Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
Хэргийн индекс | 185/2022/0158/Э |
Дугаар | 2022/ШЦТ/230 |
Огноо | 2022-07-03 |
Зүйл хэсэг | 27.10.2.3., |
Улсын яллагч | Ж.Энхжаргал |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/230
2022 03 07 2022/ШЦТ/230
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,
Улсын яллагч Ж.Энхжаргал
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо,
Шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Л.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-ын Т-д холбогдох эрүүгийн 2103003460011 дугаартай 1 хавтаст хэргийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0000 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монголын Үндэсний Их Сургуулийн оюутан, ам бүл 6, эцэг, эх, 2 дүү, өвөөгийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, 22 дугаар гудамжны 522 тоотод оршин суух хаягтай Б овогт Г-ын Т /РД:00000000/,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.Т нь 2021 оны 10 дугаар сарын 30-ны шөнө 23 цаг 10 минутын орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Чингэлтэй 17 дугаар автобусны буудлаас зүүн тийш, Дарь-Эх рүү явдаг шинэ замд Тоёота Приус 10 маркийн 39-05 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 4 дүгээр хавсралт: 5.3.Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй бүдэг асдаг болсон, 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зорчигч Ж.Б-г дайрч амь, насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Г.Т шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Чинбат шүүхийн хэлэлцүүлэгт “...Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. 21 настай Монгол улсын Үндэсний их сургуулийн 3 дугаар курст эрх зүйч мэргэжлээр суралцаж байгаа оюутан байгаа. Аав, ээж, 3 дүү, өндөр настай өвөөгийн хамт амьдардаг. Хохирлын тал дээр бид хэрэг прокурор руу шилжих үед хохирлын баримт гаргаж өгсөн тул хохирогч талын өмгөөлөгчтэй ярилцах гэсэн боловч тухайн үед хохирогч талын өмгөөлөгч хуралтай байсан дахин холбогдож чадаагүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй хохирлын талаар уулзах гэж 2-3 удаа очсон тодорхой шийдэлд хүрэхгүй байсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Шүүх нийт 11.198.809 төгрөгийг төлж барагдуул гэсэн шийдвэр гарсан тохиолдолд төлж барагдуулна. Миний үйлчлүүлэгчийн аав нь барилгын компанид ажилладаг бөгөөд Т-ийн зүгээс хичээлийнхээ бус цагаар ажил хөдөлмөр эрхэлж тухайн хохирлыг төлж барагдуулах боломжтой гэж үзэж байна ...” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт “...Би талийгаачийг зам тээврийн ослын улмаас нас барсан болохыг мэдээгүй. Осол гарснаас хойш 2 хоногийн дараа манай эгч над руу яриад “дүү чинь нас барчихсан байна. Цагдаагийн газраас ярьж байна” гэхээр нь би очоод хартал манай дүү нас барсан байсан. Ажил явдлыг хийхэд мөнгөний бололцоо муутай байсан. Тэгээд би өөрийн унаж байсан машинаа зараад ажил явдлыг хийсэн. Төрмөнхөд би гомдол санал гээд ардаас нь нэхэл болоогүй. Нэгэнт болоод өнгөрсөн асуудал, дээрээс нь залуу хүүхэд учраас оршуулгын зардал мөнгийг төлөөд дуусгачихвал гомдол байхгүй гэж байсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч хохирол төлөхгүй гэсэн учраас би гомдолтой байна. Нийт ажил явдлын зардалд 22.190.809 төгрөг зарцуулагдсан. Шүүгдэгчийн зүгээс 11.000.000 төгрөгийг өгсөн байгаа учраас одоо үлдэх хохирлыг нэхэмжлэх хүсэлтэй байна байна...” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо шүүхийн хэлэлцүүлэгт “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд хүний амь нас эрсэдсэн зам тээврийн хэрэг дээр талийгаачийн төрсөн ах оролцож байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хохирогч нас барснаас учирсан гэм хор буюу зөвхөн оршуулгын зардлыг баримтаар гаргаж нэхэмжилсэн байгаа. Өнөөдөр бид хөшөө суварга босгосон ч юм уу, олон сая төгрөгийн итгэхэд бэрх баримтуудыг гаргаж өгөөгүй. Хүний амьдралд тохиох нас барснаас үүдэн ямар их зардал гарсныг бид сая уншлаа энэ зардлыг хожим иргэний шүүхээр нэхэмжлэх байдлаар үлдээж болохгүй гэж үзэхгүй байна. Өнөөдөр бол шүүхээр шинжлэн судлаад гаргаж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Тийм учраас Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслээд бидний гаргаж өгсөн баримтыг оршуулгатай холбогдсон зайлшгүй зардал юм гэж тооцоод нийт 21.018.189 дээр өнөөдрийн гаргаж өгсөн 1.172.620 буюу баримтаар нийт 22.190.809 төгрөг гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Үүнээс 11.000.000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр авсныг зөвшөөрнө. Үүнээс аваагүй үлдэж тооцогдож байгаа 11.190.809 төгрөгийг хохирол зардалд тооцож шийтгэх тогтоолд тусгаж өгнө үү. Энэ мөнгөн дүнгээ барагдуулах хүсэлтэй байна гэв. Асуулт хариултын шатанд нэг зүйлийг хөндсөн хохирогч согтуу байсан учраас энэ гэмт хэрэг гарах шалтгаан болсон гэх шалтгаанаар хэмжээг багасгаж болно гэх асуудлыг ярьж байна би энэ асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна хохирол зардлыг бүрэн шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Г.Т нь 2021 оны 10 дугаар сарын 30-ны шөнө 23 цаг 10 минутын орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Чингэлтэй 17 дугаар автобусны буудлаас зүүн тийш, Дарь-Эх рүү явдаг шинэ замд Тоёота Приус 10 маркийн 39-05 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 4 дүгээр хавсралт: 5.3.Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй бүдэг асдаг болсон, 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зорчигч Ж.Батбаярыг дайрч амь, насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Үүнд
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургууд /хх-ийн 6-15/-р тал,
Хяналтын камерын дүрс бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 64/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б-ийн өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 30-ны орой болсон ослын талаар огт мэдээгүй. Маргааш өглөө нь манай эгч Б над руу залгаад Б дүү чинь авто осолд орсон юм шиг байна, Замын цагдаагаас дуудаж байна, хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд замын цагдаа дээр очоод юу болсон талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагч М.М-ийн өгсөн “...Тухайн өдөр манай хүүхэд Төрмөнх 23 цаг 20 минутын орчим миний 96044744 дугаар руу өөрийнхөө 86224717 дугаараасаа залгаад ээжээ би хүн мөргөчихлөө гэж хэлсэн бөгөөд тэр дариуд нь би хувцсаа өмсөөд гарсан. Би хэлсэн газар нь яваад очиход дайруулсан нь хүн нь машины урд талд нас барчихсан байдалтай байсан. Бид оршуулгын зардалд 2 сая 500 мянган төгрөгийг талийгаачийн ар гэрийнхэд нь хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ш.Ариун-Эрдэнийн өгсөн “...Тухайн зам тээврийн осол дээр очиж үзлэг хэмжилт хийхэд дээрх тээврийн хэрэгслийн дугуйн дарагдалтын мөр болон тоормосны мөр зорчих хэсэг дээр үүсээгүй. Тухайн мөр нь тоормосны мөр биш автомашин явган зорчигчийг мөргөөд чирч цааш явах хооронд хувцсаар зорчих хэсэг дээр арчигдсан болон явган зорчигчийг чирсэн мөр гэж хэлж болно. Тоормосны мөр байсан бол би томьёотой нь хамт бичнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 47/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Анхбаярын өгсөн “...39-05 УНБ улсын дугаартай Тоёота Приус-10 маркийн автомашиныг оношилгоонд оруулсан дүрс бичлэгээс харахад тухайн тээврийн хэрэгслийн зүүн холын гэрэл нь муу асаж байсан, мөн ойрын тусгалын баруун тал нь мөн адил муу асаж байсан. Энэ үед тухайн тээврийн хэрэгслийн жолоочид энэ гэрэл чинь муу байна, гээд хэлж байсан. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийн жолооч эмэгтэй гуйгаад шалтаг шалтгаан хэлээд байхаар нь би тэр хүнд туслаад гэрлээ солино гэж найдаад явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч Э.Алтаншагайгийн өгсөн “...Тээврийн хэрэгслийн урд гэрлээр юм мөргөх үед гэрэл хагарах, шатах, тохиргоо алдагдах зэрэг гэмтэл гардаг. 39-05 УНБ улсын дугаартай Т.Приус маркийн тээврийн хэрэгслийн хувьд гэрлийн тусгалын чадал нь доргилтоос үүссэн гэмтэл биш байна. Харин ашиглалтын явцад осол болохоос өмнө үүссэн байх боломжтой гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 62/-р тал,
