Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/142

 

 

 

 

 

 

 

   2022        02         15                                  2022/ШЦТ/142

                                                                                                              

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Галхүү,

Улсын яллагч Г.Баярмаа,

Шүүгдэгч В.Т түүний өмгөөлөгч Н.Баатардорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт В-н Т-т холбогдох эрүүгийн 1909023781164 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Монгол улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа автомашин засдаг, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт ............ дүүргийн 00 дугаар хороо, Хангайн 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух хаягтай, Урьд

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 688 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн Ч овогт В-н Т /РД:00000000/,

Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч В.Т нь 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Бүрд худалдааны төвийн урд замын урд талд байрлах Вьетнам засварын газарт хохирогч Т.Мн эзэмшлийн 23-92 ОРА улсын дугаартай Приус-20 маркийн автомашины гадна талыг сэвгүй болгож өгнө гэж хуурч 350.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан,

2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, “Бүрд” худалдааны төвийн замын эсрэг талд байрлах Вьетнам засварын газарт ажиллаж байхдаа хохирогч М.Б эзэмшлийн 48-80 УВА улсын дугаартай Приус-11 маркийн автомашиныг нь янзалж өгнө хэмээн итгэл үнэмшил төрүүлэн хуурч, хохирогчийг төөрөгдөлд оруулж, 5032727680 дугаартай Хаан банкны данс ашиглан 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Бүрд” худалдааны төвийн замын урд талд байрлах Вьетнам засварын газарт хохирогч Б.Л-ын эзэмшлийн 31-90 УБХ улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн автомашины урд гупер лонжром, урд салхины шилийг 600.000 төгрөгөөр засуулахаар тохироод хуурч 500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч тухайн автомашин хойд гупер, урд их гэрэл зэргийг алдаж бусдад нийт 1.310.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан, 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Бүрд” худалдааны төвийн замын урд талд байрлах Вьетнам засварын газарт хохирогч Л.М-ийн эзэмшлийн 74-58 УБҮ улсын дугаартай Тоёота витз маркийн автомашины баруун талын 2 хаалга, урд карлон, хойд карлон, урд гуперыг 550.000 төгрөгөөр засварлаж өгнө хэмээн хуурч 400.000 төгрөгийг бэлнээр шилжүүлэн авч бусдад баг хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Бүрд” худалдааны төвийн замын урд талд байрлах Вьетнам засварын газарт хохирогч Ж.У-ын эзэмшлийн 50-83 УНП улсын дугаартай “Тоёота Клүгер” маркийн автомашиныг засварлаж өгнө гэж хуурч 500.000 төгрөгийг шилжүүлэн авч бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан,

2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Бүрд” худалдааны төвийн замын урд талд байрлах Вьетнам засварын газарт маркийн автомашиныг янзална гэж хуурч 250.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 17-658 тоотын гадна хохирогч Н.С-ын Приус-30 маркийн автомашиныг засаж өгнө хэмээн хуурч 2.600.000 төгрөгийг Хаан банкны 5032727680 дугаартай дансаар шилжүүлэн авч бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан,

2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 756-706 тоотод байрлах хашаанд хохирогч Б.С-ийн эзэмшлийн 98-78 УБЭ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашины урд гуперийг засварлаж өгнө гэж хуурч 150.000 төгрөгийг Хаан банкны 5032727680 дугаартай дансаар шилжүүлэн авч нийт 8 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын автомашиныг завсарлаж өгнө гэж хуурч, өөрийгөө гадаад хүн, засварын газар ажилладаг гэж итгэл төрүүлэн хуурах аргаар, бодит байдлыг нуух замаар бусдад нийт 6.560.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/,

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч В.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баатардорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугийн асуудал дээр маргахгүй байгаа...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч В.Т нь 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Бүрд худалдааны төвийн урд замын урд талд байрлах Вьетнам засварын газарт хохирогч Т.Мн эзэмшлийн 23-92 ОРА улсын дугаартай Приус-20 маркийн автомашины гадна талыг сэвгүй болгож өгнө гэж хуурч 350.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан,

2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, “Бүрд” худалдааны төвийн замын эсрэг талд байрлах Вьетнам засварын газарт ажиллаж байхдаа хохирогч М.Б эзэмшлийн 48-80 УВА улсын дугаартай Приус-11 маркийн автомашиныг нь янзалж өгнө хэмээн итгэл үнэмшил төрүүлэн хуурч, хохирогчийг төөрөгдөлд оруулж, 5032727680 дугаартай Хаан банкны данс ашиглан 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Бүрд” худалдааны төвийн замын урд талд байрлах Вьетнам засварын газарт хохирогч Б.Л-ын эзэмшлийн 31-90 УБХ улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн автомашины урд гупер лонжром, урд салхины шилийг 600.000 төгрөгөөр засуулахаар тохироод хуурч 500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч тухайн автомашин хойд гупер, урд их гэрэл зэргийг алдаж бусдад нийт 1.310.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан, 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Бүрд” худалдааны төвийн замын урд талд байрлах Вьетнам засварын газарт хохирогч Л.М-ийн эзэмшлийн 74-58 УБҮ улсын дугаартай Тоёота витз маркийн автомашины баруун талын 2 хаалга, урд карлон, хойд карлон, урд гуперыг 550.000 төгрөгөөр засварлаж өгнө хэмээн хуурч 400.000 төгрөгийг бэлнээр шилжүүлэн авч бусдад баг хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Бүрд” худалдааны төвийн замын урд талд байрлах Вьетнам засварын газарт хохирогч Ж.У-ын эзэмшлийн 50-83 УНП улсын дугаартай “Тоёота Клүгер” маркийн автомашиныг засварлаж өгнө гэж хуурч 500.000 төгрөгийг шилжүүлэн авч бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан,

2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Бүрд” худалдааны төвийн замын урд талд байрлах Вьетнам засварын газарт маркийн автомашиныг янзална гэж хуурч 250.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 17-658 тоотын гадна хохирогч Н.С-ын Приус-30 маркийн автомашиныг засаж өгнө хэмээн хуурч 2.600.000 төгрөгийг Хаан банкны 5032727680 дугаартай дансаар шилжүүлэн авч бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан,

2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 756-706 тоотод байрлах хашаанд хохирогч Б.С-н эзэмшлийн 98-78 УБЭ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашины урд гуперийг засварлаж өгнө гэж хуурч 150.000 төгрөгийг Хаан банкны 5032727680 дугаартай дансаар шилжүүлэн авч нийт 8 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын автомашиныг завсарлаж өгнө гэж хуурч, өөрийгөө гадаад хүн, засварын газар ажилладаг гэж итгэл төрүүлэн хуурах аргаар, бодит байдлыг нуух замаар бусдад нийт 6.560.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Мн өгсөн “...2019 02 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Бүрд төвийн замын эсрэг талд байрлах Вьетнам засварын газарт өөрийн эзэмшлийн 23-92ОРА улсын дугаартай Приус 20 маркийн машиныг Төгөлдөр гэгчид өгөөд хоёр хоногийн дараа ирээд үзтэл миний машиныг хашааны буланд оруулж тавиад явсан байсан тэгээд тэнд байсан хүмүүс бас Төгөлдөрийг хайгаад явж байсан... Машины гадна талыг сэвгүй болгож өгнө гэж тохиролцоод 350.000 төгрөг өгчих гэж хэлсэн... Бэлнээр мөнгөө өгсөн  ...” гэх мэдүүлэг \1-р хх-17\-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч В.Тийн өгсөн “...Бүрд худалдааны төвийн замын эсрэг талд байрлах засварын газарт байж байхад Тоёота Приус-20 маркийн саарал өнгийн авто машин урд талын гүпэр хагарсан байдалтай ирсэн. Надаас хэдэн төгрөг болох талаар асуутал 350.000 төгрөг гэж хэлсэн. Хоёр хоногийн дараа аваарай гэсэн. Тухайн үед өмнө авсан гүперээ хийж амжихгүй байсан болохоор хийж амжаагүй байсан... 250.000 төгрөг бэлнээр авсан. Машины түрхүүр алга болоод машины хаалга онгойлгох 100.000 төгрөг болсон...” гэх мэдүүлэг \1-р хх-н 19\-р тал,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 10/-р тал

