Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 84

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн даргаар Х.Түмэнчимэг,

улсын яллагч Л.Мажигсүрэн,

гэрч Ш.Цогтбаатар, О.Гансүх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Жаргалсайханы Сүхбатад холбогдох 201625030469 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1991 оны 6 дугаар сарын 29-нд Төв аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “Хандгай Зоо” ХХК-д туслах ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Төв аймаг Батсүмбэр сум, 1-р баг, Мандал үйлдвэрийн 1-4 тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Жаргалсайханы Сүхбат /РД-НБ91062914/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:Ж.Сүхбат нь 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Хэрэмлэг" гэх хамгаалалтын бүсийн ойгоос газраас 1.8 м.куб хэмжээтэй шинэс модыг хууль бусаар бэлтгэж, 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өөрийн эзэмшиж буй 2364 УБН улсын дугаартай цагаан өнгийн Делика маркын автомашинаар тээвэрлэн, байгаль орчинд 281.313 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсангэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Сүхбат мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ш.Цогтбаяр мэдүүлэхдээ: Хувь хүнд гэрчилгээ олгодог. Тухайн гэрчилгээ авах хүн нь Батсүмбэрт оршин суудаг бөгөөд түүний аав, ээж нь хотод сууж байвал аав, ээждээ түлээний зориулалтаар хот руу мод бэлтгэж хүргэхэд гэрчилгээ олгодог. Ингэхийн тулд Улаанбаатар оршин суух хорооны тодорхойлолт болон сумын засаг даргын тодорхойлолтоор түлээний модыг гаргаж болдог. Сүхбат гарал үүслийн гэрчилгээ аваагүй. Би 2015 оны 01 дүгээр сараас ажилд орсон тул өмнө авсан эсэхийг мэдэхгүй. Түлээний модыг засаг даргын зөвшөөрлөөр олгодог. Модны нас гэдэг нь тухайн мод хэдэн жил амьдарсаныг харуулдаг. Шилмүүст модны насыг 0-20 хүртэл зулзган мод гэж үздэг. Үүнийг 1 дүгээр анги гэж шинжлэх ухааны хэллэгээр хэлдэг. 21-40 хүртэл насны 2 дугаар анги, 41-60 хүртэл насны 3 дугаар анги гэж үздэг. Иймээс энэ мод нь насны 3 дугаар ангид орж байсан. Үүнийг жилийн цагирагаар тоолох аргаар тоолсон. Миний тогтоосон мод дун ангилалын буюу залуу мод байсан. 100-120 настай модыг хөгшин мод гэж үзэж болно. Надад ирсэн мод нь хожуул байсан. Тиймээс би ямар мод байсныг хараагүй. Миний тайлбарт модны уртыг буюу 0.1-2 метр модыг түлээний мод гэнэ гэсэн бөгөөд харин өргөнийг нь хэлээгүй. Стандарт дээр уг модны голч буюу диаметрийг заасан байгаа. Модны зориулалтыг нарийн тогтоож болно. Үзүүрийн голч нь 6-13 см хүртэл хэрэгцээнийх гэж үздэг бөгөөд үүнийг стандартаар нарийн тогтоож өгсөн байгаа. 2 мертрээр тайрсан модыг түлээний мод гэж ойлгож болно. Надад 3 ширхэг жижиг хожуул авчирч өгсөн бөгөөд би тэр хожуулын насыг л тогтоож өгсөн. Хожуул гэдэг нь жижиг тайрдас гэж ойлгож болно. Шүүгдэгчийн хууль бусаар бэлдсэн гэх модыг бүгдийг нарийвчлан тогтоож болно. Хэрэглээний мод гэдэг нь 2.2 метрээс дээш урттай модыг хэрэглээний мод гэнэ. Чанар хэмжээ гэдэг нь үзүүрийн диаметр нь 6 см-с доош байвал түлээнийх гэх бөгөөд 13 см-с дээш байвал хагас хэрэгцээ, 19 см-с дээш хэрэглээний мод гэж үздэг. Итгэлцүүр үнэлгээг үзүүрийн диаметрээр үнэлдэг. Хэрэглээний модыг 1.8-р түлээний модыг 1.4-р үнэлдэг. Хуурай модыг 2.2 метрээс  доош байвал итгэлцүүрийг 1.4-р үнэлдэг. Энгийнээр хэлвэл хөрөө раманд оруулаад банз болгож байгааг нь хэрэглээний мод гэж үнэлэж байгаа. Энэ хэрэг нь 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө гарсан уу, хойно гарсан уу гэдгээс хамаарч уг үнэлгээг хийнэ. 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гарсан учир түлээнийх гэж үзнэ. Мод бэлтгэх журам гэж байгаа. Үүнд унасан, хатсан модыг түлээний хэрэгцээнд хэрэглэнэ гэсэн тодорхойлолт байдаг. 2013 онд энэхүү мод бэлтгэх журам нь гарсан. Түлээний гоожин болон хэрэглээний гоожин нь өөр өөр байдаг. Унасан модыг авч байгаа тохиолдолд үүнийг экологид хохирол учруулсан гэж үзэхгүй. Мод бэлтгэх журмын дагуул энэ үнэлгээг хийнэ. Хэрвээ уг мод нь журамд зааснаар хэрэглээний мод гэж үзвэл хэрэглээний модны төлбөрийг, түлээний мод гэж үзвэл түлээний модны үнийг төлнө. Унасан модыг стандартад зааснаар 6 см-с доош байвал түлээнийх гэж үзнэ. Харин 6 см-с дээш голчтой байвал хагас хэрэглээний мод гэж үзнэ. Уг модыг өмхөрсөн, хагарсан эсэхээс шалтгаалан тогтоодог. Экологийн үнэлгээ тогтоохгүй. Экологийн үнэлгээг нойтон модон дээр гаргадаг. Би зөвхөн надад ирүүлсэн модны насжилтыг л тогтоосон. 6 см-с доош болвол түлээний мод, 6-13 см хүртэл хагас хэрэглээний мод гэж үздэг. Үүнээс гадна газар унасан унанг модыг түлээний мод гэж үзэх бөгөөд энэ мод нь 6 см-с дээш байж болно. Түлээний мод бэлтгэж тээвэрлэхийн тулд гарал үүслийн бичигтэй байх ёстой. Гарал үүслийн эрхийн бичгийг сум дундын ойн анги буюу манайх өгдөг. Энэ нь Батсүмбэрт оршин суудаг иргэн хотод байдаг ар гэртээ түлээний зориулалтаар мод тээвэрлэх бол үүнийг сумын засаг даргын зөвшөөрлөөр манайхаас өгдөг гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч О.Гансүх мэдүүлэхдээ: Хэрэмлэг гэдэг нь түймэрт орсон, хуурай, унаг мод ихтэй газар. Салхинд юм уу хөгширч газарт унасан, хугарсан модыг унаг гэж хэлнэ. Нэг айлд 8 кубээр гоожин бичдэг. Хуурай унаг модыг 1 метр гэж бичдэг. Босоо модыг унагахгүй гэж зааж өгдөг. Гоожин авахад нь тийм газраас унаг, хуурай мод авна шүү, босоо мод унагахгүй гэж зааварчилгаа хэлдэг. Унаг модонд унасан мод орно. Босоо мод унагахгүй гэж гоожин бичиж өгдөг. Цагдаагийн байгууллагатай хамтарч сургалт явуулж байсан. Сүхбатад шалгуул гэж хэлэхэд шалгуулаагүй явсан. Би Сүхбатад дүрэм зааврыг сайн хэлээд гаргасан. 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 1 гоожин авсан. Тэрнээс өмнө 1 удаа нийт 2 гоожин авсан. Ойн тухай хуулийн 31.4 дэх хэсэгт хууль бусаар мод бэлтгэвэл модыг хураан авч улсын орлого болгоод, 960.000 төгрөгийн торгох ял оногдуулахаар заасан байдаг. 1 метр мод бэлтгээрэй гэхэд Сүхбат 2 метрээр бэлтгэсэн байна. Үүнийг хууль бус гэж үзэж болно. Хот руу гарал үүслийн бичиггүй бол орох боломжгүй гэв.

