Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/394

 

 

 

 

 

 

 

   2022        04          14                                    2022/ШЦТ/394

 

                         

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ч

Улсын яллагч: Г.Т

Шүүгдэгч О.Б (өөрөө өөрийгөө өмгөөлж) нар оролцсон эрүүгийн 2209000000278  дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1971 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, Ньюком Проперти ХХК- ийн Найман зовхис барилгын Мобиком салбарын гадна талын талбайн үйлчлэгч ажилтай, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн О.Б

 Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

 Шүүгдэгч О.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 19 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 10 дугаар гудамжны 305 тоотод хохирогч Т.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүр хэсэгт 2-3 удаа гараараа цохих, өгзөг хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, биед нь ахар сүүлний 1,2,3 дугаар нугалмын  их бие, бүсэлхийн 1 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, зовхинд цус хуралт, хэл уруулд язарсан шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч О.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Ажлынхан манайд ирсэн. Өнөрөө намайг ажилд оруулж өгсөн. Нэг шил архи уугаад ийм асуудал болсон. Би охиныгоо хүний хүүхэд гэж бодоогүй явсан. Гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна, аавыгаа зодсондоо харамсаж байна...” гэв.

Хохирогч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Намайг үхэх болоогүй юм уу гээд 8-9 хоног дарамталсан. Хараагүй болохоор хэцүү байна. Ажлынхантайгаа архи уугаад ирсэн. Тэрнээс нь 2 хундага уусан. Тэгээд намайг зодож нүдсэн, би хэвтэж байсан. Гараа атгаж байгаад нүд рүү цохисон. Хараатай байсан бол зодуулахгүй байх байсан...” гэв.

Эрүүгийн 2209000000278 дугаартай хэргээс:

Хохирогч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

Гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

Гэрч Д.Ө-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1501 дугаартай дүгнэлт /хх-ийн 38-39 дүгээр хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 19 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 10 дугаар гудамжны 305 тоотод хохирогч Т.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүр хэсэгт 2-3 удаа гараараа цохих, өгзөг хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, биед нь ахар сүүлний 1,2,3 дугаар нугалмын  их бие, бүсэлхийн 1 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, зовхинд цус хуралт, хэл уруулд язарсан шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Т.Б-ын “...О.Б нь миний нүүрний баруун талын хацар хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохисон, мөн миний өгзөг хэсэг рүү хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөсөн...Б бид 2 хамт архи уусан. ..бид 2 ярихдаа Мөнхчимэг гэх охин миний нэр дээр байдаггүй, мөн манай авгайд тийм юм байхгүй гэх мэт зүйл хоорондоо ярьсан. Тэгээд О.Б уурлаж улмаар бид хоёрын дунд маргаан үүсэж намайг зодсон...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Г-ийн “...Миний нөхөр О.Б нь надад хэлэхдээ иргэн Т.Б миний эхнэр Б.Г-ийн Сүхбат гэх хүнтэй миний хоёр дахь охин Мөнхчимэгийг холбосон. Тэгээд би зөрүүлээд аавыг хоёр удаа гараараа шувтарч цохисон гэсэн. ...Би нөхрийнхөө өмнөөс аав Т.Б болон түүний эхнэр Өнөрөөд уучлалт хүсэж байна. Дахиж ийм асуудал гаргахгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Ө-гийн “...Намайг ороход миний нөхрийн хамарнаас цус гарсан, зүүн нүд нь хавдсан, орон дээр хэвтэж байсан. ...О.Б миний охин М надаар овоглодоггүй гэх мэт зүйл ярьж уурлаад байсан. Тэгээд хоорондоо маргалдсан юм байна лээ. Би энэ талаар сүүлд нөхрөөсөө асууж мэдсэн...” гэх мэдүүлэг, гэрч Г.Г мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1501 дугаартай дүгнэлт:

1. Т.Б-ын биед ахар сүүлний 1,2.3-р нугалмын их бие, бүсэлхийн 1-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, зовхинд цус хуралт, хэл, уруулд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

 4.  Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 19 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 10 дугаар гудамжны 305 тоотод хохирогч Т.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүр хэсэгт 2-3 удаа гараараа цохих, өгзөг хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, биед нь ахар сүүлний 1,2,3 дугаар нугалмын  их бие, бүсэлхийн 1 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, зовхинд цус хуралт, хэл уруулд язарсан шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Т.Б-ын мэдүүлэг, гэрч Б.Г-ийн мэдүүлэг, Гэрч Д.Өгийн мэдүүлэг, бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, үйл явдал болох зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч О.Бийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Тодруулбал О.Б  нь  хохирогч Т.Б-ын биед халдан цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас түүний биед хүндэвтэр гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Иймд шүүх шүүгдэгч О.Б нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч О.Б нь бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанаас хохирогч Г.Б-ын эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн 910700 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн ба шүүгдэгч О.Б-ээс хохирол төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг хүлээн авсан ба шүүхээс завсарласан хугацаанд дээрх хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна. Иймд  шүүгдэгч О.Б нь баримтаар бусдад төлөх төлбөргүй ба хохирогч нь өөрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсантай холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон,  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас шүүгдэгч О.Б-д 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар санал гаргасан ба шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

    Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ НЬ: 

1. Шүүгдэгч Б овгийн О.Б-г Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол  нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

5. Шүүгдэгч О.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч Т.Б нь өөрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсантай холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН