Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/158

 

          

 

 

  2022         02         17                                     2022/ШЦТ/158

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Г.Галхүү

Улсын яллагч С.Болорзул,

Шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш т овогт С-ын Э-т холбогдох эрүүгийн 2109011391149 дугаартай 1 хавтаст хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, “Гэрэл авто сервис”-д засварчнаар ажилладаг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, 11-240 тоотод оршин суух хаягтай Ш т овогт С-ын Э /РД:00000000/,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч С.Э нь 2021 оны 08 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 8-150 тоот хашааны гадна байрлуулсан иргэн Л.Сын эзэмшлийн 62-62 УНВ улсын дугаартай Гранд Марк-2 маркийн авто машины 4 ширхэг 2015х45х17 хэмжээтэй 5 салаа бүхий дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдэж хохирогчид 760.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч С.Э нь 2021 оны 08 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 8-150 тоот хашааны гадна байрлуулсан иргэн Л.Сын эзэмшлийн 62-62 УНВ улсын дугаартай Гранд Марк-2 маркийн авто машины 4 ширхэг 2015х45х17 хэмжээтэй 5 салаа бүхий дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.  Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Сын өгсөн “...2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өөрийн гэр болох Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 8-150 тоот хашааны гадна тээврийн хэрэгслээ байрлуулан тавьсан байсан. 2021 оны 08 дугаар сарын 24-ний өглөө 09 цагийн үед манай дүү М дугуй чинь алга болсон байна гэхээр нь нийтийн байрнаас ирж харахад машины 4 дугуй байхгүй байсан тул цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч С.Эын яллагдагчаар өгсөн “...Би 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ажлаа тараад гэр лүүгээ явах замдаа Бэлхийн 8 дугаар гудамжинд зогсож байсан марк-2 загварын авто машины 5 салаа обуд гоё харагдаад байхаар нь данхраадаж байгаад тайлаад авчихсан. Тэгээд тайлж авсан дугуйгаа гэртээ хадгалж байтал цагдаа нар олоод ирсэн. Би тухайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/-р тал,

Дамно эд хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 09 дүгээр сарын СБ2-21-270 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 29-30/-р тал,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 33-34/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15, 17, 25-р тал/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч С.Эын тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаангүйн дээр шүүгдэгч С.Эыг тухайн гэмт хэргийн үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.

Нөгөөтээгүүр хулгайлах гэмт хэрэг нь өмчлөх эрхийн бусад хэлбэрээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд юмс нь гэмт халдлагад өртөгдөх үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, эзэмшигч тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэлд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх, үүрэггүй учир нууц, далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоороо онцлог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт “...Хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн…” бол хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч С.Э нь шунахайн сэдэлтээр хохирогч Л.Сын эзэмшлийн Гранд марк-2 загварын авто машины 4 ширхэг дугуйг хулгайлах явцдаа өөрийн эзэмшлийн 35-76 УНА улсын дугаартай Тоёота Кровн маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан, хулгайлсан дугуйнуудаа өөрийн машиндаа ачиж явсан болох нь тогтоогдож байх бөгөөд прокуророос дээрх үйлдэлд нь холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Э нь учрах саадыг арилгах зорилгоор буюу өөрийн хүчээр даах боломжгүй эд зүйлийг хулгайлан авч өөрийн тээврийн хэрэгслээр нэг газраас нөгөөд машин, механизм буюу тээврийн хэрэгслийн тусламжтайгаар зөөн шилжүүлж байгаа үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарах машин механизм ашигласан гэх үндэслэлд хамаарч байна.

Иймд, дээрх үндэслэлээр шүүгдэгч С.Эыг хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.  

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч С.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах...” саналыг гаргасан бол шүүгдэгч С.Эын зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад “... Хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заажээ.

Шүүхээс шүүгдэгч С.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ энэ төрлийн гэмт хэрэг анх үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол нөхөн төлөгдсөн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.  

Шүүх шүүгдэгч С.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “... эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журам, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэний зэрэгцээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь заалтын үндэслэлд хамаарах буюу шүүгдэгч С.Эын хувийн байдал, түүний өсөж хүмүүжсэн орчин нөхцөл, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж буй байдал, амьдралын талаарх хүсэл зорилго, хандлага, хүмүүжил болоод цаашид ажил төрөл эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэх хариуцлага хүлээж байгаа байдал болоод түүний нийгэмд эзлэх байр суурь...” зэрэг онцгой нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.

Гурав. Бусад

Шүүгдэгч С.Э нь тухайн гэм хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч С.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Мөн шүүгдэгч С.Э нь энэ хэргийн учир 65 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш т овогт С-ын Э-ыг “Учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эт 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эт оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эын энэ хэргийн учир урьдчилан цагдан хоригдсон 65 /жаран тав/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч С.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч С.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Х.ИДЭР