Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
Хэргийн индекс | 185/2022/0193/Э |
Дугаар | 2022/ШЦТ/373 |
Огноо | 2022-04-07 |
Зүйл хэсэг | 27.10.1., |
Улсын яллагч | Ж.Энхжаргал |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/373
2022 04 07 2022/ШЦТ/373
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “А” танхимд хийсэн Сүхбаатар эрүүгийн хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Ч,
Улсын яллагч Ж.Э,
Шүүгдэгч Ц.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нар оролцсон Эрүүгийн 2103003140069 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 21-нд Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн оюутан, ам бүл 4, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ц.Б
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Ц.Б нь Сүхбаатар дүүргийн 06 дугаар хорооны нутаг, Герман улсын элчин сайдын яамны зүүн замд 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 22 цаг 00 минутын орчим “Toyota prius-41” маркийн 46- 20 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх заалт гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас А.Ц жолоочтой Мегсedes benz s550 маркийн 76-77 УАТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар Мегсedes benz s550 маркийн 76-77 УАТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зам дээр зогсож байсан Ч.Б жолоочтой Subaru imprezza маркийн 47-74 ТӨА улсын дугаартай, Б.Р жолоочтой kia Rio маркийн 21-56 УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөсөн зам тээврийн осол гаргаж жолооч А.Ц-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “ ... Намайг Герман элчингийн урд талын зүүнээс баруун тийш явж байхад хар өнгийн бенз машин хурдтай ирж мөргөсөн. Би хүчиндээ эргээд зогссон. Намайг 15.9 дүгээр зүйлд зааснаар буруутгаж байгаа. Хохирогч А.Ц нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 12.4, 12.5-т заасныг зөрчсөн байдаг. Би машинаасаа буугаад хохирогчоос “чи чинь 100 км цагийн хурдтай яваад байгаа юм уу” гэж асуухад хохирогч надад би 80-90 км цагийн хурдтай явсан гэж хэлсэн. Надтай хамт явж байсан хүн хүртэл сонссон. Энэ хүн хурд хэтрүүлснээс болж энэ гэмт хэрэг гарсан гэж бодож байна...” гэв.
Хохирогч А.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн үед Герман элчингийн хажуугийн замаар хойноос урагш чиглэлтэй явж байсан. Би уулзвар нэвтрэхдээ 50-60 км цагийн хурдтай явсан. Зам нойтон байсан учраас тооромзны мөр гарах боломжгүй. Яаж яваад байгаа юм бэ гэхэд миний буруу юм уу гэсэн. Машиныхаа хохирлыг барагдуулж авах хүсэлтэй байна. Үнэлгээгээр 12.850.000 төгрөг гарсан. Машиныг асаасны дараа дахин үнэлгээ хийх шаардлагатай гэсэн. Үнэлгээн дээр зөрүү гарвал нэхэмжилнэ. Эрүүл мэндтэй холбоотойгоор баримт гаргаж өгч чадаагүй. Баримт байхгүй учраас нэхэмжлэхгүй. Харин машиныхаа хохирлыг барагдуулж авах хүсэлтэй байна...” гэв.
Иргэний нэхэмжлэгч О.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Цагдаагийн авто баазад бүртгэлтэй машин байгаа. 2021 оны 10 дугаар сарын 08-ны өглөө энэ машиныг авто тээврийн осолд холбогдсон гэж мэдээлэл ирсэн. “А.Б” ХХК-аар үнэлгээ хийлгэхэд 600.000 төгрөгийн хохирол учирсан. Энэ мөнгөн дүнг нэхэмжилж байна...”гэв.
Иргэний хариуцагч Ц.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн үед утсаар холбогдоод манай хүүхдийг осолд орчихлоо гэж хэлсэн. Би тэр даруй хэргийн газар очсон. Бенз маркийн машин нь жолооч талын суудлын хойноос мөргөснөөс болж машин замын цаад тал руу шидэгдсэн байсан. Манай хүүхдийн бие муу байсан учраас эмнэлэг авч явъя, машины эвдрэл гэмтлийн асуудлыг дараа нь больё гэж хэлсэн. Хохирогч нь манай машиныг болон цагдаагийн машиныг мөргөөд зогссон байсан. Уулзвар гарч байхад нь мөргөсөн байдаг. Хурдны хувьд 50-60 км цагийн хурдтай явж байсан машин нь манай машиныг 2-3 удаа эргээд зогсохоор мөргөх боломжгүй. Явган хүний гарц дөхөөд хурдаа хасах үүрэгтэй, уулзвар дээр гүйцэж түрүүлэхийг хориглодог. Дүрмийн заалтыг зөрчсөн учраас энэ осол гарах үндэслэл бүрдсэн. Хохирогч, шүүгдэгч хоёр хоёулаа буруутай. Гэхдээ хохирлыг төлбөрийг 100 хувь төлж барагдуулна. Миний хувьд шүүх хуралдаанаас өмнө 8.000.000 төгрөгийн хохирол төлөх талаар санал тавьсан боловч хүлээж аваагүй...” гэв.
