Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0125 |
Огноо | 2014-03-12 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2014/0125
“У т з” нийгэмлэгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Соёл-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагч Д.Н, Г.Э, Д.Д нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “У т з” нийгэмлэгийн нэхэмжлэлтэй, ГЕГ-ын гаалийн улсын ахлах байцаагч Д.Н, гаалийн улсын байцаагч Г.Э, Д.Д нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн У т з нийгэмлэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гаалийн ерөнхий газраас Хувь нийлүүлсэн нийгэмлэг У т зын 2009-2012 онуудад импортоор авсан барааны гаалийн болон санхүүгийн холбогдох баримтад тулгуурлан гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийсэн билээ. Гаалийн улсын ахлах байцаагч Д.Нямсурэн нар нь Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 2.1 дахь заалтыг с үндэслэн гаалийн байгууллагад мэдүүлээгүй гэсэн үндэслэлээр 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гаалийн улсын байцаагчийн 29/13 тоот акт тавьсан.
29/13 тоот актад дурдсанаар гаалийн байгууллагад мэдүүлээгүй хавсралтаар гаргасан барааны /Гар тээшээр оруулсан бараа 17.908.444,32 1 төгрөг, таван нэр төрлийн сэлбэг 30 380 300,00 төгрөг/ үнэ 48.288.744,32 төгрөгийг Хувь нийлүүлсэн нийгэмлэг У т заар нөхөн төлүүлж, мөн захиргааны арга хэмжээ авч, шийтгэврийн хуудсаар 150.000 төгрөгийн торгууль төлүүлэх, улмаар актаар нөхөн төлөгдөх 48.288.744,00 төгрөгийг 2013 оны 05 дугаар сарын 05-ны дотор багтаан Гаалийн ерөнхий газрын дансанд шилжүүлэхийг У т зын удирдлагад хариуцуулсан байна.
Тиймээс гаалийн улсын байцаагчийн 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 29/13 тоот актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Гаалийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу барааг гаалийн байгууллагад мэдүүлэх нь бараа тээвэрлэгчийн үүрэг юм. Иймд манай байгууллагыг уг барааг гаалийн байгууллагад мэдүүлж, гаалийн бүрдүүлэлт хийх үүрэгтэй гэж үзсэн нь үндэслэлгүй байна" гэжээ.
Хариуцагч Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хэрэв хэн дуртай этгээд Монгол Улсын хууль тогтоомжийг сахин биелүүлэхгүй, хүссэн бараагаа гаалийн байгууллагад мэдүүлэхгүй оруулж болдог бол тухайн барааг импортлох, экспортлох үйл ажиллагааг тусгайлан зохицуулсан хуулийн зохицуулалт байх шаардлагагүй болж байна гэжээ.
Хариуцагч Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч Д.Н шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: "Бид шалгалт хийхдээ Гаалийн тухай хууль болон Гаалийн Ерөнхий газрын даргын удирдамжийн журмын дагуу уг шалгалтыг хийсэн ба Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлд заасны дагуу бүрдүүлэлтийн дараах шалгалтыг хийсэн. Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх тухай 6-аас 7 нөхцөл байдаг. Нэхэмжлэгчийн хувьд тухайн барааг гааль дээр мэдүүлээгүй учраас нуун дарагдуулсан учраас энэ шалгалтыг хийсэн. Мэдүүлсэн бол гаалийн бүрдүүлэлтийн хяналт шалгалтын бүрдүүлэлтийн төлөвлөгөөнд хамрагдах ёстой байсан. Мөн хоёр улсын хооронд тухайн үед Оросын Холбооны Улсын Наушик орчмоос Улаанбаатар хот хүртэл төмөр зам барих гэрээ байгуулсан. Түүнийхээ дараа Замын-Үүд хүртэл төмөр зам барих тухай гэрээний нэмэлт байдаг. Олон улсын гэрээ нь нэг хэсэг улсын гэрээний хувьд хангахгүй. Олон улсын гэрээний нийтлэг нөхцөлд заасны дагуу явагддаг. Монгол Улсын хилээр оруулж ирсэн бараа бүрийг гаальд мэдүүлэх үүрэг нь нэхэмжлэгчид байдаг” гэжээ.
