Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2020/0367

 

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2020/0367

Улаанбаатар хот

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, 

Нэхэмжлэгч: “М”ХХК /РД:6300782/

Хариуцагч: “М” ХК

Гуравдагч этгээд: “Мэ” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “М” ХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах МИАТ/201901060 дугаартай нээлттэй сонгон шалгаруулалтын 3 дугаар багцад “Мэ” ХХК-д  гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...”М”ХХК нь “М” ХК-иас 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр зарласан “Агаарын хөлгийн шатахуун” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 3-н багц бүхий МИАТ/201901060 дугаартай нээлттэй тендерийн багц 3 дээр оролцсон. Тендерийг 2019 ны 8 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг 20 минутад нээсэн. Уг тендерийн багц 3-т “И” ХХК, “С” ХХК, “Мэ” ХХК / “С” ХХК-ийн охин компани/, “М”ХХК гэсэн 4 аж ахуй нэгж оролцсон.

Ингээд “М” ХК-иас 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 01/3066 тоот албан бичгээр “Манай компаниас зарласан “Агаарын хөлгийн шатахуун” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 3 багц бүхий МИАТ/201901060 дугаартай нээлттэй тендерт багц 3 дээр танай компанийн ирүүлсэн тендерийг "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль ” /цаашид ”хууль " гэх/, тогтоомж, түүнд үндэслэл захиалагчийн боловсруулсан тендерийн баримт бичгийн дагуу хянан үзэхэд хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар шаардлага хангасан, “хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарсан болохыг мэдэгдье” гэсэн мэдэгдэл манай компанид ирүүлсэн.

Ингээд манай компани Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасны дагуу “хамгийн сайн” үнэлэгдсэн тул мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т ”Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заасны дагуу гэрээ байгуулна гэж хүлээж байсан.

Гэтэл “М” ХК-иас 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01/3462 тоот албан  бичгээр манай компанид “Манай компаниас зарласан "Агаарын хөлгийн шатахуун” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 3 багц бүхий МИАТ/201901060 дугаартай нээлттэй тендерийн багц 3 дээр гомдол гарч, Сангийн Яамнаас ирүүлсэн тендер шалгаруулалтын  үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэн албан бичгийн дагуу танай компанийн ирүүлсэн тендерийг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, тогтоомж, түүнд үндэслэн захиалагчийн боловсруулсан тендерийн баримт бичгийн дагуу дахин хянан үзэхэд Тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 18.1.г-д ”Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлага ирүүлэх жилийн тоо ” Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 оны туршлагын мэдээлэл, гэрээний хуулбар, гэрээ тус бүр дээр гэрээ дүгнэсэн  актын хамт ирүүлэх” гэснийг 2018 онд байгуулагдсан компани нь 2017 оны туршлага байхгүй.  Мөн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 18.2-д ”Ашигтай ажилласан жилийн тоо сүүлийн 2 жил 2017, 2018 он ” гэснийг 2017 оны санхүүгийн тайлан байхгүй, 2018 онд ашиггүй ажилласан нь манай заасан шаардлагуудыг тус тус хангаагүй тул хуулийн 27.4-т заасныг үндэслэн уг тендерт шалгараагүй болохыг үүгээр мэдэгдье. Хуулийн 29.1-д зааснаар шаардлага хангасан, “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр Багц 3 дээр “Мэ” ХХК шалгарсан болно” гэсэн мэдэгдэл ирүүлсэн.

“М” ХК-иас манай компанид ирүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01/3462 тоот албан бичиг “...МИАТ/201901060 дугаартай нээлттэй тендерийн багц 3 дээр гомдол гарч, Сангийн Яамнаас ирүүлсэн тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэн албан бичгийн дагуу ...” гэснээс үзэхэд Сангийн яамнаас манай компанийн тендерт дахин үнэлгээ хийхийг захиалагчид мэдэгдсэн гэж ойлгогдож байна. Сангийн яамны уг мэдэгдэл нь хэдэн оны, хэдэн сарын, ямар шийдвэр, албан бичгээр захиалагчид хүргэгдсэн мэдэгдэл болохыг бид огт мэдэхгүй. Сангийн яам нь гомдлыг хянаад тендерийг дахин үнэлэхийг мэдэгдэх шийдвэр гаргах хуулиар олгогдсон эрх байхгүй байна. Захиалагчаас Сангийн яамны дээрх хууль бус мэдэгдэлд үндэслэн МИАТ/201901060 дугаартай тендерийг дахин үнэлсэн нь хууль бус байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна” гэж заасан. МИАТ/201901060 дугаартай тендерийг 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг 20 минутанд нээсэн тул уг тендерийн хүчинтэй байх хугацаа 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дууссан байхад захиалагч тендерийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дахин үнэлж, манай компанийг уг тендерт шалгараагүй болохыг мэдэгдэж, “Хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр “Мэ” ХХК-ийг шалгаруулсан нь хууль бус.

Захиалагчийн “Хамгийн сайн” үнэлгээ өгч шалгаруулсан “Мэ” ХХК нь “С” ХХК, Оросын Холбооны Улсын “Р” компанийн охин компани “РН-Аэро” нийгэмлэгтэй хамтран 2009 онд байгуулсан компани бөгөөд, дээрх хоёр компаниуд хөрөнгө оруулалтыг ижил хэмжээгээр адил нөхцөлтэйгөөр оруулсан компани юм. Оросын Холбооны Улсын “Р” компани нь Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд юм.

Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн Гуравдугаар бүлэг (Газрын тосны бүтээгдэхүүнийг импортлох, худалдах, тээвэрлэх, хадгалах)-ийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харьяалал, хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно” гэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ 1 худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Энэ хуулийн 27.1-д заасан шаардлагыг хангасан эсэхийг хянахдаа дараах шалгуур үзүүлэлтийг удирдлага болгоно ” гээд 27.2.3-т “энэ хуулийн 27.2.1, 27.2.2-т заасныг хүлээн зөвшөөрснөөр шаардлагад нийцсэн бусад тендерийн өрсөлдөөнд шударга бусаар нөлөөлөх эсэх”, 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-т “Энэ хуулийн  27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана ”, 28 дугаар зүйлийн 28.1-т “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ ” гэж тус тус зааснаас үзэхэд “Мэ” ХХК-ийн тендер, МИАТ/20191060 дугаартай нээлттэй тендерийн шаардлагад нийцээгүй байна.

 “Мэ” ХХК нь Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-иас дээш хувийг нийлүүлдэг Оросын Холбооны Улсын “Р” компанийн харъяалал, хяналтанд байдаг нэгж тул дотоодын зах зээлд бүтээгдэхүүн борлуулах эрхгүй этгээд байна. Иймд “М” ХХК-иас “Мэ” ХХК-ийн тендерийг үнэлж “хамгийн сайн” үнэлгээ өгсөн нь Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3,27.4,28 дугаар зүйлийн 28.1 дэх заалтыг тус тус зөрчсөн байна.

Түүнчлэн “Агаарын хөлгийн шатахуун” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 3- н багц бүхий нээлттэй тендерийн 3-н багц дээр 3-ууланд нь “С” ХХК болон түүний охин компани “Мэ” ХХК оролцож тендер ирүүлж, шалгарсан. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан болон МИАТ/201901060 дугаартай “Агаарын хөлгийн шатахуун” нийлүүлэх тендерийн баримт бичиг”-ийн Г. “Тендер ирүүлэх /Цахимаар/” хэсгийн 26 дугаар зүйлд 26.1-д “Аливаа этгээд дангаараа, эсхүл хамтран ажиллах гэрээний үндсэн дээр түншлэл болж тендер ирүүлнэ. Тендерт оролцогч нэгээс дээш тендер ирүүлсэн, эсхүл ирүүлэхэд оролцсон бол түүний ирүүлсэн бүх тендерээс татгалзана” гэж заасныг ноцтой зөрчиж байна.

“М”ХХК нь “М трейд” ХХК-тай түншлэл болж уг тендерт оролцсон бөгөөд Тендерийн баримт бичгийн 18.3-т заасны дагуу шалгуурыг бүрэн хангаж байхад тус компанийг Тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 18.1 г, 18.2 д-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Тус компанийн зүгээс “М” ХК-иас 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01/3462 тоот албан бичгийг хүлээн аваад 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 02/214 тоот албан бичгээр Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан боловч Сангийн яамнаас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 6-1/7014 тоот албан бичгээр “... гомдлыг хүлээн авах боломжгүй” гэх хууль зүйн үндэслэлгүй хариу ирүүлсэн тул ийнхүү шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

МИАТ ХК-ийн уг шийдвэртэй холбоотойгоор манай компанийн зүгээс “М” ХК болон тендерийн үнэлгээний хорооны уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд “М” ХХК болон “Мэ” ХХК-ийн хоорондын гэрээ хэрэгжиж маргааны бүхий захиргааны акт нэгэнт хэрэгжсэн, тендерийн үнэлгээний хороо татан буугдсан тул цаашид ийм хууль бус байдлаар тендер шалгаруулдаг, түүнийгээ маргаантай байх хугацаанд хэрэгжүүлдэг хууль бус үйл ажиллагаа дахин гаргахгүй байх хууль ёсны ашиг сонирхолын үүднээс энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд Тендерийг хянан үзэх, 28 дугаар зүйлд тендерийг үнэлэх зохицуулалтыг тус тус тусгасан байдаг. Тендерийг хянан үзэхдээ уг тендерт оролцогч нь эрх бүхий эсэхийг нягтлах зорилгоор 14-16 дугаар зүйлд заасныг хангаж байгаа эсэхэд хяналт тавьдаг. Өөрөөр хэлбэл өр төлбөр, санхүүгийн байдал, туршлага зэргийг магадлах зохицуулалт юм.

