| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2022/0349/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/402 |
| Огноо | 2022-04-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Баярмаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/402
2022 04 15 2022/ШЦТ/402
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Н,
Улсын яллагч: Г.Б
Шүүгдэгч: Т.У нар оролцсон эрүүгийн 2209000000353 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ам бүл 1, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Х овогт Т.У РД:
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Т.У нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кайсер” нэртэй зочид буудлын 303 тоотод иргэн О.А-тай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь биед доод уруулд шарх, хамар, цээж, баруун бугалга, баруун шуу, зүүн гарын сарвуу, зүүн ташаа, зүүн гуя, баруун гуя, баруун өвдөг, зүүн шилбэ, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй....” гэв.
Хохирогч О.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Гомдолтой байна. хэрэг болсноос хойш надаас уучлалт гуйгаагүй. Орой үдшээр согтуу залгаж ярьдаг байсан. 3 сар гаруй хугацаанд толгой өвдсөн. Цаашид гарах эмчилгээний зардлаа гаргуулах саналтай байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү..” гэв.
Эрүүгийн 2209000000353 дугаартай хэргээс:
Хохирогч О.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,
Гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
Гэрч Н.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Гэрч З.О-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2324 дугаартай: 1. О.А-ын биед доод уруулд шарх, хамар, цээж, баруун бугалга, баруун шуу, зүүн гарын сарвуу, зүүн ташаа, зүүн гуя, баруун гуя, баруун өвдөг, зүүн шилбэ, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 64-65 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.У нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кайсер” нэртэй зочид буудлын 303 тоотод иргэн О.А-тай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь биед доод уруулд шарх, хамар, цээж, баруун бугалга, баруун шуу, зүүн гарын сарвуу, зүүн ташаа, зүүн гуя, баруун гуя, баруун өвдөг, зүүн шилбэ, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
Хохирогч О.А-ын “...буцаж буудлын өрөөнд ороод У, Т, Н нарт хандаж “та нар одоо өрөөнөөс гарцгаа, наад өрөөний чинь мөнгийг манай нөхөр Мөнх-Од төлдөг юм, та нар урьдны тавьсан өрөө ч төлөөгүй байгаа биз дээ” гэхэд У босч ирээд “маргааш өглөө гэхэд төлчихнө, би одоо энэ өрөөнөөс гарч чадахгүй, зайл” гэсэн, тэгэхээр нь би гар гээд гараас нь барьсан чинь намайг хөлөөрөө хавираад унагаасан. Унахдаа ор жижиг шүүгээ завсраар унаж орны толгой мөргөсөн. Тэгээд доошоо унасан. Унасан чинь намайг дээрээс хөлөөрөө дэвсээд байсан. Тэгэхээр нь би тэмцээд гараараа самардахдаа У-ын хамрыг цохичихсон байна лээ. Тэгэхэд нь цус нь гараад миний цээжин дээр гишгээд хамрын цусаа миний нүүрэн дээр дуслуулаад байсан. “Цусны амт ямар байна? Чамайг алсан ч яадаг юм” гээд байсан. Тэгэхэд Ц хажуугаас хараад У-ыг салгахад У нь Ц-г үсдээд цохисон. Тэгээд Ц гадагшаа гараад хүн дуудахаар явсан. Миний биед У гэмтэл учруулсан. Гуталтай хөлөөрөө маш олон удаа дэвссэн. Баруун гараараа миний баруун хөл рүү хэд хэдэн удаа цохисон. Мөн миний гар хөлийг хөшөөд байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.М-ын “...буцаад ирэхэд миний эхнэр болох А-ын нүүр нь цус болчихсон байсан...тэгээд А-аас асуухад Ууганаа намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд Ууганаагийн өрөөнд орох гэсэн чинь хамгаалагч намайг өрөөнд оруулаагүй...” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Б-ийн “...А нь Ут хандаж “одоо энэ өрөөнөөс гар, төлбөр тооцоо нь манай нөхрийн нэр дээр үлддэг юм, чи тэгээд ч өмнө өрөө өгөөгүй байгаа шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхэд У “бүх төлбөрийг нь төлнө, чи дуугүй бай” гээд хэрэлдсэн. Тэгэхээр нь би А-ыг өмөөрсөн. Тэгэхэд У нь намайг үсдээд цохисон...тэгээд У А нар хэрэлдэхэд У нь А-ыг заамдаж аваад хавсарч орны урд талаар унагаасан. Тэгээд дээрээс нь баруун хөлөөрөө гишгээд гар хөлнөөс нь бариад 2-3 удаа нүүр бие рүү нь цохисон. Би хажуунаас нь ороод “чи яаж байгаа юм бэ” гэхэд дахин намайг үсдэн толгой руу цохисон. Тэгэхээр нь би У-ыг дийлэхгүй болохоороо уг өрөөнөөс гарч доошоо гүйн А-ын нөхрийг дуудахаар явсан...У л А-ыг зодсон...” гэх мэдүүлэг,
Гэрч Н.А-ын “...үүрийн 05:40 цагийн үед эхнэр нь бууж ирээд цагдаад дуудлага өгсөн. Тэгээд өрөөнд үлдсэн хүмүүсийг гаргамаар байна, өрөөнд мөнгө төлөөгүй хүмүүс гэж хэлсэн. Тэгээд Мөнх-Од ахын эхнэр “би зодуулчихлаа” гээд 303 тоот өрөөний үүдэнд уйлаад сууж байсан...нүүр нь тэр чигтээ цус болсон, хамар нь бага зэрэг мурийсан байх шиг байсан...намайг очиход өрөөний гадна А-ын эмэгтэй найз байсан...А эгч хүнд зодуулсан байдалтай байсан...нүүр царай, үс зүс нь өрвийсөн, үсдүүлсэн юм шиг байдалтай... гэх мэдүүлэг,
Гэрч З.Одонтуяагийн “...А нь У-тай хэрэлдээд байх шиг байсан...У-ын хамраас цус гарсан байсан...У А нарын хооронд үл ойлголцох асуудал гарсан...тэнд уйлаад сууж байсан. Магадгүй цохиулаад ч тэгсэн юм болов уу...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2324 дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Т.У нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кайсер” нэртэй зочид буудлын 303 тоотод иргэн О.А-тай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь биед доод уруулд шарх, хамар, цээж, баруун бугалга, баруун шуу, зүүн гарын сарвуу, зүүн ташаа, зүүн гуя, баруун гуя, баруун өвдөг, зүүн шилбэ, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Т.У-ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Тодруулбал Т.У нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас О.А-ын биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.
Иймд шүүх шүүгдэгч Т.У нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Т.У нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.У нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч О.А нь баримтаар хохирол нэхэмжлээгүй, эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой эмчилгээний баримтыг гаргаж ирүүлээгүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч нь өөрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой эмчилгээний зардлаа цаашид нотлох баримтаа цуглуулж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй.
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар,эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болон хувийн байдал, орлого олох боломж зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.У нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, бие биеэ ойлгож хүндэтгэлтэй хандах зан харилцааны түвшин дутагдсан зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Х овогт Т.У-ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Шүүгдэгч Т.У нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт зааснаар хохирогч О.А нь өөрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой эмчилгээтэй зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН