Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 13

 

 

Р.Ганхуягын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн 

Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газарт 

холбогдох иргэний хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Я.Алтаннавч, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв. 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Б.Цолмон

Нэхэмжлэгч Р.Г, түүний өмгөөлөгч Ж.Цээсүрэн  

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхболд, түүний өмгөөлөгч           Б.Баярмаа нар оролцов. 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 347 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхболдын давж заалдах гомдлоор тус аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, Залуус хотхоны 1-17 тоотод оршин суух иргэн Р.Ганхуягийн “Өөрийн эзэмшлийн газар дээрх хашааг буулгуулж, газар чөлөөлүүлэх тухай” Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газарт холбогдох иргэний хэргийг 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч  Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Р.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Сүхбаатар аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/202 тоот захирамжаар Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 4 000м2 /0.4 га/ газрыг №19674174833521 дугаартай газар эзэмшлийн гэрчилгээгээр 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж байгаа билээ. Тус газарт хот төлөвлөлтөөр 20 айлын 5 давхар орон сууцыг ашиглалтанд оруулахаас 3 орон сууцыг барьж ашиглалтанд өгөөд байна. Гэтэл аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын дарга Х.Хишигбадрах нь миний эзэмшиж буй газар дээр надад урьдчилан мэдэгдэлгүйгээр барилга барихаар хашаа татсан нь иргэн миний хууль ёсны эрхэд бүдүүлгээр халдаж байна. Би кадастр өөрчлөгдсөнийг шүүх дээр ирж материалтай танилцаж мэдсэн. Кадастр өөрчлөгдсөн байна гээд С.Энхболдтой уулзахад С.Энхболд нь тэр барилга барьж байгаа хүмүүст хашаагаа буулга гэж хэлсэн. Барилгын хүмүүс шүүхийн шийдвэр гартал буулгахгүй байж байя гээд надаас гуйсан. Гэтэл хэд хоногийн дараа хашаан дотроо газар ухаад эхэлсэн. Тэгээд барилга барьж байгаа хүмүүсээс асуухад Х.Хишигбадрах дарга барилгаа барь, барилга нь оройтох гээд байна гэж хэлсэн гэсэн. Газрын албатай 50 айлын урт орон сууц барих гэрээ хийгээд зураг төслөө хийлгэсэн гэсэн. Ж.Баатарсүх гэдэг хүн байр барихаар надтай тохиролцож гэрээ байгуулсан зүйл байхгүй. Манай барилгын борлуулалтыг хариуцдаг Г.Чинбат нь зөвхөн барилга борлуулах эрхтэй болохоос миний эзэмшлийн газрын кадастрыг өөрчлүүлэх, газрын албатай миний өмнөөс тохиролцох эрхийг түүнд олгоогүй. Г.Чинбаттай уулзахад манай байранд орсон айлууд гэрчилгээ шаардсан. Ингээд газрын албатай уулзахад кадастр хэрэгтэй гэж хэлсэн гэсэн. Кадастраа аваад очиход танай байр 1 метр илүү гарсан байна, шинэ кадастр хийлгэ гэсэн байсан. Г.Чинбат манай газар дээр 1 метр илүү гарсан газрыг нэмж кадастр хийсэн гэж ойлгоод шинэ кадастр хийлгэсэн байсан. Иймд хуучин кадастрын зургийн дагуу өөрийн эзэмшлийн газраа чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан гэв.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхболд шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Р.Г2ийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутагт байрлах Залуус орон сууцны хорооллын эзэмшилд байсан 3050м2 талбай бүхий газрыг аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/202 тоот захирамжаар 4000м2 талбай болгон газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон. Гэтэл иргэн Р.Ганхуяг нь 3 дугаар ээлжийн 2016 онд ашиглалтанд орсон барилгын оршин суугчдын гэрчилгээг авах болсонтой холбогдуулан уг орон сууцны кадастрын зураглалыг тусгай зөвшөөрөлтэй Ганга чуулган ХХКомпаниар 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хийлгэн компанийн гарын үсэг, тамгаар баталгаажуулагдсан кадастрын зураглал, №00162 дугаартай хот тосгон, бусад суурины эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас авч ирсний дагуу шинээр баригдсан барилгын хэмжилтийн кординатаар нь мэдээллийн санд оруулахад хуучин мэдээллийн санд байгаа 4000 м2 газрын хил заагаас шинээр баригдсан барилгын суурийг урагш илүү гарган тал хэсэг нь гадна талд буюу зөвшөөрөлгүй газарт баригдсан байсан. Тиймээс иргэн Р.Г-ийг төлөөлж тус барилгын борлуулалт хариуцсан ажилтан Г.Чинбат нь одоо байгаа хашаанд хэмжилтийг дахин хийлгэн мэдээллийн санд өөрчлөлт оруулахад төлөх 5360 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр тус газрын 100120029002 тоот дансанд тушаан, 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр тус газрын 19674174833521 дугаартай нэгж талбар бүхий 4000м2 талбай бүхий газрын кадастрын зураглалд өөрчлөлт оруулж шинээр баригдсан барилгын кадастрын зураглалд өөрчлөлт оруулж өгөх хүссэн. Уг хүсэлтийн дагуу 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хэмжилтийн дагуу одоо байгаа хашааны баруун хэсэг буюу зөвшөөрөлтэй 4000 м2 талбайд шинээр баригдсан барилгыг оруулан 2016 оноос 2207090491 нэгж талбарын дугаартай өөрчлөлт орсон кадастрын зураглалыг үнэт цаасан дээр хэвлэж, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийг хавсарган өгсөн. Иймд Р.Ганхуягийн хүсэлтийн дагуу кадастрийн мэдээллийн санд өөрчлөлтийг 4000м2 газарт багтаан өгсөн бөгөөд одоо байгаа нийт хашаа бүхий газрын зүүн талын хэсэг болох 1327 м2 газар нь зөвшөөрөлтэй хэмжээтэй давхцал үүсээгүй учир зүүн талын хэсэг болох тус газрын эзэмшил талбайд тааруулан хашааг буцаан татсан болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 347 дугаар шийдвэрт: Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 90.2, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасныг баримтлан аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/202 тоот шийдвэртэй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг Залуус хотхонд байршилтай, нэгж талбарын 19674174833521 дугаартай, 4000м2 /0.4 га/ хэмжээтэй, 000640440 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй Хөх овогт Разнаабазарын Ганхуягийн эзэмшлийн газар дээр барьсан хашаагаа буулгаж, газрыг чөлөөлж өгөхийг Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газраас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Г-т олгохоор тус тус шийдвэрлэжээ.  

