Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/408

 

 

 

 

 

 

 

  2022         04         15                                    2022/ШЦТ/408       

           

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүгдэгч: Ү.Ж, түүний өмгөөлөгч Т.М,

Шүүгдэгч Э.Ч, түүний өмгөөлөгч Б.Д,

Хохирогч С.У,

Улсын яллагч: Т.Б /Баянгол дүүрэг/

Нарийн бичгийн дарга И.Н нар оролцсон эрүүгийн 2105015960033 дугаартай хэргийг 2022 оны 04 сарын 15-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2001 оны 08 дугаар сарын 21-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, дүүгийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х овгийн Ү.Ж

Монгол улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг гэх,  Улаанбаатар хотод оршин суух тодорхой хаяггүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х овгийн Э.Ч

  Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн товч агуулга:  

Нэг: Шүүгдэгч Ү.Ж, Э.Ч нар бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнийн 03 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ашид-Эрдэнэ” зочид буудлаар хамт үйлчлүүлж байсан хохирогч С.У-ын Хаан банкны виза картын нууцаар авч түүний виза картнаас 2 удаагийн үйлдлээр нийт 4.200.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

Шүүгдэгч Ү.Ж, Э.Ч нар бүлэглэн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны шилжих шөнийн 03 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Марс” нэртэй зочид буудлаар хамт үйлчлүүлж байсан хохирогч М.Г, Д.Б нарын эзэмшлийн нийт 474.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг нөте-8, Самсунг эс-8 маркийн гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

Шүүгдэгч Ү.Ж нь ганцаараа 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 15-67 тоот байранд хамт архи согтууруулах ундаа хэрэглэж байсан хохирогч Ж.Б-ийн эзэмшлийн 200.000 төгрөгийн үнэ бүхий “ай фоне 6 эс” маркийн гар утас болон Хаан банкны виза картыг нууцаар авч түүний виза картнаас 2 удаагийн үйлдлээр 3.200.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид нийт 3.400.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан Хулгайлах гэмт хэрэгт,

Шүүгдэгч Ү.Ж нь ганцаараа  2021 оны 10 дугаар сарын 03-ны 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Санрайс нэртэй зочид буудлын 208 тоот өрөөнд байсан хохирогч С.А-ийг “утсаар нь ярьчхаад өгье” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, түүний эзэмшлийн 664.300 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А51” загварын гар утсыг авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр 1 дахь хэсэгт заасан гэмт тус тус хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ү.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв.

Шүүгдэгч Э.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ”...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч С.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр өмнө нь танилцаж байсан Чимгээ гэх хүн рүү залгасан. Шүүгдэгч Э.Ч надад өөрийгөө Чимгээ хэмээн танилцуулсан. Тухайн өдөр миний сэтгэл санаа тавгүй байсан бөгөөд найзуудтайгаа ярилцаж суух гээд Ч, Ж нартай уулзсан. Бид хамтдаа 17 дугаар буудлын хажууд байрлах шөнийн цэнгээний газраар үйлчлүүлсэн. 00 цагаас шөнийн цэнгээний газар хаахад нь хамтдаа гарч, шөнийн цагаар нууцаар архи согтууруулах ундааны зүйл зарж борлуулдаг хүнээс 1 шил архи авч хамтдаа зочид буудал орсон. Зочид буудалд ороод 20-30 минут болоод шүүгдэгч нар гарч явсан. Шүүгдэгч нарыг гарч явсны дараа би зочид буудалд архиа ууж дуусгаад гэртээ харьсан. Өглөө нь миний Хаан банкны данснаас бэлэн мөнгөний зарлагууд гарсан байсан. Үүний дагуу би шүүгдэгч нар руу холбоо барьсан. Шүүгдэгч нар намайг хэл амаар тохуурхан доромжилж, өнөөдрийг хүртэл хохирол төлбөрийг төлж барагдуулсан зүйлгүй байна...” гэв.

Эрүүгийн 2105015960033 дугаартай хэргээс:

Хохирогч С.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

Хохирогч С.У-ын эзэмшлийн 5029557429 тоот депозит дансны хуулга /хх-ийн 23 дугаар хуудас/,

Теле хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 27-49 дүгээр хуудас/,

Хаан банкнаас 2021,08.26-ны өдөр 50/7628 дугаартай албан бичгээр ирүүлсэн 5029557429 тоот данснаас гүйлгээ хийгдсэн үеийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 52- 62-р хуудас/,

Хохирогч М.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 174-175 дугаар хуудас/,

Хохирогч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 179-180 дугаар хуудас/,

Хохирогч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/,

Гэрч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 30-32 дугаар хуудас/,

Хохирогч Ж.Б-ийн Хаан банкны ..тоот депозит дансны хуулга / 2хх-ийн 16-р хуудас/,

Хаан банкнаас 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн 50/7098 дугаартай албан бичиг, банкны АТМ-ийн СД бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд / 2хх-ийн 43-48 дугаар хуудас/,

Хохирогч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 99 дүгээр хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2хх-ийн 103 дугаар хуудас/

Дамно хөрөнгө үнэлгээний тайлан /хх-ийн 189-190, 2хх-106-108, 2хх-79-81 дүгээр хуудас/,

Хохирогч С.Ат “Самсунг А51" маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2хх-104 дүгээр хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 101-102 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: 

Нэг: Шүүгдэгч Ү.Ж, Э.Ч нар бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнийн 3 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” зочид буудлаар хамт үйлчлүүлж байсан хохирогч С.У-ын Хаан банкны виза картын нууцаар авч түүний виза картнаас 2 удаагийн үйлдлээр нийт 4.200.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан хэргийн  үйл баримт нь:

Хохирогч С.У-ын “....2021 оны 08 дугаар сарын 10-наас 11-нийг шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны “Ашид Эрдэнэ” зочид буудалд зүс таних 2 эмэгтэй хамтаар орсон. Тухайн буудалд ороод нэг өрөө аваад, буудлын мөнгийг нь өөрийн хаан банкны картаа уншуулаад төлбөрийг нь хийсэн юм. Тэгээд нөгөө хоёр эмэгтэйтэй өрөөндөө ороод 0,75 литрийн архи хувааж уусан. Өрөөнийхөө дугаарыг мэдэхгүй байна. Бид гурав өрөөнд орсны дараа нөгөө хоёр эмэгтэй надтай хэрүүл өдөөд, надаас миний гар утсыг авч үзээд байсан. Тэгээд би өөрийн гар утсыг авчхаад байж байтал гаднаас захиалгын хүргэлтийн хоол ирээд байж байсан чинь нөгөө хоёр эмэгтэй гэнэт өөрийн эд зүйлээ аваад захиалгын хоол хүргэлтийн хүнтэй гараад явсан. Гарахад нь би утсаа авъя гэхэд миний гар утсыг шидчихээд яваад өгсөн. Тэгээд би тухайн буудалдаа ганцаараа үлдээд архиа уугаад сууж байхад миний утсанд мессеж ирсэн. Тухайн мессежийг үзэхэд миний картнаас 4.000.000 төгрөг, дараа нь 200.000 төгрөгийн зарлага гарсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан....” гэх утга бүхий хоёр удаагийн мэдүүлэг,

Хохирогч С.У-ын эзэмшлийн 5029557429 тоот данснаас 2021 оны 08 сарын 11-ны 03 цаг 38 минутанд 4000.000, 200.000 төгрөгийн хоёр удаагийн зарлагын гүйлгээ гарсан депозит дансны хуулга,

А зочид буудлын хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон нөхцөл байдал, хохирогч С.У-аас шүүгдэгч Ү.Ж, Э.Ч нарыг содон шинж тэмдгээр нь таньж олсон тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар,

