| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 183/2017/00443/И |
| Дугаар | 183/ШШ2017/01082 |
| Огноо | 2016-04-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 183/ШШ2017/01082
| 2017 оны 05 сарын 10 өдөр | Дугаар 183/ШШ2017/01082 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Н.О-ын нэхэмжлэлтэй,
Цагаатгалын нөхөн олговор гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.О , гуравдагч этгээдээр прокурор Г.Х , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Р.ц нь 1938 онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж нас барсан байдаг. Түүнийг 1993 онд цагаатгасан. Тухайн үед хэлмэгдэгч нь өөрийн төрсөн хүүхэдгүй дөрвөн эмэгтэй дүүтэй лам хүн байсан бөгөөд төрсөн дүү нь Л.Бэ эх Р.Д юм. Холбогдох нөхөн олговорыг авах ёстой миний ээж Б.Н нь нөхөн олговрын материалаа бүрдүүлж байхдаа 2016 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр өвчний улмаас нас барсан юм. Монгол Улсын Цагаатгалын ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсийн цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох хуулийн нэмэлт, Монгол улсын Засгийн газрын 1998 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтад заасны дагуу Н.О надад олгохоор 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн “Зууны мэдээ” сонинд зарлагдсан. Миний бие эхээс зургуулаа бөгөөд хоёр нь бурхан болсон. Бусад ах дүү нараас хэлмэгдэгчийн нөхөн олговрыг надад олгохыг зөвшөөрч шүүхэд хүсэлтээ ирүүлсэн. Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг үндэслэн хэлмэгдэгч Р.Ц-ын нөхөх олговрыг гаргуулж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Г.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.О-т хэлмэгдэгч Р.Ц-т олгогдох нөхөх олговрыг хуулийн дагуу олгох нь зүйтэй гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Н.О нь хэлмэгдэгч Р.Цэ-т олгогдох нөхөх олговорыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэлмэгдэгч Р.Ц нь Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар хурлын тогтоолоор хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэж, улмаар 1993 онд түүнийг цагаатгасан болох нь Монгол Улсын Дээд шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 26 дугаар магадлал, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 02/4131 дүгээр лавлагаа, цагаатгалын 17129 дүгээр үнэмлэх олгосон байна.
Хан-Уул дүүргийн шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 374 дүгээр шийдвэрээр Н.О-ийг Л.Б-ын зээ охин мөн болохыг тогтоожээ. Мөн “Зууны мэдээ” сонины 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дугаарт “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн ач, зээ нарын жагсаалт”-ын 4-т “Н.О, хэлмэгдэгч р.Ц зээ охин” гэж Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын алба зарлаж, уг зарласан хугацаанаас хойш 30 хоногийн дотор маргаан гарвал шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэхийг мэдэгдсэн байна. Энэ дагуу шүүхэд нэхэмжлэл гараагүй байна.
Хэлмэгдэгч эхнэр, хүүхэдгүй байсан бөгөөд, төрсөн дөрвөн эгч дүүс нас барсан, мөн Н.О нөхөх олговорыг олгохыг зөвшөөрч Н.Э, н.н /, Н.Б нар шүүхэд хүсэлтээ ирүүлсэн байх ба өөр хүн хэлмэгдэгчид олгох нөхөх олговрыг нэхэмжлээгүй болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар Хан-Уул дүүргийн төрийн сангаас 1,000,000 /нэг сая/ төгрөг гаргуулж Н.О-т олгосугай.
2.Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