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хх-ийн 12-15/-р тал

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Хохирогч М.Б-гийн “...Би 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр өөрийн эзэмшлийн 4880 УВА улсын дугаартай приус 11 маркийн авто машинаа гэрийнхээ ойролцоо байх вьетнам засварын газар засуулахаар өгсөн. Уг засварын газарт ажилдаг Төгөлдөр гэх залуу та мөнгөө эхлээд өгөх ёстой байдаг юм гээд надаас 1.000.000 төгрөгийг 5032727680 гэх хаан банкны данс руу шилжүүлж авсан. Тэрнээс хойш хэд хоног өдөр болгон очиход машинд мань ямар ч засвар хийгээгүй машиныг гражийнхаа урд байгаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Б-гийн дахин өгсөн “... Төгөлдөр мөнгөө аваад л 10 хоног орчим болоод миний машиныг ирж авсан. Би сүүлдээ утсаар ярихад гражийн үүдэнд тавьчих гэхээр нь яг хаана гэж асуухад Вьетнам засварын хашаанд оруулаад тавьчих гэхээр нь би хашаанаасаа чирч аваачаад тавьсан юм. 2, 3 хоноод машинаа очиж хартал зүүн талын толь нь хугараад унжчихсан, шалавч резин нь байхгүй байсан. Вьетнам засварт ажилладаг хүнд миний машин ийм болсон байна гэхэд тэр хүн тоогоогүй, тэгэхээр нь би цагдаа дуудаад машинаа аваад явсан.... Нийт 1.000.000 төгрөг дансаар явуулсан...” гэх мэдүүлэг  /1-р хх-ийн 54/-р тал,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 46/-р тал,

Хохирогч М.Б-н Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга / 1-р хх-ийн 56/-р тал,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 61-64/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч В.Тийн яллагдагчаар өгсөн “...Б гэх хүн манай гудманд байдаг юм байна лээ. 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Б гэх хүн ирээд манай хашаанд ийм машин байгаа гээд намайг дагуулж яваад үзсэн юм...ар талаасаа мөргүүлсэн приус-11 байсан....2019 оны 05 дугаар сарын 20 орчим авсан байх, дансаар авч байсан. Гараашийн дансанд орсон болохоор энэ талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-37/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Л-ын өгсөн “...Би 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 32 тойргийн замын урд байрлах Вьетнам засварын газарт өөрийн автомашиныхаа урд гупер лонжром, урд салхины шилийг 600.000 төгрөгөөр засуулахаар тохироод 500,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үлдсэн 100.000 төгрөгийг ажлаа дуусгасны дараа өгөхөөр болоод машинаа үлдээгээд явсан юм. Гэтэл тэр өдрөөс хойш миний машины урд салхины шилийг л сольсон боловч бусад хэсгийг нь янзлаагүй байсан. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 05-ны  өдөр очиж үзэхэд миний машины хойд гупер,урд талын их гэрэл алга болсон байхаар нь тэр грашинд машинаа хэд хоног хонуулаад машинаа авч явсан. Одоо Т гэх залуу миний утсыг авахгүй ажилдаа ирэхгүй байгаа .. ,Би хойд гуперээ 400,000 төгрөгөөр, урд хоёр их гэрлээ нийлүүлээд 900,000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 91-92/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч В.Тийн өгсөн “...Намайг ажил дээр байхад Тоёота Приус-30 маркийн автомашиныг чирж ирээд үнэлээд 700,000 төгрөгөөр ажлаа хийхээр болсон. Урьдчилгаа гээд 500,000 төгрөг ээжийн дансаар авсан. 5 хоногийн дотор хийнэ гэж авсан. Ажил нь амжихгүй гэж явсаар байгаад 06 дугаар сарын 01 болоод ажил амарчихсан. Амарчихсан байх хойгуур ажлын граш дээрээс тухайн машины урд талын гэрэл хойд талын гуперыг Хайлаастын Хосбаяр гэх хүнд дээрэмдүүлсэн. 06 дугаар сарын 03-нд ирэхэд би шилийг чинь наачихсан гэж хэлсэн. Би таны машины эд зүйлийг хулгайд алдсан гэж хэлсэн ... 500,000 төгрөг бэлнээр авсан. Хулгайд алдсан машиныхаа эд зүйлийг нэхэж байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95/-р тал,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 82/-р тал,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 84-87/-р тал,

Эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 99/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч В.Тийн яллагдагчаар өгсөн “...7 хоног болно гэж авсан, урд шилийг наагаад, гуперийг янзлаад, гажааг нь гараад машиныг нь асаадаг болгосон байсан. Хүүхдийн баярын өмнөх өдөр ирж уулзчихаад баярын дараа ирж авахаар болсон юм. Баярын дараа би ах нартайгаа муудалцаад явчихсан байсан юм...Машины эд ангийг алдсан болохоор өгөөгүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 72/-р тал,

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.М-ийн өгсөн “...Би 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Бүрд худалдааны төвийн замын урд талд байх Вьетнам засварын газарт өөрийн эзэмшлийн 74-58 УБҮ улсын дугаартай Тоёота витз маркийн машины баруун талын 2 хаалга, урд карлон, хойд карлон, урд гуперыг засуулахаар Төгөлдөр гэх залуутай ярилцаж 550,000 төгрөгөөр тохиролцоод урьдчилгаа болгож 400,000 төгрөг машинаа үлдээгээд 4 хоногийн дараа авахаар очиход миний машин гражийн хашааны гадаа ямар ч засвар хийгээгүй байсан. Төгөлдөр гэгчтэй утсаар холбогдоход маргааш маргааш гэж хойшлуулсаар байсан. 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Төгөлдөр гэгчтэй утсаар холбогдож “Хүүхдийн баяр болоод машин байхгүй ямар сонин юм бэ?” гэж хэлтэл тэр залуу эхэндээ та үлдэгдэл 150,000 төгрөгөөсөө 100,000 хасчих гэж байгаад сүүлдээ бүр үлдсэн мөнгийг авахгүй 400,000 төгрөгт засаад өгчихнө гэсээр 8 хоногийн дараа очиход миний машин засвар хийгдээгүй яг хэвээрээ байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 128/-р тал,

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч В.Тийн гэрчээр өгсөн “...Бүрд худалдааны төвийн замын эсрэг талд байрлах засварын газарт байж байхад Тоёота Витз маркийн саарал- өнгийн автомашин ирж хоёр хаалга дотогш чихэгдсэн, зүүн талын хаалга карло хоёр чихэгдсэн байсан. Надаас хэдэн төгрөг болох талаар асуухад 600,000 төгрөг гэж хэлсэн. Хаалга нь зах дээр 80,000 төгрөг гэдэг юм байна лээ жоохон доош нь буулгаад өгчих гээд байхаар нь 550,000 төгрөгөөр тохирсон юм Урьдчилгаа 400.000 төгрөг бэлнээр авсан. Би 30-нд ирэхэд машинд юу ч хийгээгүй байсан юм. Би уучлалт гуйгаад надад өгөх мөнгөнөөсөө 50,000 төгрөг хасчих гээд тохирсон юм. 06 дугаар сарын 04-нд манай ажил нээгдсэн юм. Би бас юу ч хийж амжаагүй юм...400,000 төгрөг бэлнээр авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 128/-р тал,

 Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 120/-р тал,

            Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 122-125/-р тал,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.У-ын өгсөн “...Би өөрийн эзэмшлийн 50-83 УНП улсын дугаартай Тоёота Клүгэр маркийн машинаа засуулахаар 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Бүрд төвийн замын урд талд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Вьетнам засварын газарт очиж үзүүлсэн 20 гаран насны эрэгтэй байсан. Үзээд 600,000 төгрөгөнд засаж өгнө гэхээр нь хямдруулаач гэтэл 500,000 төгрөгөөр засахаар болж тэр дор нь бэлэн мөнгөний машинаас 500.000 төгрөг гарган авч тэр этгээдэд бэлнээр 500,000 төгрөг, машинаа хүлээлгэж өгөөд 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээж авахаар тохиролцсон тэгтэл миний машиныг засна гэж хүлээж авсан тэгээд 4 хоногийн дараа засварын газарт иртэл машин янзлаагүй байсан 2 хоног тог тасраад юм хийж чадаагүй маргааш гаргаад өгье гэж хэлээд намайг явуулсан би нөгөө залуутай уулзахад 2 хоногийн дараа гаргаад өгье гэсэн боловч машиныг маань засаж өгөлгүй мөнгө авч алга болсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 153/-р тал,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч В.Тийн гэрчээр өгсөн “...Бүрд худалдааны төвийн замын эсрэг талд байрлах засварын газарт байж байхад Тоёота Кпугер маркийн хар өнгийн автомашин ирж урд гупер хагарсан, 2 талын карла чихэгдсэн байдалтай эрэгтэй хүн машин авч ирсэн. Надаас хэдэн төгрөг болох талаар асуухад 700000 төгрөг гэж хэлсэн. Өөрийгөө ченж хийдэг ах нь дараа дараагийн удаа машин авч ирж өгөөд байна гэхээр нь би за 500,000 төгрөг өгчих гэсэн. Би 05 дугаар сарын 30-нд бэлэн болно гэж хэлсэн. Би 30-нд ирэхэд юмыг нь угсраад тааруулаад тавьчихсан байхад ирж хараад болоогүй байхаар нь баярын дараа ирээд авъя гэж хэлсэн. 06 дугаар сарын 04-нд манай ажил нээгдсэн юм. Замаск хийгээгүй хэд хоног болсон юм. Би тэр үед ах Сэргэлэнтэй муудалцаад найзынхаа гэрээр явж байгаад ирэхэд тэр хүн машинаа аваад явсан байсан ... 500,000 төгрөг бэлнээр авсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 158/-р тал,

            Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1-р хх-ийн 159-162-р тал,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.М-ийн өгсөн “...Би Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Бүрд худалдааны төвийн урд байрлах Вьетнам засварын газрын засварчинд 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр BMGL ХХК-ний spinter /Спиринтер/ маркийн цагаан өнгөтэй, 4252 УНБ улсын дугаартай машины ард гупер болон багааж хаалга зэргийг янзлуулахаар тохиролцоод түүний Буянбат гэх данс руу 250.000 төгрөг хийсэн. Тэр залуу надад хэлэхдээ маргааш орой машинаа аваарай гэсэн. Тохирсон хугацаандаа ирэхэд машин засагдаагүй нөгөө вьетнам байгаагүй. Маргааш орой нь ирэхэд машин ч байхгүй. Нөгөө вьетнам ч байхгүй болсон байсан. Тэгээд машинаа хайхад эсрэг талын гудамжинд манай машин байсан. Манай машинд ямар ч засвар хийгээгүй байсан...би тэр ах нь гэх вьетнамтай уулзахад манай дүү дандаа иймэрхүү жижиг залилан хийчихдэг юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 184/-р тал,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.Төгөлдөрийн өгсөн “...Бүрд худалдааны төвийн замын эсрэг талд байрлах засварын газарт байж байхад орой 21 цагийн үед Тоёота Спиринтер цагаан өнгийн автомашин хойноос орцон автомашин граш дээр ирсэн. Надаас хэдэн төгрөг болох талаар асуухад 250.000 төгрөг болно гэж хэлсэн. 2 хоногийн дараа аваарай гэж хэлсэн юм. Тухайн үед ах нар амарсан байсан болохоор ах нараас нуугаад халтуур хийе гэж бодоод аваад хийж чадаагүй юм...гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 187/-р тал,

            Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 190-192/-р тал,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.С-ын өгсөн “...Би өөрийн машинаа 2019 оны 06 дугаар сард Төв аймгийн Одонтой хөтөл дээр явж байгаад шатаасан юм. Фейсбүүкээр приүс засварын групээс Х.Төгөлдөртэй холбогдож Яармагт уулзсан юм. Яармагаас машинаа ачуулаад 100 айлын нэг хашаанд буулгасан юм. 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэрт нь машинаа ачиж буулгасан юм. Наадмын өмнө машин чинь бэлэн болно гэж хэлсэн. Би наадмын өмнө хөдөө явж байхад Х.Т нь цахилгааны утас нь байхгүй байна гээд байсан юм ... Х.Т-ийн ээж Б гэх хүнтэй уулзахад би мэдэхгүй өөрсдөө учраа ол гээд байсан ... Анх 2,800,000 төгрөгөөр тохироод 2,300,000 төгрөгөөр тохироод засвар нь дуусаад үлдэгдэл мөнгө өгнө гэж тохиролцсон. Намайг хөдөө явж байхад Помп нь шатсан байна дахиад 500,000 төгрөг шилжүүл гээд байхаар нь 300,000 төгрөг нэмж араас нь шилжүүлсэн...5032727680 тоот данс руу бүх мөнгөө хийсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 210/-р тал,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч В.Тийн яллагдагчаар өгсөн “...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...өмнө нэг машин янзлуулж байсан ах хүү ирээд уулзсан юм. Би одоо нэрийг нь мэдэхгүй байна. Тэр ах ирээд манай найз яармагт байгаа гээд яармаг руу дагуулж яваад үзүүлсэн юм. Очоод хартал урд талаасаа шатчихсан машин байсан. Үнэ тохироод 2.600.000 төгрөг гэж тохиролцсон. Машиныг чирч авчраад гэрийнхээ хашаанд тавьсан юм...бид 2 цаг хугацаа тохироогүй, наадмын өмнө амжвал болно гэж хэлээд амжаагүй. Яагаад гэвэл он залуу машин байсан болохоор цээж утас нь олдоогүй, цээж утаснаас бусад бүх юмыг нь хийсэн байсан...машин асахгүй байсан учир засварын газраар явтал помп нь шатсан байна гэсэн. Тэгээд би Сүхбаатар ах руу ярьж нэмж мөнгө авсан. Би ээжийн дансаар авсан. 1.300.000 төгрөгөөр машинд бараа сэлбэг авсан. Үлдсэн мөнгөө гэртээ зарцуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 200-201/-р тал,

             Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.С-н өгсөн “...Би өөрийн эзэмшлийн 98-78 УБЭ улсын дугаартай Тоёота Приүс-20 маркийн автомашиныхаа урд гуперээ 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр эвдэлчихсэн. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Фейсбүүк зар харж байтал 85658155 холбогдох утастай автомашин засна гээд зар байхаар нь холбогдоод Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 756.706 гэх хаягтай газар руу очоод нэг залуутай уулзсан. Тэгээд 100 айлын засварын газар чинь хаана байдаг юм бэ? Гэсэн чинь зам хаагдсан болохоор энд хийж байгаа гэсэн. Тэгээд би өөрийнхөө машины урд гуперээ 200,000 төгрөгөөр янзлуулах болсон. Тэгээд урьдчилгаа 150,000 төгрөгийг 5032727680 тоот данс руу шилжүүлээд хэзээ бэлэн болох бэ гэсэн чинь маргааш орой ирээд авчих гэсэн. Тэгээд маргааш орой нь очсон чинь арай болоогүй байна гэсэн. Тэгээд маргаашнаас нь утас нь холбогдох боломжгүй болсон...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 1-2/-р тал,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч В.Тийн өгсөн “...Би фейсбүүкээр зар тавьж хүний гупер боодог юм. 85658155 гэсэн дугаараар холбогдож машины урд гупер янзлахаар болсон юм. Би машиныг найз Э.Б гэх найзын хашаандаа аваачиж тавьсан. Хугацаагаа 2-3 хоног гэж хэлсэн. Би тухайн үед Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч С-т баригдаж хоригдсон юм. 250,000 төгрөг болно гэж хэлээд 150.000 төгрөг ээжийн дансаар авсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 7/-р тал,

            Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 243-246/-р тал,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч В.Тийн яллагдагчаар өгсөн “...Би фейсбүүкт унжсан гупер тогтоно гэж зар тавиад гупер боож янзалдаг байсан. Би он cap сайн санахгүй байна. Баянбулаг гэх найзын хашаанд байсан саарал өнгөтэй приус-30 /9878 УБЭ/ унасан эмэгтэй хүн ирж уулзсан. Тухайн хүний машины урд гупер хагарсан байсан. Би 150.000 төгрөг болно гэж 5032727680 /Буянбат/ гэсэн дансаар 150.000 төгрөг авсан. Надад машинаа үлдээгээгүй гуперээ үлдээгээд явсан. Би 80.000 төгрөгөөр тал гупер аваад залгаад бүтэн болгосон байсан.Хаанаас авсан эсэхээ мэдэхгүй байна. Тухайн үед фейсбүүкээр зар харж байгаад авч байсан. 3-4 хоног болно гэж хэлээд явуулсан...ээжийн данс болох 5032727680 данс руу мөнгө хийлгэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 236-237-/ р тал зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч В.Тийн тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаангүйн дээр шүүгдэгч В.Тийг тухайн гэмт хэргийн үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Залилан мэхлэх гэмт хэргийн өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээс ялгагдах онцлог нь зөвхөн эд зүйлс, өмч хөрөнгийг хуурч, мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа ялгагдана.

Түүнчлэн залилах гэмт хэргийн арга болох хууран мэхлэлт нь идэвхтэй болон идэвхгүй хэлбэрээр явагддаг.

Идэвхтэй хууран мэхлэлт нь өмчлөгч болон бусад эзэмшигчийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгчид гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлэх аргаар үйлдэгддэг.

Шүүгдэгч В.Т нь үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий хохирогч нарт тэдгээрийн автомашиныг засаж өгч чадна гэсэн итгэл үнэмшлийг төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар залилсан идэвхтэй үйлдэл хийсэн болох нь тогтоогдож байх бөгөөд прокуророос шүүгдэгч В.Тийн үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл В.Т нь анхнаасаа хохирогч нарын автомашиныг засах боломж бололцоо байхгүй гэдгээ өөрөө мэдсээр байж, засаж өгнө гэж итгэл үнэмшил төрүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж байгаа шууд санаатай үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх үндэслэлтэй. 

Иймд, дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч В.Тийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилах залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 02 жил 03 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 12 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялд нэмж нэгтгэн нийт 2 жил 3 сар 12 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгчийн цагдан хоригдсон 55 хоногийг эдлэх ялаас хасуулан тооцуулах саналтай байна. Мөн шүүгдэгчээс Хохирогч Сүхбаатарт 2.300.000 төгрөг, хохирогч Мөнхтөрд 300.000 төгрөг, хохирогч Лхагважавт 1.300.000 төгрөгийг тус тус гаргуулан олгуулах саналтай байна.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй...” гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Миний үйлчлүүлэгчийн цагдан хоригдсон хоногийн тоог тулгаж үзэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн өдрөөс хойш 12 хоногийн зөрөө гарч байна. Миний үйлчлүүлэгчид оногдуулж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгөхийг шүүхээс хүсэж байна. Миний үйлчлүүлэгч нь Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 13-658 тоотод оршин суудаг. Тийм учраас Сүхбаатар дүүргийн нутаг, дэвсгэрээс гарахгүй байхаар зорчих эрхийг хязгаалах ялыг оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч В.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ёсчлон баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “...Энэ хуулийн үйлчлэлд дараах хүн, хуулийн этгээдэд хамаарна...” гэж,

Мөн хуулийн 3.1.2 дахь хэсэгт “...2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн...” хүн, хуулийн этгээдийг хамааруулна гэж,

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “...Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна...”гэж тус тус заажээ.

Шүүгдэгч В.Т нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 02 дугаар сараас сарын 17-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хооронд бусдыг залилан мэхлэх гэмт  хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байх бөгөөд хэдийгээр шүүгдэгч В.Тийн үйлдсэн гэмт хэрэг нь гэмт хэргийнхээ шинжээр болоод цаг, хугацааны хувьд, мөн тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргээр Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байх хэдий ч шүүгдэгч В.Тийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөлд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар заасан байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэхгүй шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч В.Т нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 688 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж, шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлж байх үедээ оргон зайлсан үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаартай захирамжаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 388 цагийн ажлын 08 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, нийт 48 хоногийн хорих ялаар сольж шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна.