Хохирогч Д.Батхуягийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай байгууллага нь Нийслэлийн ногоон бүсийг хариуцан ажилладаг юм. Тэгээд ойд учирсан хохирлын тооцоог нь гаргаж, зохих арга хэмжээг тооцон ажилладаг юм. Энэ хэргийн хувьд иргэн Ж.Сүхбат гэгч нь зохих зөвшөөрөлгүй 1,8м.куб мод тээвэрлэж явсан байна. Тэгээд уг модонд экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход 1,8м.куб хэмжээтэй мод зохих зөвшөөрөлгүй бэлтгэгдсэн байх ба 281.313 төгрөгийн хохиролыг улсын ойн санд учруулсан байна. Уг моднууд нь Шинэсний төрлийн хуурай мод байсан. Тухайн модны насжилт, төрөл зүйлийг тогтоох боломжтой. Харин яг хаана ургасан гэдгийг нарийвчлан тогтоох боломжгүй. Уг модны насжилт болон төрлийг томилогдсон шинжээч болон Ой судалгаа, хөгжлийн төвд хандан хийлгэж болно. Нийслэлийн ногоон бүсийн ашиглалт хамгаалалтын тухай журамд Нийслэлийн ногоон бүсийн байнгын оршин суугч иргэдэд түлшний зориулалтаар мод бэлтгэх эрхийн дагуу бэлтгүүлдэг. Уг бэлтгэсэн модыг Улаанбаатар хот руу тээвэрлэхийг хориглосон байдаг. Нийслэлийн ногоон хамгаалалтын бүсийн ойд хамаардаг.