Хариуцагч Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч Г.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Төрийн хяналт шалгалтын хуулийн хамрах хүрээ болон зохицуулах зүйл нь өөр байгаа. Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар гаалийн асуудлыг зохицуулахгүй. Тиймээс гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалтыг Гаалийн тухай хууль болон Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журмын дагуу шалгалтыг хийсэн. Мөн нэхэмжлэгч манай санхүүгийн баримт дээр ажиллаагүй шалгалтыг хийсэн гэж тайлбарласан байдаг. Үүний хувьд шалгалтын явцад холбогдох санхүүгийн баримтыг шалгаж үзсэн ба 2012 оны 09 сарын 23-ны өдөр У т з-ын Хангамжийн албанаас Чулуунсогоотоос 09 сарын 23-ны өдөр нэхэмжилсэн нэхэмжлэл байдаг. Нэхэмжлэгчээс гэрээ нь 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан. Байгуулснаас хойш 09 дүгээр сарын 23-ны өдөр Хангамжийн албанаас Чулуунсогоотоос нэхэмжилсэн нэхэмжлэл нь байгаа.
Мөн 09 сарын 16-ны өдрийн Чулуунсогоотоос Хангамжийн инженер Амар гэсэн хүнээс ирүүлсэн шаардах хуудас болон гэрээг уншиж гэрээний нөхцөл нэг бүрчлэн судалсан байгаа. Гэрээ нь ОАР Замын-Үүд гэсэн нөхцөлөөр хийгдсэн. Замын-Үүд ОАР гэдэг нөхцөл нь Олон Улсын Худалдааны танхимаас баталсан Олон Улсын худалдааны мөрдлөг болгодог нөхцөлүүдийн мөрддөг Инкотермсын нөхцөлүүдийн нэг. Энэ нөхцөлийн хувьд худалдан авагч тал импортлох гэж байгаа орон нь мэдүүлэх, гааль татварыг нь мэдүүлэх үүрэгтэй. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь заалтыг үзвэл худалдагч тал тухайн барааг Замын-Үүд хүртэлх тээврийн зардлыг хариуцна гэсэн заалттай. Эндээс харахаар У т з тухайн барааг гаалийн байгууллагад мэдүүлэх үүрэгтэй гэдэг нь гэрээний заалтаас харагддаг. Тэгэхээр санхүүгийн бүх шаардлагатай баримт бичгийг шалгаж түүнд тулгуурлан акт тогтоосон байгаа." гэжээ.
Анхан шатны шүүх шийдвэртээ: “Гаалийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1; 55 дугаар зүйлийн 55.1, 290 дүгээр зүйлийн 290.2.1-д заасныг баримтлан Монгол-Оросын хувь нийлүүлсэн У т з нийгэмлэгийн гаргасан Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагчийн 2013 оны 4 дүг.ээр сарын 19- ний өдрийн 29/13 дугаар актыг хүчингүй болгуулах" нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Гаалийн улсын байцаагчийн 2013 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн №29/13 тоот Актыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг хянан хэлэлцээд гаргасан Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 4 тоот шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн үзэж дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:
Нэг Гаалийн улсын байцаагчийн 2013 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн №29/13 тоот Актыг хүлээн зөвшөөрөхгүй бүхэлд нь хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлдээ ХНН «УБТЗ»-ын зүгээс хамаарах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
Гэтэл захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д «Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ» гэсэн өөрийн үүргээ биелүүлэлгүйгээр ХНН «УБТЗ»-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын 1, 2 дахь хэсэгт үнэлэлт дүгнэлт өгсөн. Учир нь :
Төрийн хяналт шалгалтын тухай Монгол улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “шалгалтын удирдамжид ... өмнө хийсэн шалгалтын талаарх мэдээлэл” ийг тусгана гэж заасан боловч 08/13 тоот удирдамжид энэ шаардлагыг хангаагүй. Шүүх хурал дээр Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь ХНН «УБТЗ»-д 2010 онд гаалийн шалгалт хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч тухайн шалгалттай холбоотой нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй байхад Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 1, 2-т ХНН «УБТЗ»-ын нэхэмжлэлийн шаардлагад үнэлэлт дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй байна.
Мөн анхан шатны шүүх нь УБТЗ-ын зүгээс гаргасан гэрч асуулгах тухай хүсэлтийг хангаагүй.
Хоёр. Таван нэр төрлийн сэлбэг /30 380 300,00 төгрөг/-ийн тухайд тайлбар гаргах нь:
ХНН «УБТЗ» нь Хятад улсын «Ж Ш Х Ш» корпорацын Эрээн дэх салбар Ж Х компанитай сэлбэг худалдах, худалдан авах гэрээг 2010 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр МТ2/10/103 тоот гэрээ байгуулсан.
Гэтэл Худалдагч тал тухайн сэлбэгүүдийг гэрээ байгуулахаас өмнө Монгол улсын хилээр оруулж ирсэн байсан ба УБТЗ-ын Чулуун заводод өөрсдийн тээврээр хүргэж 2010 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээлгэн өгч материал хүлээн авсан акт үйлдсэн байдаг.
Энэ талаарх тайлбарыг УБТЗ-ын Чулуун заводын 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 68/126 албан тоотод тодорхой тайлбарласан байгаа.
Манай ажилтнууд шалгалтын явцад гаалийн байцаагч нарт зохих тайлбар, холбогдох баримт бичгийг танилцуулж байсан болно.
Дээр дурдсан таван нэр төрлийн сэлбэгийг Монгол улсын хилээр гаальд мэдүүлэлгүйгээр оруулж ирсэн зөрчил нь ХНН «УБТЗ»-ын буруутай үйл ажиллагаа биш бөгөөд «Жа Шин Хотын Шиүгэн» корпорацын Эрээн дэх салбар Ж Х компанийн буруутай үйл ажиллагаа гэж үзэж байна.
Гэтэл гаалийн улсын байцаагч нар нь шалгалт хийх явцдаа дээр дурдсан үүргээ хангалттай биелүүлээгүй, манай байгууллагаас гаргаж өгсөн дээр дурдсан баримт материалыг бүрэн гүйцэд судлаагүй дүгнэлт гаргасан.
Уг сэлбэг хэрэгслийг ХНН «УБТЗ» нь хилээр оруулж ирээгүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдож байгаа юм.
Гэтэл улсын байцаагч нь тухайн бэлбэг хэрэгслийг Монгол улсын хилээр оруулж ирсэн үйлдэлд зөвхөн манай байгууллагыг буруутган ХНН УБТЗ-д холбогдуулж 29/13 тоот акт тавьсан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10 Улсын байцаагч нь хууль тогтоомж чанд сахих..., хөндлөнгийн нөлөөнд үл автан албан үүргээ үнэнчээр гүйцэтгэх, төр байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтны хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх, хяналт шалгалтыг бүрэн гүйцэт хийх» үүргээ хангалттай биелүүлсэн гэж үзэхээргүй , Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2 Гаалийн хууль тогтоомж зөрчсөн этгээдэд захиргааны шийтгэл ногдуулах» гэсэн заалтад нийцээгүй гэж үзэж байна.
Гурав. Гаалийн байгууллагад мэдүүлээгүй хавсралтаар гаргасан барааны /Гар тээшээр оруулсан бараа 17 908 444,32 төгрөг/тухайд тайлбар гаргах нь:
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн Газар, Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хооронд 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Хэлэлцээрээр төмөр замын шугамыг тавих ба ашиглахын тулд «У т з» нэртэй Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэгийг байгуулсан билээ.
Дээр дурдсан Хэлэлцээр түүнийг дагаж гарсан Дүрэм болон нийгэмлэгийн үйл ажиллагаатай холбоотойгоор хоёр улсын Засгийн газар хооронд байгуулагдсан гэрээ, хэлэлцээрүүд өнөөг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд Монгол улсын Олон улсын гэрээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-т заасны дагуу олон улсын гэрээнд хамаардаг болно.
1949 оны Хэлэлцээрийн 8 дугаар зүйлийн «ж»-д «төмөр замын хайгуул шинжилгээ ба барилга болон ашиглалтад чухал хэрэглэгдэх төхөөрөмж материалуудыг шалган үзэх ба гааль татвар хураахгүйгээр БНМАУ-д нэвтрүүлэн оруулж байх ...» гэж заагдсаны дагуу ХНН «УБТЗ» нь гаалийн албан татвараас чөлөөлөгддөг.
Гэтэл олон улсын гэрээний дагуу гаалийн татвараас чөлөөлөгдөх барааг манай зарим ажилтнууд ажилдаа хариуцлагагүй хандсаны улмаас ОХУ-аас гар тээшээр оруулж ирсэн зарим барааг гаальд мэдүүлээгүй зөрчил гарсан байсан.
Зөрчил гаргасан ажилтан нар нь удаан хугацааны чөлөө авсан, хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж өөр ажилд шилжсэн тул эдгээр ажилтнуудтай хариуцлага тооцох боломжгүй байна.
ХНН «УБТЗ» нь дээр дурдсан барааг хилээр оруулж ирэхдээ ямар нэгэн байдлаар худалдааны луйвар хийх, ашиг олох зорилго агуулаагүй, зөвхөн төмөр замын тээврийн тасралтгүй үйл ажиллагааг хангахын тулд өөрийн дотоод хэрэгцээндээ ашигласан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү.
