| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2022/0109/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/114 |
| Огноо | 2022-05-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/114
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч Э.Гантулга,
шүүгдэгч С.Цогбаяр нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Цогбаярт холбогдох эрүүгийн 2215000890098 дугаартай, 163/2022/0109/Э индекстэй хэргийг 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Огтор овогт Самбуугийн Цогбаяр, Увс аймгийн Хотон суманд 1984 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, 38 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД: ОТ84091072.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Цогбаяр нь 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг Урт гэх газарт өөрийн эхнэр П.Батцэцэгийг өөрийг нь хүмүүсийн хажууд муулж, хэл амаар доромжиллоо гэх шалтгаанаар бие, эрх чөлөөнд нь халдаж түүний биед хуйханд шарх, зүүн гуя, өвдгөнд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000890098 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч С.Цогбаяр нь 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр найзындаа цэргийн баяр тэмдэглэчихээд Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг Урт гэх газарт гэртээ ирээд өөрийн эхнэр П.Батцэцэгийг хүмүүсийн хажууд намайг муулж, хэл амаар доромжиллоо гэх шалтгаанаар шанаа руу нь цохих, банз модоор хөл рүү нь цохих, түүнчлэн үхрийн хөлдүү баас шидэж толгойг нь хагалах зэргээр бие, эрх чөлөөнд нь халдаж хуйханд шарх, зүүн гуя, өвдгөнд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Цогбаярын өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчийн саналыг дэмжиж байна гэх мэдүүлэг,
2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч П.Батцэцэгийн өгсөн: 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Орших гэх найзындаа цэргийн баяр тэмдэглэж тэдний гэрт хоносон ба маргааш нь Орших гэх найз маань нөхөр Цогбаяр бид хоёрыг гэрлүү хүргэж өгсөн. Тэгээд гэртээ ирээд Цогбаяр намайг чи өчигдөр архи ууж байхад намайг хүмүүст мууллаа гээд шанаа хэсэг рүү 2-3 удаа цохисон. Мөн банзаар зүүн хөл рүү цохисон. Тэгэхээр нь би ээжийнхээ гэр рүү зугтахад араас хөлдүү үхрийн баас шидээд миний толгойг хагалсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар тал/,
3. Гэрч Э.Даваасамбуугийн өгсөн: 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагийн үед хонио хариулаад Цогбаярын гэрийн хавиар явж байтал Цогбаяр эхнэр Батцэцэгтэй муудалцаж байгаа харагдсан. Тэгэхээр нь би Цогбаярын гэрт очиход Батцэцэгийн толгой хагарсан, нүүр нь хавдсан байдалтай Даваасамбуу ахаа намайг Цогбаяр зодоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Цогбаярыг барьж аваад эхнэр Батцэцэгийг нь машинд суулгаад ээжийнх нь гэр рүү явуулсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар тал/,
4. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 281 дугаартай: П.Батцэцэгийн биед хуйханд шарх, зүүн гуя, өвдгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байхаар байна. Хуйханд шарх, зүүн гуя, өвдгөнд цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дугаар тал/,
5. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч С.Цогбаярын гэм буруугаа хүлээж өгсөн: 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр эхнэр бид хоёр найз Бат-Оршихын гэрт очиж цэргийн баяр тэмдэглэсэн. Би архи уугаад нэлээн согтсон учир Бат-Оршихын гэрт амрах гээд орон дээр хэвтэж байтал манай эхнэр Батцэцэг тэнд байсан хүмүүст намайг малнаас өөр зүйл мэдэхгүй, намайг байнга харддаг гэх мэтээр муулсан. Тухайн үед би чимээгүй байсан. Тэгээд Бат-Оршихынд хоночихоод маргааш нь 2022 оны 3 дугаар сарын 9-ний өглөө гэртээ хүргүүлсэн. Би Бат-Оршихын машинд явж байхдаа Батцэцэгээс чи яагаад хүмүүсийн дунд намайг доромжлоод байгаа юм бэ? гэхэд хэлж мэдэхгүй байна, би согтчихсон байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд Батцэцэгийн нүүр лүү хоёр удаа гараараа шанаадчихсан юм. ...Гэрийн гадаа буугаад Батцэцэг надаас сална, чамаар яадаг юм гэхээр нь миний уур хүрээд газарт байсан 1 метрийн урттай банз аваад Батцэцэгийн зүүн талын хөл рүү цохисон. Намайг банзаар хөл рүү цохисон чинь ээжийнх рүүгээ явлаа гээд явсан. Тэгэхээр нь би яагаад явах гээд байгаа юм бэ гээд хөлдүү үхрийн баас аваад шидсэн чинь Батцэцэгийн толгойг нь оноод хагалчихсан. ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч П.Батцэцэг, гэрч Э.Даваасамбуу нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч С.Цогбаярын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад дээрх үйл баримт нь С.Цогбаярын 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг Урт гэх газарт өөрийн эхнэр П.Батцэцэгийг өөрийг нь хүмүүсийн хажууд муулж, хэл амаар доромжиллоо гэх гэх шалтгаанаар шанаа руу нь цохих, банз модоор хөл рүү нь цохих, түүнчлэн үхрийн хөлдүү баас шидэж толгойг нь хагалах зэргээр бие, эрх чөлөөнд нь халдсан санаатай үйлдлээс үүдэн гарсан, үүнд С.Цогбаяр гэм буруутай болох нь хөдөлбөргүй нотлогдож байна.
Шүүгдэгч С.Цогбаярын гэм буруутай үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагджээ.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Шүүгдэгч С.Цогбаярын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, хохирол хор уршиг учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх бөгөөд шүүгдэгч С.Цогбаяр нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.Цогбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч С.Цогбаярын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч П.Батцэцэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч С.Цогбаярыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.Цогбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.Цогбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Хавтаст хэргийн 39-41 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх талаарх Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч С.Цогбаяр нь ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багт мал маллан амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч С.Цогбаяр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 4/42 дугаартай прокурорын тогтоолоор хүсэлтийг хангаж, хэргийн зүйлчлэл болон оногдуулсан ялын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч С.Цогбаярын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч С.Цогбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Цогбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч С.Цогбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Огтор овогт Самбуугийн Цогбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цогбаярыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Цогбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч С.Цогбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД