Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 13

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

         

          Шүүгдэгч М.О

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа

          Нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлоор М.О т холбогдох 1729000360041 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймаг, Есөнбулаг суманд 1990 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны удирдлагын мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ................................ оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Жалайр овгийн М.О , регистрийн дугаар .....................,

 

          Шүүгдэгч М.О  нь 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “М ” ХХК-ийн нүүрс тээвэрлэлт хийлгэхээр итгэмжлэн хариуцуулсан 86-70 УНЗ улсын дугаартай нордбенз маркийн тээврийн хэрэгслийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт орхиж явахдаа 3 ширхэг дугуй, 250 литр дизель түлш зэргийг авч завшин 1300000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: М.О ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.О ыг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар М.О т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, М.О  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, М.О аас 1.300.000 төгрөгийг гаргуулж “М ” ХХК-нд олгож, М.О т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

          Шүүгдэгч М.О  давж заалдах гомдолдоо: “Шүүхээс 6-н сарын хорих ял оногдуулсан нь надад маш хүндээр тусч, ар гэрийн ахуй амьдрал хэцүү байдалд ороод байна. Та бүхэн миний хувийн байдал, ар гэрийн ахуй амьдралыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэжээ.

          Шүүгдэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Миний бие шүүхээс тогтоосон ялыг эдэлж 2 сар хоригдож байхдаа их зүйлийг ойлгосон. Дахиж ийм үйлдэл гаргахгүй. Шүүхээс оноосон 6 сарын хорих ялыг эсэргүүцэж байгаа зүйл байхгүй. Өөрийнхөө зүгээс тухайн компанид учруулсан хохирлыг төлж барагдуулсан. Миний ар гэрийн байдлыг харгалзан үзээд  6 сарын хорих ялыг өөр ялаар сольж өгнө үү гэв.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхээс оногдуулсан ял болон хууль буруу хэрэглэсэн, хэргийн зүйлчлэл, хэргийн нөхцөл байдлыг дүгнэсэн дээр гомдол гаргаагүй. Давж заалдах гомдлыг бол бүрэн дэмжиж байна. Хүүхэд нь өвдлөө гээд эхнэр нь ярихаар өөрийнхөө гэнэн томоогүй байдлаас болоод энэ гэмт хэргийг анх удаа  үйлдсэн байдаг. Өөрийн хийсэн хэргээ өнөөдрийг хүртэл бүх шатанд тууштай мэдүүлж байгааг шүүгч  нар анхаарч үзээрэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д зааснаар шүүгдэгчийн хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн саналыг оруулж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О ын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

         Шүүгдэгч М.О  нь 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “М ” ХХК-ийн нүүрс тээвэрлэлт хийлгэхээр итгэмжлэн хариуцуулсан 86-70 УНЗ улсын дугаартай нордбенз маркийн тээврийн хэрэгслийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт орхиж явахдаа 3 ширхэг дугуйг авч завшин үйл баримт хавтас хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          Харин тухайн цаг хугацаанд М.О  нь  “М ” ХХК-ийн 86-70 УНЗ улсын дугаартай нордбенз маркийн тээврийн хэрэгсэлд байсан  250 литр дизель түлшийг авч завшсан гэх үйлдэл нь нотлох баримтаар тогтоогдоогүй.

           Өөрөөр хэлбэл тухайн үед дээрх тээврийн хэрэгсэлд 250 л түлшийг хаанаас, хэдэн төгрөгөөр худалдан авч хийсэн эсэх талаархи нотлох баримтууд хэрэгт авагдаагүй, энэ хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч тухайн үйлдэлд М.О ыг 250 литр түлшийг завшсан эсэхэд эргэлзээ гарсан тул 250 литр түлшний үнийг шүүгдэгч гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн тогтоохтой холбоотой хохирол төлж барагдуулсан гэж үзэж гаргаж өгсөн М  ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 63/113 дугаартай албан бичигт тус компаний эрх бүхий албан тушаалтан болох гүйцэтгэх захирлын гарын үсэг зурагдаагүй байх тул дээрх нотлох баримтыг шүүх үнэлж үзээгүй болно.

         Анхан шатны шүүх нь шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт бусдын эд хөрөнгөнд учирсан гэм хорыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох заалтыг баримтлаагүйг зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

          Анхан шатны шүүхээс М.О т оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг  Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд давж заалдах шатны шүүхээс М.О т 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүний цагдан хоригдсон 69 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож эдлэх ялаас нь хасч шийдвэрлэв.

          Иймд шүүгдэгч М.О ын “хорихоос өөр төрлийн ял оноож өгөхийг” хүссэн давж заалдсан гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 1.5, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

            А. Шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.О ыг 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

М.О ыг 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй” гэж,

            Б. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар М.О т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих

байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.О ын цагдан хоригдсон 69 /жаран есөн/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон хасч, М.О ыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдэлж дууссанд тооцсугай” гэж,

В. Шийтгэх тогтоолын 4 дэх заалтын “Шүүгдэгч М.О  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй. М.О аас 1.300.000 төгрөгийг гаргуулж,  “М ” ХХК-нд олгосугай” гэснийг “Шүүгдэгч М.О  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай” гэж,

            Г. Шийтгэх тогтоолын 6 дахь заалтын “энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар М.О аас 936000 төгрөгийг гаргуулж  “М ” ХХК-нд олгож, 360000 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчилсүгэй.,

          2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.О ын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 69 /жаран есөн/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

          3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.О т цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

           ШҮҮГЧИД                                         Т.БЯМБАЖАВ

                                                                                                          Х.ГЭРЭЛМАА