Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 15

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор Ц.Ариунжаргал

          Шүүгдэгч Э.Х

          Нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 28 дугаар шүүгчийн захирамжтай, Э.Х ад холбогдох 1728000000034 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Хоовон овгийн Э.Х , Монгол Улсын иргэн, Өмнөговь аймаг, Ханхонгор суманд 1991 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул, уурхайн цахилгааны инженер мэргэжилтэй, “Говь Эрдэнэс” ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Өмнөговь аймаг Даланзадгад сум, 1 дүгээр баг, ..................... оршин суух,  регистрийн дугаар: ...........................

          Өмнөговь аймгийн Прокурорын газраас Э.Х ыг 2017 оны 08 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Төгөлийн 3-11 тоотод Ж.А ын бие эрх чөлөөнд халдан зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж 28 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Х ад холбогдох 1728000000034 тоот, нэг хавтас эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2-т зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

          Прокурор эсэргүүцэлдээ: Дээрх шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдалт нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “...Гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй” гэж заасан бөгөөд Э.Х аас гэрчийн мэдүүлэг авахад дэзрх хуулийн заалтыг тайлбарлаж сануулсаны үндсэн дээр мэдүүлэг авсан байна. Э.Х  нь мэдүүлэг өгөхөөс татгалзах, өмгөөлөгч авах эрхээ эдлэхгүйгээр мэдүүлэг өгч, харин гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийн талаар тогтвортой үнэн зөв мэдүүлсэн болох нь хохирогч Ж.А а, гэрч Ө.Б , М.Б , Д.Ч , Ц.М  нарын мэдүүлгүүдээр давхар нотлогддог.

          Шүүхийн санаачлагаар зарласан урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Э.Х  оролцсон. Ингэж оролцохдоо яллагдагч нь шүүгчээс заалт нэг бүрчлэн асууж тодруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-6.17-д заасан асуудлуудын талаар ямар нэг санал хүсэлт байхгүй, харин миний үйлдсэн хэрэг тодорхой, үнэн зөв шалгагдсан учир хэргээ хурдан шийдвэрлүүлмээр байна гэсэн хүсэлт гаргадаг. Дээр дурдсанчлан яллагдагчийн үйлдсэн хэрэг болон түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд нь бусад нотлох баримтуудаар нотлогдсон.

          Шүүх яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан эрх үүргийг тайлбарлаж өгсөн эсэхэд эргэлзээ төрвөл шүүхийн хэлэлцүүлгийн урьдчилсан шатанд энэ талаар тодруулах боломжтой байхад асууж тодруулалгүйгээр хэргийг удаа дараа прокурорт буцааж байгаа нь учир дутагдалтай байна.

          Мөн Э.Х  яллагдагчаар байцаалт өгөхдөө өмгөөлөгч авахгүйгээр байцаалт өгөх тухайгаа илэрхийлсний үндсэн дээр мэдүүлэг өгсөн байдаг.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ”, 4 дэх хэсэгт “Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа энэ хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлана” гэж заажээ.

          Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Шүүхийн шинжилгээ хийх үндэслэл нь шинжилгээ хийлгэх тухай мөрдөгч -ийн тогтоол байна”, 7 дугаар зүйлийн 7.2-т “Шинжилгээ хийлгэх тухай тогтоол ...-д дараахь зүйлийг тусгана: 7.2.1. шинжилгээ хийлгэх үндэслэл; 7.2.2. шинжилгээ хийлгэх байгууллагын нэр; 7.2.3. шинжилгээ хийх хугацаа; 7.2.4. шинжээчид тавих асуулт; 7.2.5. шинжилгээний объектын

талаархи мэдээлэл. Дээрх хуулийн заалтууд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан эрхийнхээ дагуу мөрдөгч нь Ж.А ын эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоолгохоор Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албанд даалгаж шинжээчээр томилсон байна.

          Мөрдөгчийн шинжээч томилсон тогтоолыг шинжээч эмч хүлээн авч, тогтоолд дурдсан эрх, үүрэг болон хуулийн хариуцлагатай танилцаж гарын үсэг зурсан, 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 408 дугаартай дүгнэлтдээ санаатайгаар худал дүгнэлт гаргасан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг сануулсан талаар тэмдэглэсэн хэсэгт болон гаргасан дүгнэлтээ баталгаажуулан гарын үсэг зурж, шинжээчийн хувийн болон байгууллагын тэмдэг дарсан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

          Хэрэв мөрдөгч хуульд заасан үндэслэлээс гадуур, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж шинжээч томилсон, эсхүл шинжээч эмч дээрх хуулийн заалтуудыг зөрчиж илт үндэслэлгүй дүгнэлт гаргасан бол шүүх шинжээчийн дүгнэлтийг үнэлэх боломжгүй нөхцөлд хүрэх юм.

          Мөн шинжээч эмч нь өөрийн эрх хэмжээний хүрээнд хохирогч Ж.А ын эмнэлгийн байгууллагад шинжилгээ хийлгэсэн рентген зураг, эмнэлгийн бичиг баримт буюу нарийн шинжилгээний онош дээр үндэслэж түүний бие махбодид учирсан гэмтлийн зэргийг тодорхойлж дүгнэлтийг гаргасан.

          Хохирогч Ж.А ыг хохирогчоор тогтоосон тогтоол үйлдэж, хохирогчоос мэдүүлэг авсан байна. Ж.А а нь хохирогчоор тогтоосон тогтоол, байцаалтыг уншиж танилцан эрх үүргээ танилцаж ойлгосон, ярьсан зүйл үнэн зөв тэмдэглэгдсэн байгааг баталгаажуулж гарын үсгээ зурсан байна. Гэтэл шүүх хохирогчоор тогтоох тогтоолын арын хэсэгт П.Батцэцэг гэж бичигдсэн мөрдөгчийн техникийн шинжтэй алдааг үндэслэн хохирогч Ж.А ад хууль тайлбарлаагүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн шүүх хохирогч хуульд заасан эрх үүргээ танилцаж ойлгосон эсэх, түүний эрх зөрчигдсөн эсэхийг шүүх хуралдааны явцад тодруулах боломжтой юм.

        Шүүх “...эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2017 оны 9-р сарын 2-ны өдрийн мөрдөгчийн саналд "яллагдагчаар татах Э.Х  хаана байгаа нь тодорхой" байх тул гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлсэн байхад, прокурор саналд зааснаас өөр үндэслэлээр буюу "Э.Х  нь гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх" үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэнэ гэсэн заалттай нийцэхгүй” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан прокурорын бүрэн эрхэд халдсан дүгнэлт хийсэн байна.

          Прокурор шийдвэрээ гаргахдаа мөрдөгчийн саналаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол үүссэн эсэх, тухайн хүн, хуулийн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон эсэх, яллагдагчаар татах хүн, хуулийн этгээд хаана байгаа нь тодорхой эсэх зэргийг хянасны үндсэн дээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлддэг. Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлэг, яллагдагчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэрэг хэзээ, хаана, яаж үйлдэгдсэн/ гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг нь эргэлзээгүйгээр тогтоогдсон байхад хэргийг прокурорт буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “...гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн... олж тогтоон шударгаар ял оногдуулах, ...зөрчигдсөн эрхийг сэргээх” гэсэн зорилт, “...шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн заалтуудтай зөрчилдөж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа сунжрах, оролцогчдыг чирэгдүүлэхэд хүргэж байгааг дурьдах нь зүйтэй байна.

          Иймд анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж үндэслэлгүй байх тул Э.Х ад холбогдох Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 28 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Э.Х ад холбогдох 1728000000034 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийн үндэслэн хянан хэлэлцээд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 28 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:

1. Мөрдөгч нь Э.Х ын үйлдсэн гэх гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хохирол учирсан гэж хохирогчоор Ж.А ыг тогтоож 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр тогтоол гаргасан боловч хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлд хохирогчийн эрх, үүргийг түүнд биш П.Батцэцэгт тайлбарлан өгсөн тухай тэмдэглэгджээ. /хэргийн 06, 07 дугаар тал/ Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн шийдвэр гараагүй хүнд эрх, үүрэг тайлбарласан тэмдэглэлийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлсэн баримтат мэдээлэл гэж үзэх боломжгүй. Хэрэгт хохирогч Ж.А аас хохирогчоор мэдүүлэг авсан өөр тэмдэглэл байхгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.2-т заасан хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай мэдээллийг гаргаж өгч хавтаст хэрэгт бэхжүүлэх, мөн зүйлийн 1.7-т заасан мэдүүлэг өгөх эрхээ хохирогч Ж.А а эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй гэж үзнэ.

Иймээс хохирогчийн эрх хангагдсан эсэх нь эргэлзээтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн хэрэгт хамааралтай, энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлэх үүргийн дагуу гарсан гэж үзлээ.

2. Э.Х ыг яллагдагчаар байцаасан тэмдэглэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4, 7.5 дугаар зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах, мэдээлэл авахыг эрхийг тайлбарласан тухай бэхжигдсэн боловч хэрэгт  яллагдагчийн  өөрийгөө өмгөөлөх тухай бичгээр гаргасан хүсэлт авагдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурор, мөрдөгч  нь яллагдагчийг өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангах үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болсон тул анхан шатны шүүхийн яллагдагч өөрийгөө өмгөөлөх болон өмгөөлөгч оролцуулах эрхээ эдэлж чадаагүй гэсэн дүгнэлтийг хууль зөрчөөгүй гэж үзнэ.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор эсхүл тусгай мэдлэг шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ. Гэтэл хэргийн 15 дугаар талд “Ж.А аас ирүүлсэн гомдол, мэдээлэлд шинжилгээ хийлгэхээр Өмнөговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний албанд даалгасан” мөрдөгчийн тогтоол авагдсан байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 7.2.5-д заасны дагуу шинжилгээний объектийн талаархи мэдээллийг шинжилгээ хийлгэх тухай тогтоолд  тусгасан байх шаардлагтай байхад шинжилгээ хийлгэх тогтоолд шинжээчийн мэдэлд “Ж.А а зэргийг шилжүүлсүгэй” гэснээс өөр зүйл бичээгүй тул  хохирогч Ж.А ы бие шинжилгээний объект болно.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6.1.1-д зааснаар “шүүхийн шинжилгээ” гэж ...шинжилгээний объектэд шинжилгээ хийж дүгнэлт гаргах ажиллагааг хэлнэ.

Гэтэл 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 408 тоот шинжээчийн дүгнэлтэд “2017.08.22. доод эрүүний рентгенд: Зүүн талд хөндлөн хугаралтай” гэж бичигдсэн байна. Хэрэгт шинжээч нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т заасан эрхийн дагуу шинжилгээ хийж дүгнэлт гаргахад шаардлагатай нэмэлт материал гаргаж ирүүлэхийг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдээс хүссэн, мөн шинжилгээ хийлгэх үед оролцогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлийн 1.3-т зааснаар шинжээчид нэмэлт баримт бичиг өгсөн байдал тогтоогдсонгүй. Иймээс шинжээчийн рентген зурагт үндэслэн дүгнэлт гаргасан ажиллагааг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-д заасан шинжилгээ хийхийн тулд өөрийн санаачилгаар баримт материал цуглуулахыг хориглосон ажиллагааг явуулсан гэж үзэх үндэслэл болно.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д эрүү, иргэн, захиргаа болон бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шинжилгээ хийхэд энэ хуульд заасан журмыг баримтална, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн

 

заалтыг чанд сахина  гэж тус тус заажээ.

Иймд шинжээчийн Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлаагүй гаргасан 408 дугаартай дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дугаар зүйлд зааснаар нотлох баримтаар тооцох боломжгүй байна.

Э.Х ыг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж прокурор яллах дүгнэлт үйлдсэн. Энэ тохиолдолд хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.2-т заасан хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг шинжилгээ хийж тогтоох ажиллагааг заавал хийх тул прокурорыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Иймд шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлж болох дээр дурдсан мөрдөн шалгах ажиллагааг анхан шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нь тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 28 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

           

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                          Т.БЯМБАЖАВ

                                                                                                  Х.ГЭРЭЛМАА