Эрүүгийн 2103003140069 тоот эрүүгийн хэргээс:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-11-р тал/
Хохирогч А.Ц-ийн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/
Иргэний хариуцагч Ц.Ц-ын мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/
Гэрч Б.Э-ийн мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/
Гэрч Б.Р-ын мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/
Гэрч Ч.Б мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 9687 дугаартай дүгнэлт: /ХХ-ийн 69-70 дугаар хуудас/
“А.Б” ХХК-ний шинжээчийн дүгнэлт /хх-ийн 116 дугаар хуудас/
“А.Б” ХХК-ний шинжээчийн дүгнэлт /хх-ийн 122 дугаар хуудас/
“А.Б” ХХК-ний шинжээчийн дүгнэлт /хх-ийн 127 дугаар хуудас/
Техникийн шинжилгээний 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12/05 дугаартай дүгнэлт /хх-ийн 147-148 дугаар хуудас /
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч О.П-ийн мэдүүлэг /хх-ийн 182-183 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч Ч.Б мэдүүлэг /хх-ийн 178-178 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэх лавлагаа /хх-ийн 134 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь Сүхбаатар дүүргийн 06 дугаар хорооны нутаг, Герман улсын элчин сайдын яамны зүүн замд 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 22 цаг 00 минутын орчим “Toyota prius-41” маркийн 46- 20 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх заалт гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас А.Ц жолоочтой Мегсedes benz s550 маркийн 76-77 УАТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар Мегсedes benz s550 маркийн 76-77 УАТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зам дээр зогсож байсан Ч.Б жолоочтой Subaru imprezza маркийн 47-74 ТӨА улсын дугаартай, Б.Р жолоочтой kia Rio маркийн 21-56 УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөсөн зам тээврийн осол гаргаж жолооч А.Ц-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт хамаарал бүхий шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Хохирогч А.Ц-ийн “...22 цаг 00 цагийн орчим Герман улсын элчин сайдын яамны зүүн талын замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй 4 замын уулзвараар зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байгаад уулзвар луу ирэх үед зорчих хэсгийн 2 дугаар эгнээ рүү шилжээд уулзварын голд иртэл зорчих хэсгийн зүүнээс баруун тийш явах чиглэлд явж байсан Приус-41 маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд хаалга хэсэг рүү нь би машиныхаа урд талын хэсгээр мөргөөд машины ослын дэр задраад машин зогссон... Миний биед ослын улмаас баруун хөлийн тавхай хэсгийн шивнүүр яс хугарсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Э-ийн “...Б Тоёота Приус 46-20 УББ улсын дугаартай автомашинтай, жолоодоод Герман улсын элчин сайдын яамны зүүн талын уулзвараар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй, би машины зүүн урд талын суудалд суугаад машин 30 орчим км/цагийн хурдтай явж байгаа уулзвар дээр ирээд Б уулзварын хойд болон урд тал руу харчхаад машин байхгүй байхаар нь уулзвар луу нэвтрээд явж байтал зорчих хэсгийн хойд талаас нэг машин ирээд миний сууж явсан машины жолоочийн хаалга буюу баруун тал руу мөргөөд манай машин бүтэн эргээд зогссон...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Р-ын “...2021 оны 10 дугаар сарын 07-ны оройны 22 цагийн орчим би уг машинаа унаад дарга, хошууч Г.Г-н хамт хэлтсээсээ гараад баруун гар тийш эргээд Герман улсын элчин сайдын яамны уулзвар дээр чигээрээ явах гээд зогсож байсан юм. Тухайн үед яг миний урд Subaru imprezza маркийн 47-74 ТӨА улсын дугаартай машин надтай адилхан зогсож байсан. Гэтэл уулзварын хойд талаас нэг Бенз маркийн машин ирээд урдаас чигээрээ ирж байсан Тоёота Приус-41 маркийн 46-20 УББ улсын дугаартай автомашинтай мөргөлдөөд, эрчиндээ Бенз маркийн машин нь Subaru imprezza маркийн 47-74 ТӨА улсын дугаартай машиныг мөргөөд, Subaru imprezza маркийн 47-74 ТӨА улсын дугаартай машин нь хойшоогоо миний машиныг мөргөсөн ...” гэх мэдүүлэг,
Гэрч Ч.Б “...ертөнцийн зүгээр хойноос Бенз маркийн машин зүүн талаас Приус-41 маркийн машин ирж байхаар нь зам тавьж өгөөд хүлээгээд зогсож байтал Приус-41 машин уулзвараар чигээрээ зүүнээс баруун тийш чиглэлтэй ороод иртэл Бенз маркийн машин уулзварын хойд талаас тоормос гишгээд гулгаад Приус машины баруун талын хаалга хэсэг рүү мөргөөд тэр эрчин нь Приус машин миний зогсож байсан машины урд талаас ирж урд талаараа мөргөөд эргэлдээд уулзвараар урд талд зогсох үед Бенз маркийн машин тоормослосон чигээрээ гулгаж ирээд миний машины урд тал руу урд талын хэсгээрээ мөргөөд тухайн хүчинд нь миний машин хойшоогоо ухарч ард талд зогсож байсан цагдаагийн албаны машины урд тал руу хойд талын хэсгээрээ мөргөөд зогссон...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 9687 дугаартай: 1. А.Ц-ийн биед баруун тавхайн 1, 2-р шивнүүрийн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. б.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт,
“А.Б” ХХК-ны Subaru imprezza маркийн 47-74 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 1.331.500 төгрөгийн эвдрэл хохирол учирсан гэх, Мегсedes benz s550 маркийн 76-77 УАТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 12.885.000 төгрөгийн эвдрэл хохирол учирсан гэх дүгнэлт, kia Rio маркийн 21-56 УАТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 600.000 төгрөгийн эвдрэл хохирол учирсан гэх дүгнэлтүүд,
Техникийн шинжилгээний 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12/05 дугаартай” Хариулт Тоёота Приус маркийн 46-20 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ц.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх заалт ”Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байна...” гэх дүгнэлт,
2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 314 дугаартай мөрдөгчийн магадлагаа “...Тоёота Приүс-41 маркийн 46-20 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ц.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” “15.9. Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2. Benz маркийн 76-77 УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч А.Ц, Kia Rio маркийн 21-56 УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Р, Subaru imprezza маркийн 47-74 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ч.Б нар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэгт тэмдэглэгээ, техникийн болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” гэх баримт,
2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12/05 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтээр: “...Тоёота приус маркийн 46-20 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ц.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9. Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байна...” гэх дүгнэлтүүд зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлт нь хууль ёсны, үндэслэлтэй эсэхийг хэрэгт авагдсан зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудтай харьцуулан судлахад эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч, хохирогч нарын мэдүүлэг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан тул шүүхээс үйл баримт болон хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримт гэж үнэлж шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж заасан байна. Шүүгдэгч Ц.Б нь хөдөлгөөнд оролцохдоо Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйн улмаас эрсдэл үүсэж хор уршиг учрах боломжтой болохыг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байхад хайхрамжгүй хандсаны улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Ц.Б-ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлсэн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ба шүүгдэгчээс хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Хохирол төлбөр бусад асуудлын талаар:
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дахь хэсэгт “тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан ба шүүгдэгч У.Б-ий унаж явсан 46-20 УББ дугаартай Приус маркийн тээврийн хэрэгсэл нь түүний эцэг болох Ц.Ц-ын эзэмшлийн болох нь тогтоогдсон, иргэний хариуцагч Ц.Ц нь шүүхээс гэм буруутай нь тогтоогдвол бусдад учруулсан хохирлыг төлөхөө ирэхийлж мэдүүлсэн байна.
Иймд иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч Ц.Ц-аас 14.816.500 /арван дөрвөн сая найман зуун арван зургаан мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч А.Ц-т 12.885.000 /арван хоёр сая найман зуун наян таван мянга/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ч.Б-д 1.331.500 /нэг сая гурван зуун гучин нэгэн мянга таван зуу/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч О.П-т 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийг тус тус олгуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж заажээ.
Шүүхээс шүүгдэгч Ц.Б-ийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Б-д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргалаа.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзлээ.
Шүүгдэгч Ц.Б-ий үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулж торгуулийн ялыг хуульд заасан хугацааны дотор буюу шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, № дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Б-д буцаан олгож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт Ц.Б-ийг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 / зургаан зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа / сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл хураалгаж битүүмжлээгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, №1387688 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг шүүгдэгч Ц.Б-д буцаан олгосугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Ц.Ц-аас 14.816.500 /арван дөрвөн сая найман зуун арван зургаан мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч А.Ц-т 12.885.000 /арван хоёр сая найман зуун наян таван мянга/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ч.Б-д 1.331.500 /нэг сая гурван зуун гучин нэгэн мянга таван зуу/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч О.П-т 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийг тус тус олгож, хохирогч А.Ц нь өөрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсантай холбоотой эмчилгээний зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш , эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН