Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2014/0088

 

 

Иргэн Ч.Э НЭХЭМЖЛЭЛТЭЙ
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгч Ч.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Ч.Э нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С.А-ыг Эрдэнэцагаан сумын Засаг даргаар томилсон Сүхбаатар аймгийн Засаг даргын захирамжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон, намайг Эрдэнэцагаан сумын Засаг даргаар томилохыг аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Эрдэнэцагаан сумын Засаг дарга С.А-ыг томилсон 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн захирамжийг Эрдэнэцагаан сумын 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаан хүчин төгөлдөр бус болсонтой холбогдуулж хүчингүй болгосон. 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаан нь хууль бус байсан. Иймд 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахин хуралдаж, зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэж С.А-ыг сумын Засаг даргаар томилуулахаар уламжилж, аймгийн Засаг дарга дахин томилсон байгаа” гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: “2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн анхдугаар хуралдааныг шүүхээс хүчингүй болгосон тул 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын мандатаа авсан 14 төлөөлөгч хуралдаж, Хурлын дарга, Тэргүүлэгчид, сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг дахин хэлэлцэж шийдвэрлэсэн. Энэ хуралдаанд Ардчилсан намын 13 төлөөлөгч дээр Монгол Ардын намаас нэр дэвшиж сонгогдсон Д.Н оролцож ирцийг бүрдүүлсэн. Энэ хуралдаанаас миний биеийг сумын Засаг даргад нэр дэвшүүлж, тогтоол гарган аймгийн Засаг даргад уламжилснаар сумын Засаг даргаар томилогдсон” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дүгээр шийдвэрээр: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Сүхбаатар аймгийн Засаг даргын “С.А-ыг Засаг даргаар томилох тухай “ 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/68 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Э “Эрдэнэцагаан сумын Засаг даргаар томилохыг аймгийн Засаг даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.Э давж заалдах гомдолдоо: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-т заасан шаардлагыг миний бие хангаж байгаа бөгөөд нэр дэвшүүлсэн бичиг баримтыг аймгийн Засаг дарга 2012 оны 12 дугаар сард хүлээн аваад 1 жил 1 сарын хугацаа өнгөрсөн. Сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлаас Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоолдоо хариу авахаар удаа дараа албан бичиг хүргүүлсэн боловч одоог хүртэл хэрхэн шийдвэрлэсэн, томилохоос татгалзсан тухай ямар ч хариу өгөөгүй нь “нэг удаа томилохоос татгалзах” хуулиар олгогдсон бүрэн эрхээ “хариу өгөхгүй байх” эс үйлдэхүйгээр хэрэгжүүлсэн хэлбэр гэж үзэж байна.

Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т нэр дэвшигчийг эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал 15 хоногийн дотор дахин нэр дэвшүүлэхээр зохицуулсан. Энэ заалтаар “...томилохоос татгалзсан...” тохиолдолд аймгийн Засаг даргаас томилохоос татгалзсан үндэслэл шалтгаанаа дурдсан баримт бичиг хүргүүлэх, түүнийг үндэслэн дахин хурал зарлах, Засаг даргад нэр дэвшүүлэх, нэр дэвшүүлсэн тухай шийдвэрийг аймгийн Засаг даргад уламжлах ажиллагаа хуулийн дагуу явагдах ёстой.

Гэтэл намайг Засаг даргаар томилохоос татгалзаагүй, хариу өгөөгүй эс үйлдэхүй нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “г”-д заасан Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд халдаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасныг зөрчиж байгаагаас гадна, иргэн миний сонгогдох болон оршин суух газраа, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох Үндсэн хуулиар олгогдсон эрхэд халдаж байна.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсч байна“ гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

Ч.Э-г нь Сүхбаатар аймгийн Засаг даргад холбогдуулан 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/68 дугаар захирамжийг хүчингүй болгож, сумын Засаг даргын албан тушаалд томилохыг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Маргаан бүхий А/68 дугаар захирамжаар аймгийн Засаг дарга нь Эрдэнэцагаан сумын Засаг даргаар С.А-ыг томилжээ. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж, маргаан бүхий тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх ба шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт хэргийн оролцогчид маргаагүй, давж заалдах гомдол гаргаагүй байна.

