Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2014/0123

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Р.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Боловсрол, шинжлэх ухааны яам болон тус яамны “Нийслэл болон аймгийн төвийн ерөнхий боловсролын 1-5 дугаар ангийн номын сан болон сургуулийн номын санд ном худалдан авах тухай” Эй Ди Би-Эн Си Би-Эл Би-... /01/2013 дугаар тендерийн үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Боловсрол, шинжлэх ухааны яам болон тус яамны Эй Ди Би-Эн Си Би-Эл Би-.../01/2013 дугаар тендерийн үнэлгээний хорооны шийдвэр болон Боловсрол, шинжлэх ухааны яамны гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрүүдийг хүчингүйд тооцож өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Үнэлгээний хороо нь хууль тогтоомж, захиалагчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Азийн хөгжийн банкны худалдан авах ажиллагааны журмыг баримтлан нээлттэй тендер шалгаруулалтын журмаар худалдан авах ажиллагааны журмын дагуу явагдсан бөгөөд Үнэлгээний хороо аливаа шийдвэр гаргах бүртээ Азийн хөгжлийн банкнаас зөвшөөрлүүдийг авч байсан.

Иймд Үнэлгээний хороо ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй бөгөөд тендер шалгаруулалтын үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж байна. Дээрх тендер шалгаруулалтын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.

Гуравдагч этгээдүүд шүүхэд гаргасан тайлбартаа: “...Тендерт хуулийн дагуу оролцож, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тендерт оролцогчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй. ...Уг тендерийг зарлах, шалгаруулах явцад ямарваа нэгэн ашиг сонирхлын зөрчилтэй, хууль журмыг зөрчсөн гэж үзэхгүй байгаа бөгөөд бүх процесс тендерийн гэрээ болон холбогдох хууль журмын дагуу шударгаар явагдсан гэж үзэж байна. ... Мөн уг тендерт 1000 гаруй номоос 200 хүрэхгүй ном шалгаруулж авсан нь шүүлтийг сайн хийсэн бөгөөд бага ангийн хүүхдийн сурлага, хүмүүжилд ихээхэн нөлөөтэй сайн номууд орсон байсан. Иймд тендер хууль зүйн дагуу зөв болсон гэж үзэж байна

... Тендерийг анхнаасаа зориуд танил тал харсан хэдэн зохиолч, орчуулагчдын номын нэр бичиж, бусад зохиолчдоос илт давуу эрх олгосон гэж байгаа нь худал бөгөөд бид ном шалгарсан гэдгийг ч мэдээгүй. Хэвлэлийн компаниас олж мэдсэн. Харин ч зохиогчид энэ тендерт орсноор агуулга сайтай, чанартай номыг хэрэгцээтэй газар нь хямд үнээр хүргэсэн явдалд сэтгэл ханамжтай байна. Иймд “И" ХХК- ийн нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, Г.М нар давж заалдах гомдолдоо: “Уг тендерт оролцох аж ахуйн нэгж байгууллага тухайн номын зохиогчийн эрхийн бичигтэй оролцох шаардлага тавьсан нь улсаас зарласан нээлттэй тендерт “И” ХХК-ийг оролцох боломжгүй болгосон. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах тухай хуульд “Зохиогч” гэж өөрийн оюуны бүтээлч үйл ажиллагаагаар бүтээл туурвисан хувь хүнийг хэлнэ гэж заасан. Гэтэл манай компани бол худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг бизнесийн аж ахуйн нэгж юм. Өөрөөр хэлбэл, тендер зохион байгуулсан комисс бидэнд байх боломжгүй шаардлага тавьж, бидний эрх болон өрсөлдөөнийг хязгаарлаж, улмаар зохиолч, орчуулагч болон аж ахуйн нэгж хооронд зөрчил үүсгэсэн билээ.

Бид удаа дараа явагдаж буй ийм үйл ажиллагааг эсэргүүцэх үүднээс “Монсудар” ХХК-аас гуйж, тэдний гаргасан номоор тендерт оролцох эрхтэй болсон.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зарласан шударга бус үйл ажиллагааны хохирогч болж, эрхээ хязгаарлуулсан байхад анхан шатны шүүх “шийдвэр” танилцуулахдаа уг тендерийг шударга бус, хуулийг зөрчсөн гэж хэлж, хүлээн зөвшөөрсөн боловч илтэд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг хууль бус шийдвэрлэж, тендерийг хамгаалж, өөгшүүлсэн гэж үзэж байна.

Уг тендерийн комисс нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн тул уг тендерийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Нэг. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

“И” ХХК нь Боловсрол, шинжлэх ухааны яамны Үнэлгээний хороонд холбогдуулан Нийслэл болон аймгийн төвийн Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн номын сан болон сургуулийн номын санд ном худалдан авах тендерийн шийдвэр болон гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Энэхүү тендерийг Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар боловсролын үйлчилгээ хүргэх төслийн хүрээнд хэрэгжүүлсэн байх ба Боловсрол, шинжлэх ухааны яамнаас худалдан авах номын жагсаалт гаргах ажлын хэсэг байгуулж, удирдамж баталж, жагсаалтад багтах номонд тавигдах шалгуур үзүүлэлтийг боловсруулж баталсан байна.

Улмаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн А/66 дугаар тушаалаар худалдан авах номын жагсаалт гаргасан байх ба энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5-д заасныг зөрчсөн, худалдан авах номын нэрийг шууд зааж өрсөлдөөнийг хязгаарлажээ.

Гэвч нэхэмжлэгч хуулийн этгээдээс энэхүү тушаалтай холбогдуулан маргаагүй, хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаагүй, харин 172 номын нэрсийг жагсаасан хүрээнд хүлээн зөвшөөрч, тендерт оролцож, 21 төрлийн ном нийлүүлэхээр санал болгож, гэрээ байгуулсан байх тул нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.

Хоёр. Тендерийн үйл ажиллагааны тухайд:

Нэхэмжлэгчээс “Үнэлгээний хороо нь номын дэлгүүрт худалддаг үнээс өндөр үнээр номыг худалдан авсан нь хууль бус" хэмээн маргажээ.

Тендерт оролцогчид өгөх зааварчилгааны 35.3 дахь хэсэгт зааснаар хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж шалгаруулахаар зохицуулжээ.

Хариуцагчаас худалдан авах номын үнийг үнэлэхдээ ямар судалгаа хийж, үнийг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй, нотлох баримтгүй, үндэслэл бүхий тайлбар хэлж чадахгүй байгаагаас үзэхэд худалдан авахыг хүссэн номын зах зээлийн үнийг судалж, харьцуулаагүй буруутай байна.

Гэвч нэхэмжлэгчээс энэхүү үндэслэлээ нотлохоор “Ш.Чоймаа гэсэн зохиогчтой номыг нэрлэн зааж, 1500 төгрөгөөр номын санд худалдаалагддаг байхад Үнэлгээний хороо 2600 төгрөгөөр худалдан авсан” гэж маргаж байгаа боловч хариуцагчаас “номын зохиогч энэхүү номоо шинэчлэн хэвлэснээр номын агуулгад өөрчлөлт орж, үнэ өөрчлөгдсөн” хэмээн тайлбарлаж байх тул хариуцагчийг “өндөр үнэтэй ном худалдан авсан” гэж дүгнэх, улмаар тендерийг бүхэлд нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгчийн тайлбар хангалттай нотлогдохгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн “агуулга тааруу номыг сонгож, уншигчдыг хохироосон” гэх гомдлын тухайд худалдан авах номын жагсаалтад багтсан номуудыг агуулгын хувьд шаардлагад нийцэхгүй, чанаргүй гэх дүгнэлтийг нэхэмжлэгч болон хариуцагчийн аль нэгний тайлбар, үзэл бодлоор тогтоохгүй ба харин Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоох ёстой. Нэхэмжлэгчээс энэхүү худалдан авах номыг сонгож, жагсаалт гаргасан хариуцагчийн шийдвэртэй маргаагүй тул шүүхээс номын жагсаалт хэрхэн гаргасан болохыг шалгах ажиллагааг явуулах боломжгүй.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь тендерт оролцогчдыг өрсөлдөх тэгш боломжийг хангах үүрэгтэй ба номын зохиогчийн зөвшөөрлийг авсан тохиолдолд ном худалдаалах үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд энэхүү тендерт оролцох эрхтэй болж байгаа нь тендерт оролцогчийг нөгөө оролцогчоос хараат болгож, өрсөлдөөнийг хязгаарлажээ.

Иймд, дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар



гомдол гаргах эрхтэй.