Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/277

 

          

 

 

  2022         03         17                                     2022/ШЦТ/277

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  И.Номин,

Улсын яллагч Г.Баярмаа,

Шүүгдэгч О.Э түүний өмгөөлөгч Ц.Энхбаатар,

Шүүгдэгч Б.А түүний өмгөөлөгч А.Дулмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Болдзаяагийн А, Б овогт О-ын Э нарт холбогдох эрүүгийн 2109000001638 дугаартай 1 хавтас хэргийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Таван богд” ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдардаг гэх, ....... дүүргийн 4 дүгээр хороо, 13 дугаар хэсэг, 48в тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Х овгийн Б-ийн А, /РД:00000000/,

Монгол Улсын иргэн, 0000 оны 01 дүгэр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, аавын хамт амьдардаг гэх, ....... дүүргийн 8 дугаар хороо, УС15-3-44 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Б овгийн О-ын Э, /РД:00000000/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Б.А, О.Э нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хоймор” төвийн орчимд хохирогч У.У толгой, шанаа хэсэг рүү цохих байдлаар хүч хэрэглэн халдаж түүний эзэмшлийн 967.500 төгрөгийн үнэ бүхий “Рэдми К40” маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэн авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.А, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Хэрэг гардаг өдөр би модны хоёр гэх газар найзуудынхаа хамт байхад ах намайг ирж авсан. Хамтдаа таксинд явж байгаад машин аа амрах газрынхаа замын эсрэг талд тавиад зам гарч байтал Приус 30 маркийн машинтай ах бид хоёрыг “Хөөе хужаа нар аа” гэх мэтээр хэл амаар доромжилсон бөгөөд үүнийг нь тоохгүй явж байтал зогсож бай гээд бид хоёр дээр ирж “Ах нь Өмнөговьд ажилладаг” гэх мэт яриа өрнүүлсэн. Тухайн ах тамхи асаагаад татахад нь би “Та надад нэг тамхи өгчих” гээд хамт тамхи татаж байсан бөгөөд тамхиа татаад дуусаад явах гэтэл тухайн хүн намайг зуурууд явуулахгүй байсан бөгөөд үүнээс болж бид хоёр хоорондоо ноцолдсон. Намайг газар унахад ах салгаад авч явсан бөгөөд машинд очтол ах надад “Май утас ав” гээд өгөөд харсан чинь тухайн утас нь миний утас биш байсан тул би утсыг ахад буцаагаад өгсөн...” гэжээ.

Шүүгдэгч О.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Тухайн өдөр би 9111 улсын дугаартай Приус-30 маркийн машинтай таксинд явж байсан. Атэй фейсбүүкээр холбоо бариад түүнийг модны хоёроос очиж авсан. Би хоёр хамтдаа таксинд явж байгаад амрах газрынхаа замын эсрэг талд машинаа тавиад зам гарч явахад Приус 30 маркийн машинаас нэг хүн бид хоёрыг хэл амаар доромжилсон. Бид хоёр тухайн зүйлийг нь тоохгүй орхиход бидэн дээр ирж, хэсэг яриа өрнүүлсэн. “Ах нь Өмнөговьд ажилладаг, сая шөнийн цэнгээний газар байж байгаад ганцаараа гараад ирлээ” гэсэн тэгээд бид хоёр “За ах аа одоо харьж амар аа” гэж хэлээд би дэлгүүр рүү явсан. Дэлгүүр явж хойшоо эргээд хартал А тухайн хүнээс тамхи аваад татаж байсан бөгөөд удалгүй нөгөө хоёр чинь ноцолдоод, барилдсан. Би очиж Амин-Эрдэнийг салгаад явахад газар утас байсан би тухайн утсыг авсан. Машинд очоод би Ад “Май утас аа ав” гээд өгөхөд А “Ах аа энэ миний утас биш байна. Миний утас надад байна” гэсэн. Би тухайн утсыг хэсэгт өөртөө байлгаж байгаад яах учир аа олохгүй тэгээд зарж борлуулсан, миний буруу...” гэжээ.

Шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч А.Дулмаа шүүхийн хэлэлцүүлэгт “... Миний үйлчлүүлэгчид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Б.А нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн эрүүл мэндэд халдах буюу ноцолдсон зүйл ээ үнэнээр нь хэлдэг бөгөөд харин түүнийг гар утсыг дээрэмдэх ямар нэгэн дээрмийн шинжтэй үйлдэл хийгээгүй гэдэг ээ мэдүүлсэн. Хохирогчид ямар утас байсан, гар утсыг Э авсан талаар мэдээгүй. Харин үл ялих зүйлээс болж хохирогчтой маргаж ноцолдсон. Хохирогчийн эд зүйлийг авсан зүйлгүй. Иймд түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн хэргийг зүйчлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар миний үйлчлүүлэгчийн гэм бурууг хангалттай нотлон тогтоож чадахгүй байгаа тул холбогдох зүйл заалтыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч О.Э-ы өмгөөлөгч Ц.Энхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Үйлдсэн хэргийн үйл баримтын талаар үнэн зөв мэдүүлсэн. Хавтаст хэрэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг эрс зөрүүтэй байдаг. Шүүгдэгч нарыг дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэх талаар хангалттай нотлох баримт байхгүй байгаа бөгөөд хэргийн зүйчлэлийг дахин харж өгнө үү. Мөн мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийгдсэн байгаа бөгөөд миний үйлчлүүлэгч нь дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бус хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байгаа бөгөөд хэргийн зүйчлэлийг дахин шалгаж өгнө үү...” гэжээ.

