| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 183/2017/00331/И |
| Дугаар | 183/ШШ2017/01137 |
| Огноо | 2017-05-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 183/ШШ2017/01137
| 2017 оны 05 сарын 17 өдөр | Дугаар 183/ШШ2017/01137 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, 2 дугаар байр, 11 тоотод оршин суух, эмэгтэй, Хиад боржигон овогт Жамбаагийн Буяннэмэх /Регистрийн дугаар:СЗ6102906/-ийн нэхэмжлэлтэй
Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Буяннэмэх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Буяннэмэх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хөдөө аж ахуйн сургуульд агрономч мэргэжлээр 1979 онд элсэн орж, 1985 оны 6 сард төгссөн. Сургуулиа төгсөөд 1985 оны 7 дугаар сараас ХААЯ-ны харьяа Хөдөө аж ахуйн таримал ургамлын сорт сорилтын улсын комиссын Хэнтий аймаг дахь салбарт эрхлэгчээр томилогдож очсон. Тухайн үед Хэнтий аймгийн Гурван баян суманд байрладаг Хурхын Сангийн аж ахуй гэж нэрлэдэг байсан. Тус газарт миний бие 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд эрхлэгчээр ажилласан. 1993 оны 8 дугаар сард Хөдөө аж ахуйн сайдын тушаалаар Улсын сорт сорилтын салбарыг, Улсын үрийн нөөцийн салбартай нэгтгэж нэг болгосноор манай байгууллагыг Хурх дахь улсын сорт сорилт, үрийн нөөцийн салбар гэж нэрлэдэг болсон. Энэ үед ч миний бие эрхлэгчээр ажиллаж байсан. Манай салбар үндсэндээ 4-5 ажилтантай цөөхүүлээ, шууд яаманд харьяалагдаж ажилладаг байсан. Миний бие одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч Яамны архиваас хөдөлмөрийн дэвтрээ авах гэхэд олдоогүй. Улсын архиваас ажилд орсон гарсан тушаалаа шүүлгэхэд бас олдоогүй юм. Иймд дээрх хугацаанд ажилласанаа нотлох баримт цалингийн зэс, цалингийн картаас түүсэн түүвэр гаргаж, тушаалууд болон бусад бичиг холбогдох бичгүүд байгаагаас хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон гаргаж тушаалууд олдохгүй байна. Иймд намайг 1985 оны 7 дугаар сараас эхлэн 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ж.Буяннэмэх нь 1985 оны 7 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ХААЯ-ны харьяа Таримал ургамалын сорт сорилтын улсын комиссын Хэнтий аймаг дахь салбарт эрхлэгчээр ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Ж.Буяннэмэх нь хөдөө аж ахуйн сургуульд 1979-1985 онд агронимч мэргэжлээр суралцан, 1985 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төгссөн болох нь хэрэгт авагдсан түүний 110445 тоот мэргэжлийн дипломын хуулбараар тогтоогдож байна. /хх-13 дахь тал/
Түүнчлэн нэхэмжлэгчийн ажиллаж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Хэнтий сорилтын салбарын 1985 оны 8, 9 сар, 1986 оны 1 дүгээр сар, 1987 оны 9 дүгээр сар, 1988 оны 1-3 дугаар сар, 1989 оны 9 дүгээр сар, 1990 оны 11 дүгээр сар, 1991 оны 1, 12 дугаар сарын цалингийн хүснэгтүүдийн 1 дүгээр эгнээнд “Ж.Буяннэмэх-750 төгрөг” гэж, хүснэгтийн доод талд баталгаажуулсан “эрхлэгч Ж.Буяннэмэх” гэж тэмдэглэгдсэн, нэхэмжлэгч Ж.Буяннэмэхийг 1985 оны 7 сараас 1991 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд цалин авч байсан баримт архивт байгаа тухай Хэнтий аймгийн Хурх тосгоны архивын 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн тодорхойлолт, тус байгууллагын ажилтнуудыг томилсон, чөлөөлсөн, чөлөө, тэтгэмж олгосон зэрэг хүний нөөцтэй холбоотой 1987 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 02 тоот, 1988 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 01 тоот, 1988 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 03 тоот, 1988 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 04 тоот, 1988 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 05 тоот, 1989 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 02 тоот, 1989 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 03 тоот, 1990 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 04 тоот, 1991 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 02 тоот, 1991 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 03 тоот, 1992 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 02 тоот, 1992 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 03 тоот, 1994 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 01 тоот, 1994 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 05 тоот, 1994 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 11,12,13 тоот, 1994 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 14,15 тоот, 1994 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 17 тоот, 1995 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 01 тоот тушаалуудад “эрхлэгч Ж.Буяннэмэх” гэж тушаалд гарын үсэг зурагдсан, түүнчлэн Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн яамны 1988 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 3/3763 тоот, 1991 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн, 1991 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 113 тоот албан бичгүүд, Хэнтий аймгийн захиргааны 1992 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн албан бичгүүдэд “Хурхын ... салбарын эрхлэгч Буяннэмэхэд” гэж хаягласан, мөн 1987 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн ажлын талаарх илтгэх хуудсанд “эрхлэгч Ж.Буяннэмэх” гэж, Гурван баян суман дахь сорт сорилтын салбарын 1987 онд социалист өмчийн үзлэгт бэлтгэх ажлын төлөвлөгөөнд “баталсан эрхлэгч Ж.Буяннэмэх” гэж, Сорт сорилын салбарын 1989,1990 онд Орон нутагт явж тоглолт хийх урлаг, эрдэм шинжилгээний ажлын зардал, албан томилолтын зардалд “төсвийн захирагч Буяннэмэх” гэж, тус салбараас явуулж байсан 1993 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 02 тоот албан бичигт “эрхлэгч Ж.Буяннэмэх” гэж тус тус тусгагдсан байдал, гэрч Ч.Бадарч, Л.Гомбожав, Л.Наранцацралт, Ч.Базардорж нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Мөн түүнийг 1985-1994 онд Гурванбаян суманд сорт сорилтын салбарын эрхлэгчээр ажиллаж байсан болохыг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр, Хэнтий аймгийн хурх тосгоны захирагч Г.Нацагдорж 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр тус тус тодорхойлон ирүүлсэн байна.
Мөн хэрэгт авагдсан баримтаар Хүнс, Хөдөө аж ахуйн сайдын 1993 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн А/94 дүгээр тушаалаар Улсын үрийн нөөцийн салбар, Улсын сорт, сорилтын салбарыг нэгтгэж, нэхэмжлэгчийн ажиллаж байсан салбарыг “Хурх дахь улсын сорт сорилт, үрийн нөөцийн салбар” нэртэй болгосон болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Ж.Буяннэмэхийг 1985 оны 7 дугаар сараас 1993 оны 8 дугаар сард ХААЯ-ны харьяа Хөдөө аж ахуйн таримал ургамлын сорт сорилтын улсын комиссын Хурх дахь салбарт эрхлэгчээр, 1993 оны 9 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ХХААЯ-ны харьяа Хурх дахь улсын сорт сорилт, үрийн нөөцийн салбарын эрхлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нь Ж.Буяннэмэхийг 1985 оны 7 дугаар сараас 1993 оны 8 дугаар сард ХААЯ-ны харьяа Хөдөө аж ахуйн таримал ургамлын сорт сорилтын улсын комиссын Хурх дахь салбарт эрхлэгчээр, 1993 оны 9 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ХХААЯ-ны харьяа Хурх дахь улсын сорт сорилт, үрийн нөөцийн салбарын эрхлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаа/р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