Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/378

 

  

 

 

 

 

 

 

 

    2022        04          08                                     2022/ШЦТ/378

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Шийдвэрийн огноо: 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр;

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;  

 

Улсын яллагч: Г.Цогтмагнай;

 

Шүүгдэгч: Б.Ц (өөрийгөө өмгөөлж);

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү;

 

Хэргийн дугаар: .................;

           

Шүүгдэгч Б.Ц регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Америк орон судлаач мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, .... магистрант, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт  , урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

 

Б.Ц нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны шөнийн 01 цаг 50 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “....” супермаркетын үүдэнд иргэн Г.О-г бусадтай андууран түүнийг .... дугаартай автомашин дотор нь үсдэж цохин зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокуророос Б.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв. 

 

  Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.О /хх-ийн 34/, гэрч С.Б  /хх-ийн 19-20/ нарын мэдүүлэг, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 22-23/, Г.Оын биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 770 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26/, Б.Цын дансны хуулга /хх-ийн 30/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 36-37/, хохирогч Г.Оын хүсэлт /хх-ийн 41/, Б.Цын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 42-43/, Б.Цын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 5/, зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Ц нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны шөнийн 01 цаг 50 минутын үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт байрлах “Баясах трейд” супермаркетын орчим иргэн Г.О-г ямар ч шалтгаангүйгээр ... дугаартай автомашин дотор нь зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Г.Оын /хх-ийн 34/: “Би 2021 оны 12 дугаар сарын 18-ны шөнийн 02 цагийн үед гэртээ орох гээд машинаа “...’’-ийн үүдэнд байрлуулж байсан. Манай гэр ..... тоотод байдаг. Сүхбаатарын талбай дээр ажлаа хийж байгаад гэртээ ирж байсан үе байна. Тэр үед гэнэт нэг үл таних эмэгтэй миний сууж байсан машины жолооч талын хаалгыг онгойлгоод шууд “чшш чшш чимээгүй бай, чамайг мэдэхийн байна, чи сая бааранд сууж байсан зохион байгуулалттай янхнуудын нэг биз дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь “би ажлаасаа ирж байна эгчийн дүү, хүн андуураад байна” гэж хэлтэл зогсоо зайгүй хараагаад байхаар нь цааш нь түлхтэл намайг шууд ирээд үсдээд авсан. Би машины зогсоол хүлээгээд араагаа салгаагүй байсан болохоор тормозон дээрээс хөлөө авч чадахгүй, үсдүүлж цохиулж байхдаа эсэргүүцэж чадахгүй байсан. Тэр үед хаанаас ирсэн нь мэдэгдэхгүй 2 залуу бас гараад ирсэн. Би бүр юу болоод байгааг ойлгохгүй байсан. Тэгээд арай хийж машинаа унтраагаад тэр гуравт чирэгдээд бууж иртэл тэр охин миний үснээс тавихгүй байсан. Би аргагүй эрхэнд биеэ хамгаалаад ноцолдож зууралдсан. Тэр үед үсээ салгаж авч чадахгүй байсан болохоор хэнийг яаж түлхэж, гараа савчуулж байх үедээ хүн цохисон эсэхээ мэдэхгүй байна. Тавиач гээд байсан болохоос биш тэр 2 залуу намайг тэр охиноор үсдүүлээд байлгаад байсан. Би маш их гомдож байна. Яагаад гэвэл ямар ч шалтгаангүйгээр танихгүй хүмүүст зодуулж биедээ хохирол учруулж, сэтгэл санаагаар хохирсондоо харамсаж байна. Тухайн үед цагдаа ирж салгаагүй бол юу болох байсныг мэдэхгүй байна. ...Миний толгой өвдөж 3 өдөр Баянзүрх дүүрэгт байдаг бариачаар 60.000 төгрөгөөр бариулсан. Одоо томографын зураг авхуулмаар байна. Миний баруун чихэнд байсан сарнай хэлбэртэй алтан ээмэг алга болсон. Баруун гарын ядам хуруунд байсан цагаан алтан бөгж байхгүй болсон. Машины салдаг төмөр түлхүүр нь байхгүй болсон. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ...” гэх мэдүүлгээр,