Цогцост хийсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №2362 дугаартай “...Талийгаач нь тархи, цээж, хэвлийн хөндийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /хх-ийн 71-75/-р тал,
Авто тээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын харьяа Сонгинохайрхан техникийн үзлэгийн төвийн шинжээчийн 999163 дугаартай “...Уг тээврийн хэрэгслийг Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд зүүн гар талын тусгалын чадал хол дээрээ 0 cd баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 8700 cd, зүүн гар талын тусгалын чадал ойр дээрээ 600 cd, баруун гар талын тусгал ойр дээрээ 0 cd /стандарт 10000 cd-225000 cd/ байна...” Хариулт 3: Урд гэрлийн чадал тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангахгүй байгаа нь уг зам тээврийн осол хэрэгт үзэгдэх орчин хязгаарлагдах байдлаар нөлөөлж болно...” гэх дүгнэлт /хх-ийн 118-126/-р тал,
Мөрдөгчийн 342 дугаартай магадалгаа /хх-ийн 200-201/-р тал зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болох, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргийг тухайн тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч, эсхүл хууль тогтоомжийн дагуу түүнийг ашиглаж байгаа этгээд хариуцна.
39-05 УНБ улсын дугаартай Т.Приус маркийн тээврийн хэрэгсэл нь өмчлөлийн тухайд иргэний хариуцагч М.Мөнхцэцэгийн эзэмшлийнх байх бөгөөд М.Мөнхцэцэг нь Г.Тийн төрсөн эх болох нь тогтоогдож байна.
Дээрх тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэг нь М.Мөнхцэцэгийнх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Мөнхцэцэгийг иргэний хариуцагчаар татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь үндэслэлтэй болжээ.
Хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэг шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаас харвал шүүгдэгч Г.Т нь техникийн бүрэн бүтэн байдал хангаагүй тээврийн хэрэгслийг жолоодож явсан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 4 дүгээр хавсралт: 5.3.Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй бүдэг асдаг болсон...” гэх заалтыг, тээврийн хэрэгслийн хурдыг үзэгдэх орчинд тохируулан зорчоогүй нь мөн дүрмийн 12.2.-т заасан “Жолооч харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна...” гэх заалтуудыг тус тус зөрчсөн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх зүйл заалтуудыг зөрчиж техникийн хувьд бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон, улмаар хохирогч Ж.Б-ыг мөргөж, түүний амь насыг хохироосон нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Т мэдүүлэхдээ “...Би тухайн үед 40 орчим км-ийн зайтай явж байсан бөгөөд талийгаачийг 2-3 метрийн зайнаас хараад тоормосоо гишгээд 1 дүгээр эгнээ рүү дарсан боловч амжаагүй мөргөсөн...” гэж мэдүүлсэн бол,
Авто тээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын төвийн шинжээч Э.Алтаншагай нь “...Уг тээврийн хэрэгслийн урд гэрэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна...” гэх дүгнэлтийг гаргажээ.
Шүүгдэгч Г.Т нь осол болсон гэх цаг хугацаанд тоормослох буюу тээврийн хэрэгслийг даруй зогсоох талаар арга хэмжээ авсан талаар тайлбарлаж байгаа боловч, техникийн шинжээчийн “...Тухайн зам тээврийн осол дээр очиж үзлэг хэмжилт хийхэд дээрх тээврийн хэрэгслийн дугуйн дарагдалтын мөр болон тоормосны мөр зорчих хэсэг дээр үүсээгүй. Тухайн мөр нь тоормосны мөр биш автомашин явган зорчигчийг мөргөөд чирч цааш явах хооронд хувцсаар зорчих хэсэг дээр арчигдсан болон явган зорчигчийг чирсэн мөр гэж хэлж болно...” гэх дүгнэлтээр үгүйсгэгдэж байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Т нь амь хохирогчийг харсан даруйдаа зогсох үйлдэл хийсэн бус харин амь хохирогчийг мөргөсний дараагаар зогсох үйлдэл хийсэн болох нь тогтоогдож байна.
