Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/384

 

 

 

 

 

 2022          04          11                                     2022/ШЦТ/384      

                                  

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Н,

Улсын яллагч: Д.Д

Шүүгдэгч: Ж.Б, түүний өмгөөлөгч Д.С нар оролцсон эрүүгийн 2109012070058 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, э улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай,

Урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 892 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаартай шүүгчийн захирамжаар 72 хоногийн хорих ял болгож байсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж байсан  Б овогт Ж.Б

Шүүгдэгчийн холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 09 дүгээр сарын 03- ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Арслантай гүүрний баруун хойд талд үйл ажиллагаа явуулдаг “ТҮЦ”-нээс иргэн М.М-ийн эзэмшлийн “Редми про- 8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 959.200 төгрөгийн хохирол,

2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Идэр” дээд сургуулийн 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг интернет кафегаас иргэн С.Оын эзэмшлийн 287.700 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А-10 эс” загварын гар утсыг, мөн иргэн Ү.Д-гийн эзэмшлийн 221.400 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А-7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч нарт нийт 509.100 төгрөгийн хохирол,

2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Багшийн дээд сургуулийн урд талаас насанд хүрээгүй хохирогч Г.А-гийн эзэмшлийн “Айфоне 8 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 660.000 төгрөгийн хохирол, нийт 2.128.300 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 2109012070058 дугаартай хэргээс:

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

Хохирогч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК-иас гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 20-22 дугаар хуудас/,

Гэрч Д.З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 27-28 дугаар хуудас/,

Хохирогч С.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/,

Хохирогч Ү.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 66 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-иас унэлгээний тайлан /хэргийн 72-74, 78-79, 126-128 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Г.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 118 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК-иас гаргасан “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 660.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 126-128 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 132-133 дугаар хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 142 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтуудыг уг хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон хэмээн үнэлж шүүгдэгчийн гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийсэн болно.   

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Нэг: Шүүгдэгч Ж.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 09 дүгээр сарын 03- ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Арслантай гүүрний баруун хойд талд үйл ажиллагаа явуулдаг “ТҮЦ”-нээс иргэн М.Мийн эзэмшлийн “Редми про- 8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 959.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь: хохирогч М.М-ийн “...2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 16 цагийн орчимд манай “ТҮЦ”-нд хоёр залуу орж ирээд нэг нь “пирошки”, нөгөө нь “сам” худалдаж авна гээд орж ирсэн. Тухайн үед хөргүүрээс “пирошки” авч өгөхөөр явтал “сам” авна гэсэн залуу нь гараад явсан. Тэгээд гаднаас дахиад нэг залуу орж ирээд “ороомог” авна гээд ороод ирсэн. Тухайн үед “сам” авна гэсэн залуу нь миний “Редми про-8” загварын гар утсыг хулгайлаад аваад явчихсан. ...Таны үзүүлсэн зургийг харлаа, энэ этгээд манай “ТҮЦ”-нд орж ирэхдээ малгай өмссөн, нүүрэндээ масктай байсан ба нүд хөмсөг нь мөн байна...” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Realme-8 pro” загварын гар утас нь  зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 959.200 /есөн зуун тавин есөн мянга хоёр зуу/ төгрөгөөр үнэлэгдэв...гэх хөрөнгийн үнэлгээний тайлан,

Гэрч Д.З-гийн “...Миний бие ...Арслантай гүүрний баруун хойд талын “ТҮЦ”- нүүдийн орчимд өмнө зүс таних Жура /Ж.Б/ нэртэй залуутай тааралдсан. Тэгээд бид хоёр “ТҮЦ”-ний ард тамхилсан бөгөөд тамхиа татаж дуусчхаад урагшаа явсан. Би араас нь алхаад Журагийн орсон “ТҮЦ” рүү ороход надтай зөрөөд Жураа гараад баруун тийшээ зугтаасан. Би тухайн “ТҮЦ”-нээс 3 ширхэг ороомог авах гээд зогсож байтал худалдагч эгч “гар утас алга болсон байна” гээд надад ороомог өгөөгүй...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

Хоёр: 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “И” дээд сургуулийн 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг интернет кафегаас иргэн С.О-ын эзэмшлийн 287.700 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А-10 эс” загварын гар утсыг, мөн иргэн Ү.Д-гийн эзэмшлийн 221.400 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А-7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч нарт нийт 509.100 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл,

Хохирогч С.О-ын “...2021 оны 9 сарын 3-ны өдөр өөрийн ажил дээрээ байхад 14 цаг 40 минутанд нэг үл таних 20-25 насны хар өнгийн хувцастай цэнхэр масктай малгайтай этгээд гаднаас орж ирсэн. Тэгээд тухайн үед манайхаар үйлчлүүлж байсан охин гар утсаа цэнэглүүлэх гээд надад өгсөн байсан ба би өөрийнхээ гар утасны хамт текны ар хэсэгт тавьж цэнэглэж байсан. Тэгээд тухайн эрэгтэй нь компьютер асаагаад өг гэхээр нь би цааш явж компьютер асааж байх хооронд текны ар хэсэгт цэнэглэж байсан миний болон манайхаар үйлчлүүлж байсан гар утсыг хулгайлаад аваад явсан байсан...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ү.Д-гийн “...Би Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Идэр” дээд сургуулийн интернет кафед 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 17 цагийн үед найз залуу Базаррагчаагийн хамт хичээл сонголтоо хийж байхад миний гар утасны цэнэг дуусахаар нь тус газрыг ажиллуулдаг залуу дээр очоод “миний гар утсыг цэнэглээд өг” гээд ширээн дээр тавиад гар утсаа үлдээгээд тавьсан. Төд удалгүй интернет ажиллуулдаг ах “00”-ын өрөө ороод ирэхэд тухайн ахын гар утас болон миний гар утас алга болсон байсан... гэх мэдүүлэг,

“Самсунг А-10s” загварын гар утас нь  зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 287.700 /хоёр зуун наян долоон мянга долоон дуу/ төгрөгөөр үнэлэгдэв..., “Самсунг А-10” загварын гар утас нь  зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 221.400 /хоёр зуун хорин нэгэн мянга дөрвөн зуу/ төгрөгөөр үнэлэгдэв... гэх үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар,

Гурав: 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Багшийн дээд сургуулийн урд талаас насанд хүрээгүй хохирогч Г.Агийн эзэмшлийн “Айфоне 8 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 660.000 төгрөгийн хохирол хохирол тус тус учруулсан үйл баримт нь: 

Насанд хүрээгүй хохирогч Г.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг “...Би 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр таван найзтайгаа Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө-2” гэх нэртэй кино театрт кино үзэхээр 13 цагийн үед ирээд киногоо үзчихээд 15-16 цагийн хооронд гарч доод давхарт байрлах тоглоомын газар руу ороод тасалбар аваад тоглож байгаад улмаар цагаа харах гээд гар утсаа үзтэл 2016 онд Япон улсаас шинээр нь авч байсан хар өнгөтэй, “Айфоне 8 плас” загварын гар утсаа цамцныхаа баруун талын халаасанд үзэхэд миний гар утас алга болсон байсан...” гэх мэдүүлэг,

Айфоне-8 плас” загварын гар утас нь  зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 660.000 / зургаанзуун жаран мянга / төгрөгөөр үнэлэгдэв...гэх дүгнэлт, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтууд болно.

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг  гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой бөгөөд уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар нь тухайн эд хөрөнгө өмчлөгчийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй байх, уг хөрөнгийг шударгаар олж авах, өмчлөх, өв залгамжлуулах үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.

Шүүгдэгч Ж.Б-ийн дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж, бусдын өмчлөх эрхэнд халдсан хууль бус үйлдэл нь Хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. 

 Иймд шүүгдэгч Ж.Б-т Сүхбаатар дүүргийн Прокуророос  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, хохирогч нарын анхаарал болгоомжгүй үйлдэл зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна. 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх Ж.Б-т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй хандлага, хохирлоо нөхөн төлөөгүй зэргийг харгалзан тодорхой хугацаагаар нийгмээс тусгаарлах нь зүйтэй гэж үзэн 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт  “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заажээ.

Шүүгдэгч Ж.Б нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 26-ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймаг, Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 136 дугаар шүүгчийн захирамжаар уг ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 14-ний өдрийн 216 дугаартай шүүгчийн захирамжаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 14 хоногийг хорих ялаар сольсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 26-ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жил 6 сар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 01 сар 05 хоногийн хугацаагаар хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг 2 жил 1 сар 05 хоногийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 47хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ж.Б-ийн хулгайлсан эд зүйлээс 660.000 төгрөгийн үнэлгээ бүхий “iphone 8 plus” маркийн гар утсыг насанд хүрээгүй хохирогч Г.А-д буцаан олгосон болох нь эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогджээ.

Иймд иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Бөөс нийт 1.468.300 төгрөгийг гаргуулж хохирогч М.М-д 959.200 төгрөгийг, хохирогч С.Оод 287.700 төгрөг, хохирогч Ү.Д-д 221.400 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Ж.Б-т үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Ж.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ж.Б-т Сүхбаатар дүүргийн  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 26-ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил /нэг/ жил 01 /нэг/ сар 05 /тав/ хоногийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг 2 /хоёр/ жил 01 /нэг/ сар 05 /тав/ хоногийн хорих ялаар тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 47 /дөчин долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нийт Ж.Бөөс нийт 1.468.300 / нэг сая дөрвөн зуун жаран найман мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч М.М-д 959.200 /есөн зуун тавин есөн мянга хоёр зуу/ төгрөгийг, хохирогч С.Оод 287.700 /хоёр зуун наян долоон мянга долоон зуу/ төгрөг, хохирогч Ү.Д-д 221.400 /хоёр зуун хорин нэгэн мянга дөрвөн зуу/ төгрөгийг тус тус олгосугай.

 7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

  10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ДАРЬСҮРЭН