 

гэрч С.Б-ын /хх-ийн 19-20/: “... Би 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 23 цаг 40 минутад найз охин Б.Цыг .... хороололд байрлах нэрийг нь үл мэдэх нэгэн караокед хүргэж өгсөн. Тэгээд би найз н.И-ийг гэрээс нь аваад манай гэрт очоод байж байтал Б.Ц чатаар “ингэсгээд гарах байх шүү” гээд бичсэн. Тэгээд би 2021 оны 12 дугаар 18-ны 01 цаг 20 минутад гэрээсээ гараад явж байтал Б.Ц залгаад “би гараад ирчихлээ” гэсэн. 01 цаг 50 минутад ирэхэд нэг үл таних эмэгтэйтэй муудалцаж байгаа байдалтай гар утсаа гаргаад ирчихсэн бичлэг хийгээд зогсож байсан. Тэгээд намайг машинаас буух хооронд үсдэлцээд зодолдоод эхэлсэн. Манай найз н.И  бид 2 салгаад байж байхад манай найз охины утас нь тэр эгчийн машин дотор жолоочийн руль дээр унасан байсан. Тэр үед 2 цагдаа гарч ирээд шаардлага тавьж манай найз охин болон тэр эгч хоёрыг бүрэн салгаад тэр эгчид “та энэ хүний гар утсыг өг” гэж шаардлага тавихад “эмчилгээ төлбөртөө авч байна” гэж хэлээд Б.Цын утсыг өгөхгүй байсан. Тэгээд би найз охиноо аваад машинд суугаад хүлээж байхад манай найз н.И  тэр 2 цагдаагийн хамт гар утсыг нь авахаар тэр эгчээс янз бүрээр асууж байхад гар утсыг өгөхгүй яваад өгчихсөн. Тэгээд би найз охин, н.И  2-ыг аваад гэртээ харихаар явсан. Намайг ирж байсан болохоор тэр эгчийг ирж зогсох үед намайг ирж байна гэж бодоод өөрсдийнх нь машинд өөр хүн суучихсан байна гэж бодоод маргалдсан гэж бодож байна...” гэх мэдүүлгээр,

 

Г.Оын биед “тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 770 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /xx-ийн 25-26/,

 

Б.Цын яллагдагчаар мэдүүлсэн /xx-ийн 5/: “...Би тухайн үед болсон явдлыг сайн санахгүй байгаа бөгөөд манай найз залуугийн хэлснээр би Г.О-г машинд байхад нь үснээс нь зулгааж татсан байсан. Энэ үед би энэ гэмтлийг Г.Оын биед учруулсан гэж бодож байна. ...Би өөрийн хийсэн үйлдлийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 36-37/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Б.Цад холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг хохирогч, гэрч зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, шүүгдэгчийн хүнийг зодсон үйлдлийн улмаас хохирогч гэмтсэн үр дагавар бий болсон, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг хөдөлбөргүй, эргэлзээгүй агуулсан байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Б.Ц нь Г.О-г зодож хөнгөн гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Б.Цын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид 1.000.000 төгрөг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулан дүгнэлт хийв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Цад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан төрөл, хэмжээний дотор 500 нэгж буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял  шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүхийн шатанд хохирогч Г.О нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол төлбөртэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Харин хохирогч нь өөрийн биед учирсан хөнгөн гэмтэлтэй холбоотой гэм хорын нөхөн төлбөрийн талаархи шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Ц нь хохирогч Г.Оын хохирол төлбөрт 1.000.000 төгрөг нөхөн төлснийг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч нь өөрийн биед учирсан хөнгөн гэмтэлтэй холбоотой гэм хорын нөхөн төлбөрийн талаархи шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

                                                                                                                                                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.МӨНХ-ЭРДЭНЭ