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхболд давж заалдах гомдолдоо: Хариуцагч болох Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар нь нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх заалтыг дагуу баталгажуулан өгсөн байхад нотлох баримтыг хэмжээнд үнэлээгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа даалгах талаар тусгаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагаас давсан шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч нь тус газраас авсан 2207090491 тоот нэгж талбарын дугаартай кадастрын зургийг хүлээн зөвшөөрч 3 дугаар ээлжийн орон сууцны байр худалдан авсан иргэн Д.Гансүх, Д.Жаргалсайхан нарт өгснөөр иргэд 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр улсын бүртгэлийн хэлтсээс үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авсан байхад эргээд уг кадастрын зургийг зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр хуурамчаар өөр кадастрын зургийг нэхэмжлэлд хавсарган өгснийг нарийн судлаагүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Г нь аймгийн Засаг даргын 2016 оны 05 сарын 10-ны өдрийн А/202 дугаар захирамжаар Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт орон сууцны “Залуус” хотхон барих зориулалтаар 4000 м2  газрыг 15 жилийн хугацаатай эзэмшиж байгаа ба миний эзэмшлийн энэ газар дээр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь барилга барихаар хашаа татсан байх тул хашааг татуулж, газар чөлөөлүүлэх тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасныг  хариуцагч байгууллагын төлөөлөгч зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ өөрийн эзэмшил газрын хэдэн м2 газар дээр хариуцагч байгууллага барилга барих хашаагаа давхцуулан татсан талаар тодорхой заагаагүй нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус гэж үзэх үндэслэлтэйн зэрэгцээ энэ талаар анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцээгүй атлаа хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.   

Мөн хариуцагч байгууллага шүүхэд ирүүлсэн бичгийн нотлох баримтуудад /хх-21-30/  өөрийн байгууллагын “хуулбар үнэн” тэмдэгийг дарсан нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө...” гэж заасантай нийцэхгүй байна. Энэ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан “ төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд” гэдэгт энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хэргийн оролцогч буюу нэхэмжлэгч, хариуцагч ... хамаарахгүй байхаар заасан учраас тухайн хэрэгт хариуцагчаар оролцож байгаа Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газарт   дээрх заалт  хамаарахгүй юм. 

Талууд хэрэгт ач холбогдол бүхий газар эзэмшүүлэх эрх олгосон аймгийн Засаг даргын захирамж ирүүлээгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. 

Харин шүүх нэхэмжлэлийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар  иргэний хэрэг үүсгэх шүүгчийн захирамж гаргахдаа Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газарт бус дарга Х.Хишигбадрахад холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн нь хууль зөрчжээ.  

Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон  дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагч Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын давж заалдах гомдлыг энэ удаа шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5,167.2, 168 дугаар  зүйлийн 168.1.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

Нэг. Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 347 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр  анхан шатны шүүхэд буцаасугай.

Хоёр. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 О.БААТАРСҮХ

                     ШҮҮГЧИД                              Я.АЛТАННАВЧ

                                                                    Д.БАЙГАЛМАА