийсэн нь миний буруу, маш их гэмшиж байна...” гэв,
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…2016 оны 4 дүгээр сарын 08-нд “Хүүхдийн урлан бүтээх төв”-ийн сантехникчээр ажиллаж байсан. Тэгээд ажил тарсны дараа 20 цагийн орчимд урлан бүтээх төвийн мужааны өрөөнд хуучин ажиллаж байсан хүмүүс цуглаад архи ууцгаасан. Тэгээд би тэд нар дээр очоод хамт архи уусан. Тэгээд 21 цаг өнгөрөөд тараад мужааны өрөөнөөс гараад өөрийн сантекникийн өрөөнд ороод байж байтал Мөнхбат түүний найз гэх нэг танихгүй залуутай орж ирсэн. Тэгээд Мөнхбат “Зоригоо ахаа нэг шил архи хуваагаад ууя” гээд би “тэгье” гэж хэлтэл Мөнхбатын найз залуу архинд явсан. Тэгээд 0.5 граммын “Хараа” нэртэй архи 1 шилийг авчирсан. Тэгээд нөгөө архийг ууж байгаад Мөнхбатын найз гэх залуутай танилцсан ба өөрийгөө Төмөр гэж танилцуулсан. Төмөр сүүлдээ надад агсам тавьж эхэлсэн. Уг нь бид ямар ч асуудал үүсгээгүй байж байтал Төмөр намайг “пизда, новш минь” гэх зэргээр доромжлоод байхаар нь би Мөнхбат, Төмөр хоёрыг “явцгаа” гэж хэлтэл Төмөр босож ирээд би ч өөдөөс нь босоод бид 2 барьцалдаж авсан. Төмөрийг чирээд түлхээд хаалга руу явах гэтэл Мөнхбат хажуугаас найзыгаа өмөөрөөд “чи биднийг хөөдөг хэн бэ” гэж над руу дайрсан. ...Мөнхбат, Төмөр хоёр намайг “ална, зодно” гээд над руу хоёулаа дайраад цохиод байхаар нь би халааснаасаа хутга,пронцосс хоёр гаргаж ирээд “та намайг зодохгүй шүү, би та нарт зодуулахгүй шүү” гээд “яв, зайл” гэж хэлээд зогстол Мөнхбат ухасхийгээд хоёр гар нь урагшаа болоод над руу миний цээж рүү налаад ирсэн. Тэгээд Мөнхбат “намайг хутгалчихлаа шдээ” гэсэн тэгээд би барьж байсан хутгаа хартал хутга цус болсон байсан…” гэсэн мэдүүлэг /хх-69, 70/,
хохирогч Н.Мөнхбатын “…2016 оны 4 дүгээр сарын 08-ны орой 20 цагийн орчимд Төмөр гэх найзтайгаа утсаар яриад уулзахаар болсон. Тэгээд урлан бүтээх төвийн хажууд уулзаад байж байтал Урлан бүтээх төвийн мужааны өрөө онгорхой байсан ба Төмөр бид 2 яваад ортол урьд хамт ажиллаж байсан мужаан Бямбадорж, Батбаяр, Батчулуун нар байсан. Тэгээд бид 4 нэг шил архи хувааж уусан. Тэгээд бид нар уугаад сууж байтал гаднаас Зоригтбаатар нэг найзыгаа дагуулаад нэг шил архи барьчихсан ороод ирсэн. Тэгээд бүгд авчирсан архинуудаа хувааж ууцгаасан ба Зоригтбаатарын дагуулж ирсэн найз нь түрүүлээд гараад явсан. Тэгээд Бямбадорж, Батчулуун, Батбаяр 3 явахаар болоод гараад мужааны өрөөг цоожлоод гарсан. Тэгээд Зоригтбаатар Төмөр бид 3 бас нэг шил архи уухаар болж Зоригтбаатарын сангийн өрөөнд орсон. Тэгээд сангийн өрөөнд ороод нэг шил архиа уугаад байж байтал Зоригтбаатар миний үгийг сөрөөд надад онгироод байсан. Урьд нь манай найз Зоригтбаатартай нэг удаа архи уусан байсан. Тэгтэл Зоригтбаатар согтчихоод манай найзын хоолой руу хутга тулгасан асуудал болсон юм байна лээ. …Би архиа ууж байхдаа энэ асуудлыг нь Зоригтбаатарт хэлтэл өөдөөс үг сөрөөд “хутгалчихгүйгээ мэднэ шүү дээ, чи муу гөлөг юу гээд байгаа юм” гэх зэргээр Зоригтбаатар надтай маргалдсан. Тэгээд би ширээний ард зогсож байтал Зоригтбаатар гараараа түлхэх шиг болтол миний цээжээр халуу дүүгээд юм урсах шиг болохоор нь цамцаа сөхөөд хартал цус гоожиж байсан. Тэгээд би “та дүүгээ хутгалчихлаа” гэж хэлтэл манай найз Төмөр уурлаад Зоригтбаатарыг барьж аваад заамдаад өшиглөсөн. Тэгээд эмнэлэг цагдаа дуудсан. …Бидний дунд урьдын таарамжгүй харьцаа байдаггүй. …Манай найзыг хутгаар сүрдүүлсэн гэсэн ярианаас болоод энэ асуудал үүссэн. Тэгээд намайг хутгалчихаад хутгаа газар луу шидчихсэн. ...Одоо надад гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-16-18/,
гэрч С.Төмөрийн “…2016 оны 4 дүгээр сарын 08-ны орой 21-22 цагийн хооронд манай найз Мөнхбат “гэртээ байна гарах уу хоёулаа” гээд намайг “Хүүхдийн урлан бүтээх төв”-ийн ард байх ажлын байрандаа дуудсан. Мөнхбат надтай “Урлан бүтээх төв”-ийн урд надтай уулзаад уг төвийн доор байх механикийн өрөө гэх өрөөнд намайг дагуулж орсон. Тэр өрөөнд Бямбаа ганцаараа байсан ба Мөнхбат бид 2 ороод сууж байтал удалгүй гаднаас Зоригтбаатар, зүс таних /нэрийг нь мэдэхгүй/ 4 хүн орж ирсэн. …Тэгээд тэндээ бид нар архиа уусан. Тэгтэл бид нар нөгөө архиа хувааж ууж дуусгаад гадагш нэг нь гарч бас нэг шил “Хараа“ архи авчраад бас хувааж уусан. …Тэгээд бид нар тарахаар болоод Мөнхбат Зоригтбаатар бид 3 сангийн өрөөнд орцгоосон. Тэгээд тэндээ бид гурав 1 шил архи уусан. …Би бас сайн санахгүй байна. Өнөө өглөө Зоригтбаатар надад хэлэхдээ “манай хамаатнуудыг ярьж байснаа жоохон маргалдсан” гэж л хэлсэн. …Юу болсон асуудлын талаар үнэхээр сайн санахгүй байна. Нэг мэдэхэд гадна эмнэлгийн машин ирчихсэн байсныг л санаж байна. …Бие биенийгээ бага багаар элдвээр хэлээд шоглоод л тоглоод л байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-21/,
гэрч Б.Адъяасүрэнгийн “…Би тэр өдөр “Хүүхдийн Урлан бүтээх төв”-ийн урд хаалган дээр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгэхэд ямар ч байсан цагдаагийн, эмнэлгийн машин ирээд хүн аваад гарч байсан. Хүмүүс зодолдож маргалдсаныг хараагүй…” гэсэн мэдүүлэг /хх-25/
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн №4944 тоот актын “...Н.Мөнхбатын биед цээжний хөндийд нэвтэрч баруун уушигны 4 дүгээр сегментийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний хөндийд 250 мл цус хуралдалт, учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл тогтоогдлоо. …Дээрх гэмтэл ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-29/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-4/, Илтгэх хуудас /хх-5/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-8/, Хутга болон архины шилэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12/, Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-14/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2558, 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 3215, 2667, 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 3358 дугаартай дүгнэлтүүд /хх-32, 37, 38/, хохирогч Н.Мөнхбатын эмчлүүлсэн талаарх өвчний түүх /хх-48-58/, Шүүгдэгч Д.Зоригтбаатарын оршин суугаа газрын тодорхойлолт /хх-71/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-72/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-73/, 1985 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 28 дугаар Таслан шийдвэрлэх тогтоол, тэнсэн сулласан тухай магадлал /хх-74-77/, 2005 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоол /хх-96-98/, Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн тодорхойлолт /хх-80/, хохирогч Н.Мөнхбатаас прокурорын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай бичгээр өгсөн баримт /хх-88/, Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай хэлцэл /хх-89/ зэргийг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Шүүгдэгч Д.Зоригтбаатар нь 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн шөнө 02 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн Урлан бүтээх төвийн доод подвальд байх сантехникийн өрөөнд хамт архи ууж байсан иргэн Н.Мөнхбаттай маргалдаж улмаар түүнийг хутгалж, бие махбодид нь “цээжний хөндийд нэвтэрч баруун уушигны 4 дүгээр сегментийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний хөндийд 250 мл цус хуралдалт…” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч Н.Мөнхбатын“…би ширээний ард зогсож байтал Зоригтбаатар гараараа түлхэх шиг болтол миний цээжээр халуу дүүгээд урсах шиг болохоор нь цамцаа сөхөөд хартал цус гоожиж байсан…яах ийхийн зуургүй намайг хутгалчихсан…намайг хутгалчихаад хутгаа газар руу шидсэн…”,
гэрч С.Төмөрийн “…гаднаас Зоригтбаатар зүс таних 4 залуу орж ирсэн…бид архи ууж эхэлсэн…бид тарахаар болоод Мөнхбат, Зоригтбаатар бид 3 сангийн өрөөнд орцгоосон….тэр 2 бие биенийгээ бага багаар элдвээр хэлээд шоглоод тоглоод байх шиг байсан. Мөнхбат надад даараад байна гэснийг санаж байна. Мөн Мөнхбатын толгойг өвдөг дээрээ тавиад түргэн иртэл ухаан алдаж болохгүй шүү гэж хэлж байснаа санаж байна…” гэсэн мэдүүлгүүд,
шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №4944 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Д.Зоригтбаатарын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон.
Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт шалгавал зохих байдлыг бүгдийг шалгасан байна.
Прокуророос Д.Зоригтбаатарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хохирогч Н.Мөнхбат нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.Зоригтбаатарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тооцлоо.
Шүүгдэгч Д.Зоригтбаатар нь өмнө 2 удаа ял шийтгэл эдэлж байсан хэдий боловч
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан хугацаа дууссан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэгт үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн уг гэмт хэргийн хохирогч Н.Мөнхбат нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Зоригтбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Зоригтбаатар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “19.3 см хэмжээтэй, ажлын хэсгийн урт 9.5 см, ажлын хэсгийн зүүн талд “NONG LI” гэсэн бичиглэлтэй шар өнгийн иштэй ишиндээ хөндлөн хар судал болон 2 ширхэг хадаастай 1 ширхэг хутга, “Хараа” нэртэй 0.5 граммын архи 1 ширхэг”-ийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Дагвадоржийн Зоригтбаатарыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Зоригтбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан Д.Зоригтбаатарын хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж, мөн зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн 201625020948 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Зоригтбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 19.3 см хэмжээтэй, ажлын хэсгийн урт 9.5 см, ажлын хэсгийн зүүн талд “NONG LI” гэсэн бичиглэлтэй шар өнгийн иштэй ишиндээ хөндлөн хар судал болон 2 ширхэг хадаастай 1 ширхэг хутга, “Хараа” нэртэй 0.5 граммын архи 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Д.Зоригтбаатарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолын хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Зоригтбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР
ШҮҮГЧИД Б.ДУЛАМСҮРЭН
Б.МӨНХ-ЭРДЭНЭ