Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/25

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 23 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 2207000130011 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол улсын иргэн, ******* оны ** дүгээр сарын 02-ны өдөр ******* дүүрэгт төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд  боловсролтой, ******* мэргэжилтэй, *******-д ******* ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******* *** дугаар хороо ********** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй,

          ******* овогт *******гийн ******* /РД:*******/

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “” амралтын газар Б.тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Д.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “Манай байгууллагын шинэ жил, тайлангийн хурал болоод, хамт олноороо амралтын газар амарцгаасан. Тэгээд амарч байхдаа нөгөө ээлжийн *******тойгоо буюу Б.тэй ажлын асуудлаас болоод маргалдсан. Өмнөговь руу манай компани ээлж солигдоод явдаг. Тэр асуудлаас болоод тухайн үед цохичихсон байна лээ” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

            Улсын яллагчийн зүгээс: Хавтаст хэргээс хохирогч Б.ийн мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/, гэрч Г.ийн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/, шинжээчийн 39 дугаартай дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/, яллагдагч Д.*******ийн мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

            Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...Шүүгдэгч Д.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Прокурорын шатанд прокурортой ял тохиролцсон тул 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох, мөн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ялын саналыг гаргаж байна. Мөн хохирогч Б. хохирол төлбөр нэхэмжлээгүй тул бусдад төлөх төлбөргүйд тооцуулах,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл байхгүй. Шүүгдэгч Д.*******т урьд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээ авсныг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, үргэлжлүүлэх саналтай байна.” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Д.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 23-аас 24-ний шилжих шөнө 02 цагийн орчим “” амралтын газар хохирогч Б.тэй ажлын ээлж солилцох шалтгааны улмаас нүүрэн тус газар нь хөлөөрөө  2-3 удаа өшиглөж эрүүл мэндэд нь баруун зүүн нүдний салст, баруун зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар Д.*******ийн өгсөн: “... бид хоёр нэг өрөөнд хамт архи ууж байгаад ажлын ээлж солилцох талаар яриад маргалдах гээд байсан. Тэгэхээр нь би өөр өрөөнд ороод байж байтал араас орж ирээд бид хоёр өмнө маргалдах гээд байсан асуудал дээрээ дахиж маргалдаж байгаад 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 34 дүгээр тал/

2. Мөрдөн байцаалтад хохирогчоор Б.ийн өгсөн: ...бид нар өрөө өрөөндөө ороод байж байх үедээ Д.******* бид хоёр нэг өрөөнд ороод 0.75 литрийн хэмжээтэй Голд Чингис гэх нэртэй архи хувааж ууж байгаад ажлын ээлж солих тал дээр бид хоёр бага зэрэг маргалдсан. Тухайн үед ******* гараад зодолдох уу гэж байсан. Тэгэх үед би үгүй гээд архиа уугаад сууж байгаад бид хоёр гэх манай ажлын *******ийн өрөөнд ороод дахиад архи уусан. Тэгээд удалгүй би тасарчихсан. Тэгээд миний санаж байгаагаар бол Д.******* миний нүүр хэсэг рүү өшиглөж байсан. Тэгээд би сэргээд босож ирэх үед бид хоёрыг салгасан...Би бол нэлээн уусан байсан болохоор тасарчихсан байсан. Муудалцаад зодолдсон талаар бол би огт санахгүй байгаа. Намайг өшиглөж байх үед би сэргэсэн. Д.******* бас нэлээн согтолттой байсан байх маргааш нь  надад би зарим юм аа санахгүй байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 07 дугаар тал/

3. Мөрдөн байцаалтад гэрчээр Г.ийн “...гаднаас удалгүй ороод ирсэн. Тэгээд тэр хоёр маргалдаад байх шиг байсан. Би тухайн үед утас оролдоод сууж байсан болохоор юунаас болж маргалдсан талаар бол мэдэхгүй байна. чанга яриад орилоод байсан. Тэгэхээр нь би болио одоо гараад явж унтацгаа гэх үед тэр хоёр гарах гэж яваад ******* ийг хавсраад унагаачихсан. Тэгээд ийн дээрээс 2-3 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би очоод салгах гэхэд намайг түлхчихсэн. Тэгээд удалгүй захирал орж ирээд өрөө өрөөнд нь оруулаад унтуулсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 15 дугаар тал/

4. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.ы №08 шэ/39 дугаар: “Б.ийн биед  баруун зүүн нүдний салст, баруун зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо..Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

/хх-ийн 25 дугаар тал/

5. Яаралтай тусламжийн хуудас,

/хх-ийн 22-23 дугаар тал/

6. Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 37 дугаар тал/

7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 53 дугаар тал/

8. шүүгдэгч Д.*******ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 38-52 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Д.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Б.ийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.******* нь хохирогч Б.ийн  нүүрэн тус газар нь өшиглөсөн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгчид цохиулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №08 шэ/39 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч Д.*******ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Д.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.ийн бие махбодод хөнгөн хохирол учирч шүүгдэгч эмчилгээний зардалд 300.000 төгрөг төлсөн ба хохирогч “...Гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй...гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Д.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Иймд Д.*******ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

            Түүнчлэн улсын яллагч яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагч, хохирогч нар хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гарган хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлийг тогтоож прокурорын санал үйлдэж ирүүлсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг удирдлага болголгүй яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зөрчил байгааг цаашид анхаарах нь зүйтэй.

 

Бусад асуудлаар

     Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.    

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг  500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.******* нь эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

  5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