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Хэрэг гардаг өдрийн орой би нутгийнхаа ах нарийн хамт шөнийн цэнгээний газар орсон. Дараа нь найз нартайгаа уулзах болсон учир ах нараасаа салж явсан. Тухайн газар 3-4 хүртэл суусан байх. Манай ах нар намайг “Нэлээн их уучихсан, согтсон байна. Одоо харь” гэсэн бөгөөд Хоймор төвийн хойно манай хамаатных байдаг бөгөөд тэднийх рүү явж байхад энэ 2 залуу /шүүгдэгч нарыг заав/ надаас тамхи асуусан. Бид 3 хамтдаа алхаад явж байхад надаас дахиад тамхи асуусан. Би тамхи өгөх хооронд нэг залуу нь намайг цохисон. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан учир болсон зүйлийг сайн санахгүй байна. Миний утас гадуур хувцасны халаасанд байсан бөгөөд энэ 2 залуутай муудах үед газар унасан байхыг үгүйсгэхгүй. Энэ 2 залуутай муудаад дууссаны дараа цагдаагийн алба хаагч ирээд намайг эрүүлжүүлэх байр руу авч явсан. Би тухайн шөнө эрүүлжүүлэх байранд хоносон. Өглөө нь эрүүлжүүлэх байрнаас гарахдаа эд зүйл ээ хүлээн авахад миний гар утас байхгүй байсан. Намайг эрүүлжүүлэх байрнаас хамаатны ах ирж авсан бөгөөд “чиний утас чинь ерөөсөө болохгүй юм” гэхэд нь би гар утас аа алга болсон оо хэлээд ахынхаа утаснаас өөрийнхөө утас руу мессеж бичсэн. Утас аа алга болсны дараа би гар утасны биллийг гаргуулсан. Тухайн билл хэсэгт өглөө нэг дугаар руу 5-7 удаа залгасан байсан. Би тухайн дугаарыг утасны код гаргадаг хүн байж магадгүй хэмээн бодоод залгатал гар утасны засварчин байсан. Тухайн хүнтэй холбоо барихад чиний утасны кодыг 2 залуу гаргуулсан гээд надад зааж өгч тухайн хүний ачаар энэ 2 залууг олж авч утас аа авсан. Надад гомдол санал байхгүй ...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.А, О.Э нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хоймор” төвийн орчимд хохирогч У.У толгой, шанаа хэсэг рүү цохих байдлаар хүч хэрэглэн халдаж түүний эзэмшлийн 967.500 төгрөгийн үнэ бүхий “Рэдми К40” маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэн авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.  Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч У.У өгсөн “...Би 2021 оны 11 дүгээр сарын 09-ээс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Микс баарнаас 05 цагийн орчим ганцаараа гараад хойшоо Хоймор төвийн зүгт явж байтал араас үл таних 2 залуу дагаж явж байгаад ар талын харанхуй хэсэг рүү орох үед араас ирээд надаас тамхи асуусан тэгээд би тамхи гаргаад өгөх үед намайг цохиод гартаа бариад явж байсан гар утсыг булааж аваад зугтаасан...миний гар утсыг монтел дээр хүн авч очиж зарсан байсан... Миний шанаа хэсэг рүү толгой хэсэг рүү цохисны улмаас дагзны ар хэсгээр хөндүүртэй, шанаа хэсэгт шалбарсан байсан одоогоор эдгэж байгаа... Миний  утас 2021 оны 10 сард 1.100.000 төгрөгөөр авч байсан Редми К40 гэмин /Redmi K40 gaming/ маркын гар утас байсан...би гар утсаа куртканы халаасанд хийсэн давхар гартаа барьж байсан, тэр хоёр намайг цохих үед халааснаас гаргасан, ингэхдээ гар утас миний гарт байсан, тэгээд нэг нь миний гараас гар утсыг хүчээр сэгсэрч булааж авсан, тэр үед нэг нь миний шанаа хэсэг рүү цохисон тэгээд би газар унасан...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-15, 18-19/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Баттөрийн өгсөн “...99918061 дугаарыг хэн баридаг талаар мэдэхгүй, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тухайн дугаараас над руу залгаад гар утасны айди код тайлуулах хэрэгтэй байна гээд ярисан. Тухайн өдөр би амарч байсан яаралтай гээд байхаар нь гэрээ зааж өгөөд дуудсан, тэгтэл нэг залуу ирээд Рэдми К40 маркийн гар утас гаргаж ирээд кодын гаргаад өгөөч гэсэн тэгээд гар утсыг шалгаад үзтэл бүртгэлтэй дугаар нь тухайн 99918061 дугаар байхаар нь өөрийнх нь утас гэж бодоод гаргах гээд тухайн дугаар луу код явуулаад тэр кодоо нь гаргах гэтэл тухайн өдөр 5 код авсан дахин код ирэхээргүй байхаар нь утсаа үлдээгээд маргааш код аваад янзлаад өгье гээд явуулсан. Тэгээд маргааш нь тухайн дугаараар нь кодыг аваад VPN суулгаад ашиглах боломжтой болгосон. Тэгээд над руу найзыгаа явуулна гээд 00000000 дугаараас залгаад манай гэрийн гадаа ирчихлээ гээд би гаргаж өгөөд явуулсан...тэгээд дараа нь над руу 00000000, 00000000 дугааруудаас залгаад код нь болсон уу гээд 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр залгаад байсан, мөн 99918061 дугаарын эзэн нь байна гээд тухайн өдөр залгаад би утсаа алдсан байсан та кодын гаргаж өгсөн юм уу гэж асуусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Пүрэврагчаагийн өгсөн “...би тухайн гар утсыг гар утас зарна гэсэн зарын дагуу холбогдоод үнэ тохироод өөрөө явж амжихгүй болохоороо ажлын хүнээ явуулаад авхуулсан. Тэгээд аваад гар утсыг форматлаад ашиглах гэтэл айди локтой код нэхээд орохгүй байсан. Тэгэхээр нь худалдаж авсан гэх залуугийн 00000000 гээд дугаараар нь холбогдоод хэлтэл наадхын чинь кодыг би нээгээгүй юм, манай нэг ах нээж өгсөн болохгүй бол яриад хэлээрэй гэсэн. Тухайн хүнтэй холбогдоод янзлуулчих гээд надад 00000000 дугаарыг өгсөн, тэр дугаараар нь залгаад ярьтал “надтай хүн ярьсан зүйл байхгүй, юу яриад байгаа юм” гэсэн. Тэгээд удахгүй над руу залгаад “наад утсыг чинь надад нэг залуу ирээд гаргуулаад байсан дараа нь бас нэг залуу залгаад би утсаа алдсан эзэн нь байна гээд яриад байсан” тэр хүн сайн мэдэж байгаа байх...би тухайн гар утасны 900.000 төгрөгийг 0000000000 О гээд гээд эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.О-н өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр миний дансанд 900.000 төгрөг орж ирсэн тэгээд би ямар учиртай мөнгө болох талаар асуухад гар утас зарсан л гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/-р тал,

2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл  /хх-ийн 10-11/-р тал,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №СБ1-21-1446 дугаартай “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 967.500 /есөн зуун жаран долоон мянга таван зуун төгрөг/-р үнэлэгдэв гэх тайлан, /хх-ийн 40-41/-р тал зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч О.Э шүүхийн хэлэлцүүлэгт “...Би гар утас дээрэмдээгүй, Амин-Эрдэнийн утас гэж андуураад авсан...” гэж,

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт “...Би хохирогчийг зодож, дээрэмдээгүй, харин хүний биед халдсанаа хүлээн зөвшөөрч байна...” гэж тус тус мэдүүлсэн мэдүүлэг нь хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Амин-Эрдэнийн гэрчээр өгсөн “...Тухайн хүнтэй маргалдаад би “...Цээж, хэсэг рүү нь нэг удаа цохитол газарт унахаар нь би цээж хэсэг рүү нь 2-3 удаа цохисон. Тэгээд салаад явж байтал ах энэ утсыг хардаа би авчихсан юм аа...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч О.Эы сэжигтнээр өгсөн “...Тухайн залуутай маргалдаж байхад манай дүү тэр залууг 2 удаа цохиход тэр залуу газарт унасан бөгөөд энэ үед нь би очоод халаасыг нь ухаад нэг ширхэг гар утас, нэг ширхэг гал зэргийг аваад зугтаагаад явсан...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч У.У өгсөн “...Тухайн өдөр 05 цагийн орчим Микс баарнаас ганцаараа гараад хойшоо Хоймор төвийн зүгт явж байтал араас үл таних 2 залуу дагаж явж байгаад харанхуй хэсэг рүү орох үед ирээд тамхи асуусан. Намайг тамхи гаргаж өгөх үед намайг цохиод миний гар утсыг аваад явсан...” гэх мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байна.

Өөрөөр хэлбэл хохирогчийг цохих, эд зүйлийг нь авч явах, бусдад худалдан борлуулсан зэргээс харвал шүүгдэгч нар нь ашиг олох зорилгоор бүлэглэн хүч хэрэглэн довтолж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Мөн хавтас хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг нь өөр хоорондоо харилцан зөрүүтэй, шүүгдэгч нар нь дээрэмдэх гэмт хэргийг үйлдээгүй гэж, нөгөөтээгүүр хохирогчийн өгсөн мэдүүлгүүд нь үйлдлийн хувьд зөрүүтэй байх хэдий ч агуулгын хувьд зөрүүгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын болоод хохирогчийн өгсөн дээрх мэдүүлэг зэргээс харвал хэрэг болсон гэх цаг хугацаанд шүүгдэгч нар нь хохирогчийг цохисон, гар утсыг нь авч явсан дараа нь тухайн гар утасны нууцлалыг нь гаргаж худалдан борлуулсан зэрэг үйл баримтууд хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

Дээрх үйл баримтаас харвал шүүгдэгч Б.А, О.Э нар нь хохирогчийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн биед нь халдаж, хохирогчийн зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшлийн эд зүйл буюу гар утсыг нь авч явсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол...” тухайн зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зохицуулжээ.

Дээрэмдэх гэмт хэрэг нь уг хэргийг үйлдэж байгаа этгээд зөвхөн эд хөрөнгө, эд юмсыг авах зорилгоор довтолгоон эхэлж, эзэмшигч болон бусад саад тотгорын эсрэг халдлага эхэлснээр бусдын амь бие, эрүүл мэндэд аюултайгаар хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон нийгэмд аюултай үйлдлээр илэрдэг.