Шүүхээс шүүгдэгч В.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил, 06 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаартай захирамжаар оногдуулсан 48 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 12 хоногийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил, 06 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр нэмж нэгтгэн 01 жил, 06 сар, 12 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Тийн урьдчилан цагдан хоригдсон 55 хоногийн 01 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 01 хоногоор тооцон, шүүхээс оногдуулсан 01 жил, 06 сар, 12 хоногийн зорчих эрх хязгаарлах ялаас хасаж, шүүгдэгч В.Тийн нийт эдлэх зорчих эрх хязгаарлах ялын хэмжээг 01 жил, 04 сар, 17 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Т нь зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооноос гарч явахыг хориглож, эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах үүргийг хүлээлгэж түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Т нь шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч В.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “... эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журам, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэний зэрэгцээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь заалтын үндэслэлд хамаарах буюу шүүгдэгч В.Тийн хувийн байдал, түүний өсөж хүмүүжсэн орчин нөхцөл, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж буй байдал, амьдралын талаарх хүсэл зорилго, хандлага, хүмүүжил болоод цаашид ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэх талаар хариуцлага хүлээж байгаа байдал болоод түүний нийгэмд эзлэх байр суурь зэрэг онцгой нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.

Гурав. Бусад

Шүүгдэгч В.Төөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол тооцон нийт 3.710.000 төгрөгийг албадан гаргуулж, хохирогч Л.М-д 300.000 төгрөгийг, хохирогч Н.С-т 2.100.000 төгрөгийг, хохирогч Б.Л-д 1.310.000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч В.Т нь энэ хэргийг учир нийт 55 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч В.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан буюу залилах гэмт хэргийг удаа дараа буюу үргэлжилсэн үйлдлээр үйлдэж бусдад хохирол учруулсан болох нь тогтоогдож, шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор 2 дахь удаагаа ял шийтгүүлээд байна.

Шүүхээс шүүгдэгч В.Т-т 2 дахь удаагаа хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж байгаа нь түүнд итгэл хүлээлгэх замаар нийгэмд зөв зүйтэй ухамсраар ажиллаж, хөдөлмөрлөх боломжийг олгож байгаагийн нэг хэлбэр мөн бөгөөд цаашид шүүгдэгч В.Т нь өөрийн гэм буруутай үйлдэлдээ үнэлэлт, дүгнэлт өгөх замаар хуулиар тогтоосон нийтээр дагаж мөрдвөл зохих ёс зүйн болоод зан заншлын хэм хэмжээг өөрийн амьдралд хэвшил болговол зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овогт В-ийн Т-ийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай .

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Тт 01 /нэг/ жил, 06 /зургаа-/н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаартай захирамжаар шүүгдэгч В.Тт оногдуулсан 48 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 12 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил, 06 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр нэмж нэгтгэн 01 жил, 06 сар, 12 хоногийн хугацааны зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Тийн урьдчилан цагдан хоригдсон 55 хоногийн 01 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 01 хоногоор тооцон, шүүхээс оногдуулсан 01 жил, 06 сар, 12 хоногийн зорчих эрх хязгаарлах ялаас хасаж, шүүгдэгч В.Тийн нийт эдлэх зорчих эрх хязгаарлах ялын хэмжээг 01 жил, 04 сар, 17 хоногийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Т нь зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооноос гарч явахыг хориглож, эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах үүргийг хүлээлгэж түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Т нь шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Төөс нийт 3.710.000 /Гурван сая долоон зуун арав/-н төгрөгийг гаргуулж, хохирогч У овогт Л-ийн М /РД:00000000/-д 300.000 /Гурван зуу/-н мянган төгрөгийг, хохирогч Б з овогт Н-ийн С /РД:00000000/-д 2.100.000 /Хоёр сая нэг зуу/-н мянган төгрөгийг, хохирогч Л О овогт Б-ийн Л /РД:00000000/-д 1.310.000 /Нэг сая гурван зуун арав/-н мянган төгрөгийг тус тус олгосугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                                                     

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Х.ИДЭР