| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Насанжаргал |
| Хэргийн индекс | 172/2017/0115/Э |
| Дугаар | 21 |
| Огноо | 2018-03-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Мөнхтулга |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 21
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд
Прокурор С.Мөнхтулга
Нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нарыг оролцуулан,
Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн давж заалдах гомдлоор М.Г т холбогдох 1728000000035 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Өмнөговь аймгийн Ханхонгор суманд 1997 онд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Их Засаг Олон Улсын Их сургуулийн Эрх зүйн 4 дүгээр курсийн оюутан, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт Өмнөговь аймаг, Ханхонгор сум, ................................. гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх, Сармай овгийн М.Г , регистрийн дугаар .........................,
Шүүгдэгч М.Г нь 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Бумбат гах газарт Ш.И гийн бие эрх чөлөөнд халдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Сармай овгийн М.Г ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г нь 450.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн дотор төлж барагдуулахыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүгдэгч М.Г нь хохирогч Ш.И д хохирол төлбөрт 2.100.000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийг төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч М.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах гомдолдоо: “...Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг анхан шатны шүүхээс үнэлэхдээ зөвхөн хохирогчийн болоод хохирогчид гэмтэл учирсан байна. Энэ нь хавтаст хэргийн материалд нотлогдсон байна гэх дүгнэлтийг хийж М.Г ын мэдүүлэг, өөр бусад гэрч нарын мэдүүлгийг үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэж, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг хэт дордуулан ял шийтгэл халдаасанд гомдолтой байна.
Хэрэгт гэрчүүдийг асууж байцаасан ба эдгээр гэрч нарын мэдүүлгээс М.Г ын хамаарал бүхий гэр бүлийн гишүүд болох Д.Э , Д.М нарын мэдүүлгийг үнэлээгүй, хэрэгт ач холбогдолтой хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл бий болсон тул ЭХХШТХуулийн 16.1 дүгээр зүйлийн 14, 15 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно гэж дүгнэсэн атлаа хохирогч Ш.И гийн гэр бүлийн хамаарал бүхий садан төрлийн холбоотой хүмүүс болох Т.О , Ш.И гийн мэдүүлгийг үнэлсэн нь шудрага ёсны зарчимд нийцээгүй хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болж байна.
Нөгөөтэйгүүр хэрэг учрал болох үед байсан өөрсдийн нүдээр харсан гэрчүүдийн мэдүүлгийг үнэлэлгүй, болсон зүйлийг болоогүй гэж хэргийн бодит байдлыг мөшгөн гуйвуулж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Мөн хохирогч Ш.И нь гэрч Д.М ын цээж рүү толгойгоороо мөргөсөн үүнээс улбаалан хохирогчийн эрүүл мэндэд тархины доргилт хөнгөн зэргийн гэмтэл үүссэн байхаар шалтгаант холбоо байсаар атал шүүх гэрч Д.М , М.Г , Д.Э нарын мэдүүлгийг үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Хохирогчид учирсан гэмтлийн шалтгаант холбоог анхааран үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул эрхэм шүүгч та бүхэн М.Г т холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан үзэж, үнэн зөвөөр шийдвэрлэж анхан шатны шүүхийн 19 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан М.Г д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа бичгээр гаргасан тайлбартаа: “Давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр биечлэн оролцохоор өмнөх шүүх хуралдааныг хойшлуулсан боловч ахин товлогдсон шүүх хуралдаан мөн шүүх хуралдаантай давхцал үүсч цаг хугацааны хувьд шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй болсон тул давж заалдах гомдолтойгоо холбогдуулан доорхи тайлбарыг гарган өгч байна. Хавтаст хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтуудыг анхан шатны шүүх хэт нэг талыг барьж хэрэгт дүгнэлт хийсэн өмгөөлөгчийн гомдолтой байдаг. Өөрөөр хэлбэл хэрэгт гэрчээр Т.О , Ш.Ө , Ш.Б , Д.Э , Д.М нараас тус тус байцаалт авсан. Байцаалт авахдаа бүгдэд нь хууль сануулсан. Эдгээр хууль сануулан асуусан байцаалтуудаас зөвхөн М.Г ын эсрэг харилцан ашиг сонирхолтой хүмүүсийн, тэр дундаа садан төрлийн холбоотой, гэр бүлийн гишүүний мэдүүлгийг шүүх үнэлсэн. Гэтэл М.Г ын үйлдэл холбогдлыг үгүйсгэх нөхцөл байдлын талаар хэрэг учралын газарт байсан, болсон нөхцөл байдлыг сайн мэдэх гэрч болох М, Э нарын мэдүүлгийг үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулан ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Садан төрлийн холбоотой хүмүүсийн мэдүүлгийг шүүх үнэлэх боломжгүй юм бол хохирогчийн садан төрлийн хүмүүсийн өгсөн мэдүүлгийг мөн үнэлэх боломжгүй байхаар байхад хэт нэг талыг барьж, хэргийн бодит үнэнийг мөшгөн гуйвуулж гэм буруутай гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болсон.
