Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/289

 

 

 

 

 2022          03          22                                  2022/ШЦТ/289

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч М.Отгонбаатар,

Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Э-ий Э-т холбогдох эрүүгийн 2209000000124 дугаартай 1 хавтас хэргийг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймагт төрсөн, 31 настай, эмэгтэй, Дээд боловсролтой, Төрийн захиргаа удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ...... дүүргийн 00 дүгээр хороо, Дунд нарангийн 215 тоотод оршин суух хаягтай, Т овогт Э-ий Э /РД:00000000/,

Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.Э нь “Бишрэлт Интернэйшнл” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр байрлах “Централ Тауэр Бьюти” салбарт худалдааны зөвлөхөөр ажиллаж байх хугацаандаа буюу 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хооронд тус байгууллагаас 8.000.000 төгрөгийн бэлгийн карт, 4.581.118 төгрөгийн бараа материалыг завшиж, 12.581.118 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ "... Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Миний буруу. Би бүх хохирлыг барагдуулна. Тал хохирлоо барагдуулсан байгаа. Манай дүү надад цалингийн зээл авч өгнө. Тэгээд 04 дүгээр сарын 10-ны дотор бүх хохирлыг барагдуулна...” гэжээ.

Хохирогч А.Ч шүүхийн хэлэлцүүлэгт "...Манай худалдааны зөвлөх 12 дугаар сарын 09-ний бараа тооллогоор маш олон бараа байхгүй байгааг илрүүлсэн. Үүнтэй холбоотойгоор тухайн үед байгууллагын ажилтан Төгөлдөр, Энхчимэгт нартай уулзахад Төгөлдөр би энэ үйлдэлд хамаагүй гэж хэлдэг. Харин Энхчимэг тухайн бараануудыг хувьдаа ашигласан тухай хэлсэн. Тухайн үед Энхчимэг нь удахгүй хохирлыг төлнө гээд амаар хэлээд бичгээр хүсэлт өгсөн байдаг. Гэвч энэ хэрэг шүүхэд ирэх хүртэл Энхчимэг ямар ч төлбөр төлөөгүй. Харин сүүлд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгууллагын данс руу 5.000.000 төгрөг тушаасан. Харин ажилласан цалингаас манай компани суутгал хийх боломжгүй. Энэ хэрэг шийдэгдтэл цалин олгох боломжгүй байгаа. Харин энэ хүн өөрөө л цалингаас суутгана гэж хэлдэг. Иймд үлдсэн хохирлоо нэхэмжилж байна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Э.Э нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Э.Б-ийн өгсөн "...Э.Э нь компанийн харилцагч нарт олгодог 8.000.000 төгрөгийн бэлгийн картыг 2021 оны 03 дугаар сараас эхлэн 2021 оны 11 дүгээр сард хүртэлх хугацаанд хувьдаа авч хэрэглэсэн байсан. Мөн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн бараа тооллогоор 4.581.118 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг зарж бусдад өгч төлбөрийг нь Э өөртөө авдаг байсан гэдээ хүлээн зөвшөөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Төгөлдөрийн өгсөн "...2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр буюу цалин буудаг өдөр миний цалин ороогүй. Тэгэхээр нь би залгаад асуусан чинь чиний цалинг чинь өгөхгүй хаасан байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би миний цалинг яагаад хаасан юм бэ гэсэн чинь Энхчимэг та хоёр ирж маргааш уулзаарай гэж хэлсэн... тэгсэн чинь чиний нэр дээр 3.800.000 төгрөгийн бэлгийн карт чиний нэр дээр гаргаж авсан байна чи одоо энэ мөнгийг төлнө Энхчимэг та хоёр энэ мөнгийг хувааж идсэн байна гэж надад хэлсэн... Тэгээд надтай юм яриагүй Энхчимэгтэй юм яриад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Буянхишигийн өгсөн "...Бэлгийн карт нь дэлгүүрийн пос машинаар нэг төгрөгөөр гаргаад тухайн хүнээсээ мөнгө аваад тэрийгээ байгууллагын данс руу тушаахгүй хувьдаа авдаг байсан байгаа юм тэгээд карт нь тулахаар таараад байдаг байсан байгаа юм. Бараа бүтээгдэхүүн дутаад байгаа асуудал нь худалдагч нар нь өөрсдөө бүтээгдэхүүнээ тоолуулаад байсан. Сая хяналтын тооллогоор худалдагч нарыг оруулахгүйгээр өөрсдөө бараа бүтээгдэхүүнээ барьж тоолсон байсан тэгсэн чинь ингэж дутсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19/-р тал,

