Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2020/00215

 

АБЧБ УТҮГ-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2019/00318 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 777 дугаар магадлалтай,

АБЧБ УТҮГ-ийн нэхэмжлэлтэй,

ИЭЧГ ХХК-д холбогдох

Газрын төлбөр 37.973.600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, өмгөөлөгч М.М, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч АБЧБ УТҮГ-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...ИЭЧГ ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу 2009 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 63 дугаар Эрх олгох тухай, 2009 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай 64 дугаар захирамжаар чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт 5 га газрыг худалдаа үйлчилгээ, агуулах, тээвэр зууч, үйлдвэрийн барилга байгууламжийн зориулалтаар эзэмших эрх олгосон. Энэхүү захирамжуудыг үндэслэн 2009 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 09/75 дугаар газар эзэмшүүлэх гэрээг, 2009 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 106 дугаартай Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулсан. Гэвч 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр А/19 дугаартай захирамжаар Газар эзэмшүүлэх болон хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж чөлөөт бүс дэх хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ олгосон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд гэрээнд заасан үндсэн үйлчилгээг эхлүүлээгүй, хөрөнгө оруулалтын гэрээнд заасан үе шатны хөрөнгө оруулалт хийгээгүй, газрын төлбөрийг зохих хуваарийн дагуу хугацаандаа төлөөгүй, чөлөөт бүсийн захирагчийн ажлын албанаас тавьж буй шаардлагыг удаа дараа биелүүлээгүй, хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. АБЧБ УТҮГ нь аж ахуйн нэгжийн газрын төлбөрөөр улсын төсвийн тодорхой хэсгийг бүрдүүлдэг. Захирагчийн ажлын албаны зүгээс газрын төлбөр төлүүлэх, мөн чөлөөт бүсэд хөрөнгө оруулалтын ажлыг эхлүүлэх талаар удаа дараа шаардсан албан бичиг мэдэгдлийг тухай бүр хүргүүлж байсан. Иймд гэрээний үүргийг хангуулахын тулд ИЭЧГ ХХК-иас Газар эзэмшүүлэх гэрээний 3.5-д газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, 4.3-т газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан аж ахуйн нэгж, байгууллага эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд бүс дотор үйл ажиллагаа эхлээгүй, зохих хуваарийн дагуу газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, ...тухайн хугацаанд төлсөн газрын төлбөрийг буцаан олгохгүй гэж тус тус заасны газрын төлбөрийн хуваарийн дагуу 2010 онд 3.640.000 төгрөг, 2011 онд 8.400.000 төгрөг, 2012 онд 8.400.000 төгрөг, 2013 онд 8.400.000 төгрөг, 2014 онд 4.200.000 төгрөг, 2015 онд 4.933.600 төгрөгийг тус тус төлөөгүй бөгөөд нийт 37.973.600 төгрөгийн төлбөрийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ИЭЧГ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Тус компани нь 2009 онд хуучнаар Вольфтотем Интернэшнл групп ХХК нэртэй байхдаа Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн захирагчийн 2009 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 63 дугаар Эрх олгох тухай, мөн тус өдрийн 64 дүгээр газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай захирамжид тус тус үндэслэн Алтанбулаг худалдааны чөлөөт бүстэй 2009 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 09/75 дугаартай Газар эзэмшүүлэх гэрээ, 2009 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 106 дугаартай Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн Хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулж, 33 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. 2014 онд Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн ажлын албатай гэрээ дүгнэснээс хойш, тус чөлөөт бүсийн захирагчийн 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/93 дугаар Эрх олгох тухай захирамж, мөн тус өдрийн А/94 дугаар газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай захирамжуудыг тус тус үндэслэн газар эзэмшүүлэх гэрээгээ өөрчлөн шинэчилж, Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт эзэмших газрын хэмжээг 13000.6 м.кв буюу 1.3 га болгон бууруулсан. Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулснаас хойш 5 га бус 1.3 га газар эзэмшсэн болгон өөрчилж, гэрээ дүгнэхээс өмнө эзэмшиж байсан газрын хэмжээ багассан. Газрын хэмжээ багассан учир төлбөрийн хэмжээ буурч, талууд төлбөр тооцоогоо нийлж акт үйлдсэн. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт болох Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/236 тоот Шаардлага хүргүүлэх тухай албан бичигт манай компанийн 2014 оны газрын шинэчилсэн гэрээний дагуу 2013 оны төлөгдөөгүй үлдэгдэл газрын төлбөр 3.466.400 төгрөг байгааг мэдэгдсэнийх нь дагуу хариуцагч энэхүү үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж газрын төлбөрийн өргүй болсон. Гэтэл нэхэмжлэгч үндэслэлгүйгээр 37.973.600 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Үүнээс гадна Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан. Гэтэл нэхэмжлэгч АБЧБ УТҮГ нь шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан хойно буюу шаардлага гаргах эрхээ алдсаны дараагаар 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ийнхүү гэрээний үүрэг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. АБЧБ УТҮГ нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх үүссэн үеэс хойш манай компанид холбогдуулан шүүхэд ямар нэг байдлаар нэхэмжлэл, шаардлага гаргаж байгаагүй. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй бөгөөд шаардах эрх хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2019/00318 дугаар шийдвэрээр Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Чөлөөт бүсийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3 дахь заалтыг баримтлан хариуцагч ИЭЧГ ХХК-иас 37 973 600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч АБЧБ УТҮГ-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ИЭЧГ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 347 818 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 777 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2019/00318 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 37 973 600 гэснийг 9 880 000 гэж, олгосугай гэсний дараа нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28 093 600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын 347 818 гэснийг 173 030 гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 347 820 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ тухайн маргаанд холбогдох матөриаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн хууль ёсны байх шаардлага хангагдана. 2009 оноос 2015.02.12-ны өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1.1-д “худалдаа, нийтийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс эхний 3 жилд газрын төлбөрөөс чөлөөлж, дараагийн 3 жилд 50 хувиар хөнгөлнө” гэж заасан байдаг. Мөн 2015.02.12-ны өдөр батлагдаж одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Чөлөөт бүсийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс чөлөөт бүсэд эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрөөс эхний таван жилд 100 хувь, дараагийн гурван жилд 50 хувиар хөнгөлөхөөр тус тус заасан байдаг. 2015 оны газрын төлбөрийг тооцохдоо 50%-аар төлбөрийг тооцох ёстой гэж үзэж байна. ИЭЧГ ХХК нь тус зүйлд заасан худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар чөлөөт бүсэд газар эзэмшиж, газар дээрээ зураг хийлгэж, хөрөнгө оруулалт татах бэлтгэл ажлууд хийж, хөрөнгө оруулагч нартаа газраа үзүүлж үйл ажиллагаа эхэлсэн байтал нэхэмжлэгчийн зүгээс хууль зөрчин хариуцагчаас эхний 3 жилд газрын төлбөр тооцон авч байсан нь үндэслэлгүй юм. Тухайлбал, хариуцагчийн зүгээс 2009.07.29-ний өдөр 4.200.000 төгрөг, 2010.08.02-ны өдөр 4.200.000 төгрөг, 2015.01.12-ны өдөр 2009 оноос 2013 оны хоорондох газрын төлбөрийн нийт үлдэгдэл болгож 3.466.400 төгрөг, нийт 11.866.400 төгрөгийг үндэслэлгүйгээр нэхэмжлэгчид төлсөн байдаг. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй бөгөөд хуульд заасан хөнгөлөлт, чөлөөлөлтийг харгалзаж үзэлгүй, 11.866.400 төгрөг илүү төлсөн хариуцагчаас 9.880.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаас газар төлбөр гаргуулах шаардлагаа шаардах эрх үүссэн үеэс 3 жилийн дотор хэрэгжүүлэх нь хуульд нийцэх юм. Талууд газар эзэмшүүлэх гэрээг 2009 оны 7 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан ба нэхэмжлэгч анх 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд дээрх хугацаанд энэ асуудлаар шүүхэд хандаж байгаагүй нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдсоор байтал газар эзэмшүүлэх гэрээний төлбөрийн талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал үндэслэлгүй байна. Нэхэмжлэлд дурдсанчлан АБЧБ нь “Гэрээний үүрэг хангуулах тухай” хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу 37.976.600 төгрөгийг ИЭЧГ ХХК-иас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс Татварын Ерөнхий хуулийн холбогдох заалтыг баримтлан нэхэмжлэгчийг орон нутгийн татварын нэг төрөл болох газрын төлбөрийг нэхэмжилж буй тул хөөн хэлэлцэх дуусаагүй буюу шаардах эрх хэрэгжүүлэх эрхтэй хэмээн дүгнэж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. ИЭЧГ ХХК нь Алтанбулаг худалдааны чөлөөт бүстэй 2009 оны 07 сарын 24-ний өдөр 09/75 дугаартай “Газар эзэмшүүлэх гэрээ”, 2009 оны 07 сарын 24-ний өдөр 106 дугаартай “Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын гэрээ”-г тус тус байгуулсны үндсэн дээр АБЧБэд 5 га газрыг “Худалдаа үйлчилгээ, агуулах, тээвэр зууч, үйлдвэрийн барилга байгууламж”-ийн зориулалтаар эзэмшиж, ашиглаж байгаад, 2014 онд Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн ажлын албатай гэрээ дүгнэснээс хойш, тус чөлөөт бүсийн захирагчийн 2014 оны 07 сарын 10-ны өдрийн А/93 дугаар “Эрх олгох тухай захирамж", мөн тус өдрийн А/94 дугаар “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” захирамжуудыг тус тус үндэслэн газар эзэмшүүлэх гэрээгээ шинэчилж, Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт 13000.6 м.кв буюу 1,3 га газар эзэмшиж, ашиглах болсон. Ингэхдээ 2014 оны 07 сарын 10-ны өдрөөс хойш эзэмшиж буй газрын хэмжээг 1,3 га-аар тооцох бус харин анх гэрээ байгуулсан өдөр болох 2009.07.24-ний өдрөөс эхлэн газрын хэмжээг 1,3 га байхаар тооцож, газрын төлбөрийг 2.400.000 төгрөгөөр тооцохоор болсныг баталгаажуулсан байдаг бөгөөд нэхэмжлэгч АБЧБ УТҮГ-ын зүгээс ч уг үйл баримтыг дээрх байдлаар тайлбарладаг. Гэтэл давж заалдах шатны шүүхээс 2014.01.01-2014.07.10-ны өдөр хүртэлх жилийн төлбөрийг 5 га буюу 8.400.000 төгрөгөөр, 2014.07.10-2015.12.31-ны өдөр хүртэлх жилийн төлбөрийг 2.400.000 төгрөгөөр тооцож нийт 9.880.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч АБЧБ УТҮГ нь 2015.08.13-ны өдөр хариуцагчид гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлснээр талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан байтал шүүхээс 2015.12.31-ний өдрийг дуустал газрын төлбөрийг тооцож шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч АБЧБ УТҮГ, хариуцагч ИЭЧГ ХХК-д  холбогдуулан 2010-2015 оны газрын төлбөрт 37.973.600 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг, давж шатны шүүх хариуцагчаас 9.880.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

АБЧБ УТҮГ-ын захирагчийн 2009 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн эрх олгох тухай 63 дугаар захирамж, мөн өдрийн газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай 64 дүгээр захирамжаар ИЭЧГ ХХК-д /хуучнаар Вольфтотем Интернэшнл групп ХХК/ чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт 5 га газар эзэмших эрхийг худалдаа үйлчилгээ, агуулах, тээвэр зууч, үйлдвэрийн барилга байгууламжийн зориулалтаар олгохоор шийдвэрлэжээ.

Дээрх захирамжийн дагуу АБЧБ УТҮГ,  ИЭЧГ ХХК-ийн хооронд газар эзэмших гэрээ 15 жилийн хугацаатай байгуулагдаж, жилд 8.400.000 төгрөгийг газрын төлбөрт төлөхөөр тохирч, газар эзэмших эрхийн гэрчилгээг хариуцагчид олгосон байна.

Үүний дараа АБЧБ УТҮГ-ын захирагчийн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/93, А/94 дүгээр захирамжаар ИЭЧГ ХХК-ийн эзэмших газрыг 1.3 га болгон багасгаж, газрын төлбөрийг 2.400.000 төгрөг байхаар тогтсон, хожим газар эзэмших эрхийг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/19 дүгээр захирамжаар хүчингүй болгосон үйл баримт тогтоогдсон байна.

Давж заалдах шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж газрын төлбөрийн зарим хэсгийг гаргуулсан нь хуульд нийцжээ.

Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Монгол улсын татвар нь албан татвар, хураамж, төлбөрөөс бүрдэх бөгөөд мөн зүйлийн 5.7-д “төрийн өмчийн газар, түүнчлэн газрын хэвлий, эрдэс баялаг, ой, ургамал, рашаан, усны нөөц ашиглуулсны, агаар, ус, хөрс бохирдуулсны, ан амьтан агнуулсны төлөө хувь хүн, хуулийн этгээдээс авч улс, орон нутгийн төсөв, тусгай зориулалтын санд төвлөрүүлж байгаа, мөнгөн хөрөнгийг төлбөр гэнэ.” гэж тодорхойлжээ.

Газрын төлбөр нь орон нутгийн татварт хамаарахыг мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 7.4.11-т заасан байна.

Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 3 дугаар зүйлийн 3.2, 3.2.1, Чөлөөт бүсийн тухай хуулийн /2002 оны/ 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан зохицуулалтын агуулгаас үзвэл чөлөөт бүсэд мөрдөгдөх татварын тусгай дэглэмийн эрх зүйн үндсийг тодорхойлж, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг Чөлөөт бүсийн тухай хуулиар зохицуулахаар байна.

Чөлөөт бүсийн тухай хуулийн /2002 оны/ 7 дугаар зүйлийн 7.1.10, 7.3, 16 дугаар зүйлийн 16.2-т зааснаар Чөлөөт бүсийн захирагч нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт газар эзэмших, ашиглах зөвшөөрөл олгож, энэ тухай захирамж гаргах эрхтэй бөгөөд энэ эрхийн хүрээнд АБЧБ УТҮГ-ын  захирагч ИЭЧГ ХХК-д газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргажээ.

Газрын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээ байгуулан газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, ...газрын төлбөр төлөгч байхыг, түүнчлэн газрын төлбөрийн орлогыг аймаг, нийслэл, сум, дүүргийн буюу орон нутгийн төсөвт оруулахыг Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл, 10 дугаар зүйлийн 10.1-д, газар эзэмших эрх бүхий этгээд газрын төлбөрийг тогтмол хугацаанд төлөх үүрэгтэйг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т тус тус заасан байна. Иймд хариуцагч ИЭЧГ ХХК нь гэрээний дагуу газрын төлбөрийг төлөх үүрэгтэй.

Давж заалдах шатны шүүх, 2010-2013 оны газрын төлбөр төлөгдсөн нь хэргийн баримтаар тогтоогдсон гэж үзэн, нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож, харин 2014-2015 оны төлбөрийг гаргуулсан нь үндэслэлтэй болжээ.

Нэгэнт газрын төлбөр нь татварын нэг төрөл тул Татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан татварын хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэгдэнэ.

Түүнчлэн дээрхи зүйлд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй гэж заасан нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.3-т заасан хуульд өөрөөр заагаагүй бол татвар... зэрэг захиргааны хууль тогтоомжоор зохицуулах ...харилцаанд энэ хууль үйлчлэхгүй гэсэнтэй утга нэгтэй байна.

Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т татвар нөхөн ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байхаар зааж, мөн зүйлийн 11.3-т хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолохыг тодорхойлжээ.

Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5-д зааснаар газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны дотор төлөх үүрэгтэй  бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс тоож эхлэнэ. Иймд хариуцагчаас 2014-2015 оны газрын төлбөрт нийт 9.880.000 төгрөг гаргуулсан нь хууль зөрчөөгүй гэж үзлээ.

Талууд анх гэрээ байгуулахад газрын төлбөрт зохих хөнгөлөлт үзүүлсэн нь тогтоогджээ. Тухайлбал, гэрээний 2.4, 2.5, 2.6, 2.7 дах заалтуудаас үзвэл 15 жилийн хугацааны газрын төлбөр 180.000.000 төгрөгөөс Чөлөөт бүсийн тухай хууль, Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар хөнгөлөлт үзүүлж, 54.000.000 төгрөгийг хасч 126.000.000 төгрөгөөс 1 жилд төлөх төлбөрийг тооцож 8.400.000 төгрөг болгосон  байна.

Нөгөө талаар Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2002 оны/ 5 дугаар зүйлийн 5.1-д “худалдаа, нийтийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс эхний 3 жилд газрын төлбөрөөс чөлөөлж, дараагийн 3 жилд 50 хувиар хөнгөлнө” гэж, 2015.02.12-ны өдөр батлагдаж хүчин төгөлдөр үйлчилж буй Чөлөөт бүсийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт худалдаа, аялал жуучлал, зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс чөлөөт бүсэд эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрөөс эхний таван жилд 100 хувь, дараагийн гурван жилд 50 хувиар хөнгөлөхөөр тус тус заажээ. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд  чөлөөт бүсийн газар эзэмшиж байгаа аж ахуйн нэгж нь үйл ажиллагаагаа эхлүүлсэн тохиолдолд газрын төлбөрөөс чөлөөлөх буюу хөнгөлөх бөгөөд хариуцагч ИЭЧГ ХХК нь тухайн газарт үйл ажиллагаа эрхэлж хөрөнгө оруулахаар гэрээ байгуулсан боловч ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байна. Иймд газрын төлбөрөөс чөлөөлөгдөх хуульд заасан нөхцөл бүрдээгүй гэж үзнэ.

Дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 777 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 173.030 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

             ШҮҮГЧ                                                           Г.АЛТАНЧИМЭГ