Тухайн хэрэг учрал болсон гэх үед М.Г нь өөрийн төрсөн аавынхаа эрх чөлөөнд халдуулж байгаа бусдын хууль бус үйлдлээс салгах, маргааныг зогсоох зорилготой үйлдэл хийсэн байдаг. Энэ үйлдлийг хийснээрээ өнөөдөр гэмт хэрэгтэн болсон. Тухайн үед хохирогч И нь М-ын цээжин тус газар толгойгоогоороо хүчтэй мөргөөд байсныг гэрч Эрдэнэчулуун болон М.Г мэдүүлдэг. Гэтэл шүүх мөргөх үедээ тархины гэмтлийг авах боломжтой байдлыг анхааран үзээгүй. Нөгөөтэйгүүр өөрөө өөртөө тархи доргилт гэмтлийг учруулсан байхаар байдаг тул шүүгч та бүхэн энэ байдлыг нь анхааран үзнэ үү.
Мөн хохирогч Ш.И нь урьд өмнө 2016 оны 07 сард биеийнхээ зүүн талд цус харвалт авч, улмаар зүүн талын гар, хөл мэдээгүй болж хөдлөхөө больсон, уг өвчинөөр өвчилж, эмчлүүлж байсан талаар түүний гэр бүлийн хүн болох О мэдүүлсэн. Тухайн үед үзсэн эмчийн мэдүүлгээр хохирогч И-гийн даралт ихэссэн болохыг үзлэгээр оношилж, тариа хийгээд явсан, даралт ихсэх өвчиний шинж тэмдэг тархи доргилт өвчний шинж тэмдэгтэй адилхан илэрч эмнэл зүйн шинжээрээ адил төстэй байдаг талаар өмгөөлөгч миний бие анхан шатны шүүх хуралдаан дээр мэтгэлцэн тайлбарлан хэлсэн. Мөн даралт ихтэй хүн бачуурах, уурлах зэрэг нөхцөл байдлаасаа болж зүрхний хэмнэл алдагдаж, улмаар энэ нь тархи толгой манаран унадаг мөн өмнөх өвчинд нөлөөлсөн нөхцөл байдал бий болсон байхад шүүх үүнийг анхааран үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Шүүгч та бүхэн шүүх хуралдааны тэмдэглэлээс өмгөөлөгч миний гэм буруугийн тал дээр маргасан дүгнэлтийг анхааран үзнэ үү. Эрхэм шүүгч та бүхэн өмгөөлөгч миний давж заалдах гомдол болон тайлбарт бичсэн миний зүйлүүдийг анхааран үзэж анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч М.Г ыг гэм буруутайд тооцон ял шийтгэл халдаан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянан үзэж, анхан шатны шүүхийн 19 тоот шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцсоныг хүчингүй болгон, гэм буруугүйд тооцон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Тайлбар өгсөнтэй холбогдуулан өмгөөлөгч миний бие давж заалдах шатны шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй болсон тул хэргийг эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор С.Мөнхтулга дүгнэлтдээ: М.Г нь 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын 2-р багийн нутаг дэвсгэрт Ш.И гийн бие эрх чөлөөнд халдан зодож, хөнгөн гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогддог. Хохирогч Ш.И нь М.Г ыг таньж, намайг зодсон гэж эргэлзэх зүйлгүй хэлдэг. Хохирогчийг эмнэлэгт хэвтэж байх хугацаанд М.Г нь хохирогч Ш.И д эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болон бусад гарсан зардлыг нь бүрэн төлж барагдуулсан байдаг. Мөн ямар ч эцэг, эх, хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөөд явж байна гэж байхгүй. Ш.И нь хохирогчоор өгсөн мэдүүлэг болон мэдүүлгийн эх сурвалжаа тодорхой зааж өгсөн байдаг.
Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Г нь 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын 2 дугаар багийн нутаг Бумбат гэх газар малын бэлчээрээс болж Ш.И тай маргалдан толгой хэсэг рүү нь цохиж түүний эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах тархины доргилт гэмтэл учруулсан үйл баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
М.Г ын уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжид нийцэж байх тул шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Мөрдөгч гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шалгах явцдаа 08 дугаар сарын 28-ны өдөр Д.Э , 08 дугаар сарын 25-ны өдөр Д.М нараас гэрчийн мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1, 1.1-т заасан гомдол, мэдээллийг хүлээн
авсанаас хойш 5 хоногийн дотор гэрчээс мэдүүлэг авах мөрдөн шалгах ажиллагаа явуулж болно гэсэнтэй нийцсэн байна. Харин Д.Э , Д.М нараас мэдүүлэг авсан тэмдэглэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг тайлбарласан боловч уг эрхээ эдлэх эсэхийг тодруулалгүй мэдүүлэг авчээ. /хэргийн 17-20 дугаар хуудас/
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 4.5-д зааснаар өөрийн болон гэр бүлийнхээ гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзсан гэрчээс мэдүүлэг авч болохгүй гэснийг зөрчиж мэдүүлэг авсан, эсхүл өөрөө зөвшөөрч мэдүүлэг өгсөн гэх эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэсэн байна. Иймд Д.Э , Д.М нараас гэрчээр авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.15 дугаар зүйлд заасан нотлох баримтыг шалгаж, үнэлэх эрх хэмжээнд эргэлзээтэй гэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.
Тухайн үед М.Г , Д.М , Ш.И , Ш.Б нар байсан, П.М, Ш.И нар харилцан бие биеэ түлхэж байхад М.Г нь Ш.И гийн толгойн тус газар цохиход Ш.И газар унасан болох нь гэрч Ш.И гийн “...хоорондоо маргалдаж Д.М бид 2 нэгнийгээ түлхэлцэж байхад миний төрсөн ах Ш.Б хүрч ирээд бид нарыг салгаж байтал Д.М ын хүү М.Г миний зүүн шанаанд гараараа нэг удаа, толгойны ар дагз руу гараараа нэг удаа цохиж миний толгой манараад газар хэвтсэн...”, гэрч Ш.Ө ийн “...2017 оны 8 дугаар сарын 19-ны өглөө эхнэр О бид хоёр худаг дээр малаа услаад байж байтал манай дүү Ш.Бат-Өлзий, Ш.И г Д.М ын хүү зодчихлоо гэсэн, би гэрээрээ орж машинаа аваад Ш.И дээр очсон, намайг очсоны дараа М-ын эхнэр хүү хоёр ирсэн...”, гэрч Ш.Б “...овоон дээр дурандаж байтал М хүүтэйгээ И дээр очоод ярилцаж зогсон байснаа барилцаад авахаар нь би тэд нар дээр очсон. Би очоод салгах гэж байтал М.Г И-гийн толгой руу гараараа 3 удаа цохисон чинь И газар хэвтээд өгсөн...” гэсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна.
Харин гэрчүүдийн мэдүүлэгт “гэрч Д.М ыг Ш.И толгойгоороо мөргөсөн” гэх мэдээлэл бэхжигдээгүй ба хохирогч Ш.И д учирсан гэмтлийг өөр хүний үйлчлэлээр үүссэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон бөгөөд хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Иймд шүүгдэгч М.Г ын өмгөөлөгч Ц.Баярмаагийн бодит байдлыг мөшгөн гуйвуулж хэргийг шийдвэрлэсэн, гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй, хохирогчид учирсан
гэмтлийн шалтгаант холбоог анхаараагүй гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Г ын өмгөөлөгч Ц.Баярмаагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Р.МӨНХ-ЭРДЭНЭ
Т.БЯМБАЖАВ