Хамгаалалтын бүсийн ойд зам гүүр барих, ус эрчим хүч, холбооны шугам татах болон түүнээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргээлтийг дэмжихэд чиглэлдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялагийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан байдаг юм. Ийм учраас хэрэглээний модыг бэлтгэх нь хууль бусаар бэлтгэсэн гэж үзнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43х/,

 

Гэрч Л.Наранцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: " ...2016 оны 02-р сард өдрийг нь сайн санахгүй байна ямар ч байсан Цагаан сарын дараа манай гэрт манай нөхөр Одонбаярын холын хамаатан Гомбодорж гэдэг залуу орж ирсэн. Тэгээд манайд орж ирээд модонд яваад баригдчихлаа, та нэг гарал үүслийн бичиг өгөөч гэж хэлсэн. Тэгээд тухайн үед манай нөхөр мод шуудайлж зарж байсан, мөн манай урд айл мод шуудайлж зарж байсан учир гарал үүслийн бичиг байгаа гээд Гомбодоржид бичиг өгсөн. Гомбодорж тухайн үед гуйгаад байхаар нь манай нөхөр өгсөн. Гомбодорж саяхан цагаан сарын дараа л манайд модонд яваад баригдчихлаа гэж хэлж ирсэн.

Надад хаанаас мод бэлтгэсэн талаараа хэлээгүй. Модны гарал үүслийн бичиг хэрэгтэй байна гээд байсан. Манай нөхөр өөрийнхөө машинаа зараад үнэ хөлсөнд нь машины хоёр тэвш мод авахаар тохирсон юм. Тэгээд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас машин авсан хүн нь нэг том машины тэвш мод авчирч өгсөн. Манай нөхрийн машиныг худалдаж авсан хүн нь модоо гарал үүслийн бичигтэй нь авчирч өгсөн. Манай нөхөрт 2 ширхэг гарал үүслийн гэрчилгээ байгаа. Нэг нь машинаа зарсан модны гэрчилгээ, нөгөөх нь саяхан худалдаж авсан модны гэрчилгээ байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн44х/,

 

Гэрч Ш.Золжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: "...Би Ойн бүргэд ХХК-д 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн менежерийн албан тушаалд ажиллаж байна. Манай Ойн бүргэд зах 2000 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа байх. Манай компани 10 түрээслэгчтэй. Манай Ойн бүргэд захаас мод худалдаж авсан тохиолдолд дагалдах хуудас, зарлагын баримт олгодог. Дагалдах хуудсыг олгохдоо зарим тохиолдолд би өөрөө худалдаж авсан мод, модон материалыг нь өөрөө харж байгаад олгодог. Ихэнх тохиолдолд бол манай түрээслэгч нар надаас мод худалдаж авсан юм, дагалдах хуудас бичээд өгөөч гэж хэлээд бичүүлдэг. Манай түрээслэгч нар өөрсдөө худалдаагаа хийдэг тул шалгадаггүй.

...Тухайн дагалдах бичгийг хархад миний гараар бичсэн бичиг мөн байна. Энэ бичгийг би 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Балданжаргал гэдэг түрээслэгчид хийж өгсөн. Тэр өдөр л үйлдэж өгсөн гэсэн үг, өгсөн нь бол үнэн. Миний бичиг мөн байна. Үйлдсэн дагалдах хуудасны он нь 2015 он байна. Энэ бол миний ажлын хариуцлагагүй байдал байна. 2016 оны 01-р сараас хойш түрээслэгч Балданжаргалд би 1-2 удаа дагалдах бичиг хийж өгсөн үйлдэж олгосон дагалдах бичигт дурдагдсан модны тоо хэмжээг би өөрөө шалгаагүй. Тухайн этгээдийн тээвэрлэж явсан мод Балданжаргалын зарж буй мод мөн эсэхийг би мэдэхгүй. Түрээслэгчийн хэлсэний дагуу л бичдэг. Дагалдах бичгийг Балданжаргалд үйлдэж олгоход хамт нэг эрэгтэй хүн орж ирсэн. Тэр эрэгтэй өндөрдүү нуруутай, бордуу царайтай, 30 гаруй насны эрэгтэй хүн байсан. Одоо харвал сайн танихгүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46х/,

 