Дээр дурдсан үндэслэл шаардлага, нөхцөл байдлыг хянан үзээд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 4 тоот Шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Гаалийн улсын байцаагчийн 2013 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн №29/13 тоот Актыг хүчингүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан шүүхэд гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4 тоот дугаар бүхий шийдвэрт өмгөөлөгчийн хувьд нэхэмжлэгчийн давж заалдах гомдол дээр нэмэлт тайлбарыг гаргаж байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд маргаан бүхий захиргааны акт буюу гаалийн улсын байцаагчийн 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 29/13 тоот дугаар бүхий актад Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтыг баримтлан гарсан байна.
Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйл нь Гаалийн хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага гэж заасан бөгөөд энэ зүйлийн 290.1-д Гаалийн болон бусад хууль тогтоомж зөрчсөн гаалийн байгууллагын албан тушаалтан, гаалийн улсын байцаагчид сахилгын, захиргааны, эрүүгийн болон бусад хариуцлагыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хүлээлгэнэ" мөн зүйлийн 290.2-т "Гаалийн хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна" мөн зүйлийн 290.2.1-т "барааг гаалийн мэдүүлэгт бичээгүй орхих, эсхүл худал бичих, гаалийн хяналтаас гадуур, хилийн боомтгүй газраар нэвтрүүлэх, гаалийн шалгалтаас нуун далдлах, барааны нэр төрөл, хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчлөх, гаалийн бичиг баримтыг засварлах, хуурамчаар үйлдэх зэрэг аргаар хууль бусаар нэвтрүүлсэн бол иргэнийг 10000-30000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-150000 төгрөгөөр торгож, тухайн зөрчилд холбогдох барааг хураах, эсхүл үнийг гаргуулж улсын төсөвт төвлөрүүлэх" гэж тус тус заасан байна.
Энэ заалтаас үзэхэд гаалийн улсын байцаагчид нь "барааг гаалийн мэдүүлэгт мэдүүлээгүй орхих, эсхүл худал бичих, гаалийн хяналтаас гадуур, хилийн боомтгүй газраар нэвтрүүлэх, гаалийн шалгалтаас нуун далдлах, барааны нэр төрөл, хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчлөх, гаалийн бичиг баримтыг засварлах, хуурамчаар үйлдэх зэрэг аргаар хууль бусаар нэвтрүүлсэн бол..." гэсэн этгээдийг тогтоосон байхыг шаардаж байна.
Ийм баримт хавтаст хэргээс би олсонгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэлд "нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн У т з нийгэмлэг 30.380.300 төгрөгийн сэлбэг хэрэгслийг 2010 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсан байх бөгөөд уг барааг худалдах худалдан авах гэрээг Хятад улсын ЖиШин хотын Шигүэн корпорацын Эрээн дэх салбар Ж Х компанитай 2010 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нөхөж байгуулсан..." гэж дүгнэсэн байна. Гэтэл энэ үндэслэлээ үгүйсгэн дүгнэлт хийсэн байгаа юм.
Тухайн бараа 2010 оны 8 дугаар сарын 09-ний өдөр УБТЗ чулуун завод байрлах Дорноговь аймгийн Даланжаргалан суманд хүлээн авч байгаа үйл баримтыг яаж дүгнэхээрээ "...гаалийн хилээр оруулж ирэхдээ гаальд мэдүүлээгүй..." гэж улсын байцаагч шүүгч үзээд байгааг яагаад ойлгох хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Гэтэл гаалийн улсын байцаагчийн 29/13 тоот актад "огт мэдүүлээгүй" гэсэн байгаа юм. Яагаад 2010 оны 8 дугаар сарын 09-нд гаалийн хилээр нэвтрээд оруулаад ирсэн хүлээн авч байгаа манайх гаалийн хилээр барааг нэвтрүүлсэн болоод байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан дүр исгэсэн хэлцэл, түүнийг 1.4-т "барааг Замын-Үүд БАР Замын-Үүд/ нөхцөлөөр худалдан авагч талд хүлээлгэн өгнө..." гэсэн заалт шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т "Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна гэсэн заалтыг зөрчсөн байна.
Мөн энэ барааг нь хэн оруулж ирсэн нотлох тогтоох үүргээ гаалийн улсын байцаагчид нь биелүүлж хөдөлшгүй баримтаар тогтоосон үед акт гаргах, шүүх тэр акт нь нотлох баримтаар тогтоогдсон үед нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох ёстой.
2. Мөн гаалийн байцаагч нар нь мөн дээрх маргаан бүхий актад "...гар тээшээр оруулсан бараа..." гэж 17.904.444.32 төгрөгийн акт тавьсан байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд "Москва төлөөлөгч Сурмаагаас авсан гэж бичигдсэн барааг мөн "...УБТЗ-ыг гаалийн байгууллагад огт мэдүүлээгүй гэж акт тавьсан байгаа юм.