Довтлох гэдэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэхдээ хохирогчийн эсэргүүцэх боломжийг шууд алдагдуулж хүчтэй, шууд санаатай, идэвхтэй хөдөлгөөнөөр илрэх бөгөөд хохирогчийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах бодит хүчирхийлэл эсхүл гэнэтийн түрэмгий нууц хүчирхийллийг өмчлөгч, бусад өмч эзэмшигч, ашиглагч, эсхүл эд зүйлс, өмч хөрөнгийг эзэмшихэд нь саад хийсэн бусад хүмүүсийн эсрэг үйлдлүүд хамаарна.

Шүүгдэгч Б.А, О.Э нар нь бүлэглэн хохирогч У.У эд зүйл /гар утас/-г дээрэмдэхдээ дээр дурдсанчлан хохирогчид хүч хэрэглэж буюу хохирогчийн эсэргүүцэх боломжийг үгүй хийж түүнийг цохих, унасан хойно нь дэвсэх зэргээр биед нь халдсан, дараа нь эд зүйл болох гар утсыг нь хууль бусаар авч явсан болох нь тогтоогдож байх бөгөөд тэдгээрийн үйлдэлд холбогдуулан прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд, дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Б.А, О.Э нарыг бүлэглэн хүч хэрэглэж, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Б.А, О.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 03 жил, 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах...” саналыг,

Шүүгдэгч Б.А-н өмгөөлөгч А.Дулмаа шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Миний үйлчлүүлэгч 18 настай, 10 жилийн сургуулиа төгсөөд удаагүй байгаа, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, ээж, дүү нарын хамт амьдардаг бөгөөд ээж нь эрүүл мэндийн байдлаасаа болоод ажил, хөдөлмөр эрхэлдэггүй, Б.А нь ажил, хөдөлмөр эрхэлж, ар гэрээ тэжээн тэтгэдэг байдал зэргийг нь харгалзан үзэж, ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх саналыг,

Шүүгдэгч О.Э-ны өмгөөлөгч Ц.Энхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч О.Э нь тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт анх удаа холбогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, тухайн гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан үзэж, хуульд заасан хамгийн бага хэмжээгээр ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан бол шүүгдэгч нар болоод хохирогчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Бусдын эд хөрөнгийг хүч  хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заажээ.

Шүүхээс шүүгдэгч Б.А, О.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ энэ төрлийн гэмт хэрэг анх үйлдэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч нарын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 02 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч О.Эы өмгөөлөгч Ц.Энхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа “...Тухайн гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн...” гэх тайлбарыг гаргажээ.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харвал хохирогч У.У нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шүүгдэгч нарыг хэл амаар доромжилсон, тэдгээрийг явуулахгүй, хоргоосон гэх үйл баримтууд нь тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Мэдүүлэг өгөгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй...” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны явцад болоод шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас тайлбарласан хохирогч У.У нь тэдгээрийг “...Хөөе хужаа нараа, та хоёр өвс татдаг уу...” гэх зэргээр хэл амаар доромжилсон гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хавтас хэрэгт авагдсан өөр бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгааг дурдвал зохино.

Гурав. Бусад

Тухай гэмт хэргийн улмаас хохирогч У.Уад 967.500 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нарын зүгээс хохирогчийн гар утсыг түүнд биет байдлаар буцаан олгосон байх тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч О.Э нь энэ хэргийн учир шүүхийн зөвшөөрөлгүй 01 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Б.А нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  овогт Б-ийн А, Б овогт О-ын Э нарыг бүлэглэн хүч хэрэглэн довтолж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, О.Э нарт тус бүр 02 /хоёр/ жилийн хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, О.Э нарт оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эы энэ хэргийн учир урьдчилан цагдан хоригдсон 01 /нэг/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч О.Э, Б.А нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч О.Эд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн тэдгээрийг цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А, О.Э нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Х.ИДЭР