“Бишрэлт Интернэйшнл” ХХК-иас гаргаж өгсөн бараа материал дутагдуулсан талаарх баримтууд /хх-ийн 44-98/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.Эийн яллагдагчаар өгсөн "...Манай байгууллага 100.000 төгрөг, 200.000 төгрөг, 300.000 төгрөгийн хэмжээний бэлгийн карт худалдан борлуулдаг байсан тэгээд би тэнд ажиллаж байх хугацаанд тэрээр бэлгийн картуудыг зарчхаад мөнгийг тушаахгүй хувьдаа авсан... 4.775.518,77 төгрөгөөс 1.000.000 гаран төгрөгийн бараа бүтээгдэхүүн нь симпл гэх жижиг бэлгэнд өгдөг 1-2 млтай уснууд тэгээд түлхүүрийн оосор гээд зүйлс байсан. Эдгээр зүйлс нь би өөртөө аваагүй угаасаа бэлгэнд өгдөг бүтээгдэхүүнүүд байсан. Тийм учраас завшсан зүйл байхгүй. Үлдсэн бүтээгдэхүүнүүдийг хувьдаа мөнгийг нь авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/-р тал зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг, тайлбар авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хуулиар хамгаалах эрх ашиг нь бусдын өмчлөх эрх байдаг.

" Бишрэлт Интернэйшнл” ХХК-ийн зүгээс шүүгдэгч Э.Этэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, тухайн гэрээгээр тодорхой эрхийг олгож, шүүгдэгч Э.Э нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүйгээр байгууллагын 8.000.000 төгрөгийн үнэ бүхий бэлгийн карт, 4.581.118 төгрөгийн бараа материалыг завшсан болох нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл бэлгийн картын борлуулсан мөнгөн орлого, бараа материалын орлого нь байгууллагад шууд орох ёстой орлого мөн бөгөөд шүүгдэгч Э.Э нь бэлгийн картыг борлуулсан орлого, бараа материалын орлого зэргийг байгууллагад тушаахгүйгээр өөрийн хэрэгцээнд зарцуулж байгаа үйлдэл нь завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Нөгөөтээгүүр шүүгдэгч Э.Э нь өөрийн гэм буруугийн асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд аливаа хэлбэрээр маргаагүйн дээр хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүхээс хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гаргахад эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд, шүүгдэгч Э.Эийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаарх санал, дүгнэлтдээ "... Шүүгдэгч Э.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг...” гаргасан шүүгдэгч Э.Э болон хохирогчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Шүүх шүүгдэгч Э.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос тодорхой хэмжээнд нөхөн төлж, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлтийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Э.Эийг зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооноос гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах үүргийг хүлээлгэж түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

Гурав. Бусад асуудлаар

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож шүүгдэгч Э.Эээс  нийт 5.053.331 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Ч-д олгож, Э.Э нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Т овогт Э-ий Э-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эт 02 /Хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Э.Эийг зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооноос гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эээс нийт 5.053.331 /Таван сая тавин гурван мянга гурван зуун гучин нэг/ төгрөгийг гаргуулж, хохирогч “Бишрэлт Интернэйшнл” ХХК-д олгосугай.

6. Шүүгдэгч Э.Э нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Х.ИДЭР