Хоёр: Шүүгдэгч Ү.Ж, Э.Ч нар бүлэглэн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны шилжих шөнийн 03 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Марс” нэртэй зочид буудлаар хамт үйлчлүүлж байсан хохирогч М.Г, Д.Б нарын эзэмшлийн нийт 474.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг нөте-8, Самсунг эс-8 маркийн гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан хэргийн үйл баримт нь: шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна хохирогч М.Г-ын “....2021 оны 06 дугаар сарын 02- 03-нд шилжих шөнө ...бид нар Марс зочид буудлын 307 тоотод орсон. Уг буудалд ороод бид хэд 1 шил 0,75л архи хувааж уусан. Баа бид 2-ын тамхи дууссан байсан учраас ойр байрлах түцнээс тамхи авахаар буудлаас гарч явахдаа Баа бид 2 буудлын өрөөнд Самсунг нөте 8 болон Самсунг эс 8 маркийн гар утаснуудаа цэнэглээд орхиод явсан. Бид 2 түц орчхоод буцаад ирэх хооронд өрөөнд цэнэглээд үлдээсэн 2 ширхэг гар утас байхгүй мөн хамт буудалд орсон найз эмэгтэй болон түүний хамт явж байсан эмэгтэй байхгүй байсан...” гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Б-ын “....Ч, Ж 2 хамт явахаар болж бид 3 такси бариад Марс буудлын 307 тоотод Г дээр ороход байж байсан бид 3 уг буудалд ороод Ауруг гэх нэртэй архийг хувааж уусан. Тамхи дууссан байсан учир Г-ын хамт буудлаас гарч ТҮЦ-нээс тамхи авчирсан. Буудалдаа буцаж ороход миний Самсунг эс 8 болон Г-ын Самсунг нөте 8 гар утсаа цэнэглээд орхисон байсан газраа байхгүй байхаар нь буугаад текний ажилчнаас асуухад мэдэхгүй байсан. Г бид 2-ын гар утсыг Ж, Ч авсныг нь мэдээд орхиод маргааш өглөө нь залгахад утсаа авахгүй байсан...” гэх мэдүүлэг,

“Дамно” ХХК-ын хөрөнгийн үнэлгээний тайлангийн “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 06 сарын 03-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 474.000 /дөрвөн зуун далан дөрвөн мянга/ төгрөг /Самсунг ноте – 8 маркийн гар утас 330.000 төгрөг, Самсунг эс-8 маркийн гар утас – 144.000 төгрөг/-өөр үнэлэгдэв” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,

Гурав: Шүүгдэгч Ү.Ж нь ганцаараа 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 15-67 тоот байранд хамт архи согтууруулах ундаа хэрэглэж байсан хохирогч Ж.Бийн эзэмшлийн 200.000 төгрөгийн үнэ бүхий “ай фоне 6 эс” маркийн гар утас болон Хаан банкны виза картыг нууцаар авч түүний виза картнаас 2 удаагийн үйлдлээр 3.200.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хулгайлсан хэргийн үйл баримт нь:

Хохирогч Ж.Б-ийн “...2021 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 11 цаг өнгөрч байх үед манай гражийн харуул Төрөө гэх залуу надруу 95665945 гэсэн дугаараас хоёр гурван удаа залгахаар нь түүний утсыг автал намайг “гараад ир би хоёр найз хүүхэнтэйгээ явж байна” гэсэн тэгээд би гараад очиход Төрөө өөрийнхөө машин дотор махлагдуу биетэй цэцэгтэй цамцтай нэг нь цэнхэр өнгийн подволктой хоёр эмэгтэйтэй хамт байсан...Төрөө цэцэгтэй цамцтай нөгөө эмэгтэйг ахын гэрээс юм хулгайлах гээд байна уу гээд дайрахаар нь би Төрөөг чи согтсон байна гэртээ хариа гээд гаргасан. Тэгэхэд цэцэгтэй цамцтай эмэгтэй бид хоёр гэрт үлдээд уг эмэгтэй ахиад жаахан юм ууя тэгэх үү? Гээд гуйгаад байсан..... буцаад гэрт ороод авсан архи хувааж уугаад сууж байсан тэгээд болкон дээр тамхи татчихаад орж ирэхэд гэрийн хаалга дуугарахаар нь очиход уг цэцэгтэй цамцтай эмэгтэй явлаа гээд шатан дээр зогсож байхаар нь за за гээд цаашаа явсан. ...Өглөө нь түрийвчинд байсан картаа харахад байхгүй байсан. Миний Хаан банкны дансанд 3,200,000 төгрөг авсан байсан бөгөөд миний карт, гар утас, бугуйн цаг хулгайлаад явсан байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Д.М-ийн “...тэгээд байж байтал нөгөө бүдүүн охин явахгүй байхаар нь ба найзынхаа араас яваач чи манай ах нилээн уусан байна, айлд өчнөөн үнэтэй цайтай зүйл байхад би чамайг юу гэж айлд үлдээх юм гээд хэрэлдэж байтал Батзориг тухайн эмэгтэйг байлгаж бай би өөрөө мэдэж байна гээд байхаар нь би гараад явсан...тэгтэл маргааш нь 12 цагийн үед над дээр Батзориг орж ирээд төрийн банкны картнаасаа мөнгөө алдчихлаа гэж байсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Ү.Ж-гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,

“К” ХХК-ын “Айфоне-6s/32gb  гар утасны зах зээлийн үнэлгээ 200.000 төгрөг” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,

Дөрөв: Шүүгдэгч Ү.Ж нь ганцаараа  2021 оны 10 дугаар сарын 03-ны 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Санрайс нэртэй зочид буудлын 208 тоот өрөөнд байсан хохирогч С.А-ийг “утсаар нь ярьчхаад өгье” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, түүний эзэмшлийн 664.300 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А51” загварын гар утсыг авч залилсан үйл баримт нь:

Хохирогч С.А-ийн “....Би Жтай фэйсбүүкээр холбогдож байгаад манай ажил болох Зүтгүүрийн депогийн гадаа уулзсан...Сансармаа, Ж бид гурвыг архи уугаад сууж байх үед Ж нь гарч гар утсаар яриад өгье гэж хэлээд миний 2020 оны 11 дүгээр сард мобикомоос 998,000 төгрөгөөр худалдаж авсан самсунг А51 маркийн гар утсыг гуйж аваад гарсан. Тэгээд Ж-гийн араас Сансармаа нь гараад явахаар нь надад сэжиг төрөөд араас нь гартал Ж, Сансармаа хоёр танихгүй машинд суугаад хөдлөөд явсан. Араас нь гарахад миний утсыг аваад зугтаасан...” гэх мэдүүлэг,

Б.С-с хохирогч С.А-ийн самсунг А51 маркийн гар утсыг хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл,

"Д” ХХК-ын хөрөнгийн үнэлгээний тайлангийн “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 10 сарын 04-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 664.300 /зургаан зуун жаран дөрвөн мянга гурван зуун/ төгрөгөөр үнэлэгдэв” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж гэж шүүх дүгнэлээ.

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтойгоос гадна нийгмийн аюулын шинж чанар нь тухайн эд хөрөнгө өмчлөгчийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй байх, уг хөрөнгийг шударгаар олж авах, өмчлөх, өв залгамжлуулах үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.  Харин “Залилах” гэмт хэрэг нь бусдыг хуурах эсхүл баримт бичиг, эд зүйл цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах эсхүл нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг байна.

Шүүгдэгч Ү.Ж нь бусадтай бүлэглэн болон дангаар нийт 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль  бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан Хулгайлах гэмт хэргийн шинжийг,

Шүүгдэгч Ү.Ж нь  “утсаар яриад өгчихье” хэмээн бодит байдлыг нуух замаар хохирогч С.А-ийг төөрөгдөлд оруулж “самсунг А51” загварын гар утсыг авч залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан Залилах гэмт хэргийн шинжийг,

Шүүгдэгч Э.Ч нь Ү.Ж-тай бүлэглэн 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль  бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан Хулгайлах  гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байх тул шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл байна гэж дүгнэн гэм буруутайд тооцлоо.

Шүүгдэгч болон өмгөөлөгч нараас гэм буруу хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болж хувийн хэрэгцээгээ хангах гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч Ү.Ж-гийн залилан авсан “Самсунг А51" маркийн гар утсыг хохирогч С.Ат буцаан олгосон болох нь эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогджээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Ч-с 2.430.000 /хоёр сая дөрвөн зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч С.У-т 2.100.000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийг, хохирогч М.Г-д 330.000 /гурван зуун гучин мянга/ төгрөгийг, шүүгдэгч Ү.Ж-гаас 5.644.000 /таван сая зургаан зуун дөчин дөрвөн мянга / төгрөгийг гаргуулж, хохирогч С.У-т 2.100.000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийг, хохирогч Д.Б-д 144.000 /нэг зуун дөчин дөрвөн мянга/ төгрөгийг, хохирогч Ж.Бт 3.400.000 /гурван сая дөрвөн зуун мянга/ тус тус олгохоор шийдвэрлэж, хохирогч С.А-т төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав. Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас: шүүгдэгч Ү.Ж, Э.Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ү.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Жд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах,

Өмгөөлөгч Б.Долгорсүрэнгээс: шүүгдэгч Э.Ч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байгаа тул 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцуулах,

Өмгөөлөгч Т.Мөнхцэцэгээс: шүүгдэгч Ү.Ж-гийн хувийн байдал, ар гэрийн хараа хяналтгүй байдал, хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах талаар тус тус санал дүгнэлт гаргасан байна.  

Шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх талаар мэдүүлж байх боловч хөрөнгийн ямар эх үүсвэрээр, хэзээ, хэрхэн төлж барагдуулах илэрхийлэл нь тодорхой бус, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал, өөрийн үйлдэлдээ хандаж буй хандлага зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч нарын үйлдсэн хулгайлах гэмт хэрэгт хорихоос өөр төрлийн ял оногдуулах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэв. Харин шүүгдэгч нарын  гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоо, үйлдэл зэргийг харгалзан ял шийтгэлийг ялгамжтайгаар оногдуулах нь зүйтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Ж-д 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч Э.Ч-д 10 сарын хугацаагаар тус тус хорих ялаар,

Залилах гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Ж-д 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан тул шүүгдэгч Ү.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон 60 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг 1 жил 60 хоногийн хорих ялаар тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон тус бүрийн 99 хоногийг эдлэх ялд оруулан тооцов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сиди, 1 ширхэг флаш дискийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.Ж, Э.Ч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

            1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Х овогт Ү.Ж,  Хөхнүүд овгийн Э.Ч нарыг бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Харчин овогт Ү.Ж-г бусдын эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ү.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг / жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 

Шүүгдэгч Э.Чулуун-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч Ү.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 /нэг / жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 480 /дөрвөн зуун ная/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож 60 /жар/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 60 /жар/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч, Ү.Ж нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч, Ү.Ж нарын тус бүрийн цагдан хоригдсон 99 /ерэн ес/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч-с нийт 2.430.000 /хоёр сая дөрвөн зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч С.Ут 2.100.000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийг, хохирогч М.Гад 330.000 /гурван зуун гучин мянга/ төгрөгийг, шүүгдэгч Ү.Жгаас нийт 5.644.000 /таван сая зургаан зуун дөчин дөрвөн мянга / төгрөгийг гаргуулж, хохирогч С.Ут 2.100.000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийг, хохирогч Д.Бад 144.000 /нэг зуун дөчин дөрвөн мянга/ төгрөгийг, хохирогч Ж.Б-т 3.400.000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг тус тус олгож, хохирогч С.А-т төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сиди, 1 ширхэг флаш дискийг хэргийг хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.   

8. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ү.Ж, Э.Ч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.Ж, Э.Ч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ДАРЬСҮРЭН