Харин тендерийг үнэлэх журам нь тусдаа бөгөөд үнийг гол хэмжүүр болгон баримталж хугацаа болон бусад зүйлсийг эрэмбэлэн үнэлэх аргачлалыг хуулийн 27 дугаар зүйлд тодорхой заасан. Гэтэл захиалагчийн зүгээс Сангийн яамны шийдвэрээс өөр үйл ажиллагааг явуулж тендерийн үнэлгээний үе шатанд хамаагүй буюу тендерийг хянан үзэх үе шатыг хийж үндэслэлгүй дүгнэлтийг гаргасан. Энэ нь тендерийн ажиллагааг будлиантуулж манай тендерийг хамгийн сайн үнэлгээ авч шалгарсан байсныг хууль бусаар цуцалж, өөр компанийг шалгаруулж гэрээ байгуулах эрхийг олгосон гэх үндэстэй.

Иймд “М” ХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах МИАТ/201901060 дугаартай нээлттэй тендер шалгаруулалтын 3-р багцад “Мэ” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагч “М” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...”М” ХК нь 2019 оны худалдан авалтын төлөвлөгөөний дагуу Агаарын хөлгийн Шатахуун худалдан авах 3 багц МИАТ/201901060 дугаар бүхий нээлттэй тендер шалгаруулалтыг 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр зарлаж 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр цахимаар нээсэн. Захиалагч нь 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Үнэлгээний хорооны Зөвлөмжийн дагуу багц 3 дээр ‘“М”” ХХК-тай гэрээ байгуулах тухай мэдэгдлийг 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүргүүлсэн.

Багц 3 буюу 3агаарын хөлгийн шатахуун тээвэрлэх, хадгалах, агаарын хөлгийг сумлах” үйлчилгээ үзүүлэх тендер шалгаруулалттай холбоотой “Мэ” ХХК-аас гаргасан гомдолтой холбоотойгоор Сангийн яамнаас 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 6-1/6231 тоот “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай" албан бичгийг “М” ТӨХК-д ирүүлсэн. Тус албан бичигт: Танай байгууллагаас зарласан МИАТ /201901060 дугаартай Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтын 3 дугаар багцад оролцсон “Мэ” ХХК-иас Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу гомдол гаргасан. Хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т заасны дагуу тендер шалгаруулалтын 3 дугаар багцын гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлж байна, гэрээ байгуулах эрх олгосон оролцогчид гомдол гарсан талаар мэдэгдэх, Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.16 -д заасны дагуу гомдлыг хянах хугацаанд тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа түр хугацаагаар зогсох болохыг мэдэгдсэн. Тус албан бичгийн дагуу МИАТ ТӨХК нь гомдлыг хянан шийдвэрлэхэд шаардлагатай шаардсан баримт бичгүүдийг Сангийн яаманд хүргүүлж, Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Б.А ““М”" ХХК-ийн төлөөлөгч Х.Г-д 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр мэдэгдсэн.

Сангийн яам гомдлыг хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дах хэсэгт заасны дагуу хянан үзээд 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 6-1/6392 дугаар бүхий албан бичиг МИАТ ТӨХК-д ирүүлсэн. Тус албан бичигт: ““М”" ХХК болон “Магнай трейд" ХХК-ийн түншлэлийн ирүүлсэн тендерээс үзэхэд “М”ХХК нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт ТОӨЗ 18.1 (г) -д “Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо” Сүүлийн 2 жил буюу 2017,2018 оны туршлагын мэдээлэл, гэрээний хуулбар, гэрээ тус бүр дээр гэрээ дүгнэсэн актын хамт ирүүлэх” гэж ТОӨЗ 18.2 (б) -д “ Гүйцэтгэгчээр ажилласан байх жилийн тоо” Сүүлийн 2 жил /2017,2018 он/ гэж заасан шаардлагыг тус тус хангахгүй байна.

Иймд “М”ХХК болон “М трейд” ХХК-ийн түншлэлийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн гэж үнэлэн гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байх тул хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-т заасныг үндэслэн тус тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг “М” ТӨХК-д үүрэг болгосон. Энэ дагуу Үнэлгээний хороо хуралдаж хуулийн 127 дугаар зүйлийн дагуу багц 3-т оролцсон компаниудын материалуудыг дахин хянан үзэж олонхийн саналаар доорх шийдвэрүүдийг гаргасан. Үүнд:

БАГЦ ГУРАВ: 1,213,630,000 төгрөгийн /1тонн 64,900 төг/ төсөвт өртөгтэй “Тээвэрлэх, хадгалах, агаарын хөлгийг сумлах үйлчилгээ” үзүүлэх тендерт 4 компани үнийн санал ирүүлсэн. Ирүүлсэн үнийн саналууд бүгд төсөвт багтааж үнийн санал ирүүлсэн. Үүнд:

1.1       “И” ХХК нь ТББ-ийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт 12.1 ё -д заасан Тендер нээсэн өдрийн байдлаар татварын өр төлбөргүй байна гэснийг 6,241,247 төгрөгийн дутуу үлдэгдэлтэй байсан тул хуулийн 14.1.2 -ийг үндэслэн ерөнхий нөхцөл хангаагүй тул тендерээс татгалзаж байна.

1.2       “С” ХХК нь “ТББ-ийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт 18.2в заасан “ИНЕГ-ын агаарын хөлгийн шатах тослох материалаар хангах үйлчилгээний байгууллагын гэрчилгээ 144 зөвшөөрөлтэй байна” гэснийг хангаагүй тул хуулийн 27.4- т заасныг үндэслэн уг тендерээс татгалзаж байна.

1.3 “Мэ” ХХК нь Хуулийн 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэснийг хангасан.

1.4 “М”ХХК нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт 18.1 г-д “Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлага ирүүлэх жилийн тоо” Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 оны туршлагын мэдээлэл , гэрээний хуулбар, гэрээ тус бүр дээр гэрээ дүгнэсэн актын хамт ирүүлэх”, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт 18.2д “ашигтай ажилласан жилийн тоо 2 жил 2017, 2018 он гэснийг тус тус хангаагүй тул хуулийн 27.4-т заасныг үндэслэн уг тендерээс татгалзаж байна.

Үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн саналаар хуулийн 29 дүгээр зүйл 29.1-т “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж заасны дагуу “Мэ” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийг Гүйцэтгэх захиралд хүргүүлсэн.

  Тендер шалгаруулалтыг тендерийн хүчинтэй хугацаанд зохион байгуулаагүй нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Агаарын хөлгийн шатахуун худалдан авах 3 багц нээлттэй тендерийг 2019 оны 8 дугаар сарын 16-нд нээсэн. Сангийн яам 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай” 6-1/6231 тоот албан бичиг, Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15-д заасны дагуу гомдлыг хянах хугацаанд буюу 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хуулийн 55 дугаар зүйлийн 55.4-т заасны дагуу тендер шалгаруулалтын 3 дугаар багцын гүйцэтгэгч сонгох ажиллагаа түдгэлзсэн .

Захиалагч нь 2019 оны 9 дүгээр сарын 26 нд Сангийн яаманд тендерийн хүчинтэй хугацааг сунгаж өгөх хүсэлт гаргасан. 2019 оны 9 дүгээр сарын 30-нд Сангийн яамны 6-1/6591 тоот албан бичгээр хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4, 29.5 -д заасны дагуу тендерийн хүчинтэй хугацааг 15 хоногоор сунгасан. Үнэлгээний хороо Агаарын хөлгийн шатахуун худалдан авах 3 багц нээлттэй тендерийг үнэлж 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Зөвлөмжийг Захиалагчид хүргүүлсэн.

Захиалагч нь 2019 оны 10 дугаар сарын 10-нд хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт бичгээр мэдэгдсэн.

Захиалагчийн зарласан МИАТ /201901060 дугаартай Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалт БАГЦ ГУРАВ нь агаарын хөлгийн шатахуун буюу бараа бүтээгдэхүүн худалдан авах нээлттэй тендер биш бөгөөд энэхүү тендер нь 1,213,630,000 төгрөгийн /1тонн 64,900 төг/ төсөвт өртөгтэй агаарын хөлгийн шатахуун тээвэрлэх, хадгалах, агаарын хөлгийг сумлах” үйлчилгээ үзүүлэх тендер юм.

Хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д “тендерт оролцогч” гэж захиалагчаас хараат бус дангаараа тендер ирүүлсэн этгээд болон хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендер ирүүлсэн хэд хэдэн этгээдийг ойлгох бөгөөд Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх Тендерийн баримт бичиг ТОӨЗ-ны 15.8-д "Тендерт оролцогч нэг эсхүл түүнээс олон багцад тендер ирүүлэх эрхтэй “ хэмээн заасан нь хуулийн 8 дугаар зүйлийн 8.7.2-Т "Захиалагч тендерийн урилга болон тендерийн баримт бичигт багцуудын талаарх мэдээлэл, тендерт оролцогч нэг буюу хэд хэдэн, эсхүл бүх багцад саналаа ирүүлж болохыг зааж болох хуулийн зохицуулалттай нийцэж байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн яриагаар бүх багцад нэг л тендер ирүүлсэн, олон тендер ирүүлсэн гэж ойлгоод байгаа юм байна. Энэ бол буруу ойлголт. Нэг багцад 2 тендер ирүүлж болохгүй гэдэг ойлголт байгаа юм. Үүнийг одоо хүртэл ойлгоогүй байж маргаан үүсгээд явж байгаа нь буруу юм. Тендерийн бичиг баримтад аж ахуйн нэгж бүх багц тендерт ирүүлж болно гэж заасан. Үүнийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч 3 багцад 3 санал ирүүлсэн нь болохгүй учраас ингэж шалгаруулсан нь буруу гэж тайлбарлаад байна. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаж авах тухай хуулийн зохицуулалтаар нэг багцад нэг тендер ирүүлнэ гэдэг нь ганцаараа болон хамтарч ирүүлж болно. Тэр тохиолдолд нэг санал оруулна гэсэн үг юм.

“Роснефть” компанийн талаар ярьж байна. Үүнийг шүүх шийдэхгүй гэж бодож байна. 3 дугаар багц нь шатахуун нийлүүлэх асуудал биш. Шатахуун хадгалах, сумлах, нийлүүлэх гэдэг багц юм. Тендерийн баримт бичигт зааснаар жишиг баримт бичигт орж байгаа төлөөлөгч буюу “М”ХХК 40 хувийг хангах ёстой. Түншлэгч нар 25 хувийг хангах ёстой байдаг. Түүнийг хангаагүй учраас дараагийн шалгаруулалтыг хийсэн. Тус компани Тендер сонгон шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан шаардлагыг хангаагүй байхад хямдхан гэдэг утгаар нь шалгаруулсан нь үнэн. Түүнийхээ бурууг хүлээж байгаа. Би тэр үнэлгээний хороонд байсан.  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Магнай трейд” ХХК сайн компани гэж ярьж байна. Гэтэл түншлэлийн гол гишүүн нь 40 хувийг хангах ёстой. Түүнийг хангаагүй юм. Тийм учраас Сангийн яамнаас яг асуудлаа барьж шийд гэдэг шаардлага тавьсан. Тэгээд түүний дагуу шийдсэн” гэв.

Гуравдагч этгээд “Мэ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани нь МИАТ ХК-иас 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр зарласан агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 3 багц бүхий МИАТ/201901060 дугаар бүхий нээлттэй тендер шалгаруулалтад оролцсон. Багц 3 буюу агаарын хөлгийн шатахуун тээвэрлэх, хадгалах, агаарын хөлгийг сумлах үйлчилгээ үзүүлэх тендерт манай компани тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан бүхий шалгуурыг хангаж оролцсон. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангасан хэдий ч “Мэ” ХХК-г тендерт шалгараагүй тухай мэдэгдэл ирүүлсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйл 55.1-д заасны дагуу Сангийн яаманд гомдол гаргасан. Гомдол гаргасан үндэслэл нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 18.1 “Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлага ирүүлэх жилийн тоо” сүүлийн 2 жил буюу 2017, 2018 оны туршлагын мэдээлэл ирүүлэх, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 18.2-д “Ашигтай ажилласан жилийн тоо 2 жил 2017, 2018 он” гэсэн шалгуурыг “М”ХХК хангаагүй байсан. Сангийн яам гомдлыг хянан үзээд үндэслэлтэй гэж үзээд тендер шалгаруулалтын 3 дугаар багцад дахин үнэлгээ хийлгэхийг “М” ТӨХК-д үүрэг болгосон. Үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж “Мэ” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан нь хуульд нийцсэн.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...М” ХХК нь “С” ХХК, ОХУ-ын Р компанийн охин “РН Аэро” нийгэмлэгтэй хамтран байгуулсан бөгөөд дээрх хоёр компаниуд хөрөнгө оруулалтыг ижил хэмжээгээр адил нөхцөлтэйгөөр оруулсан компани юм. Оросын Холбооны Улсын Р компани нь Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг нийлүүлж гадаадын хуулийн этгээд тул Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийг зөрчсөн...” гэж нэхэмжлэлийн 3 дахь дугаарт дурджээ.

МИАТ/201901060 дугаартай Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтын багц 3 нь агаарын хөлгийн шатахуун буюу бараа бүтээгдэхүүн худалдан авах тендер биш. Агаарын хөлгийн шатахуун тээвэрлэх, хадгалах, агаарын хөлгийг сумлах үйлчилгээ үзүүлэх тендер юм. Нэхэмжлэлийн 3 дахь зүйлд дурдсан зүйл нь тендерийн багц 3-ын талаар биш өөр зүйлийн талаар дурдаж, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийг зөрсөн байна гэсэн нь нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлийн зүйлтэй огт хамааралгүй үндэслэлгүй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйл 5.1.6-д “тендерт оролцогч” гэж захиалагчаас хараат бус, 5.1.6а “дангаараа тендер ирүүлсэн”, 5.1.6б “хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендер ирүүлсэн хэд хэдэн этгээд” гэж заасны дагуу “Мэ” ХХК нь дангаараа тендерт оролцсон нь аливаа хуулийг зөрчөөгүй. Үнэлгээний хороо дахин үнэлгээ хийгээд “Мэ” ХХК-г шалгаруулсан нь хууль зөрчөөгүй. Нэхэмжлэгч талаас “Мэ” ХХК нь “С” ХХК, Оросын Холбооны Улсын “Р” компанийн охин “РН-Аэро” нийгэмлэгтэй хамтран байгуулсан бөгөөд дээрх 2 компанийн хөрөнгө оруулалтыг ижил хэмжээгээр, адил нөхцөлтэй оруулсан компани юм.  

“М” ТӨХК-ийн багц 3 тендер нь агаарын хөлгийн шатахууныг тээвэрлэх, хадгалах, сумлах үйлчилгээ үзүүлэх тендер юм. Түүнээс биш нэхэмжлэгчийн хэлээд байгаа шиг агаарын шатахууныг оруулж ирээд аваад байгаа зүйл биш багц 3-т үйлчилгээ үзүүлэх тендер байсан. Үүн дээр маргаж байна гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч компани 2018 оны 10 дугаар сард байгуулагдсан компани. Шаардлагыг хангаагүй байж тендерийн ямар баримтыг хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага гаргаад байгааг ойлгохгүй байна. “Мэ” ХХК бол Компанийн тухай хуулиар хараат бус үйл ажиллагаа явуулдаг. Өөрийн гэсэн данстай, үүрэг, хариуцлагаа хүлээдэг бие даасан хуулийн этгээд юм. Ийм хуулийн этгээдийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6а-д зааснаар дангаараа тендер ирүүлэх эрхтэй гэж ойлгож байгаа. Бид зөвхөн багц 3 дээр маргаж байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, эсхүл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаж авах тухай хуулийг буруугаар ойлгосон байна.  Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “М”ХХК анх тус шүүхэд хандан “М” ХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01/3462 тоот албан бичиг /мэдэгдэл/-ээр МИАТ/201901060 дугаартай нээлттэй тендерийн багц 3 дээр дахин үнэлгээ хийж, “М”ХХК-ийг шалгаруулаагүй гэж, “Мэ” ХХК-ийг “хамгийн сайн” гэж үнэлж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг “М” ХК болон МИАТ/201901060 дугаартай нээлттэй тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн “М” ХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах МИАТ/201901060 дугаартай нээлттэй сонгон шалгаруулалтын 3 дугаар багцад “Мэ” ХХК-д  гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох” хэмээн эцэслэн тодорхойлсон.

Шүүх нэхэмжлэгчийн эцэслэн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            1. “М” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/440 дүгээр тушаалаар “Агаарын хөлгийн болон авто машины шатахуун нийлүүлэх гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах үнэлгээний хороо”-г шинэчлэн байгуулсны дагуу Үнэлгээний хорооноос “Агаарын хөлгийн шатахуун” нийлүүлэх гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах” МИАТ/201901060 дугаартай “Багц1. Улсын хил нөхцөлөөр 18700 тонн агаарын хөлгийн шатахуун худалдан авах”, “Багц 2. Улсын хилээс 18700 тонн агаарын хөлгийн шатахуун тээвэрлэх, агуулахаас ачих үйлчилгээ үзүүлэх”, “Багц 3. 18700 тонн агаарын хөлгийн шатахууныг тээвэрлэх, хадгалах, сумлах үйлчилгээ үзүүлэх” гэх 3 багц бүхий тендерийн баримт бичгийг боловсруулан, 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр тендер шалгаруулалтын зарыг өөрийн цахим хуудас болон төрийн худалдан авах ажиллагааны цахим систем https://www.tender.gov.mn[1] веб хуудсанд байршуулжээ.

 2. Үнэлгээний хороо 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр тендерийг нээж, 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр багц 3 буюу “18700 тонн агаарын хөлгийн шатахууныг тээвэрлэх, хадгалах, сумлах үйлчилгээ үзүүлэх” тендер шалгаруулалтад “И” ХХК, “С” ХХК, “Мэ” ХХК болон “М”ХХК-иас ирүүлсэн тендерийн материалд үнэлгээ хийж, “М”ХХК-иас ирүүлсэн тендер нь ... хамгийн бага харьцуулах үнэтэй тендер тул ...гэрээ байгуулах эрх олгохыг захиалагчид зөвлөмж болгон” хүргүүлж, захиалагчаас 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 01/3066 дугаар албан бичгээр “М”ХХК-нд “тендерээр шалгарсан болохыг” мэдэгдсэн мэдэгдлийг хүргүүлсэн байна.

3. “М” ХК-ийн дээрх албан бичигтэй холбогдуулан “Мэ” ХХК-иас Монгол Улсын Сангийн яаманд хандан гомдол гаргаснаар Сангийн яамны 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 6-1/6231 дүгээр албан бичгээр “М” ХК-д гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлсэн болохыг мэдэгдэж, улмаар 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 6-1/6392 дүгээр албан бичгээр “... тендер шалгаруулалтын үнэлгээг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-т дахь хэсэгт заасны дагуу дахин хийхийг ... мэдэгдье” гэсэн хариуг захиалагч болон гомдол гаргагч нарт хүргүүлж, Сангийн яамны 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 6-1/6591 дүгээр албан бичгээр “тендерийн хүчинтэй байх хугацааг сунгах зөвшөөрлийг” олгожээ.

4. Үнэлгээний  хороо 2019 оны 10 дугаар сарын 08-ний өдөр хуралдан, дахин үнэлгээ хийж, “Мэ” ХХК нь хуулийн 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэснийг хангасан, ... “М”ХХК нь ТББ-ийн ТШӨХ 18.1-д “ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлага ирүүлэх жилийн тоо” сүүлийн 2 жил буюу 2017, 2018 оны туршлагын мэдээлэл”, гэрээний хуулбар, гэрээ тус бүр дээр гэрээ дүгнэсэн актын хамт ирүүлэх”, ТШӨХ 18.2-д “ашигтай ажилласан жилийн тоо 2 жил 2017, 2018 он” гэснийг тус тус хангаагүй тул хуулийн 27.4-т заасныг үндэслэн уг тендерээс татгалзаж байна” хэмээн “Мэ” ХХК-тай гэрээ байгуулахыг захиалагчид зөвлөмж болгон” хүргүүлж, “М” ХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн 01/3462 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид татгалзсан хариуг өгжээ.

 5. “М” ХК-иас 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Мэ” ХХК-тай “Шатахуун тээвэрлэх, хадгалах, агаарын хөлөгт сумлах үйлчилгээний гэрээ” 19/404 гэрээг байгуулсан, “М”ХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 01/664 дүгээр албан бичгээр “...Агаарын хөлгийн болон авто машины шатахуун нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны чиг үүрэг дуусгавар” болсон тухай тайлбар, тодруулгыг тус шүүхэд ирүүлсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрчлөн, “...тендерийг 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр нээсэн тул хүчинтэй байх хугацаа 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дууссан байхад захиалагч тендерийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр үнэлж, “Мэ” ХХК-ийг шалгаруулсан нь хууль бус”, “...”Мэ” ХХК нь “С” ХХК, ОХУ-ын “Р” компанийн охин компани “РН-Аэро” нийгэмлэгтэй хамтран 2009 онд байгуулсан компани бөгөөд “Р” компани нь Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд. Энэ нь Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харьяалал, хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно” гэснийг зөрчиж байна”, “...3 багц бүхий тендерт “С” ХХК болон охин компани “Мэ” ХХК нь гурвууланд нь тендер ирүүлж шалгарсан нь тендерийн баримт бичгийн 26.1-д заасан “тендерт оролцогч нэгээс дээш тендер ирүүлсэн, эсхүл ирүүлэхэд оролцсон бол түүний ирүүлсэн бүх тендерээс татгалзана” гэснийг ноцтой зөрчсөн”, “хуулийн 27 дугаар зүйлд заасан хянах ажиллагаа хийсний дараа үнэлэх ажиллагааг хийхдээ өмнөх шийдвэрээ өөрчилж, дахин хянаж” байгаа нь хууль зөрчиж байна  хэмээн нэхэмжлэл гарган маргаж байна.

6. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д “тендерт оролцогч” гэж захиалагчаас хараат бус 5.1.6.а.дангаараа тендер ирүүлсэн этгээд, 5.1.6.б.хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендер ирүүлсэн хэд хэдэн этгээдийг ойлгоно”, 28 дугаар зүйлийн 28.1 “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ”, 55 дугаар зүйлийн 55.1 “Тендерт оролцогч нь ... гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ... гаргана”, “55.3.Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ... гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл 55.3.3.зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах”, 55.4 “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг хянан хэлэлцэж шийдвэрлэх хүртэлх хугацаанд захиалагчийн гаргасан шийдвэр ...түр түдгэлзүүлэх шийдвэр гаргаж болно” хэмээн тус тус хуульчлан заажээ.

7. Хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараар,  нэхэмжлэгч “М”ХХК нь 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдан, хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр бүртгэгдсэн нь “М” ХК-иас зарласан “Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” МИАТ/201901060 дугаартай нээлттэй тендер сонгон шалгаруулалтын баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүсэлтийн 18.1.б. “санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 оны”, 18.1.г. “Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 оны туршлагын мэдээлэл, гэрээний хуулбар, гэрээ тус бүр дээр гэрээ дүгнэсэн актын хамт ирүүлэх”, 18.2.б.“гүйцэтгэгчээр ажилласан байх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2017, 2018 он/”, 18.2.д “Ашигтай ажилласан байх жилийн тоо: 2 жил /2017, 2018/” тус тус шаардлагыг хангаагүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, “Монголиан авиашин фүел” ХХК-ийн 6300782 регистрийн дугаар бүхий Улсын бүртгэлийн гэрчилгээ, “Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” МИАТ/201901060 дугаартай нээлттэй тендер сонгон шалгаруулалтын баримт бичгийн цахим хуулбар болон холбогдох бусад баримтаар тогтоогдож байх үүнтэй холбогдуулан Сангийн яамны 2019 оны 6-1/6231 дүгээр албан бичгийн дагуу 2019 оны 10 дугаар сарын 08-ний өдөр хуралдсан Үнэлгээний  хорооны дүгнэлт үндэслэлтэй, хариуцагч “М” ХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01/3462 дугаар албан бичиг хуульд нийцсэн байна гэж шүүх үзлээ.

8. Хэдийгээр нэхэмжлэгчийн зүгээс , “...”Мэ” ХХК нь “С” ХХК, ОХУ-ын “Р” компанийн охин компани “РН-Аэро” нийгэмлэгтэй хамтран 2009 онд байгуулсан компани бөгөөд “Р” компани нь Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд. Энэ нь Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харьяалал, хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно” гэснийг зөрчиж байна”, “...3 багц бүхий тендерт “С” ХХК болон охин компани “Мэ” ХХК нь гурвууланд нь тендер ирүүлж шалгарсан нь тендерийн баримт бичгийн 26.1-д заасан “тендерт оролцогч нэгээс дээш тендер ирүүлсэн, эсхүл ирүүлэхэд оролцсон бол түүний ирүүлсэн бүх тендерээс татгалзана” гэснийг ноцтой зөрчсөн”, “...тендерийг 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр нээсэн тул хүчинтэй байх хугацаа 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дууссан байхад захиалагч тендерийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр үнэлж, “Мэ” ХХК-ийг шалгаруулсан нь хууль бус” хэмээн маргаж байх боловч

хэрэгт нотлох баримтаар авагдсан “Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” МИАТ/201901060 дугаартай нээлттэй тендер сонгон шалгаруулалтын цахим баримт бичиг болон холбогдох бусад баримтаар “С” ХХК болон “Мэ” ХХК-иуд нь тус тендер шалгаруулалтад тус тус оролцсон, тэдгээрийн хооронд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6.б-д заасанчлан “хамтран ажиллах гэрээ” байгуулаагүй,

маргаан бүхий үйл баримтад хамаарах “Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” МИАТ/201901060 дугаартай нээлттэй тендер сонгон шалгаруулалтын багц 3 нь Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасанчлан “дотоодын зах зээлд өөрийн бүтээгдэхүүнээ борлуулах”-тай холбоогүй, харин “18700 тонн агаарын хөлгийн шатахууныг тээвэрлэх, хадгалах, сумлах үйлчилгээ үзүүлэх”-тэй холбоотой,

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4 “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг хянан хэлэлцэж шийдвэрлэх хүртэлх хугацаанд захиалагчийн гаргасан шийдвэр ...түр түдгэлзүүлэх шийдвэр гаргаж болно” хэмээн заасанчлан хэрэгт нотлох баримтаар авагдсан Сангийн яамны 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 6-1/6591 дүгээр албан бичгээр “тендерийн хүчинтэй байх хугацааг сунгах зөвшөөрлийг” хариуцагчид олгосон гэх нөхцөл байдал тус тус тогтоогдож байх бөгөөд мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасанчлан тендерийг үнэлэх үйл ажиллагаа нь тендерт оролцогчоос ирүүлсэн баримт бичгийг энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу хянаж, шаардлагад нийцсэн эсэхийг үнлэх цогц үйл ажиллагаа байх тул  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг тус тус үндэслэн “М” ХК-нд холбогдуулан “М”ХХК-иас гаргасан “2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах МИАТ/201901060 дугаартай нээлттэй сонгон шалгаруулалтын 3 дугаар багцад “Мэ” ХХК-д  гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.МӨНХТУЛГА

 


[1] https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1561609760711