Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/367

 

  

 

 

 

 

 

 

 

    2022       04          06                                     2022/ШЦТ/367

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Шийдвэрийн огноо: 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр;

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;  

 

Улсын яллагч: Н.Булганчимэг;

 

Хохирогч ...... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.У, түүний өмгөөлөгч О.Б;

 

Шүүгдэгч: Д.Н, түүний өмгөөлөгч Н.А;

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү;

 

Хэргийн дугаар: ...............;

           

Шүүгдэгч Д.Н регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн эдийн засагч мэргэжилтэй, ....... менежер ажилтай, ам бүл 1,   , урьд ял шийтгэлгүй.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

 

Д.Н нь Сүхбаатар дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “О Т”” ХХК-тай бараа нийлүүлэхээр 2017 оны 12 дугаар сарын 27, 28, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр талууд гарын үсэг зурж баталгаажуулан бичгэн гэрээ байгуулсан, гэрээний дагуу “О Т”” ХХК-аас “П Т” ХХК-нд 1030 ширхэг буюу 20,6 хайрцаг төмөр боолт /гайка/ авахаар программын алдаанаас болж 1 хайрцаг төмөр боолтны үнийг 1 ширхэг төмөр боолтны үнээр тооцсон захиалгын хуудас гаргаж, уг үнийн дүнг “П Т” ХХК-ийн өгсөн нэхэмжлэлийн дагуу 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “О Т” ХХК-ны эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны .... дугаарын данснаас “П Т” ХХК-ны эзэмшлийн Голомт банкны ..... дугаарын дансанд 169.623.905 төгрөгийг шилжүүлснийг мэдсээр байж 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр данснаас гүйлгээ хийж, илүү 157.827.780 төгрөгийг хувьдаа завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокуророос Д.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н мэдүүлэхдээ: “Захиалгын хуудас бус Худалдах, худалдан авах захиалгын гэрээ гардаг. Майлээр ирсэн гэрээний дагуу бараагаа захиалж аваад “О Т”” ХХК-ийн агуулахад нь хүлээлгэж өгөөд нэхэмжлэхээ бичиж тоо ширхгийн дагуу хүлээлгэж өгсөн гэх гарын үсэг зуруулаад НӨАТ-ын 3 баримтыг тус компанийн санхүүд өгдөг. Бид нар гэрээний дагуу “О Т”” ХХК-ийн санхүүд нэхэмжлэлээ өгөхдөө 3 баримт хамт өгдөг. Ачаа хүлээлгэж өгсөн бичиг, нийлүүлсэн үнийн дүнтэй нэхэмжлэл, НӨАТ-ын баримт гэх 3 ширхэг баримт 2 хувийг үйлдэн тус бүр 1 хувийг нь өгдөг. Нийт 50 гаруй гэрээ хэрэгжүүлсэн бөгөөд бүгд “О Т”” ХХК-ийн журмын дагуу хэрэгжүүлсэн. НӨАТ эхэлж төлдөг бөгөөд 45 хоногийн дараа буюу 2 сарын дараа төлбөр нь НӨАТ-ын мөнгөтэй хамт шилжиж орж ирдэг. Бид гэрээний дагуу бараагаа нийлүүлээд нэхэмжлэх баримтаа хүлээлгэж өгсөн. Энхтөгс надад энэ асуудлын талаар хэлэхээс өмнө “О Т”” ХХК-иас мэйл явуулсан хүнтэй яриад “танайх юун зөрүүтэй үнийн дүн гаргаад мэйл явуулсан юм бэ” гэхэд  “үнийн дүн зөрсөн байна” гэхээр нь “гэрээгээ засаад өг, тэгвэл асуудлыг шийдээд өгье” гэхэд “би мэдэхгүй” гээд утсаа салгасан. Манайх “О Т”” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу бараагаа нийлүүлээд нэхэмжлэхээ өгсөн учраас алдаатай гүйлгээ биш юм” гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У мэдүүлэхдээ: “Манай “О Т”” ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “П Т” ХХК-тай гэрээ байгуулсан бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж хэрэгжсэн гэрээ юм. Манай стандарт гэрээний хугацаа нь 6 сарын хугацаатай байдаг. Энэ гэрээний 1 дүгээр зүйлд “хэрэв талууд гэрээ цуцлах тухай санал гаргаагүй бол гэрээнд заасан нөхцөл болон хавсралтад заасан барааны үнэ өөрчлөгдөхгүйгээр дахин 3 сараар автоматаар сунгах” гэсэн заалт байдаг бөгөөд энэ заалтын дагуу автоматаар сунгагдаж тус гэрээ нь 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хүчинтэй байсан. Сунгалттай байх хугацаанд гайка захиалга “П Т“ ХХК руу хийгдэж 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр захиалгын дагуу “П Т“ ХХК-аас манай байгууллагад 20 хайрцаг, 30 ширхэг буюу нийт 1030 ширхэг гайка нийлүүлсэн байдаг. Үүний дагуу манай байгууллагын үнийн шинжээч Ё.Азжаргал нь бараа материалын үнийн санд 1 хайрцаг нь 142.200 төгрөг, 1 ширхэг нь 2844 төгрөг гэж оруулсан. Уурхайн ажилтан 1030 ширхэг гайка авъя гэсэн хүсэлтээ программд оруулахад үнийн сангаас захиалгын хуудас автоматаар татагддаг. Ингэж татагдахдаа 1030 ширхгийг 1030 хайрцагны үнэ бичсэн алдаа гарсан. Үнийн санд орсон үнийн дүнгийн захиалгын хуудас автоматаар гарч “П Т“ ХХК руу илгээгдсэн. Нийт дүн 146.466.000 төгрөг бөгөөд НӨАТ-тай нийлээд 161.112.600 төгрөг төлсөн. НӨАТ-ыг “О Т”” ХХК хариуцаж төлдөг болохоор нийт шилжүүлсэн дүн 161.112.600 төгрөг болсон. “П Т“ ХХК нь энэ дүнгээр захиалгын хуудас хүлээж авахдаа үнийн дүнг өөрчлөхгүйгээр манай байгууллагаас 1030 ширхгийг нийлүүлчихээд 1030 хайрцгийн үнийн дүнгээр  нэхэмжлэх ирүүлсэн. 1030 ширхэг буюу 20 хайрцаг гайка манай уурхайд хүргэгдсэн бөгөөд 1030 хайрцаг хүргэгдээгүй. Уурхайн ажилтан захиалсан 1030 ширхэг гайкыг хүлээж авсан гэх тэмдэглэл үйлдэж программд оруулсан байдаг. Энэ хугацаанд “П Т“ ХХК-аас 161.000.000 төгрөгийн үнэтэй нэхэмжлэхийг манай алдаатай гаргасан 161.112.600 төгрөгийн үнийн дүнтэй алдаатай захиалгын хуудас, уурхай дээрх ажилтны бараа хүлээж авсан тэмдэглэл зэргийг программ нягталж, тулгаж шалгаад автоматаар төлбөр төлөгддөг бөгөөд энэ бүхэн нь ямар ч хүний оролцоогүй учир шалгах боломжгүй. Бид нар 2019 оны 05 дугаар сард “П Т” ХХК-иас нийлүүлсэн гайканы үнэ бусад компанийн үнээс 50 дахин өндөр үнэтэй байгааг дотооддоо мэдсэн. 2019 оны 07 дугаар сард “П Т“ ХХК-ийг төлөөлж манай байгууллагатай гэрээ байгуулсан Энхтөгстэй оффис дээрээ уулзаж илүү шилжүүлсэн мөнгө буюу 157.827.780 төгрөгийг эргүүлэн хэзээ төлөх боломжтой талаар хүсэлт тавьсан бөгөөд тухайн үед Энхтөгс нь “эргүүлж төлнө” гэж хэлсэн. Бид хамтрагч байгууллага болохоор нь 2-3 сар хүлээж байгаад залгахад утсаа авахаа больсон, холбогдож чадахгүй байсан тул “П Т“ ХХК руу 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр албан бичиг хүргүүлсэн. Тухайн үед “П Т“ ХХК-иас 2019 оны 06-07 дугаар саруудад 53.000.000 төгрөгийн бараа авчихсан байсан бөгөөд барааны төлөлт хийгдээгүй байсан учир илүү төлсөн 157.827.780 төгрөгөөс 53.773.505 төгрөгийг суутгал хийсэн. Одоогийн байдлаар манай байгууллагад учирсан бодит хохирол 104.054.275 төгрөг үлдэж байна. 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр манай зүгээс “П Т“ ХХК руу албан бичиг баталгаат шуудангаар хүргүүлсэн,   ..... гэх утас руу залгахад “хүлээж авах хүн байхгүй, буцаана” гэж хэлсний үндсэнд “буцаав” гэсэн тэмдэглэлтэй буцаж ирсэн. 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан. Манай байгууллагаас 104.054.275 төгрөг нэхэмжилж байна” гэв.

 

  Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У /1хх-ийн 33-34, 39, 170/, гэрч Л.Б /1хх-ийн 41-42/, гэрч Ё.А  /1хх-ийн 43-44/, гэрч Д.Б  /1хх-ийн 46-47/, гэрч Т.С  /1хх-ийн 49-50/, гэрч Г.Б  /1хх-ийн 137-138, 2хх-ийн 83-84/, гэрч Д.Э  /2хх-ийн 172-174/ нарын мэдүүлэг, “П Т” ХХК-тай холбоотой баримтууд /1хх-ийн 62-71/, “П Т” ХХК-ийн дансны хуулга /1х-ийн 130-131/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 191-250, 2хх-ийн 1-24/, “О Т”” ХХК-ийн ачааны жагсаалт /2хх-ийн 34-35/, “О Т”” ХХК-ийн төлбөрийн баримт /2хх-ийн 41-42/, “О Т”” ХХК болон “П Т” ХХК хоорондын нэхэмжлэх, бусад баримтууд /2хх-ийн 92-164, 168-169/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 71-72/, Д.Нгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 160-169, 181-182/, Д.Нгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 88-90/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

П Т” ХХК нь Сүхбаатар дүүргийн нутагт байрлан үйл ажиллагаа явуулдаг “О Т”” ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр бараа нийлүүлэх бичгэн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 1 хайрцаг нь 142.000 төгрөгийн үнэ бүхий 1030 ширхэг түгжээтэй төмөр боолтыг “О Т”” ХХК-д нийлүүлжээ.  “О Т”” ХХК нь бараа захилгын систем дэх хэмжих нэгжийн алдаа гарснаас үүдэн бодит байдал дээр “П Т” ХХК-иас нийлүүлсэн 1 хайрцаг нь 142.000 төгрөгийн үнэ бүхий 1030 ширхэг нийт 3.284.820 төгрөгийн үнэтэй түгжээтэй төмөр боолтны үнийг 1030 хайрцаг түгжээтэй төмөр боолт авсан мэтээр андуурч захиалгын хуудас гарган “П Т” ХХК-ийн өгсөн нэхэмжлэлийн дагуу 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 453025123 дугаарын данснаас “П Т” ХХК-ийн эзэмшлийн Голомт банкны 1410007178 дугаарын дансанд 169.623.905 төгрөгийн төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийсэн байна. Гэтэл “П Т” ХХК-ийн захирал Д.Н нь дээрх төлбөр тооцооны алдаатай гүйлгээ буюу  “О Т”” ХХК-иас илүү 157.827.780 төгрөгийг шилжүүлснийг мэдсээр байж 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр данснаас гүйлгээ хийж уг 157.827.780 төгрөгийг хувьдаа завшсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У-ын /1хх-ийн 34, 39, 170/: “...Манай компани нь 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “П Т” ХХК-аас 1030 ширхэг гайка авахаар болоод захиалга хийсэн. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр захиалгын дагуу “П Т” XXК нь манай байгууллагад 20 хайрцаг, 30 ширхэг нийт 1030 ширхэг гайкийг нийлүүлсэн. Үүний дагуу манай байгууллагын үнийн шинжээч Ё.А  нь “Бараа материалын сан”-д 1030 ширхэг гайка оруулахыг 1030 хайрцаг гэж андууран оруулж “П Т” ХХК-аас 161.112.600 төгрөгийн нэхэмжлэл ирээд түүнийг манай компани 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өөрийн Худалдаа хөгжлийн банкны .......... дугаарын дансаас “П Т” ХХК-ийн Голомт банкны .............. дугаартай данс руу шилжүүлэн өгсөн. Энэ андуурсан дүнтэй гүйлгээний талаар 2019 оны 07 дугаар сард мэдээд “П Т” ХХК-ийн утас руу залган 2019 оны 08 дугаар сард Энхтөгс гэх хүнтэй уулзаж андуурсан дүнгээр гүйлгээ хийсэн талаар ярилцаад “илүү авсан 157.827.780 төгрөгийг эргүүлэн төлнө” гэж хэлээд явсан. Түүнээс хойш “мессеж рөүминг үйлчилгээнд бүртгэгдсэн байна” гэж автомат хариулагч хэлж байгаад сүүлд нь залгахад утсаа авахгүй, холбогдох боломжгүй болсон. ...“П Т” ХХК-аас 2019 оны 05 сараас 06 cap хүртэлх хугацаанд 53.773.505 төгрөгийн бараа материал авсан байгаа. Одоо манай компанид 104.054.275 төгрөг төлөөгүй...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Л.Б-гийн /1хх-ийн 41-42/: “...Манай байгууллага захиалсан барааг хүлээн авч захиалгын дагуу ирсэн эсэхийг шалгаад үнэн зөв байвал тодруулаад надад өгдөг бөгөөд би түүнийг нь системд оруулдаг. “П Т” ХХК нь манай байгууллагын захиалсан 1030 ширхэг ирснийг захиалгын дагуу ирсэн гэдгийг нь хараад өөрийн байгууллагын системд оруулсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ё.А-лын /1хх-ийн 43-44/: “...Би “П Т” ХХК-ийн нийлүүлсэн гайканы үнийн мэдээллийг өөрийн байгууллагын санд 2018 оны 08 дугаар сард дотроо 50 ширхэгтэй, нэг хайрцаг гайкийг 142.200 төгрөгөөр худалдан авахаар шивсэн боловч программын алдаанаас болоод хайрцаг гайканы үнэ ширхэгийн үнэ мэтээр бодогдож шивэгдсэн байсан. Уг “П Т” ХХК 20 хайрцаг, 30 ширхэг нийт 1030 гайканы үнэ 3.284.820 төгрөг авах байсан боловч 1030 ширхэг хайрцагын үнэ НӨАТ-ийн хамт 161.112.600 төгрөг манай компаниас нэхэмжилж авсан байсан....” гэх мэдүүлгээр,

 

