| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2022/0208/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/278 |
| Огноо | 2022-03-17 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ц.Төгөлдөр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/278
2022 03 17 2022/ШЦТ/278
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Галхүү,
Улсын яллагч Ц.Төгөлдөр,
Шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Э-ын М-д холбогдох эрүүгийн 2209001410220 дугаартай 1 хавтас хэргийг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0000 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 79 дүгээр байрны 171 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Э-ын М, /РД:00000000/;
Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.М нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Юнивишн” ХХК-д 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сервис ажилтнаар ажиллах хугацаандаа “Dell” 3470 I5 загварын зөөврийн компьютер 1 ширхэг, DG8245V загварын Smart box 1 ширхэг, V2 загварын Android box 1 ширхэг зэргийг захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж хувьдаа ашиглаж завшин, бусдад 1.450.000 /нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж хэлэх тайлбаргүй ...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Э.М нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Юнивишн” ХХК-д 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сервис ажилтнаар ажиллах хугацаандаа “Dell” 3470 I5 загварын зөөврийн компьютер 1 ширхэг, DG8245V загварын Smart box 1 ширхэг, V2 загварын Android box 1 ширхэг зэргийг захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж хувьдаа ашиглаж завшин, бусдад 1.450.000 /нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Х өгсөн “...Э.М нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс “Юнивишн” ХХК-ий борлуулалт үйлчилгээний газрын борлуулалтын албаны өрхийн үйлчилгээний хэлтэст сервер ажилтнаар ажиллаж эхэлсэн. 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хөдөлмөрийн дотоод журмын 9.1.3, 9.1.4, 9.2.11, 9.2.19 дэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Э.М нь ажлаас халагдсаныхаа дараа тойрохоо зуруулаагүй, байгууллагын эд хөрөнгийг хүлээлгэж өгөөгүй. Үүнд 1 ширхэг Dell загварын 3470 I5 зөөврийн компьютер, 3 ширхэг DG8245V загварын Smart box, 7 ширхэг АndroidBoxV2 тус тус орно. Манай компанийн зүгээс М-г 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр дуудаж уулзахад тухайн төхөөрөмжүүдийг өөрт нь байгаа, манай машины гражид байгаа гэж 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэхэд байгууллагад эд зүйлийг хүлээлгэж өгнө гэж баталгаа бичиж өгөөд гарч яваад одоог хүртэл байгууллагын эд зүйлийг хүлээлгэж өгөхгүй, 99985580 дугаарын утас руу нь залгахаар утсаа авахгүй байгаа. Мөнх-Ирээдүйг байгууллагын өөр эд хөрөнгө хүлээлгэж өгөөгүй байгаа эсэхийг дахин нягтлангаараа шалгуулахад Мөнх-Ирээдүй нь 20 ширхэг төхөөрөмж дутаагаагүй тухайн 20 ширхэг төхөөрөмжөөс 10 ширхгийг нь өөр ажилтанд хүлээлгэж өгсөн байсан. Харин нэмээд нэг зөөврийн компьютер өгөөгүй байсан нь тогтоогдсон. Тухайн төхөөрөмжүүдийг М нь ажил үүргээ гүйцэтгэж явж байгаад айлд тавьсан бол манай байгууллагын серверт бүртгэгдэж орно. Өөр ямар нэгэн байдлаар тухайн төхөөрөмжүүдийг ашиглах боломжгүй. Харин тухайн төхөөрөмжүүдийг задалж сэлбэгт ашиглах боломжтой. Манай байгууллагаас М-д зөөврийн компьютерыг анх ажилд ороход нь өгсөн. Харин 3 ширхэг DG8245V загварын Smart box, 2 ширхэг Аndroid box V2-ийг 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр, 1 ширхэг Android box V2-ыг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр, 2 ширхэг Android box V2-ыг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр, 1 ширхгийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр, 1 ширхгийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тус тус хүлээлгэж өгснийг дутаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Ариунбатын өгсөн “...Би Эовогтой М танина. М нь манайхаар үйлчлүүлж зөөврийн компьютер ломбардад тавьдаг байсан юм. Манай ломбардад 2019 оны 07 дугаар сарын 01, 2019 оны 09 дүгээр сарын 04, 2019 оны 09 дүгээр сарын 27, 2019 оны 10 дугаар сарын 01, 2019 оны 11 дүгээр сарын 05, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд тус тус хар өнгөтэй Dell загварын Lattitude 3470 I5 загварын зөөврийн компьютерыг тус тус тавьж авсан. Хамгийн үүлд 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр тухайн зөөврийн компьютерыг манай ломбардад 500,000 төгрөгөөр тавиад 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 50,000 төгрөгөөр, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 100,000 төгрөгөөр 2 удаа сунгаж байгаад тэрнээс хойш огт сунгаагүй байж байгаад 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр тухайн зөөврийн компьютерыг 3 сар хүлээж байгаад зарж борлуулсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 23/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.Мн яллагдагчаар өгсөн “...Миний бие Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Юнивишн” ХХК-д 2015 оноос эхлэн ээлжийн оператор болоод 2018 оноос сервис ажилтан болсон. Тэгээд дүрэм зөрчсөнөөс болоод 2019 оны 06 дугаар сарын орчимд халагдсан. Ажиллах хугацаандаа байгууллагаас надад хүлээлгэн өгсөн Dell загварын зөөврийн компьютер, Smart box 3 ширхэг, Anroid box 7 ширхэг зэргийг авсан байсан. Үүнээс миний бие Dell загварын зөөврийн компьютер, Smart box 1 ширхэг, Android box 1 ширхэг зэргийг мөнгө хэрэгтэй болсон учраас зарж борлуулж үрэгдүүлсэн байна. Хохирол төлөхөд бэлэн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 45/-р тал,
“Юнивишн” ХХК-ий 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн тооцоо нийлсэн акт /хх-ийн 9-10, 25/-р тал,
“Юнивишн” ХХК болон Э.М нарын хооронд байгуулсан “Эд хөрөнгө бүрэн хариуцлагын гэрээ”, “Хөдөлмөрийн гэрээ”, “Ажлын байрны тодорхойлолт” /хх-ийн26-27, 30/-р тал,
Яллагдагч Э.Мд хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмжийн жагсаалт /хх-ийн 31/-р тал,
Яллагдагч Э.Мгээс хүлээлгэж өгөөгүй төхөөрөмж, зөөврийн компьютерыг үнэлсэн “Дамно” ХХК-ий 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 33-34/-р тал,
Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 38-39, 41/-р тал,
“F1 компьютер, ТВ ломбардад яллагдагч Э.М нь Dell загварын зөөврийн компьютерыг тавьсан ломбардын бичиг /хх-ийн 40/-р тал зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг, тайлбар авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хуулиар хамгаалах эрх ашиг нь бусдын өмчлөх эрх байдаг.
“Юнивишн” ХХК-ийн зүгээс шүүгдэгч Э.Мтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажлын байранд зайлшгүй ашиглах техник хэрэгслийг эзэмшүүлсэн, шүүгдэгч Э.М нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж, ажлаас халагдсаныхаа дараа байгууллагын эд зүйлийг хүлээлгэж өгөлгүйгээр хувьдаа завшсан гэх үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.М нь байгууллагаас хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон цагаас эхлэн байгууллагын өмч, эд хөрөнгийг бүрэн бүтэн байдлаар нь буцаан хүлээх үүрэгтэй бөгөөд дээрх үүргийг зөрчиж, захиран зарцуулах эрхгүй гэдгээ өөрөө мэдсээр байж хувьдаа завшсан үйлдэл нь завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Нөгөөтээгүүр шүүгдэгч Э.М нь өөрийн гэм буруугийн асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд аливаа хэлбэрээр маргаагүйн дээр хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүхээс хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гаргахад эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд, шүүгдэгч Э.Мг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Хохирогч болон шүүгдэгчдийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан үндэслэл хангагдсан гэж үзэж шүүгдэгч Э.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгийн торгуулийн ял санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана...” гэж заажээ.
Шүүгдэгч Э.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг судалж үзээд шүүгдэгч Э.Мд холбогдох хэргийг прокурорын саналын хүрээнд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мд шүүхээс оногдуулсан 2.700.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 01 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
Гурав. Бусад асуудлаар.
Шүүгдэгч Э.М нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт Э-ын М-г “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мд 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /Хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мд оногдуулсан 2.700.000 төгрөгийн торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 01 /нэг/ жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч Э.М нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР