Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 154/2022/00003

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         

        Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга Б.Цагаанцоож

            Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Алтанцэцэг

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр

           Шүүгдэгч Д.Гантулга нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2237000000001 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1976 онд Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн, 45 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6 /эхнэр 4 хүүхдийн хамт/ Ховд аймгийн Цэцэг сумын Хажинга багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ******* овогт*******ын******* /ПМ 76051313 регистрийн дугаартай/ нь хувийн таарамжгүй харилцааны улмаас Ховд аймгийн Цэцэг сумын Хажинга багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Ж.Энхээтэй маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, толгойн тус газар нь модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:                

        Яллагдагч Д.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн...2021 оны 12 сарын 03-ны өдөр найз Баянзул манайд ирэхдээ нэг шил архитай ирээд бид хоёр хувааж уусан.Би мотоциклоо гэрээсээ хол орхисон байтал мотоциклийг  гэрийн гадна аваад ирчихсэн байхаар нь би эхнэрээ хардаад мотоцикл хэн авч ирсэн бэ гээд уурласан. Согтсон учир үйлдлээ сайн мэдэхгүй байна. Гэрт ороход баганад залгасан мод уначихсан байхаар аваад эхнэрийнхээ толгойн тус газар нь нэг удаа цохисон. Миний буруу.Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна.Эхнэр надаас нэхэмжилж байгаа хохирол төлбөр байхгүй гэх мэдүүлэг

            Хохирогч Хойд овогт Жавсангийн Энхээгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн... “..2021 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 12 цагийн орчимд Гантулгын найз идэшний малд явж байна гээд манайд ирсэн ирэхдээ 1 шил 0.75 граммын ерөөл нэртэй архитай ирсэн. Түүнийгээ манай нөхөртэй хувааж ууж байгаад Хажингийн ам гэх газар луу мал нядлан гээд явцгаасан. 15-16 цагийн орчим Баянзул. Гантөмөр гэх хүнтэй 3 лаа цагаан өнгийн суудлын машинтай тал шил архитай ирээд түүнийгээ хувааж ууцгаагаад хоол идээд Гантөмөр, Баянзул 2 явсан Манай нөхөр их согтсон, унтаж өгөхгүй янз бүрийн юм яриад байхаар нь би дуугүй унтаач эрүү чинь чилдэггүй юм уу, гээд цагдаа дуудна шүү гээд хэлчихсэн чинь босож ирээд хутга хаан байна 4 өндөр хавирга руу чинь хутга зооно гээд байсан. Тэгэхээр нь би гэрээс гарах гэхэд хаалганы уяанаас татаж хаалга хааж байгаад баганад ивээс хийдэг мод аваад толгой руу 1 удаа цохисон. Тэгэхэд миний толгойноос их хэмжээний цус гараад байхаар нь би орилсон чи намайг алчихлаа гэсэн чинь цус харчхаад орон дээрээ гараад хөнжил нөмрөөд хэвтчихсэн. Би сумын төв дээр байгаа 9 дүгээр ангийн охин руугаа утсаар яриад аав чинь намайг зодлоо толгойноос цус алдаад байна. Эмнэлэг дуудаад өгөөрэй гэж ярьсан. 2 цагийн дараа сумаас Тодбаяр эмч ирээд үзээд намайг сумын эмнэлэг дээр авч ирээд миний толгойд боолт хийж шингэн хийж эмчилгээ бичиж өгсөн..." гэх  мэдүүлэг,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл

Хохирогчийг зодсон гэх гэрийн баганад эвээс хийсэн модыг харуулсан гэрэл зураг

30 см урттай дөрвөлжин улаан хүрэн өнгийн модыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол

Гэрч Л.Тодбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн“...2021 оны 12 сарын 03-ны орой 19 цагийн орчим эмнэлэгт Ж.Энхээгийн толгой хэсгээс цус гоожоод тогтохгүй байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход зулай орчимд 4-5 см орчим арьс нь язарсан цус нь тогтсон оёдол тавих шаардлагагүй байсан.Өвчин намдаах эм уулгаж цус тогтоох тариа хийж эмчилгээ бичиж өгсөн.Нөхөр нь согтуу хэвтэж байсан.Эхнэр нь манай нөхөр надтай маргаж байгаад баганад залгасан модоор намайг цохисон гэж хэлсэн гэх мэдүүлэг

 

 

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 9-ны өдрийн 01 дугаартай “...Ж.Энхээгийн биед зулайн зүүн хэсэгт шарх. зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.Ж.Энхээгийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Хөдөлмөрийн чадвар алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй .Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт,

Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан мөрдөгчийн тогтоол

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл

Хохирогч Ж:Энхээгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт болон хүсэлтэд эмчилгээний зардал болон нэхэмжлэх зүйл байхгүй гэх хүсэлт

Яллагдагч Д.Гантулгын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт

Яллагдагчид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай прокурорын санал  зэрэг нотлох баримтууд, улсын яллагчийн дүгнэлт зэргийг шүүх хуралдаанд шинжлэн судалсан болно. 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой хамааралтай гэж үзэж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

          Шүүгдэгч Д.Гантулга нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн үйлдэлдээ маргахгүй байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, хохирогчоос нэхэмжилж байгаа хохиролгүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

        Хэрэгт эд мөрийн баримтаар 30 см урттай улаан өнгийн мод хураагдсан, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналын хүрээнд ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлийн 1,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

            1. Шүүгдэгч ******* овогт*******ын Гантулгыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Д.Гантулгыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Гантулгад оногдуулсан торгох ялыг 4 / дөрөв / сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар шүүгдэгч Д.Гантулгад торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

           5.Шүүгдэгч Д.Гантулга нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлбөргүй болохыг дурьдсугай.

          6.Шүүхэд эд мөрийн баримтаар хураагдсан 30 см урттай улаан хүрэн өнгийн модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Шүүгдэгч Д.Гантулгад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

            8.  Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Ц.ЭНХЖАРГАЛ