гэрч Д.Б-ийн /1хх-ийн 46-47/: “...Би “П Т” ХХК-аас ирсэн нэхэмжлэхийг нь өөрийн компанийн төлөх ёстой гэсэн үнийн дүнтэй тулгахад таарч байсан. Мөн бараа материал нь манай байгууллага хүлээн авсан байсан учраас мөнгийг нь шилжүүлэх хэсэгт баталгаажуулалт хийсэн. Үүний дагуу манай компанийн санхүүгээс “П Т” ХХК руу 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 169.623.905 төгрөг шилжсэн байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Т.С-ын /1хх-ийн 49-50/: “...Манай агуулахад “П Т” ХХК-аас 1030 ширхэг манай компанийн захиалгын гайка буусныг бүртгэж авсан. ...Надад 1030 ширхэг гайка хүлээн авах ёстой гэсэн бичиг ирсний дагуу 1030 ширхэг гайка хүлээн авсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Д.Э-ийн /2хх-ийн 173-174/: “...нэхэмжлэлийг би “П Т” ХХК-ийн е-баримтаас хэвлэн гаргаж гарын үсэг зурж гэрээ нэхэмжлэл, ачаа хүлээж авсан баримт зэргийг “О Т”н” оффисын ресепшн буюу хүлээн авахад өгч байсан. ...Бримекс гэх нэртэй нийт 1030 ширхэг түгжээтэй эрэг нийлүүлэх гэрээ байсан. Уг гэрээнд нэг бүр нь 142.200 төгрөгөөр тооцож, нийт 146.466.000 төгрөгийн тооцоо гарч байсан. “П Т” ХХК дансаар авах талаар нэхэмжлэлдээ бичсэн. Тухайн төлбөрийг ах л авсан байх, тэрийг тодорхой мэдэхгүй...” гэх мэдүүлэг болон П Т” ХХК-ийн дансны хуулга /1х-ийн 130-131/, “О Т”” ХХК-ийн ачааны жагсаалт /2хх-ийн 34-35/, “О Т”” ХХК-ийн төлбөрийн баримт /2хх-ийн 41-42/, “О Т”” ХХК болон “П Т” ХХК хоорондын нэхэмжлэх, бусад баримтууд /2хх-ийн 92-164, 168-169/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Д.Нд холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч байгууллага төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийснээ, үүнийг залруулах талаар шаардаж байсан зэргийг мэдүүлсэн, хохирогч “О Т”” ХХК нь “П Т” ХХК-иас гэрээний дагуу 1030 ширхэг төмөр боолт (гайка) хүлээж авсныг гэрч нар гэрчилж мэдүүлсэн, шүүгдэгч нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээний улмаас өөрийнх нь эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжиж ирсэн мөнгийг завших сэдэлт төрж, захиран зарцуулсан нь дансны хуулгаар тогтоогдсон, хохирогчид учирсан хохирлын хэмжээг “П Т” ХХК-ийн дансны хуулга болон “О Т”” ХХК-ийн шилжүүлгийн мэдээлэл зэргээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг хөдөлбөргүй, эргэлзээгүй агуулсан байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Д.Н нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсныг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой нотолж тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

Шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгчийн зүгээс “...2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан гэрээ хүчингүй болсон тул өөр .... дугаартай гэрээ байгуулж 1030 ширхэг боолтыг нэг ширхгийг нь 142.000 төгрөгөөр нийлүүлсэн, нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг сольж өөр бараа бүтээгдэхүүн үнэлүүлж байна...” гэсэн боловч “О Т”” ХХК, “П Т” ХХК-ийн хооронд байгуулсан бараа нийлүүлэх гэрээний хүчинтэй хугацааг үзэхэд гэрээ 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилж, үүнээс хойш дахин 3 сараар автоматаар сунгагдсан,  “П Т” ХХК-ийн нийлүүлэх ... үйлдвэрийн түгжээтэй төмөр боолтны хэмжих нэгж ширхгийн үнээр бус хайрцгийн үнэ 142.000 төгрөг, “О Т”” ХХК, “П Т” ХХК-ийн хооронд өөр бараа нийлүүлэх гэрээ байгуулагдаагүй, ..... дугаартай гэрээ гэж байхгүй энэ нь худалдан авах бараа захиалгын дугаар болох нь “О Т”” ХХК, “П Т” ХХК-ийн хооронд байгуулсан бараа нийлүүлэх гэрээ, гэрээний хавсралт, худалдан авах барааны захиалгын хуудас зэргээр тогтоогдсон байна. Мөн Д.Н нь “О Т”” ХХК-д .... үйлдвэрийн түгжээтэй төмөр боолтыг 1 ширхгийг 142.000 төгрөгийн үнээр нийлүүлсэн гэсэн мэдүүлэгч гэрч Л.Батцэцэгийн “...Манай байгууллага захиалсан барааг хүлээн авч захиалгын дагуу ирсэн эсэхийг шалгаад үнэн зөв байвал тодруулаад надад өгдөг бөгөөд би түүнийг нь системд оруулдаг. “П Т” ХХК-иас манай байгууллагын захиалсан 1030 ширхэг төмөр боолт ирснийг захиалгын дагуу ирсэн гэдгийг нь хараад өөрийн байгууллагын системд оруулсан...”, гэрч Ё.А-ын “...Би “П Т” ХХК-ийн нийлүүлсэн гайканы үнийн мэдээллийг өөрийн байгууллагын санд 2018 оны 08 дугаар сард дотроо 50 ширхэгтэй, нэг хайрцаг гайкийг 142.200 төгрөгөөр худалдан авахаар шивсэн боловч программын алдаанаас болоод хайрцаг гайканы үнэ ширхэгийн үнэ мэтээр бодогдож шивэгдсэн байсан. Уг “П Т” ХХК 20 хайрцаг, 30 ширхэг нийт 1030 гайканы үнэ 3.284.820 төгрөг авах байсан боловч 1030 ширхэг хайрцагын үнэ НӨАТ-ийн хамт 161.112.600 төгрөг манай компаниас нэхэмжилж авсан байсан....”, гэрч Д.Б-ийн “...Би “П Т” ХХК-аас ирсэн нэхэмжлэхийг нь өөрийн компанийн төлөх ёстой гэсэн үнийн дүнтэй тулгахад таарч байсан. Мөн бараа материалыг нь манай байгууллага хүлээн авсан байсан учраас мөнгийг нь шилжүүлэх хэсэгт баталгаажуулалт хийсэн. Үүний дагуу манай компанийн санхүүгээс “П Т” ХХК руу 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 169.623.905 төгрөг шилжсэн байсан...”, гэрч Т.С-ын  “...Манай агуулахад “П Т” ХХК-аас 1030 ширхэг манай компанийн захиалгын гайка буусныг бүртгэж авсан. ...Надад 1030 ширхэг гайка хүлээн авах ёстой гэсэн бичиг ирсний дагуу 1030 ширхэг гайка хүлээн авсан...” гэж мэдүүлсэн зэргээр няцаагдаж Д.Н нь хохирогч байгууллагад нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнийн дүнгийн талаар бодитой биш мэдүүлэг өгч байна шүүх дүгнэх үндэслэл болов.

 

