Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 154/2022/00007

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС      

        Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга Б.Цагаанцоож

            Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр

           Шүүгдэгч Б.Бонийхүү нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2237000000008 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1968 оны 04 сарын 16-ны өдөр  Говь-Алтай аймгийн Шарга суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэх, ам бүл 5 /эхнэр 3 хүүхдийн хамт/ Ховд аймгийн Булган сумын Байтаг багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, Хойд овогт Бизъяагийн Бонийхүү /РД: ДП68041612/

Б.Бонийхүү нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт гэртээ 2022 оны 01 сарын 19-ны өдөр 17 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Оюунцэцэгтэй хэрүүл маргаан үүсгэх явцдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж нүд рүү нь бургас модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд  холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:                

        Яллагдагч Б.Бонийхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн...2021 оны 01 сарын 19-ны өдөр гэртээ согтуу ирэхэд эхнэр цагаан сар болох гэж байхад архи уулаа одоо архи уухаа болиоч гээд уурласан.

        Би согтуу байсан болохоор уурлаад түлээний хайрцагт байсан модноос аваад нүүр л цохисон. Миний буруу би хийсэн хэргээ хүлээж гэмшиж байна.Эхнэрээсээ уучлалт гуйсан. Энэ хэргийн улмаас эхнэр надаас нэхэмжилж байгаа хохирол төлбөр байхгүй.Би эхнэртээ хөнгөн гэмтэл учруулсан буруутай гэдгээ ойлгож байна гэв.

           Хохирогч Урианхай овогт Бандаагийн Оюунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн... Манай нөхөр Б.Бонийхүү нь архи уудаг архи олон жил уухаараа ийм болдог юм шиг байна. 2022 оны 01 сарын 18-ны өдөр архи ууж согтуу гэртээ ирэхээр нь архи уухаа болих хэрэгтэй гэж хэлсэн.Тэгэхэд гэрээсээ гарч яваад хоноод маргааш нь мөн согтуу ирсэн. Би уурлаад цагаан сар болох гэж байхад надад тусалдаггүй юм уу гэж хэлэхэд уурлаад мод аваад миний зүүн хөмсөг рүү цохиж гэмтэл учруулсан.Гэрт хүн байгаагүй цагаан сарын боорцгоо хийж дуусаад байж байсан. Би цагдаад мэдэгдсэн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй би эмнэлэгт очиж оёдол тавиулсан гэх мэдүүлэг

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 2-5  дугаар хуудас/

Хохирогчийг зодсон гэх модыг хэргийн газрын үзлэгээр хураан авч зургаар бэхжүүлсэн гэрэл зураг /хх-ийн 8 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тухай  мөрдөгчийн тогтоол /50 смх15 см хэмжээний бургас мод/ /хх-ийн 12 дугаар хуудас/

Гэрч Кистаубай овогт Тавэйгийн Еркинбекийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...Би Б.Бонийхүүтэй найзууд бөгөөд Бонийхүү нь мах зарж хувиараа ажил эрхэлдэг юм. Архи уудаг талаар сайн мэдэхгүй. Уудаг бол хааяа хааяа бага хэмжээгээр уудаг байх гэх мэдүүлэг

Гэрч Боржигон овогт Баярхүүгийн Дунхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн.. Б.Бонийхүүтэй нөхөрлөөд 4 жил болж байна энэ хугацаанд архи ууж байгаагүй.Эхнэр 3 хүүхэдтэйгээ амьдардаг.Зан харьцааны хувьд зөв харьцдаг хүн юм.Өөр надад мэдэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/

          Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 сарын 20-ны өдрийн 131 дугаартай “... Б.Оюунцэцэгийн биед зүүн хөмсөгний хэсэгт 2 ширхэг мэс заслын оёдол бүхий шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, хүзүүний урд хэсэгт 1.0х0.5 см, 2.5х0.3 см зулгаралтууд зэрэг гэмтэл тогтоогдлоо.Уг гэмтэл нь цаг хугацааны хувьд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Б.Оюунцэцэгийн биед үүссэн дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/

        Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол //хх-ийн 44-45 дугаар хуудас/

         Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан мөрдөгчийн тогтоол /хх-ийн 54 дүгээр хуудас/

           Б.Бонийхүү, Б.Оюунцэцэг нарын 8407000021 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 57 дугаар хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

Хохирогч Б.Оюунцэцэгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт болон хүсэлтэд эмчилгээний зардал болон нэхэмжлэх зүйл байхгүй гэх хүсэлт /хх-ийн 63 дугаар хуудас/

Яллагдагч Б.Бонийхүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 68 дугаар хуудас/

Яллагдагчид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай прокурорын санал  зэрэг нотлох баримтууд, улсын яллагчийн дүгнэлт зэргийг шүүх хуралдаанд шинжлэн судалсан болно.       

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой хамааралтай гэж үзэж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

          Шүүгдэгч Б.Бонийхүү нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн үйлдэлдээ маргахгүй байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, хохирогчоос нэхэмжилж байгаа хохиролгүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 50смх15см хэмжээтэй бургас модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналын хүрээнд ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлийн 1,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

           

 

 

          1.  Шүүгдэгч Хойд  овогт Бизъяагийн Бонийхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Бонийхүүг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        Б.Бонийхүүд оногдуулсан торгох ялыг 5 / таван / сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бонийхүүд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

           5. Шүүгдэгч Б.Бонийхүү нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,хохиролгүй болохыг дурдсугай.

          6. Шүүгдэгч Б.Бонийхүүд оногдуулсан торгох ял биелүүлэхийг Ховд аймаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хорих 457 дугаар нээлттэй хаалттай хорих ангид даалгасугай.

          7. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар  шүүхэд эд мөрийн баримтаар хураагдсан 50смх15см хэмжээтэй бургас модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8. Шүүгдэгч Б.Бонийхүүд  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

            9.  Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                               ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                    Ц.ЭНХЖАРГАЛ