Нөгөөтээгүүр хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Г.Т нь шөнийн цагаар буюу харанхуй, үзэгдэлт хангалтгүй үед бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож хохирогчийн амь насыг хохироосон гэх үйл баримт хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.
Прокуророос шүүгдэгч Г.Тийг Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын холбогдох заалтуудыг зөрчин замын хөдөлгөөнд оролцож, хохирогч Ж.Батбаярыг мөргөж, түүний амь насыг хохироосон гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.
Нөгөөтээгүүр шүүгдэгч Г.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй болохыг дурдвал зохино.
Иймд, дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Г.Тийг Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлсэн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хариуцлагын талаарх санал, дүгнэлтдээ “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах...” саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Миний үйлчлүүлэгч нь 21 настай ид залуу амьдралд хөл тавьж байгаа залуу оюутан хүү. Энэ хүүг нийгмээс тусгаарлахгүйгээр амьдралд хөл тавьж, сурч боловсрох эрхийг нь эдлүүлж хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлүүлж өгнө үү гэх саналтай байна. Миний үйлчлүүлэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгаа. Осол гармагц хохирогчид эрүүл мэндийн шуурхай тусламж үзүүлсэн. Бидний зүгээс хохирогчийн гаргаж өгсөн хохирлын баримтууд дээр ямар нэгэн байдлаар маргалгүйгээр хохирол төлбөрт 11.000.000 төгрөгийг гаргаж өгсөн ...” гэх саналыг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Би улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна. Хэдийгээр залуу хүн ч гэсэн энд хүний амь нас хохирсон асуудал яригдаж байгаа учраас шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохиромжгүй байна. Мөн хохирлын асуудалд шүүгдэгчийн зүгээс нийт бодит хохирлыг 50 хувийг л төлсөн байгаа. Эрүүгийн хариуцлага нь хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулахад чиглэсэн байдаг. Нээлттэй хорих ангид, хөдөлмөр эрхлүүлээд түүнээс нь хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулах саналтай байна ...” гэх саналыг тус тус гаргасан бол шүүгдэгч болон хохирогчийн төлөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлсан ямар нэгэн санал гаргаагүй болно.
Шүүгдэгч Г.Төд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү...” гэх санал гаргасныг шүүхээс хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Тийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хуулийн хүрээнд үнэлэгдэх боломжгүй хүний амь нас хохирсон, шүүгдэгч Г.Т нь хохирогчид учирсан наад захын хохирол буюу оршуулгын зардлыг бүрэн төлж барагдуулаагүй нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилсан гэж үзэх үндэслэлгүй юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж заажээ.
Шүүгдэгч Г.Төд хорихоос өөр төрлийн ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүйн дээр мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон бол, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3-5 жилийн хугацаагаар хасаж, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заажээ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Г.Тийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирол нөхөн төлөгдөөгүй байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгч болон хохирогчийн өмгөөлөгч нарын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Төд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Гурав. Бусад асуудлаар.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож шүүгдэгч Г.Төөс 23.870.682 төгрөгийг нэхэмжилсэн боловч хавтас хэрэгт авагдсан хохирлын баримтуудаас харахад нийт 22.190.809 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Т нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 7.500.000 төгрөгийг, шүүхийн шатанд 3.500.000 төгрөгийг хохирогчийн төлөөлөгчид тус тус төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Г.Төөс үлдэх 11.190.809 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Батхуягт олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Т нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг Сд-г хэрэгт хавсарган үлдээж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц /№1292152/ дугаартай шүүгдэгч Г.Тийн жолооны үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгоод
ТОГТООХ нь:
1. Б овогт Г-ын Т-ийг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаа шүүгдэгч Г.Тийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 /дөрөв/-н жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Төд оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Г.Төд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг /4 Дөрөв/-н жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг үндсэн ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Төөс нийт 11.190.809 төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б-т олгосугай.
6. Г.Т нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сд-г хэрэгт хавсарган үлдээж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц /№1292152/ дугаартай шүүгдэгч Г.Тийн жолооны үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Төд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорьж түүний эдлэх ялыг 2022 оны 03 дугар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Төд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР