Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 12

 

 

У.Аззаяагийн нэхэмжлэлтэй, Д.Бадамд холбогдох 

иргэний хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Я.Алтаннавч, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв. 

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ

Нэхэмжлэгч У.Аззаяа 

Хариуцагч Д.Бадам нар Дорнод аймгаас онлайнаар оролцов. 

 

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 760 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч Д.Бадамын давж заалдах гомдлоор тус аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 62 дугаар байрны 38 тоотод оршин суух иргэн У.Аззаяагийн “Эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгуулах болон түрээсийн төлбөр 7084257 төгрөг гаргуулах тухай” Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 32 дугаар байр, 20 тоотод оршин суух Д.Бадамд холбогдох иргэний хэргийг 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч  Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч У.Аззаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багийн нутаг дэвсгэрт байрлах 63 байрны 1 давхарын үйлчилгээний зориулалттай байраа түрээслүүлдэг юм. Д.Бадам нь манай байрыг түрээслэж хоолны газар нээнэ гэж, хэд хэдэн удаа ирж уулзаж байршил сайтай үйлчилгээний зориулалтанд тохиромжтой байна гэж ярьсаар 2016 оны 03 сарын 18-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан бид сард 800000 төгрөгөөр түрээслэнэ гэхэд “шинээр эхэлж байгаа та 500000 төгрөгөөр түрээслэчих” гэж гуйсаар байгаад 500000 төгрөгөөр тохирсон. Бидний зүгээс та нар өөрсдийн үйл ажилагааны онцлогт тохируулж агааржуулалт хийж, хана туургыг нурааж байгаа болохоор дор хаяж 2 жил түүнээс цааш сунгаад тогтвортой үйл ажиллагаа явуулах талаар тохиролцсон учир байрны хана туургыг нурааж өөрчлөхийг зөвшөөрсөн. Бадам нь хоёр жилийн гэрээ хийгээд эхний гурван сард нь сардаа 500000 төгрөг төлж түүнээс хойш бөөнд нь түрээсээ төлж байна гэж тохирсон боловч түрээсээ хугацаандаа өгөхгүй, сарын түрээсээ хоёр гурав хувааж төлж байсан. Гэрээнд хугацаандаа өгөхгүй бол 0.5 хувийн алданги тооцно гэж тохирсон боловч алданги тооцоогүй. Гэтэл 2017 оны 01 сард гэнэт хаалга үүдээ хаасан, ажиллахгүй байх шиг байхаар нь утсаар ярихад ажиллахаа больсон. Түлхүүрийг хажуу талын гоо сайханд орхисныг 2017 оны 01 сарын 28-ны өдөр авсан. Уг байранд агааржуулалтын хоолой хийхдээ стандарт бус хоолой хийсэн. Бадам хөгцтэй байсан гэж ярьж байгаа боловч дээд айлаас ус алдснаас болсон. Би түрээсээ төлөхийг шаардаж ярихад болих тухай хэлээгүй, гэрээгээ зөрчдөг байсан. Бадам үйл ажиллагаа явуулахаа болихоор шийдвэрлэсэн юм бол энэ талаараа надад урьдчилан хэлж би дараагийн түрээслэгчээ олох, олон сараар үйл ажиллагаа явуулахгүй хохирохгүй байх байсан. Мөн Бадам нь миний байрыг түрээслэх гэж байсан мөртлөө дотор нь байсан “Найдвар” ламбордын хаягийг эвдээд хавтан дээр нь будгаа найруулаад байж байсан. Бид хэрэгтэй гэдгийг хэлэхэд янзлаад өгнө гэдэг байсан. Уг хаягийг 330000 төгрөгөөр хийлгэсэн төлбөрийг нь авна. Би өөрийн байраа өөрчлүүлэн урт хугацаатайгаар түрээслүүлэхээр тохирсон боловч надад хэлэлгүйгээр байраа хүлээлгэн өгөлгүйгээр дотор талын разетик, гэрэл зэрэг зүйлийг аваад явчихсан байсан. Гурван сарын түрээсийн төлбөр 1500000 төгрөг, мөн энэ хугацааны суурь хураамж 17920 төгрөг, цахилгааны төлбөр 701418 төгрөг, байрыг өөрчилсөн учир дахин өмнөх байдалд оруулахад гарах зардлыг төсөвчнөөр хийлгэхэд 4534919 төгрөг болсныг нэхэмжилж байна. Иймд Бадамаас нийт 7084257 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Бадам нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа НАА-н үйлчилгээний төлбөрт 189816 төгрөгөөс 136055 төгрөгийг төлсөн үлдэх төлбөрөөс өмнөх айлын 50000 төгрөгийг хасч одоо суурь хураамж 1-4 сарын 4480 төгрөгөөр тооцож 17920 төгрөг үлдэгдэл байгааг нэхэмжилж байна. Цахилгааны хувьд цахилгаан тасалдаг учир би өөрөө 701421 төгрөгийг төлж барагдуулсан байгаа. Бадам хаягийг хаягаар нь өгнө гэж байна. Миний хувьд хаягийг өмнөх байдал нь оруулж чадахгүй гэж үзэж байгаа учир 330000 төгрөгөө гаргуулж авахаар нэхэмжилж байгаа. Мөн нийтийн заал болгож өөрчилснөөс болж түрээслэгчгүй хохирч байна. Түрээслэх хүн байгаа боловч хана босгож хоёр өрөө болгож янзлуулахыг хүсдэг надад энэ байрыг буцаагаад өрөөгөөр засварлах хэмжээний мөнгө байхгүй учир түрээсэлж чадахгүйд хүрээд байна. Иймээс Бадамаас засвар хийх зардал 4534919 төгрөг нэхэмжилж байгаа болно. Нийт 7084257 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Бадам шүүхэд гаргасан тайлбартаа: Миний хувьд тогооч мэргэжилтэй одоогоор эрхэлсэн ажилгүй байна. Хэрлэн сумын 6-р багийн нутаг дэвсгэрт байрлах нэг давхарын Аззаяагийн эзэмшлийн үйлчилгээний зориулалттай зүүн тийшээ харсан хаалгатай 79.34 м2 байрыг эхнэртэйгээ хамт түрээсийн гэрээ байгуулан өөрөөсөө 3021300 төгрөг зарцуулан бүрэн завсар хийж хоолны газар болгон найман сарын хугацаатай ажиллуулсан. Гэвч 00-ын гадна талын ханаар чийг алдан хөгцрөл мөөгөнцөр үүсээд байсан. Хэд хэдэн удаа өөрийн биеэр зассан боловч арилахгүй байсан учир хоолны газрын стандартад таарахгүй байсан. Энэ тухай Аззаяа, Бямбажав хоёрт хэлсэн боловч надад хамаагүй өөрсдөө учраа ол гээд тоогоогүй. Мөн аавын бие муу яаралтай хагалгаанд орох болсон. Би өөрөө хот руу аавыгаа авч явсан. Энэ бүх байдлын улмаас 2017 оны 01 сарын 02-нд үйл ажиллагаагаа яаралтай зогсоосон гэдгээ мэдэгдэх гэж утсаар залгасан боловч Аззаяагийн утас холбогдохгүй байсан. Нөхөр Бямбажав руу залгаж хэлсэн чинь өөдөөс зүй бусаар доромжилж элдвээр хэлсэн. Байрны түлхүүрийг гоо сайханы газарт орхиод явсан. Гэрээндээ түрээс зогсоохыг гурван сарын өмнө урьдчилан мэдэгдэх гэсэн заалт ороогүй учир дээрх нөхцөлүүдээс үндэслэн түрээсээр ажиллуулаагүй 2017 оны 1-3 сарын түрээсийн төлбөр 1500000 төгрөг, халаалт, гэрэл 701418 төгрөгийг төлөхгүй гэж үзэж байна. Мөн байранд бүрэн засвар хийж байх хугацаанд хогний хажууд дээрх хаягийг тавьчихсан байхаар нь хаях хог гэж бодож байсан. Би Аззаяагийн нөхөр Бямбажаваас уг хаягийг хэрэгтэй эсэхийг асуухад хэрэггүй гэж хэлж байсан. Хоёр, гурван сарын дараа надаас хаягаа нэхэхээр нь тухайн үед засаж янзлаад өгье гэж бодож байсан боловч ажил төрөл ихтэй байсан учир амжаагүй. Харин одоо төлөхгүй. 2016 оны 04 сарын 29-өөс хойш өөрийн хоолны газрын ажиллах хугацааны усны төлбөрийг бүрэн барагдуулсан. Миний хувьд ажилтай, орлоготой болох гэж зээл аваад хоолны газар ажиллуулсан боловч үр дүнг нь үзэж чадаагүй. Учир нь өндөр түрээстэй, цахилгаан, дулаан, халаалт усны төлбөрийг ААНэгжээр өндөр төлдөг. Мөн хана дахь мөөгөнцөр арилахгүй, ар гэрийн шалтгаанаас болсон. Аззаяа надаас өмнөх нэхэмжлэл 2549338 төгрөг дээр засвар хийх төлбөр 4534919 төгрөг нийт 7084257 төгрөг нэхэмжилж байгааг төлөх үндэслэлгүй. Нэхэмжилсэн нэхэмжлэл нь ор үндэсгүй өөрсдийн санаатай мөнгө олох хүсэлдээ дийлдэж гаргасан байна. Анх ороход засвар хийгээгүй. Би мөнгө гаргаж засвар хийсэн. Миний хувьд 04 сарын 18-наас үйл ажиллагаагаа эхлэх байсан боловч засварын ажил ихтэй байсан учир 05 сарын 02-ны өдөр үйл ажиллагаагаа эхэлсэн. Энэ хоёр байнга хэл амаар доромжилж байсан учир уулзалгүйгээр юмаа аваад түлхүүрийн орхиод явсан. Гэрээгээ цуцлах болсон шалтгаан бол хоолны газар нь орлого багатай, түрээс өндөр, байранд хөгц, мөөгөнцөр нь арилахгүй байсан, аавын бие муу Улаанбаатар хот руу эмчилгээнд явах болсон шалтгаанаар больсон. Өрөөнүүдийг нурааж өөрчлөхийг өөрсдөө зөвшөөрч байсан. Дээрх засварыг өөрийн зардлаар хийсэн. Би төлөх боломжгүй, зөвшөөрөхгүй байна гэжээ

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 760 дугаар шийдвэрт:  Монгол Улсын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Д.Бадамаас түрээсийн гэрээний үүрэг болон бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт нийт 2549338 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.Аззаяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас байрны засварын зардал 4534919 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 150909 төгрөгөөс 128298 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 22611 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д.Бадамаас 55739 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У.Аззаяад тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Бадам давж заалдах гомдолдоо: Гэрээг нэг талаасаа цуцалж байхад гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан гэж 3 сараар түрээсийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу. Иймээс 1500000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Гэрээнд гэрээг хугацаанаас өмнө цуцлах талаар, хүлээх үүргийн талаар зохицуулсан заалт байхгүй. 

Дээрхи хугацааны цахилгааны болон дулааны төлбөрт 701418 төгрөг, 2016 оны 04 дүгээр сар, 2017 оны 1-3 саруудын нийтийн аж ахуйн үйлчилгээний суурь хураамж 17920 төгрөг гаргуулах гэжээ. Үүний тухайд  энэ түрээсийн байр нь Аззаяагийн өмч, тийм учраас өөрийн байрны цахилгаан, дулаан, усны төлбөрийг өөрөө хариуцан төлөх ёстой. Энэ тухай бид гэрээнд зохицуулаагүй. 

Эд хөрөнгөнд учруулснаас үүсэн үүрэгт 330000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Нөхөр нь хэрэггүй зүйл гэхээр нь би хэрэглэсэн. Би хаягыг нь хийлгэж өгье гэхэд мөнгийг нь авна гэсэн учраас мөнгөөр нь төлөх болсон. Хуучин эд зүйлийг анхны шинэ үеийн үнээр нь буюу элэгдэл хорогдлыг нь тооцолгүй шийдвэрлэсэн нь буруу байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч У.Аззаяа хариуцагч Д.Бадамаас байрны түрээсийн төлбөр 1500000 төгрөг, усны үнэ 189816 төгрөг, цахилгаан, дулааны үнэ 701418 төгрөг, ломбардын хаягийн үнэ 330000 төгрөг, нийтийн аж ахуй үйлчилгээний 2016 оны 04, 2017 оны 01, 02, 03 дугаар сарын суурь хураамжийн үнэ 17920 төгрөг, бүгд 3027924 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд ирүүлжээ.

 

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын усны үнийг хасч, анхны нэхэмжлэлийн 3027924 төгрөгийн шаардлагаа 2549338 төгрөг болгон багасгаж, Д.Бадамд түрээсэлсэн байраа буцааж 2-3 өрөө болгон засварлах зардал гэж 4534919 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа  нэмэгдүүлж, нийт 7084257 төгрөг Д.Бадамаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

 

Хариуцагч Д.Бадам “хэрэглэсэн усны мөнгөө төлсөн, харин түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцалвал төлбөрийг 3 сараар төлөхөөр заагаагүй, 2016 оны 05 сард үйл ажиллагаагаа эхлүүлж, 2017 оны 01 сарын эхээр байрны түлхүүрийг хажуугийн гоо сайхны газарт үлдээсэн, ломбардын хаягийг У.Аззаяагийн нөхөр хэрэглэхгүй гэсэн учир эвдэж ар талыг нь ашигласан, байрыг хоолны газрын зориулалтаар засварлахыг түрээслэгч өөрөө зөвшөөрсөн, халаалт, гэрлийн төлбөр зэргийг тус тус төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

Зохигчдын хооронд үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулагдаж, нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэг болон түрээсийн гэрээний 4 дэх хэсгийн 4-т зааснаар гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр хүчин төгөлдөр болохоор заасан ч тухайн гэрээ нь хуульд заасан энэхүү шаардлагыг хангаагүй байна. Гэвч зохигчид  энэ талаар маргаагүй төдийгүй түрээслүүлэгч У.Аззаяа түрээслэгч Д.Бадамд түрээсийн байрыг шилжүүлснээр зохион байгуулалтыг өөрчлөн 2016 оны 05 сарын 02-оос хоолны газар ажиллуулан түрээсийн төлбөрийг төлж байгаад  2017 оны 01 сарын 02-нд үйл ажиллагаагаа зогсоож, гэрээг цуцалсан нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох шаардлагагүй болсон байна.   

 

Хэргийн үйл баримтаас үзэхэд талууд үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг 2016 оны 04 сарын 18-ны өдрөөс 2 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд түрээслэгч Д.Бадам  2017 оны 01 дүгээр сарын 07-нд түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахдаа түрээслэгчид урьдчилан мэдэгдээгүй нь Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.4-т заасан нөхцөл байдлыг бий болгожээ.

 

Үүнд мөн хуулийн 320.4-т “Түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахад энэ хуулийн 320.3-т заасан  журмыг баримтлах”, 320 дугаар зүйлийн 320.3-т зааснаар “... гэрээг түрээсийн жилийн эцэст буюу түрээсийн жил дууссанаас хойш нэг сарын дотор цуцалж болно” гэж  тус тус зааснаар шүүх түрээсийн гэрээний жилийн эцсийн хугацааг 2017 оны 04 сарын 18-ны өдөр гэж тооцон 3 сарын түрээсийн төлбөрийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагчаас гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй боловч,   хуулийн нарийвчилсан зохицуулалтыг давхар баримтлах байжээ.

 

Хариуцагч Д.Бадам нь түрээсийн гэрээний 1 дэх хэсгийн 4-т заасан үүргээ биелүүлээгүй байна. Иймээс түрээсэлсэн байрандаа 2016 оны 03 сарын 18-аас 05 сарын 02-ны өдрийг хүртэл засвар хийсэн учраас нийтийн аж ахуй үйлчилгээний 2016 оны 4 дүгээр сарын төлбөр, түрээсийн гэрээний тухайн жилийн эцэс дуусахаас өмнө буюу 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр түлхүүрээ үлдээсэн учраас 2017 оны 01, 02, 03 дугаар сарын түрээсийн төлбөр 1500000 төгрөг, мөн нийтийн аж ахуйн үйлчилгээний суурь хураамж 17920 төгрөг нийт 1517920 төгрөгийг гаргуулж тус тус шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нөхөр ломбардын хаягийг “хэрэггүй” гэж хэлснээр хаягдал  хог гэж ойлгон эвдэж ашигласан гэж тайлбарладаг ба хаягийн үнэ болох 330000 төгрөгийг төлөхгүй гэж маргадаг боловч үүнийгээ нотлоогүй байна. Шүүх хариуцагчийг бусдын эд хөрөнгөд болгоомжгүй үйлдлээр гэм хор  учруулсан гэсэн дүгнэлт хийж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар ломбардын хаягийн үнийг хариуцагчаас гаргуулсан нь үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ”, мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.3-т “ хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгө болон түүний хийц, зохион байгуулалтыг өөрчлөх буюу засахгүй байх”-ыг эд хөрөнгө хөлслөгчид үүрэг болгосны дагуу түрээслэгч Д.Бадам нь байрын доторх зохион байгуулалтыг өөрчлөх талаар түрээслүүлэгчээс зөвшөөрөл авсан гэдгийг  нэхэмжлэгч зөвшөөрдөг учраас шүүх энэхүү зардлыг түрээсийн гэрээ цуцалснаас нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас 4534919 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.     

Нэхэмжлэгч цахилгааны төлбөрийн талаар Дорнод бүсийн эрчим хүчний салбарын “хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан”-г /хх-8-9/ шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүйн зэрэгцээ нэхэмжлэгч цахилгааны төлбөрийн 701418 төгрөгийг өөрөө төлсөн гэх боловч нотлох баримтаар нотлоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хэрэгсэхгүй  болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55739 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Иргэний  хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 

167.1.2, 167.2 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 760 дугаартай шийдвэрийг дор дурдсанаар өөрчилсүгэй.

 

1.Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 318.1 “ гэсний дараа “ 320 дугаар зүйлийн 320.3, 320.4, 497 дугаар зүйлийн 497.1” гэж нэмж, “2549338” гэснийг 

“1847920” гэж, “4534919” гэснийг “5236337” гэж,

 

2.Тогтоох хэсгийн 2 дахь заалтын ... хариуцагч Д.Бадамаас “ 55739 төгрөг” гэснийг “ 44517 төгрөг” гэж тус тус өөрчилсүгэй. 

Хоёр. Шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

Гурав. Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55739 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл хяналтын журмаар Монгол Улсын Дээд  шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             О.БААТАРСҮ

ШҮҮГЧИД                                                               Я.АЛТАННАВЧ

                                                                                Д.БАЙГАЛМАА