Харин нэхэмжлэгчийн сумын Засаг даргаар томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт зааснаар аймгийн Засаг дарга нь сумын Засаг даргад нэр дэвшигчийг нэг удаа томилохоос татгалзах эрхтэй байх ба ийнхүү татгалзсан тохиолдолд сумын Иргэдийн Хурал 15 хоногийн дотор дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багатаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй байна.

Хуулийн дээрх заалтын агуулгаас үзэхэд аймгийн Засаг дарга нь сумын Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос нэг удаа татгалзах эрхтэй, харин хоёр дахь удаагаа татгалзах эрхгүй байна.

Энэ тохиолдолд аймгийн Засаг дарга нь сумын Иргэдийн Хурлаас нэр дэвшүүлсэн Ч.Э-ийг томилоогүй, харин Ч.А-ыг сумын Засаг даргаар томилсон байгаагаас үзэхэд Аймгийн Засаг даргыг “Ч.Э-ийг сумын Засаг даргаар томилохоос татгалзсан” гэж үзэхээр байна.

2013 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 7 дугаар “сумын Засаг даргаар томилуулахаар С.А-г нэр дэвшүүлэх тухай” Иргэдийн Хурлын тогтоол хэрэгт авагдсан байгаа боловч энэхүү хурлын тэмдэглэл байхгүй, “хуралдаанд орсон төлөөлөгчид 100% дэмжсэн” гэх боловч үүнийг баталсан баримтгүй, хэдэн хурлын төлөөлөгчөөс хэд нь ирсэн, хэдэд нь хурлын тов мэдэгдсэн, хүрэлцэн ирсэн гэх төлөөлөгчид нь олонх болж чадсан эсэх нь тодорхойгүй, эргэлзээтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д зааснаар бүх шатны Засаг дарга нь дээд шатны Засаг даргын өмнө ажлаа хариуцдаг болон бүх шатны Засаг даргын албан тушаал нь улс төрийн албан тушаалд хамаардгийн хувьд хууль тогтоогчоос аймгийн Засаг даргад нэг удаа томилохоос татгалзах эрхийг хуульчлан олгожээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүх нь захиргааны албан тушаалтны үйл ажиллагааг хянахдаа хуулиар тогтоосон эрхээ хэтрүүлсэн эсэх, өөрт олгогдоогүй эрх эдэлсэн эсэхийг хянах болохоос түүний эрх хэмжээний дотор, хуулиар олгосон эрхийн хүрээнд шийдвэрлэсэн захиргааны актыг хянах эрхгүй. Энэ тохиолдолд аймгийн Засаг дарга нь өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд томилохоос татгалзсан байна.

Түүнчлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд дээд шатны Засаг даргын татгалзах эрхийг зохицуулахдаа ямар үндэслэлээр татгалзахыг нэрлэн заагаагүй, Засаг даргад өөрт нь сонголт хийх боломжийг үлдээх замаар хуульчилсан байх тул захиргааны шүүхээс “аймгийн Засаг даргын Ч.Э-ийг сумын Засаг даргаар томилохоос татгалзсан үндэслэлийг хянах” шаардлагагүй.

Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д Засаг даргад нэр дэвшигчид тавигдах шаардлагыг заасан байх бөгөөд хариуцагчаас “нэхэмжлэгчийг эдгээр шаардлагыг хангаагүй” хэмээн маргаагүй байх тул энэхүү заалт нь энэ хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй зохицуулалт байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
  1. д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧИД                                      Ц.ЦОГТ

                                                       Б.МӨНХТУЯА

                                                     П.СОЁЛ-ЭРДЭНЭ