Гэрч Ш.Цогтбаярын мөрдөн байцаалтад өгсөн: Манай ойн сангийн хувьд түлшний мод бэлтгэхдээ орон нутгийн байгаль хамгаалагчаас зөвшөөрлийн авч мод бэлтгэнэ. Тухайн зөвшөөрлийн бичигт мод бэлтгэх талбайн нэрийг зааж өгдөг. Түлшний модны 1м.куб хэмжээний үнэ нь 3600 төгрөг байдаг. Манай ойн сангаас бэлтгэсэн модыг Улаанбаатар хот руу тээвэрлэх тохиолдолд манай байгууллагаас гарал үүслийн гэрчилгээ авна. Гарал үүслийн гэрчилгээний хүчинтэй хугацаа 300 км-т 2 хоног байдаг. Гэхдээ зөвхөн аж ахуй нэгжид олгоно. Хувь хүнд гарал үүслийн гэрчилгээ олгохгүй хориглосон байдаг. Аж ахуй нэгжийн хувьд бол худалдан борлуулж болно. Иргэн худалдаалахыг хориглоно. Ойн байгаль хамгаалагч нь түлээний мод бэлтгэх зөвшөөрлийн бичиг олгохдоо зөвшөөрлийн бичигтээ хаанаас бэлтгэх, модны хэмжээ, төрөл, зориулалтыг бичиж, хянаж шалгаж явуулах үүрэгтэй” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51х/

 

Гэрч О.Гансүхийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Батсүмбэр сумын 1 дүгээр багийн иргэн Ж.Сүхбат нь галын түлээний мод бэлтгэх гэсэн юм гэж хэлж орж ирсэн. Тэгээд иргэн Ж.Сүхбат нь бүхээгтэй Делика машинаар модоо тээвэрлэнэ гэсэн тул би 2м.куб хэмжээтэй мод бэлтгэх эрхийн бичиг олгосон. Иргэн Ж.Сүхбатыг Төв аймгийн Батсүмбэр сумын гуравдугаар багын нутаг дэвсгэр Хэрэмлэг гэдэг нэртэй газраас мод бэлтгэхийг хэлж өгсөн. Сүхбатад 1 метр хэмжээтэй унанги мод бэлтгэхийг хэлсэн. Учир нь Хэрэмлэг гэдэг газар нь 2012 онд Түймэрт шатаад ойн цэвэрлэгээ хийгдээгүй газар байдаг юм. Тэгээд Сүхбатад орой буцаад модоо тээвэрлэж ирэхдээ шалгуулаад явахыг хэлсэн. Би Сүхбатаас 2м.куб галын түлээний модны эрхийн бичгийн үнэ болох 8500 төгрөгийн хураан авсан. Тэгээд иргэн Ж.Сүхбатад 0207875 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг олгосон. Мод бэлтгэх, газар хэмжээг би өөрөө тогтоодог. Мод бэлтгэлийн газрыг Ойн ангийн гаргасан төлөвлөгөөний дагуу мод бэлтгэхийг зөвшөөрсөн газрыг зааж өгдөг. Хэрэмлэг нэртэй газар нь түймэрт шатаад хуурай модны нөөц ихтэй газар байгаа юм. Хэмжээг нь тухайн хүний хэрэглээ, тээврийн хэрэгсэл зэргийг нь харж байгаад бичиж олгодог юм. Нэг айлын галын түлээний хэрэглээ нь гэртэй айл 8.куб, байшинтай айл нь 16м.куб хэмжээтэй байдаг юм. Тухайн үед иргэн Ж.Сүхбат нь Делика машинтай явж байсан ба уг машинд ойролцоогоор 2м.куб хэмжээтэй мод багтдаг тул 2м.куб хэмжээтэй мод бэлтгэх зөвшөөрөл олгосон юм. Журмын дагуу бол ойн хамгаалагч ойгоо эргэж, байнгын шалгалт хийж байх ёстой. Зарим тохиолдолд мод бэлтгэж байгаа хүнтэйгээ хамт явж шалгана, боломжгүй тохиолдолд 2-3 хоногын дараа ойгоо эргэж шалгана, зарим тохиолдолд буцах замд нь шалгадаг. Ерөнхийдөө тухайн үеийнхээ нөхцөл байдлаас хамаарч шалгадаг. Би иргэн Ж.Сүхбатын бөлтгэсэн модыг шалгаагүй, тэрээр надад шалгуулаагүй явсан байсан. Иргэн Ж.Сүхбатад мод бэлтгэх эрхийн бичиг олгохдоо чи 1 метрийн урттай, унанги түлээний мод авах ёстойг сануулж явуулсан. Сүхбат нь 2 метрийн урттай мод бэлтгэж болохгүй, хэрэглээний мод болчихно гэдэг талаар сануулан хэлж байсан. Хэрэв Сүхбат нь унанги, 1м уртай хуурай мод бэлтгээгүй, өөрөөр бэлтгэсэн бол хууль бус болно шүү гэж хэлж байсан. Харин Сүхбат нь 2 метрийн урттай мод бэлтгэсэн бол мод бэлтгэх зөвшөөрлийн бичигт тусгагдсан стандартын дагуу хийгээгүй гэж үзэж хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ. Уг мод бэлтгэлийн эрхийн бичгээр бэлтгэсэн мод нь зөвхөн Төв аймгийн нутаг дэвсгэрт галын түлээний зориулалттай учир гадагш тээвэрлэгдэх ёсгүй. Угаасаа мод бэлтгэх эрхийн бичигний дээд хэсэгт гадагш тээвэрлэж болохгүй тухай зааж өгсөн байгаа. Түлээний мод бол зөвхөн түлэх зориулалтаар хэрэглэхээр 1 метрийн хэмжээгээр тайрсан, хуурай мод байх ёстой... Мод бэлтгэх эрхийг бичиг аваагүй, эрхийн бичигт бичигдсэн стандартын дагуу бэлтгээгүй, заасан буюу зөвшөөрсөн газраас өөр газарт бэлтгэсэн бол хууль бус гэж үзнэ. Мод бэлтгэлийн эрхийн бичигт заагдсан хэмжээнд хүрээгүй бол хэмжээ дутуу байгааг иргэн хэлнэ. Тэгээд үлдэгдэл модоо бэлтгэж авахыг хүсвэл дахин эрхийн бичиг олгоно. Харин эрхийн бичигт заагдсан хэмжээнээс хэтэрсэн бол хууль бус гэж үзэж, илүү хэмжээгээр бэлтгэсэн модыг хураагаад ойн ангид шилжүүлэн шалгуулна. Ойн анги бэлтгэсэн модыг шалгаж үзээд хүлээлгэх хариуцлагыг тодорхойлдог” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57х/

 

Гэрч М.Туулын мөрдөн байцаалтад өгсөн: “… 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр манай нөхөр Сүхбат галын түлээний бага зэрэг мод бэлтгээд ирье гээд гэрээсээ өөрийнхөө машинтай гарсан. Тэгээд надаас модны гоожингийн мөнгө аваад явсан. Тэгээд орой 17-18 цагийн үед ирсэн. Тэгээд хашаандаа машиндаа ачиж ирсэн модоо буулгасан. Манайх уг модноос бага зэргийг гал асаахдаа түлсэн. Тэгээд 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр манай нөхөр хашаандаа байсан модоо ачаад Улаанбаатар хот руу явсан байсан. Тухайн үед намайг банк руу явсан байх хооронд ачаад явчихсан байсан. Тэгээд 2016 оны 02 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө цагийг нь сайн санахгүй байна, миний утас руу залгаад цагдаа дээр байна, цагдаад баригдчихсан гэж хэлсэн. Надад уг модоо хаанаас бэлтгэсэн талаараа хэлээгүй. Хархад нарийн, бөөрөнхий моднууд л ачиж ирсэн байсан. Мод ачиж ирсэн өдрөө машин нь болохгүй байна, Улаанбаатар орж засуулна гэж байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 49х/

 

Гэрч Н.Уранбилгүүний мөрдөн байцаалтад өгсөн: “…Манай нөхөр Ж.Гомбодорж надад хэлэхдээ дүү Сүхбатыг Улаанбаатар хот руу орж явахад нь тосож аваад хамт явж байгаад цагдаад баригдсан гэсэн. Тухайн үед Сүхбат мод ачаад явж байсан гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52х/

 

Гэрч С.Төвшинтөгсийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 19 цагаас 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 09:00 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2077 УНҮ улсын дугаартай автомашинтай, цагдаа жолооч Ө.Бум-Эрдэнийн хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн цагдаа зохицуулагч С.Мөнхтөрийн хамтаар зам дээр тээврийн хэрэгсэлийн жолооч болон ачаа, тээшинд үзлэг хийж байхад 23 цаг өнгөрч байхад сэжиг бүхий цагаан өнгийн 2364 УБН улсын дугаартай Делика машиныг зогсоож шалгасан. Тухайн машиныг зогсоож шалгахад Төв аймгийн Батсүмбэр сум, үйлдвэрийн 1-4 тоотод оршин суух хаягтай Жаргалсайхан овогтой Сүхбат гэдэг эрэгтэй, мод тээвэрлэж явсан. Тэгээд Ж.Сүхбат тухайн үед жолоочийн үнэмлэхгүй явж байсан ба, цагаан өнгийн Делика машины бүхээгт ачсан модны гарал үүслийн бичгийг асуухад байхгүй байсан. Тэгээд хууль бусаар мод тээвэрлэж байж болзошгүй байсан учир тээврийн хэрэгсэлийн бичиг баримтыг нь хурааж Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн ахлах офицерт хүлээлгэж өгсөн. Тухайн үед гадаа харахуй байсан гар чийдэн тусгаж хархад машины бүхээг дүүрэн, 2 орчим урттай нарийн моднуудыг ачсан байсан. Тоог нь тодорхой гаргаагүй жолооч болон тээврийн хэрэгсэлийн хамт жижүүрийн ахлах офицерт хүлээлгэж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 53х/