Эдгээр нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын бодитой эсэхэд Д.Н, түүний өмгөөлөгч нарын гомдолд заасан үндэслэл эргэлзээ төрүүлэх хэмжээнд үнэлэгдэхээргүй байна. Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан гомдол хүсэлт хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар төлбөр тооцооны алдаатай гүйлгээний улмаас бусдын эд хөрөнгө өөрийнх нь эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэнийг мэдсээр байж, завших сэдэлт төрж,  хувьдаа захиран зарцуулж их хэмжээний хохирол учруулсан Д.Нгийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан бол зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад гэмт үйлдлийн шинж чанар, учирсан хохирлын хэмжээ,  бусдын эд хөрөнгө өөрийнх нь эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэн, хохирогч байгууллагын хэт хайхрамжгүй хандлага, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Д.Нг 1 жилийн хугацаагаар хорих ял  шийтгэхээр шийдвэрлэв.

 

Гэвч Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн энэ хуулийн үйлчлэлд хамаарна”, 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хууль, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хууль, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэж заасан.

 

 Шүүгдэгч Д.Н нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь  2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3-т заасан ялаас өршөөн хасах, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3-т заасан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд хамаараагүй, тэрээр  урьд өмнө батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй байна.

 

Мөн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.10-т “ ...Шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ”  гэж заасан учир шүүгдэгч Д.Нд зохих өршөөлийг үзүүлэхээр тогтов.

 

Иймд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.10-т зааснаар шүүгдэгч Д.Нд шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлэхээр шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл хэмжээ нь тогтоогдсон нөхөн төлөгдөөгүй хохирол, гэм хор болох 104.054.275 төгрөгийг шүүгдэгч Д.Нгээс гаргуулж “О Т”” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нд оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Н нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нгээс 104.054.275 төгрөгийг гаргуулж хохирогч “О Т”” ХХК-д олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

                                                               

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХ-ЭРДЭНЭ