Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 334

 

 

 

 

 

 

2020 оны 5 сарын 18 өдөр

           Дугаар  128/ШШ2020/0334

              Улаанбаатар хот

                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,

Нэхэмжлэгч: О.Б

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг дарга,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба,

Гуравдагч этгээд: Ө.Б

Гуравдагч этгээд: Д.Г

Гуравдагч: Б.Н

Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн Газрын албаны 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр иргэн О.Б нэрээр бүртгэгдсэн кадастрын мэдээллийг өөрчилсөн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Газрын албанд гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийн дагуу эзэмшүүлэх захирамж гаргахыг хариуцагчид даалгуулж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/423 дугаар “Газар эзэмшүүлэх эрх баталгаажуулах тухай” захирамжийн иргэн Ө.Бд, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/340 дүгээр захирамжийн иргэн Ө.Б, Д.Г нарт холбогдох хэсэг, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/24 дүгээр захирамжийн Б.Нд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн “Иргэдэд газар өмчлүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн иргэн Ө.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, гуравдагч этгээд Ө.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Б, Б, гуравдагч этгээд Д.Г, Ө.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, гуравдагч этгээд Б.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Б нь Хан-Уул дүүрэг 7-р хороо, Жаргалантын гудамж тоот хаягт олон жил амьдарч ирсэн бөгөөд тус тоот хаяг бүхий 852 м.кв бүхий газрын өмчлөгчөөр түүний ах О.Б байсан бөгөөд 2005 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нас барсан байдаг. Нэхэмжлэгчийн хувьд 2004 онд Япон улсруу яваад 2008 онд Монгол улсдаа ирсэн бөгөөд ахынхаа өмчилж байсан газрыг өөрийн нэр дээр шилжүүлэх хүсэлтийг 2008 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хороон даргын цохолттойгоор дүүргийн Газрын албанд гаргасан бөгөөд уг хүсэлтийн хамт дунд ах болох О.Б-н хүсэлтийг мөн хавсарган өгсөн байдаг.

Өөрийн төрж өссөн, эцэг эхийн минь амьдарч гал голомтоо бадрааж байсан газрыг уг хашаа, байшингаа харуулахаар өөрийн найз Г.Н танил Ө.Б гэгч хүн, түүний гэр бүлийн хүн болон олон нялх хүүхдийг нь өрөвдөж хаягтаа бүртгүүлж, амьдруулсан нь хашаа байшин газраа зүгээр өгөх гэсэн үг биш бөгөөд эзэнтэй хамгаалуулах, хүнд туслах гэсэн санаатай байсан. Хариуцагч байгууллагуудаас газрыг өмчлөгч О.Б-ын төрсөн дүү нар нь амьд сэрүүн байсаар байхад ахын минь нэр дээр байсан газрын мэдээллийн санд орсон зургийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр санаатайгаар өөрчилж, хашааг харж байя гэсэн Ө.Б гэгч хүнийг тус хашаанд олон жил амьдарсан гэх шалтгаанаар иргэн миний эрхийг зөрчиж үндэслэлгүйгээр 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 4/423 дугаар Газар эзэмшүүлэх эрх баталгаажуулах тухай захирамжийг гаргаж, улмаар 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/340 дүгээр захирамжаар газрыг 2 хуваан иргэн Ө.Б, Д.Г нарын нэр дээр эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 32 дугаар зүйлийн 32.3.5-д “Бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” гэж заасныг тус тус зөрчсөн.

Иргэн миний хувьд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-д “энэ хуулийн 520.1.1-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ” гэж зааснаар хууль ёсны өвлөх эрхтэй байхад уг эрхийг маань зөрчсөн.

Түүнчлэн 2008 онд шилжүүлэн авах хүсэлтээ гаргасаар байхад түүнийг шийдвэрлээгүй атлаа манай ахтай ямар ч холбоогүй хүнд түүний өмчлөлийн газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хуульд заасан эрх хэмжээ байхгүй гэж үзэж байна.

Учир нь ах О.Б-ын нэр дээр өмчлүүлэх шийдвэртэйгээр кадастрын мэдээллийн санд орсон мэдээллийг хууль бусаар бусдад эзэмшүүлэх зорилгоор дүүргийн газрын алба, Засаг даргаас нь дээрх шийдвэрүүдийг гаргаж байгаа нь Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд халдсан үйлдэл гэж үзэж байна.

Энэхүү асуудлаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан бөгөөд иргэн миний гомдлоор Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 02-04-128/836 дугаар дүгнэлт гаргасан бөгөөд тус дүгнэлтээр хариуцагч байгууллагын явуулсан үйл ажиллагааг хууль зөрчсөн гэдгийг тогтоож өгсөн байдаг.

            Тус дүгнэлтээс үзэхэд эдгээр шийдвэрүүдийг гаргахдаа хариуцагч байгууллага, нэхэмжлэгчээс гаргасан хүсэлт болон иргэн О.Б-ын газар өмчлөлийн баримт бичгийг устгасан байх магадлалтайгаар үйл ажиллагааг явуулсан гэх хардлагыг илт төрүүлж байгаа бөгөөд үүнийгээ хамгаалсан бичгийг 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 16/942 дугаар албан бичгээр маш тодорхой харагдаж байна.

Өөрөөр хэлбэл газрын алба нь 2008 онд ах О.Б-ыг нас барсан гэх бүртгэлтэй байх ба 2016 он хүртэлх албаны бүртгэлд түүний өв залгамжлагчийн талаар ямар нэг бүртгэл байхгүй байгаа нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-д заасан нөхцөл бүрдсэн гэж тодорхойлсон нь бусдад газар эзэмшүүлэх ажиллагааг хуулийг зөрчиж өөрсдийн хуулиар олгосон эрх хэмжээг хэтрүүлэх байдлаар нэхэмжлэгчийг эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэж үзэж байна.

Эцэст нь газрын албанаас өмчлөх эрхтэйгээр олгогдсон газрын мэдээллийн санг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр засвар оруулж өөрчилж, дүүргийн Засаг даргаас бусад эзэмшүүлэх шийдвэр гаргаж улмаар дахин газрыг нь хувааж өөр иргэнд өгсөн нь холбогдох хууль тогтоомж зөрчиж, нэхэмжлэгчийн эрхэд халдсан тул Хан-Уул дүүргийн газрын албаны 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр иргэн О.Б-ын нэрээр бүртгэгдсэн кадастрын мэдээллийг өөрчилсөн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, 2008 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр газрын албанд гаргасан хүсэлтийн дагуу эзэмшүүлэх захирамж гаргахыг хариуцагчид даалгуулж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/24 дүгээр захирамжийн иргэн Б.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/423 дугаар “Газар эзэмшүүлэх эрх баталгаажуулах тухай” захирамжийн иргэн Ө.Б-д, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/340 дугаар захирамжийн Ө.Б, Д.Г нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дүүргийн Засаг даргын захирамжаар иргэн О.Бын нэр дээр газар эзэмших, ашиглах эрх олгож байгаагүй. Дүүргийн Засаг даргын 2016 оны А/423 дугаар захирамжаар иргэн Ө.Бд газар эзэмших эрх олгосон шийдвэр нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Иргэн О.Б нь 2008 онд нас барсан гэх бүртгэлтэй байх ба 2016 он хүртэлх тус албаны бүртгэлд түүний өв залгамжлагчийн талаар ямар нэгэн бүртгэл байхгүй тул Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасан нөхцөл бүрдсэн. Мөн 2016 онд хорооны Засаг даргын Ө.Б нь уг тоот хашаанд олон жил амьдарч байгаа тухай тодорхойлолт зэргийг үндэслэн дүүргийн Засаг даргын шийдвэр гарч, холбогдох бүртгэл хийгдсэн байна.

Газрын албаны мэдээллийн санд иргэн О.Б-ын нэрээр бүртгэгдсэн байгаа ч Засаг даргын захирамжийн сангаас О.Б-ын нэр болон регистрийн дугаараар шүүж үзэхэд түүний нэр дээр гарсан захирамж байхгүй байгаа. Тухайн үед газрын мэдээллийн санг анх нэгдсэн журмаар хийж байсан үе тул  тухайн хашаанд амьдарч байсан иргэдийн нэрээр бүртгэл үүсгэж явж байсан байдаг.

2008 оноос хойш иргэн О.Б-аас газар хүссэн өргөдөл тус дүүргийн газрын албанд бүртгэгдээгүй, тийм зүйл байхгүй. Газрын албанаас 2016 онд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасныг үндэслээд н.Б гэдэг хүн нь 2008 онд нас барсан гээд өв залгамжлал нь тодорхойгүй учраас захирамж шийдвэр гарсан байдаг” гэв.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д заасны Дагуу дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг иргэн, аж ахуй нэгж байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэдэг.

Иргэн Ө.Б газар эзэмшихтэй холбоотой хүсэлтийг дүүргийн Газрын алба судлан 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу дүүргийн Засаг дарга 2016 оны А/423 дугаар захирамжаар эзэмшүүлэн, улмаар иргэн Ө.Б 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/340 дүгээр захирамжаар маргаан бүхий газрын талыг бусдад шилжүүлсэн байна. Нэхэмжлэгч О.Б 2008 оноос 2019 он хүртэл дүүргийн Засаг даргад хандаж газар эзэмших хүсэлт ирүүлж байгаагүй” гэв.

            Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Ө.Бд Хан-Уул дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт Жаргалант - тоот хаягт 14 жилийн хугацаатай Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 340 тоот захирамжаар 350 м.кв газар эзэмших эрх олгосон байна.

2018 онд өөрийн өргөдөл дээрээ хорооны засаг даргын тодорхойлолт хийлгэж эрх бүхий байгууллагаар кадастрын зураг хийлгүүлж хүсэлт гаргасны дагуу дүүргийн газар зохион байгуулагч судлан үзэж Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны А/244 тоот захирамжаар “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 7.З дахь заалтын дагуу тус газрыг өмчлүүлэх тухай шийдвэр гаргасан.

Тус дүүргийн 2017 оны 340 дүгээр захирамжийг үндэслэж Нийслэлийн Засаг даргын 244 дүгээр захирамж гарсан. Нийслэлийн Засаг даргын 244 дүгээр захирамж нь хууль зөрчөөгүй. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар өргөдөл гаргасан жагсаалт байгаа. Түүний дагуу өргөдлөө өгөөд тухай газрыг өмчилж авсан. Хавтаст хэрэгт Ө.Б хувийн хэрэг хуулбар хувиараа авагдсан. Түүнд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар бичиг баримтыг бүрдүүлж авсан гэдэг нь тогтоогдоод байгаа. Үүнтэй нэхэмжлэгч тал маргахгүй байна. Хавтаст хэрэгт болон нэхэмжлэгч талын тайлбар, дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын тайлбараар тухайн газрыг эзэмшээгүй, ашиглаагүй этгээд зөвхөн иргэн хоорондын харилцаагаар дүүргийн Засаг даргын захирамжийг буруутгаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Иргэд дүүрэг болон Нийслэлийн Засаг даргын захирамжаар эрхийн гэрчилгээний үндсэн дээр тухайн газрыг ашиглах ёстой байсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар О.Б нь О.Бын нэр дээр байгаа өргөдөл, хүсэлт, тухайн газрыг эзэмшиж, ашиглах ямар нэгэн хүсэлт байгаагүй. Тэгэхээр дээрх нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан дүүрэг болон Нийслэлийн Засаг даргын захирамжид иргэн О.Б-ын хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй байна. Ө.Б, Д.Г нар нь тухайн газарт бодитоор амьдран сууж байгаа тухай Хорооны Засаг даргын тодорхойлолт нь байгаа. Иймд маргаан бүхий захирамжууд нь О.Быг эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”

Гуравдагч этгээд Ө.Б, Д.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ө.Б нь 2010 оноос хойш Хан-Уул дүүргийн 7-р хороо, Жаргалантын гудамж тоот хаягт байрлах хашаанд амьдарч эхэлсэн ба 2013 онд дүүргийн газрын албанаас хүмүүс ирж нүү гэсэн шаардлага тавьж байсан. Тухайн үед Хан-Уул дүүргийн газрын албанд очиж уулзахад “Та оршин суугаа газраа эзэмшиж авахгүй бол цаашид амьдарч болохгүй, улсын газар албадан чөлөөлнө, эзэмшиж авах бол материал бүрдүүлж өргөдөл гаргах шаардлагатай” гэж хэлсэн ба түүнээс хойш зохих журмын дагуу холбогдох материалыг бүрдүүлж 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн газрын албанд өргөдөл гаргасан. Ө.Бын өргөдлийг Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 10 сарын 17-ны өдрийн 423 дугаар шийдвэрийг үндэслэн 1863530 нэгж талбарын дугаартай 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон. Ө.Б нь газрыг эзэмшиж байх хугацаандаа 2017 онд газрыг 2 хувааж 350 м.кв газрыг Даваахүүгийн Гэрэлтуяад шилжүүлсэн ба хүсэлтээ зохих журмын дагуу гаргаж шийдвэрлүүлсэн болно. Одоо тус газрууд тус тусдаа хашаатай, тус тусдаа гэрчилгээтэй, хууль ёсны өмчлөгчтэй байгаа.