 

Сэжигтэн Ж.Гомбодоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр би Барс зах дээр өөрийнхөө 2376УНУ улсын дугаартай Старекс машиндаа Төв аймгийн Батсүмбэр сумд амьдардаг Мөнхбат гэдэг хүний барааг ачиж байхад Барс зах хаах болчихсон 17-18 цагийн үед миний 99034273 гэсэн дугаар РУУ Сүхбат 94487872 гэсэн дугаараас би хот руу ирж явж байгаад даваан дээр машин болохгүй болчихлоо гэж ярьсан. Тэгээд би Барс захаас 18 цагийн үед гараад модны хоёрын орчимд Од кино театрын урд зүгт замынхаа баруун талд байрны гадна талд тавьсан. Тэгээд замаас такси бариад Гүнтийн даваа руу Сүхбат руу явсан. Тэгээд 22 цагийн орчимд очсон. Тухайн таксины хүнтэй 20000 төгрөгөөр тохироод явсан. Тэгээд машин өөдөө гарахгүй болхоор нь мөнгөө өгөөд буцаасан. Тэгээд Сүхбат руу алхаж очсон. Тэгээд намайг очход давааны орой дээр Сүхбатын машин 1-р араандаа ороод гацчихсан байсан. Тэгээд би Сүхбатыг машиныг 1 цаг орчим зассан. Тэгээд машин нь зүгээр болоод Сүхбатын хамтаар Улаанбаатар хот руу явсан. Тэгээд Улаанбаатар хот руу ороод явж байгаад замын цагдаагийн постны ойролцоо цагдаа зогсоогоод зогссон. Тэгээд цагдаагийн хэлтэст ирсэн. Уг мод нь урьд нь Сүхбатын хашаанд байсан. Би хэзээ Надад хэлэхдээ орон нутгийн гоожин авсан гэж ярьж байсан. Би өөрийн танил ах Нямрагчааг нэг мод худалдаж авсан бичиг олоод өгөөч гэж хэлсэн. Тэгсэн чинь Нямрагчаа ах хэрэг болсоны дараа уг бичгийг олж өгсөн.

Би Сүхбаттай мод бэлтгээгүй, тээвэрлээгүй. Би тухайн өдөр Мөнхбат гэдэг хүний дэлгүүрийн барааг нь ачаагүй. Тухайн өдрийн өглөө Мөнхбат гэдэг хүний дэлгүүрийн барааг ачина гээд Улаанбаатар хот руу явсан юм. Тэгээд Барс зах дээр очоод байж байхад ... Мөнхбатын мөнгө бүтэхгүй болоод тухайн өдөр бараагаа ачаагүй юм. Тэгээд би машинаа модны хоёрт Од кино театрын хажууд байрны гадаа тавьчихаад танил хэдэн хүмүүстэй бага зэрэг архи уусан юм. Тэгээд архи уучихсан байсан учир машинаа үлдээчихээд Сүхбат руу таксигаар явсан юм. Би Сүхбатыг хэрэгт орчихоор нь хүмүүсээс асуусан чинь гарал үүсэл байвал болдог гэхээр нь танил хүмүүсээсээ гуйж байгаад гарал үүсэл авсан. Мөн Улаанбаатар хотоос мод худалдаж авсан гэсэн бичиг байвал болдог гэж хэлхээр нь бас таньдаг хүнээсээ асууж байгаад модны бичиг олсон юм. Тухайн үед дүү Сүхбатын хэргийг гайгүй шийдүүлэх гээд өөр өөр мэдүүлэгүүд өгөөд байсан юм. Намайг очих үед Сүхбат ганцаараа явж байсан. Сүхбат өөрөө машинаа сайн мэддэггүй юм. Сүхбатын машин хуучин машин учир эвдрээд байдаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 70х/

 

ЯллагдагчЖ.Сүхбатын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би надад сонсгож байгаа ял, хуулийн зүйл хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Би 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Ойн байцаагч Гансүхээс түлээний модны зөвшөөрөл авсан юм. Тэгээд Гансүх ойн байцаагчаас 8500 төгрөгеөр гоожин авсан. Тухайн үед би түлээний бага хэмжээний мод бэлгэх гээд ганцаараа явсан юм. Тэгээд Төв аймгийн Батсүмбэр сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрладаг сумын төвөөсөө зүүн хойд зүгт 30 орчим киломөтр зайд байрладаг Хэрэмлэг гэдэг нэртэй газраас мод бэлтгэсэн. Тэгээд уг газраас тоог нь санахгүй байна, цасны дээд хэсгээр харагдаж байсан унанги болон босоо хуурай модыг би өөрийнхөө цахилгаан хөрөөгөөр тайрсан.. Тэгээд машиныхаа кабины уртын хэмжээнд буюу 2 метрээр модоо тайраад уулын уруу өнхрүүлээд уулын доод хэсэгт байсан машиныхаа кабиныг нь дүүргэсэн. Тухайн үед би ганцаараа явж байсан учир нарийн мод ихэвчлэн бэлтгэсэн. Тэгээд машиныхаа кабиныг дүүргэчихээд буцаад пэр рүүгээ явсан. Тэгээд гэртээ очоод хашаандаа уг модоо буулгасан юм.

Тэгээд уг модоо хашаандаа буулгачихаад зарим хэсгийг нь нүүрсний хамтаар түлж байсан. Тэгээд 2016 оны 02 дугаар cap гараад цагаан сарын дараа миний машины мотор доголдоод эвдэрсэн. Тэгээд би Улаанбаатар хотруу явж машинаа янзлуулъя гэж бодсон. Тэгээд машинаа янзлуулах далимдаа уг модыг зараад мөнгө болгочихъе гэж бодоод машиндаа ачсан. Тэгээд машинаа янзлуулах гээд 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Батсүмбэр сумаас гарсан. Тэгээд Батсүмбэр сумаас гараад төв замаар явсаар Улаанбаатарын хойд талаас Гүнтийн зуслангаар давж орж ирсэн. Тухайн үед Гүнтийн даваагаар даваад бага зэрэг явж байхад миний машин гэнэт араандаа орохоо больчихсон. Тэгээд би машинаа зогсоочихоод цагийг нь сайн санахгүй байна ах Гомбодорж руу Гүнтийн даваан дээр гарч ирээд машин араандаа орохгүй больчихлоо, та хүрээд ир гэж ярьсан. Тэгсэн чинь ах Гомбодорж зах дээр явж байна, энэ ажлаа дуусгаад очино оо гэж хэлсэн. Тэгээд би хүлээгээд байж байхад ах Гомбодорж нилээн орой 22 цаг енгөрөөгөөд Гүнтийн даваан дээр ирсэн. Тухайн үед надад хэлэхдээ такси өөдөө гарсангүй гэж байсан. Тэгээд ах Гомбодоржийн хамтаар машинаа 2-3 цаг янзалсан. Тэгээд хос тросонд нь мөс ороод гацчихсан байна гэсэн. Тэгээд машинаа янзалчихаад ах Гомбодоржийн хамтаар Гүнтийн даваанаас уруудаад зам руу ороод явж байхад алаг машинтай цагдаа нар зам дээр зогсоосон. Тэгээд цагдаагийн газарт ирсэн. Би өөрийн мод бэлтгэсэн газраа зааж өгч чадна. Би уг модыг ганцаараа бэлтгэсэн...Тухайн үед би ганцаараа байсан учир хурдан бэлтгэхийн тулд уртаар нь машиндаа багтах хэмжээгээр тайрсан юм... Миний хөрөө манай гэрт байгаа. Би модыг Улаанбаатар хот руу зөөвөрлөх дөө ямар нэгэн зөвшөөрөл аваагүй. Уг модоо бэлтгэхдээ гоожин авсан учир болох байх гэж бодсон юм. Би 2016 оны 02-р сарын 16-ны өдөр ганцаараа ачсан. Би Улаанбаатар хот руу ороод модны зах руу очоод мод авах хүн олоод зарна гэж бодоод явж байсан. Би Гүнтийн даваагаар даваад орвол ойрхон гэж бодоод энэ замаар ирсэн юм. Өөр ирэх зам байдаг. Би Гомбодорж ахын хамт урьд нь энэ замаар 1-2 удаа явж байсан. Би өөрөө айж сандраад буруу, зөрүү мэдүүлэгүүд өгчихсөн юм. Уг асуудал бол миний буруу, би өөрийн буруугаа хүлээж байна. Би өөрөө мод ачиж яваад баригдсан нь үнэн. Би одоо болсон хэргийн талаар үнэн зөв байцаалт өгч байна аа. Энэ хэрэгт хамааралгүй олон хүнийг оролцуулсан нь миний буруу. Би мод бэлтгэчихээд буцаад явахдаа ойн байцаагчид шалгуулаагүй. Би харанхуй болсон хойно уулнаас бууж ирсэн учир шалгуулаагүй юм. Ойн байцаагч тухайн үед надад Хэрэмлэгээс мод хийгээрэй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 74-75х/

