Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2017/00998

 

 

2017 оны 05 сарын 01 өдөр

        Дугаар 183/ШШ2017/00998

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 33 дугаар байр, 15 тоотод оршин суух, Жалайр овогт Ойдовын Гарамханд /Регистрийн дугаар:ХЙ54110503/-ын нэхэмжлэлтэй,

Тэрэгт овогт Чулуунхүүгийн Давааг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Гарамханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                              

                                                     

Нэхэмжлэгч О.Гарамханд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Ч.Даваатай 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 4,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлдүүлж нийт зээлийн төлбөр болох 4,080,000 төгрөг өгөхөөс Ч.Даваа нь хүү болон үндсэн төлбөрт 2,580,000 төгрөг өгсөн. Одоо зээлийн үлдэгдэл төлбөрт 1,500,000 төгрөг зээлийн гэрээний 3-т зааснаар хоног тутмыг 0,5 хувиар тооцож 750,000 төгрөг нийт 2,250,000 төгрөгийг авах ёстой боловч хариуцагч Ч.Даваа нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагч Ч.Давааг эрэн сурвалжилж өгнө үү гэв. 

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

О.Гарамханд нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Даваагэрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.

Нэхэмжлэгч О.Гарамханд нь 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Ч.Даваатай харилцан тохиролцож зээлийн гэрээг байгуулсан байна.

Хариуцагч Ч.Даваа нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монос 2 дугаар гудамж, 13А тоотод бүртгэлтэй боловч оршин сууддаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. Иймд иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Даваа нь оршин суугаа газар тодорхойгүй болсон байх тул хариуцагчийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус  удирдлага болгон                                                                                              

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Тэрэгт овогт Чулуунхүүгийн Даваа /Регистрийн дугаар:МЗ81100569/-г эрэн сурвалжилсугай.

         

          2.Ч.Даваа /Хан-Уул дүүрэг Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монос 2 дугаар гудамж, 13А тоот хаягт/-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад үүрэг болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

     4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   О.ОДГЭРЭЛ