Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2014/0124

 

хтэй.

 

 

            ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ШҮҮХ ХУРАЛДААНЫ МАГАДЛАЛ

2014 оны 03 дугаар сарын 12 өдөр       дугаар 124            Улаанбаатар хот

 “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, С.С, С.Т нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 511 дүгээр шийдвэрт нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хууль зүйн үндэслэлгүй илүү төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг эргүүлэн олгохоор шийдвэрлэсэн захиргааны акт гаргахыг Нийслэлийн Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад даалгах” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2.1, 32.2-т зааснаар “Н” ХХК-ийн 195 иргэний хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод нийгмийн даатгалын шимтгэл ногдуулсан. Мөн хуулийн 16.1-т зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг олгох бүртээ нийгмийн даатгалын шимтгэлийг тогтоосон хэмжээгээр суутгадаг.

Даатгуулагчдад тухай бүрт нь Нийгмийн даатгалын байгууллагаас үйлчилж, хохироогоогүй тул шимтгэлийг буцаан төлөх эрх зүйн зохицуулалт байхгүй” гэжээ. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 511 дүгээр шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 19 дүгээр зүйлийн 4, 32 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "Н" ХХК-ийн Нийслэлийн Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан "Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад тухайн хууль зүйн үндэслэлгүй, илүү төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэлийг эргүүлэн олгох шийдвэр гаргахыг даалгах, хохирол учирсан зардал 160000 /нэг зуун жаран мянга/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах" гэсэн шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “НЭГ. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Маргаж буй баримтаас үзвэл нэхэмжлэгч болон хариуцагч талууд маргааны үйл баримтад хамаарах цаг хугацаа, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн үнийн дүн, түүнд холбогдох иргэдийн талаар маргаагүй, харилцан зөвшөөрч байх бөгөөд зөвхөн тухайн аж ахуйн нэгж нь иргэдтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажилласан нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-ийн 2-т зааснаар хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа гэсэн ойлголтод хамаарах эсэх, аж ахуйн нэгж нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд зааснаар иргэнтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан нь Нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах хамаарах эсэхэд маргаж байна." гэж маргааны зүйлийг тодорхойлсон боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт "Хуулийн этгээд нь Иргэнтэй байгуулсан Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан Хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллаж байгаа тохиолдол Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан албан журмаар даатгуулах төрөл, хэлбэр хэлбэрт хамаарч байгаа эсэх"-д үнэлэлт, дүгнэлт огт өгөөгүй нь асуудлыг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлээгүй нь уг шүүхийн шийдвэрийн хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна.

Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны Шүүхийн шийдвэрийн тухай 21 дугаар тогтоолын 2.1-д "Хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн хууль ёсны байх шаардлага хангагдана." гэж заасан байдаг. Нэхэмжлэгчийн хувьд Нийгмийн даатгалын тухай хуулийн 4.1.2 дахь заалтын агуулгыг шүүхээс оновчтой зөв хэрэглэж чадаагүй гэж үзэж байна.

ХОЁР. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "....Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хүсэлт гаргах өргөдөл гаргах хүртэл "Н" ХХК нь хөлсөөр ажиллагчийн нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалыг Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хууль, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу тус тус төлнө" гэсэн заалт бүхий гэрээ нь хүчин төгөлдөр байсан болох нь тогтоогдож байх бөгөөд уг гэрээнүүдийг хууль бус гэж хүчингүй болгуулсан хууль ёсны баримт байхгүй байх тул тус гэрээний дагуу төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж байсныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм. " гэжээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д "өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн гэрээгээр, эсхүл Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд зааснаар иргэнтэй байгуулсан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн" гэж заасан. Уг заалтын агуулгыг задлан үзвэл:

  1. Өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага иргэнийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулж байгаа бол ажилтан нийгмийн даатгалд албан журмаар даатгуулна.
  2. Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нь иргэнтэй ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ /Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээ/-г байгуулан ажиллуулж байгаа бол ажиллуулж байгаа иргэн нь ажил гүйцэтгэгчийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах үүрэг хүлээлгэхээр хуульчилсан байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтын агуулгаас харахад "Н" ХХК буюу хуулийн этгээд нь иргэнтэй Ажил гүйцэтгэх, Хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллуулж байгаа тохиолдолд тухайн иргэн нь нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах этгээдэд хамаарахгүй байх ба Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дэх хэсэгт заасны дагуу тухайн орлого олж буй иргэн нь сайн дураар даатгуулахаар хэлбэрийг нь тодорхой зааж өгсөн байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар "албан журмын даатгал", эсхүл "сайн дурын даатгал" гэсэн хоёр хэлбэр байх ёстой гэж зааснаас, өөр төрөл хэлбэрийг огт зааж өгөөгүй юм.

Гэтэл шүүхийн дээрх дүгнэлт нь "Иргэн болон Хуулийн этгээдийн хооронд байгуулагдсан Хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллаж байгаа тохиолдлыг" Нийгмийн даатгалын тухай хуульд байхгүй гуравдагч хэлбэрийн буюу "нийгмийн даатгалын сайн дураар даатгуулах хэлбэрт хамаарах" мөртлөө "албан журмын даатгуулах журмаар хийгдэх" холимог шинжтэй нийгмийн даатгалын хэлбэр байж болох мэтээр дүгнэсэн нь хуулийн буруу практик тогтоох ноцтой үр дагаварт хүргээд зогсохгүй, иргэд болон хуулийн этгээд хоорондоо хуульд заавал төлөхөөр заагаагүй татвар, даатгалыг төлөхөөр тохиролцон иргэний эрх зүйн гэрээ байгуулсан бол тухайн гэрээ хуульд нийцсэн эсэх нь үл хамааран хууль бус гэж үзэхгүй" гэдэг оюун дүгнэлтийг хийхэд хүргэж байна. Энэ байдал нь уг шүүхийн шийдвэр хууль ёсны байх, хууль зүйн үндэслэлтэй байх шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. ГУРАВ. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Илүү төлсөн шимтгэлийг эргүүлэн авах буюу дараа төлөх шимтгэлд тооцон суутгуулах" гэж зааснаар хариуцагчаас илүү төлсөн шимтгэлийг эргүүлэн олгох шийдвэр гаргахгүй байгаа үйлдлээс шалтгаалж нэхэмжлэгчээс даатгуулагчийн шимтгэл төлөх талаар эдлэх эрх нь зөрчигдсөн гэдэг нь тогтоогдохгүй, нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь өөрөө иргэдтэй байгуулсан гэрээгээр тэдний нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан нь тогтоогдож байх тул хариуцагч захиргааны байгууллага маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна" гэж дүгнэсэн нь мөн хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна.

"Н" ХХК-ийн хувьд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4-т зааснаар Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад "захиргааны акт гаргахыг даалгах" нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагыг гаргах урьдач нөхцөл бүрэн хангагдсан гэж үзэж байгаагаа нэхэмжлэлд тодорхой тайлбарласан болно.

"Н" ХХК Нийгмийн даатгалын тухай хуульд албан журмаар даатгуулах хэлбэрт хамаарахаар заагаагүй буюу хуулиар нийгмийн даатгалыг суутган шилжүүлэхээр үүрэг болгоогүй байхад 120,390,284 төгрөгийг хууль зүйн үндэслэлгүйгээр төлсөн учир буцаан гаргуулахаар Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хандсан боловч зохих ёсоор захиргааны актыг гаргаагүй болно.

Аливаа иргэн, аж ахуйн нэгж, татвар төлөгч, шимтгэл төлөгч, даатгуулагчийн хувьд хуулиар тухайн татвар, даатгалын шимтгэл, төлбөр, хураамж зэргийг шилжүүлэх, төлөхөөр үүрэг хүлээгээгүй байхад түүнийг төлөх ёстой мэтээр тайлбарлаж, шүүхээс төлсөн нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна гэж шийдвэрлэж байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 16 дугаар зүйлийн 16.1, 19 дүгээр зүйлийн 19.4, 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэг тус тус буруу тайлбарлаж хэрэглэн, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, 70 дугаар зүйлийн 70.2.4, 70.4 дэх хэсгийг тус тус зөрчин гаргасан Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 511 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

                                                                          ХЯНАВАЛ:                                                                          

Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа “Баян айраг” компанитай “Ажиллах хүч нийлүүлэх гэрээ” байгуулснаар “Н” ХХК Завхан аймгийн Дөрвөлжин суманд байрлах төслийн талбайд барилга байгууламж барьж байгаа компанид тоног төхөөрөмж, ажиллах хүч ханган нийлүүлэх үүргийг хүлээсэн бөгөөд ажиллах хүч гэдэгт төслийн болон замын инженер, цахилгааны, сантехникийн мастер, инженер, мужаан, цахилгаанчин, угсрагч, гагнуурчин, хүнд машин механизмын оператор зэрэг мэргэжлийн ажилчид байхаар тохиролцжээ.

Үүний дараа шаардагдах мэргэжлийн боловсон хүчнүүдтэй “Н” ХХК “Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулан гэрээгээр ажиллагчийн эрхлэх ажил, гүйцэтгэх үүргийг тодорхойлж, “Н” ХХК-ийн орон нутаг дахь барилгын талбарт төслийн гүйцэтгэх захирлын болон хариуцсан менежерийн шууд удирдлага дор, түүний өмнө үүрэг, хариуцлага хүлээж ажиллах, түүнчлэн цалин хөлсийг ажлын байрны тодорхойлолтод үндэслэн олгох, даатгал, татвар болон бусад суутгал, ажил ба амралтын цаг, ажлын ээлжийн хугацаа, чөлөө, ажиллагчийн эрх, үүрэг, эд хөрөнгийн хариуцлага, хөдөлмөрийн сахилга зэрэг асуудлуудыг тусгасны үндсэн дээр холбогдох ажил үүргийг гүйцэтгүүлсэн, улмаар гэрээнд заасны дагуу тэдгээрт олгосон цалин, түүнтэй адилтгах орлогод Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу зохих шимтгэлийг холбогдох байгууллагад ажил олгогч болон ажилтны хувиар төлсөн нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч компани тийнхүү төлсөн шимтгэлийг буцаан авахыг шаардсан үндэслэлээ “иргэнтэй Хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан учраас тэдгээр иргэд Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасан нийгмийн даатгалд заавал даатгуулах ажилтанд хамаарахгүй” гэж тодорхойлсон нь хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь: “Н” ХХК иргэдтэй байгуулсан гэрээгээ хэдийгээр “Хөлсөөр ажиллах гэрээ” гэж нэрлэсэн боловч тухайн гэрээнд ажлын байрны буюу албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл, эд хөрөнгийн хариуцлага, сахилгын зөрчил гаргасан тохиолдолд хүлээлгэх хариуцлага зэрэг асуудлуудыг тусгаснаараа Хөдөлмөрийн тухай хууль, түүний дотор мөн хуулийн 21 дүгээр зүйл заасан гол нөхцөлүүдийг бүрэн агуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-г байгуулсан гэж үзэхээр байна.

Нөгөө талаас “Баян айраг” компанитай байгуулсан гэрээний Хавсралт 1-д заасан ажил үүргийг 6 сарын хугацаагаар гүйцэтгүүлэхээр “Н’ ХХК иргэдтэй “Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулсан гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн /Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно/ гэх заалтыг зөрчсөн гэх үндэслэл болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн дээрх заалтаас үзвэл аж ахуйн нэгж, байгууллага нь байнгын ажлын байранд ажиллах иргэнтэй Хөлсөөр ажиллах гэрээ байгуулж болохгүй бөгөөд энэ агуулгаар Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д “өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн гэрээгээр..,” гэж тусгагдсан байна.

Үүнээс гадна гэрээгээ “Хөлсөөр ажиллах гэрээ” гэж нэрлэсэн нь байгуулсан нь тухайн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх, тодруулбал, гэрээгээр болон хуульд заасан үүргээс ажил олгогч болох нэхэмжлэгч компанийг чөлөөлөх үндэслэл болохгүй.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл нэхэмжлэгч компани нь ажилтантай байгуулсан гэрээний дагуу түүнд олгогдсон цалин, түүнтэй адилтгах орлогоос төлбөл зохих шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр ажил олгогчийн хувиар төлсөн нь хуульд нийцсэн бөгөөд тухайн шимтгэлийг илүү төлсөн шимтгэлтэй адилтган буцаан олгох үндэслэлгүй.

Иймд маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Харин анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамааралгүй хуулийн зүйл, заалтыг хэрэглэсэн байгааг залруулсан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулахаар шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 511 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “32 дугаар зүйлийн 2” гэсэн хэсгийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны

 
   

 журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.