Ө.Б нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-т " Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшээгүй иргэний энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар өмчилж авахыг хүссэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарагдаж байгаа бөгөөд уг газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан дарааллын дагуу үнэгүй өмчилж авах” гэж заасныг үндэслэн Хан-Уул дүүргийн газрын албанд өргөдөл гаргасан ба Нийслэлийн засаг даргын 2018 оны А/244 дүгээр захирамжаар түүнд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн болно. Төрийн эрх бүхий байгууллагын ажиллагаа нь ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч О.Б нь 2008 онд газар эзэмших хүсэлт гаргасан гэх боловч энэ тухай баримт байхгүй, хэрэв газрын албанд хүсэлт гаргаж байсан бол Ө.Бд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх шийдвэр гаргахгүй байсан. Бд 2008 оноос хойш 2016 он хүртэл газар эзэмших хүсэлт гаргах, газрын алба, дүүргийн засаг даргад хандаж асуудлаа шийдвэрлүүлэх боломж хангалттай байсан. Иймээс бусдын эзэмшил ашиглалтад шилжээгүй, бусдын газартай давхцалгүй газрыг төр өөрийн эрх хэмжээний хүрээнд холбогдох хууль тогтоомжийг үндэслэн Ө.Бд өмчлүүлсэн нь хууль зөрчөөгүй.

2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр А340 дугаар захирамжаар Д.Гд 350 м.кв газрыг, Ө.Бд 350 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэр гарсан. Засаг даргын шийдвэр нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй. О.Бын хувьд газар эзэмшиж, өмчилж байсан гэх ямар нэгэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар газрыг хуульд заасан зориулалт, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан байгаа. Тэгэхээр өнөөдрийн байдлаар хавтаст хэрэгт ямар нэгэн гэрчилгээ байхгүй. Мөн холбогдох Засаг даргын шийдвэр, захирамж гараагүй байгаа гэдэг нь хангалттай нотлогдсон гэж үзэж байна.

Кадастрын зураглалыг газар эзэмших захирамж гарсны дараа газрын мэдээллийн санд оруулдаг гэдэг нь Газар эзэмших, ашиглах, эрхийн гэрчилгээ олгох журамд зааснаар тодорхой байна. Тэгэхээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гараагүй байхад н.Б хэрхэн кадастрын мэдээллийн санд мэдээлэл нь орсон гэдэг нь одоо хүртэл тодорхойгүй. Энэ талаар ямар ч баримт материал хэрэгт байхгүй. О.Б газар өмчилж, ашиглаж, эзэмшиж байсан юм бол тэр тухай эрхийн бичиг баримтууд нь хаана байгаа юм бэ. Байхгүй байж эзэмшиж, өмчилж байсан гэдэг зүйлийг яриад байгаа. 2008 онд О.Б нь газрын албанд өргөдөл гаргасан гэж яриад байгаа нь үндэслэлгүй. Энэ тухай нотлох баримт байхгүй учраас тухайн өргөдлийг гаргасан гэж үзэх боломжгүй.

Д.Г нь 2017 оны 6 сарын 29-ний өдөр Ө.Бтай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 7-р хороо, Жаргалантын - хаягт байрлах газрын тал хэсэг болох 350 м.кв газрыг шилжүүлж авсан. Улмаар тус газар нь Хан-Уул дүүргийн 7-р хороо, Жаргалантын -а тоот хаягтай болгож өөрчлөн Хан-Уул дүүргийн засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/340 дугаар захирамжаар Д.Гд эзэмшүүлэх шийдвэр гарч гэрчилгээ олгосон байна. Хан-Уул дүүргийн засаг дарга, газрын  алба нь Ө.Бд газар эзэмших эрх олгох, түүний эзэмшиж буй газрын тал болох 350 м.кв газрыг Д.Гд эзэмшүүлэхдээ аливаа хууль тогтоомжийг зөрчөөгүй.

Д.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 06-нд иргэн Б*******ийн Н*******тэй газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ байгуулж тус газрыг шилжүүлэн өгсөн ба одоогийн байдлаар тус газрын газар эзэмшигч, өмчлөгч биш хамааралгүй этгээд болно” гэв.

 Гуравдагч этгээд Ө.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "...Гуравдагч этгээд Д.Г, Ө.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй санал нэг байна. Нэмж хэлэхэд Ө.Б нь Газрын тухай хуулийн дагуу зохих ёсоор нь өргөдлөө өгөн газрыг шударгаар өмчилж, хувьчилж авсан. Түүний дагуу газрыг бусдад зарсан нь хууль зөрчөөгүй. Мөн О.Бын хувьд нэхэмжлэх эрхгүй этгээд гэж үзэж байна. Үнэхээр О.Б-ын нэр дээр энэ газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн гэрчилгээ байсан бол Иргэний хуульд заасны дагуу өвийн асуудал яригдах ёстой. Энэ нь Нотариатын тухай хуулиар ч тэр үүрэг яригдах ёстой. Гэтэл хавтаст хэрэгт өвийн талаарх нотлох баримт байхгүй. О.Б-ын Газрын албанд өгсөн өргөдөл байхгүй" гэв.

Гуравдагч этгээд Б.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Хоосон хашаа зарна” гэсэн зарын дагуу Д.Г-тай холбогдож Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны Жаргалант -а тоот хашааг очиж үзсэн. Ингэхэд Д.Гд тухайн хашааны  кадастрын зураг, эзэмших гэрчилгээ нь өөрийнх нь нэртэй байсантай нь танилцсан. Уг хашааг 10 сая төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож бэлэн мөнгө байхгүй байсан учир 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн хоёр охин болох Х*******, Х******* нарын нэр дээр ******* банканд байрлах хадгаламжийг барьцаалж жилийн хугацаатай хүүтэй зээлж авсан. Ингээд нотариатад очиж 10 сая төгрөгийг Д.Г-д миний бие бэлнээр хүлээлгэж өгсөн. Дараагийн долоо хоногт Хан-Уул дүүргийн Газрын албаны 7 дугаар хороо хариуцсан газар зохион байгуулагчтай уулзан, уг газрыг эзэмших гэрчилгээ, гэрээ ямар нэгэн зөрчил байгаа эсэхийг, мөн нэр шилжиж болох талаар лавлахад “Ямар нэгэн зөрчил алга, нэр шилжүүлж болно. Татвар болон газрын төлбөрөө төлөхөд л болно. Харин одоо Татварын тухай хуульд өөрчлөлт орж байгаа тул нэр шилжүүлэг түр зогссон” гэж тайлбар өгсөн.

Ингээд 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тохиролцож байгуулсан. Өргөдөл, бичиг баримтаа бүрдүүлээд Хан-Уул дүүргийн Газрын албанд 2018 оны 8 дугаар сарын 03 өдөр хүлээлгэн өгсөн. 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын -а хаяг дээрх газрын эзэмших эрх шилжсэн. Иймд О.Б-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Б тус шүүхэд Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Хан-Уул дүүргийн Газрын албаны 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр иргэн О.Бын нэрээр бүртгэгдсэн кадастрын мэдээллийг өөрчилсөн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Газрын албанд гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийн дагуу эзэмшүүлэх захирамж гаргахыг хариуцагчид даалгуулж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/423 дугаар “Газар эзэмшүүлэх эрх баталгаажуулах тухай” захирамжийн иргэн Ө.Бд, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/340 дүгээр захирамжийн иргэн Ө.Б, Д.Г нарт холбогдох хэсэг, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/24 дүгээр захирамжийн Б.Нд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн “Иргэдэд газар өмчлүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн иргэн Ө.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, маргаан бүхий газарт болон хариуцагчийн архив, бичиг хэрэгт хийсэн шүүхийн үзлэг зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасанчлан захиргааны үйл ажиллагаанд хуульд үндэслэх тусгай зарчмыг баримтлах бөгөөд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” хэмээн тус тус хуульчлан заажээ.

2. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 4/175 дугаар албан бичгээр нэхэмжлэгч О.Б нь 1988 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар Улаанбаатар хот Ажилчны районы 10 дугаар хороо, Жаргалантын дугаар  гудамжны ******* тоотод, 1993 оны 5 дугаар сарын 11-нд иргэний улаан паспорт, 2001 онд иргэний үнэмлэх авахдаа Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын дугаар гудамжны ******* тоотод, 2010 оны 9 дүгээр сарын 21-нд иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдахдаа Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын дугаар гудамжны тоотод тус тус бүртгэлтэй байх боловч

хэргийн оролцогчдын тайлбар, Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 55, 2019 оны 7дугаар сарын 02-ны өдрийн 60, 2019 оны 9 дүгээр сарын  06-ны өдрийн 79 дүгээр албан бичиг, маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгээр нэхэмжлэгч О.Б нь тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, 2009 оноос хойш тус хаягт гуравдагч этгээд Ө.Б, 2018 оноос уг газрыг таллан хувааж, А тоотод гуравдагч этгээд Б.Н нь оршин сууж байгаа,

нэхэмжлэгчийн 1988 онд бүртгэгдсэн хаяг болох Улаанбаатар хот Ажилчны районы 10 дугаар хороо, Жаргалантын дугаар гудамжны ******* тоот, 1993 онд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын дугаар гудамжны ******* тоот, 2010 онд иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдахдаа бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын дугаар гудамжны хаяг бүхий газар нь бодит байдал дээр нэг газар болох нь хэргийн оролцогчдын тайлбар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 02/596, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2/77 дугаар албан бичиг, 2006-2020 оны Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн ортофото зураг болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.

3.Нэхэмжлэгч О.Б-аас Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хууль ёсоор өвлөх эрхтэй байхад өвлөх эрхийг маань зөрчсөн”, “О.Бын нэр дээр өмчлүүлэх  шийдвэртэйгээр кадастрын мэдээллийн санд орсон мэдээллийг хууль бусаар өөрчилж, газар эзэмших хүсэлт гаргасан байхад бусдад эзэмшүүлж, өмчлүүлсэн” хэмээн, хариуцагч нараас “О.Бод газар эзэмшүүлж, өмчлүүлж байгаагүй”, “О.Баас газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй”, маргаан бүхий захиргааны актууд хууль зөрчөөгүй” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

 

4. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 16/1611 дүгээр албан бичиг, 2003-2009 оныг хүртэл хугацаанд Хан-Уул дүүргийн Газрын албанд мэргэжилтнээр ажиллаж байсан гэрч О.Б*******ийн мэдүүлэг болон холбогдох бусад баримтаар Нийслэлийн нутаг дэвсгэрт 2003-2007 оны хооронд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр нэгдсэн кадастрын зураглалыг хийж гүйцэтгэн нийслэлийн Газрын албанд хүлээлгэн өгснөөр Газрын мэдээллийн сан үүссэн. Тус мэдээллийн санг бүрдүүлэхдээ тухайн үед газар дээр амьдарч байсан хүмүүсийн нэрээр нэгж талбарыг бүртгэж байсан бөгөөд эрх олгосон захирамж, гэрчилгээгүй тохиолдолд тухайн кадастрын зургийг баталгаажуулж гарын үсэг, тамга дардаггүй байсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ хавсарган өгсөн болон хэрэгт нотлох баримтаар авагдсан О.Б-ын нэр бүхий 2008 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн огноо бүхий нэгж талбарын 18635306******* дугаартай газрын байршлын кадастрын зураг нь гарын үсэггүй, тамга дарж баталгаажаагүй,

нэхэмжлэгч О.Б болон түүний ах О.Б нараас маргаан бүхий газрыг эзэмших, өмчлөх тухай хүсэлтийг Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба, дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг даргад хандан гаргаж байгаагүй, О.Б болон түүний ах О.Б нарын нэр дээр газар эзэмшүүлж, өмчлүүлсэн аливаа нэгэн захирамж, шийдвэр гарч байхгүй, О.Б-аас газар эзэмших хүсэлтийг нь шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйтэй холбогдуулан дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг даргад хандан өргөдөл, гомдол гаргаж байгаагүй болох нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 11/124 албан бичиг, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 16/839, 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 16/1562 болон 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 16/524 дугаар албан бичиг, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 02-04/4746 болон 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 03-08/6 дугаар албан бичгээр тус тус тогтоогдож байна.

5. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 5/3672 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар О.Б нь 2005 оны 10 дугаар сарын -ны өдөр нас барсныг Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2008 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн нас барсны бүртгэлийн 198 дугаарт бүртгэсэн,

хэрэгт нотлох баримтаар авагдсан Е-******* дугаар Монгол Улсын гадаад паспортоор О.Б нь 2004 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Япон Улсад зорчоод 2008 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсад буцаж ирсэн бөгөөд нэхэмжлэгч болон бусад хууль ёсны эрх бүхий этгээдээс Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2-д заасан журмын дагуу О.Бын өвийн хүлээн авах хүсэлтийг нотариатчид хандаж гаргаж байгаагүй болох нь Монгол Улсын Нотариатчдын танхимын 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 38 дугаар албан бичгээр тус тус тогтоогдож байх ба Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т “Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ” хэмээн хуульчлан заажээ.

Нэгэнт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар О.Б нь маргаан бүхий газрыг хуульд заасан журмын дагуу эзэмшиж, өмчилж байгаагүй, О.Б нь О.Б-ын өв залгамжлагчийн хувьд нэхэмжлэл гаргах эрхээ алдсан, нэхэмжлэгч болон О.Б нараас тухайн маргаан бүхий газрыг эзэмших, шилжүүлэн эзэмших хүсэлтийг гаргаж байсан гэх үйл баримт холбогдох нотлох баримтуудаар тогтоогдохгүй байхад  шүүх Хан-Уул дүүргийн Газрын албаны 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн иргэн О.Бын нэрээр бүртгэгдсэн кадастрын мэдээллийг хуульд нийцүүлэн өөрчилсөн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан журмын дагуу газар эзэмших  хүсэлт гаргасан гуравдагч этгээд Ө.Бын хүсэлтийг шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/423 дугаар “Газар эзэмшүүлэх эрх баталгаажуулах тухай” захирамжийн иргэн Ө.Бд холбогдох хэсгийг, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/340 дүгээр захирамжийн иргэн Ө.Б, Д.Г нарт холбогдох хэсгийг, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/24 дүгээр захирамжийн Б.Нд холбогдох хэсгийг болон Нийслэлийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн “Иргэдэд газар өмчлүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн иргэн Ө.Бд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч О.Бд тухайн газрыг эзэмшүүлэх захирамж гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх боломжгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Үүнтэй холбогдуулан хэрэгт нотлох баримтаар авагдсан Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 580 дугаар шийдвэртэй О.Б-д холбогдох иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг албан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 138 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээс явуулсан ажиллагааны баримт дахь “Д” ХХК-ийн хийсэн “Хашаа байшинг үнэлсэн тухай тайлан”-д “...хөрөнгийн өмчлөлийн байдалтай нарийвчлан танилцаж чадаагүй” болохыг тэмдэглэсэн хийгээд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2003 оны 3 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулсан дуудлага худалдаагаар Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо дугаар гудамжны тоот хашааг худалдан авсан гэх иргэн Д.Ш-с шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ дуудлага худалдаагаар тухайн газрыг авсан ч О.Б-оос тухайн үед төлбөрөө төлсөнтэй холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас газрыг нь буцааж өг гэсэн дагуу буцааж өгсөн, тухайн газар хэний нэр дээр байсан талаар мэдэхгүй гэсэн агуулга бүхий мэдүүлэг өгсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 27 дугаар зүйлийн 27.1,  Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч О.Б-аас Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн Газрын албаны 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр иргэн О.Б-ын нэрээр бүртгэгдсэн кадастрын мэдээллийг өөрчилсөн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Газрын албанд гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийн дагуу эзэмшүүлэх захирамж гаргахыг хариуцагчид даалгуулж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/423 дугаар “Газар эзэмшүүлэх эрх баталгаажуулах тухай” захирамжийн иргэн Ө.Б-д, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/340 дүгээр захирамжийн иргэн Ө.Б, Д.Г нарт холбогдох хэсэг, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/24 дүгээр захирамжийн Б.Н-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн “Иргэдэд газар өмчлүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн иргэн Ө.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.МӨНХТУЛГА