 

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 18-19 х/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 21х/, модны экологи-эдийн засгийн үнэлгээ /хх-ийн 24х/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 34х/

 

Хавтаст хэргээс гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9х/, /хх-ийн 29-31х/, экологи эдийн засгийн үнэлгээ /хх-ийн 24х/, мод бэлтгэх зөвшөөрлийн эрхийн бичиг /хх-ийн 113х/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80х/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ж.Сүхбат нь 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Хэрэмлэг" гэх хамгаалалтын бүсийн ойгоосгалын түлээний мод бэлтгэх зорилгоор хуурай унанги модыг 2м.куб хэмжээтэй бэлтгэх зөвшөөрлийг зохих албан тушаалтнаас авсан атлаа, зөвшөөрлийн дагуу бэлтгэхгүй ургаа модыг тайрсан, мод бэлтгэх монгол улсын стандартад заасан журмын дагуу бэлтгээгүй буюу зохих зөвшөөрөлгүй 1.8 м.куб хэмжээтэй шинэс модыг хууль бусаар бэлтгэсэн, улмаар 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өөрийн эзэмшиж буй 23-64 УБН улсын дугаартай цагаан өнгийн “Мицибуши Делика” маркийн тээврийн хэрэгсэлээр борлуулах зорилгоор зохих байгууллагаас зөвшөөрөл авалгүй тээвэрлэж байгаль орчинд 281.313 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад /хх-ийн 74-75х/ өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Батхуягийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-43х/, гэрч Л.Наранцэцэг /хх-ийн 44х/, Ш.Золжаргал /хх-ийн 45-46х/, Ш.Цогтбаяр /хх-ийн 50-51х/, О.Гансүх /хх-ийн 56-57х/, М.Туул /хх-ийн 49х/, Н.Уранбилгүүн /хх-ийн 52х/, С.Төвшинтөгс/хх-ийн 53х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Ж.Гомбодоржийн мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 70х/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 18-19 х/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 21х/, модны экологи-эдийн засгийн үнэлгээ /хх-ийн 24х/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 34х/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-31х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Ж.Сүхбатыг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэснээс байгаль орчинд бага бус хэмжээний хохирол учруулан ойн тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ж.Сүхбатаас  гэм хорын хохиролд нийт 281.313 төгрөгийг /хх-ийн 24х/ гаргуулж, Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газарт олгох нь зүйтэй байна.

 

“Мицибуши Делика” маркийн 23-64 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр Ж.Сүхбат нь зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 54 ширхэг 1.8м/куб хэмжээтэй шинэс модыг зохих зөвшөөрөлгүй тээвэрлэсэн байх ба уг тээврийн хэрэгслийг гэрч Ц.Бэгзжав /хх-ийн 59х/, Б.Оюундаш /хх-ийн 54х/ нарын мэдүүлэг, Ж.Гомбодоржийн мэдүүлэг, Чингэлтэй дүүргийн улсын бүртгэл, статистикийн хэлтсийн албан бичиг /хх-ийн 125х/ зэргийг үндэслэн Ж.Сүхбатын эзэмшлийн тээврийн хэрэгсэл гэж үзэв. Иймд дээрхи гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хураах нь зүйтэй байна. Мөн энэ гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан 1 ширхэг хөрөөг тогтоол хүчин төгөлдөр болмогц хураан авч устгав.

 

            Ж.Сүхбатад ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Жаргалсайханы Сүхбатыг зохих зөвшөөрөлгүйгээр ойд шинэс модыг хууль бусаар бэлтгэсэн, тээвэрлэсэний  улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар Ж.Сүхбатад 1/нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ж.Сүхбатын эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Сүхбатаас нийт 281.313 / хоёр зуун наян нэгэн мянга гурван зуун арван гурав/ төгрөгийг гаргуулж, Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газарт олгосугай.

 

5.Ж.Сүхбат нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн Ж.Сүхбатын эзэмшлийн 00612772 тээврийн хэрэгслийн гэрчилгээний дугаартай P35W0704857 арлын дугаартай “Мицибуши Делика” маркийн 23-64 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэл, мөн 54 ширхэг 1.8м/куб хэмжээтэй шинэс модыг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц хураан авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, улсын орлого болгосугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хөрөөг тогтоол хүчин төгөлдөр болмогц хураан авч устгасугай.

 

8. Ж.Сүхбатад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тооцсугай.

9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Сүхбатад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