Энэ баримтаас үзэхэд оруулж ирсэн хүн Москва төлөөлөгч Сурмаа болох нь гаальд мэдүүлэх үүрэг нь хувь хүнд байгаа юм. Мөн энэ барааг хэдэн сарын хэдэнд Монгол улсын хилээр хэн гэдэг этгээд нэвтрүүлсэн болохыг ямар үйл баримтаар улсын байцаагч тогтоосон баримт хавтаст хэрэгт алга байгаа юм.
Мөн гаалийн тухай хуулийн 1.1.-д "Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийх, гаалийн хяналт хэрэгжүүлэх журам, гаалийн бүрдүүлэлтийн горим, нөхцөл, шаардлагыг тогтоох, гаалийн байгууллагын тогтолцоо, гаалийн байгууллага, албан тушаалтны эрх, үүргийг тодорхойлох, тэдгээрийн шийдвэрт иргэдээс гомдол гаргах, түүнийг нь гаалийн байгууллага, албан тушаалтнаас шийдвэрлэх, гаалийн хууль тогтоомжийг зөрчигчид хариуцлага хүлээлгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино" гэж заасан байна.
Мөн Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-т Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн хяналтаас гаргах зөвшөөрөл олгосны дараа гаалийн мэдүүлэг болон гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтад өгөгдсөн мэдээллийн үнэн зөвийг нягтлан шалгах, мэдүүлэгчийн экспорт, импортын үйл ажиллагаанд гаалийн зорилгоор гаалийн байгууллага бүрдүүлэлтийн дараах шалгалтыг явуулна" гэж заасан байна.
Энэ заалтаас үзэхэд УБТЗ-ын гаалийн бүрдүүлэлт хийж гаалийн мэдүүлэг болон гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтад өгөгдсөн мэдээллийн үнэн зөвийг нягтлан шалгах гэсэн нөхцөлийг заасан байх тул "УБТЗ-ын мэдүүлсэн баримтад тулгуурлан шалгалт хийхээр хуульчилсан байхад өөрсдийн тогтоогоогүй зүйлд үндэслэн "огт мэдүүлээгүй" гэсэн нь илт илэрхий алдаа бүхий акт болохыг нотолж байгааг шүүгч анхаараагүй байна.
Мөн Гаалийн тухай хууль тогтоомжийг хэн зөрчив гэсэн асуултад хэн ч хариултгүй буюу эцэслэн тогтоосон нотлох баримтгүй хэргийг хянан шийдвэрлэж Захиргаан хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т "Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ" гэсэн заалтыг зөрчсөн байна.
ГЕГ-ын БДШ гаалийн улсын байцаагчийн актын хавсралт хүртэл хэзээ хэн гаалийн хууль тогтоомж зөрчсөн болохыг огт тогтоосон үйл баримт, нотлох баримтыг гаргаж өгөөгүй нь Гаалийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т "Иргэн, хуулийн этгээд нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гаалийн байгууллага, албан тушаалтны амаар болон бичгээр гаргасан шийдвэр, эс үйлдэхүй /цаашид "шийдвэр" гэх/-н шалтгаан, үндэслэлийн талаар мэдээлэл авах эрхтэй" гэсэн заалтыг зөрчсөн байгаад дүгнэлт хийгээгүй байгаа нь Захиргааны хариуцлагын тухай хуульд Захиргааны шийтгэл төрөл хэмжээг тодорхой заасан байх бөгөөд энэ хуулийн 4 дүгээр зүйлд торгох, тусгайлан олгосон эрх хасах /тээврийн хэрэгсэл жолоодох, хууль бусаар олсон орлого, эд зүйл буюу зөрчил гаргахдаа ашигласан тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, байрыг хураах, баривчлах гэж захиргааны шийтгэлийн төрлийг заасан байна.
Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 1-д “Захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр нь торгуулийн хуудас, шийтгэвэр гэсэн хэлбэртэй байна” гэтэл Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2-т Гаалийн хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна" гэж заасан байна. Энэ заалтаас үзэхэд 29/13 тоот актаар торгууль ногдуулсан заалт нь захиргааны шийтгэлийн хэлбэрийг зөрчсөн байна.
Анхан шатны шүүхийн 04 тоот тогтоол нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг дараах байдлаар зөрчсөн байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д "Нэг нэхэмжлэлд хэд хэдэн хариуцагч байж болох ба тэдгээр нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даан оролцох эрхтэй" гэсэн заалтыг зөрчсөн байна.
Учир нь: Хэргийн 25 дугаар талд Анхан Шатны Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 6 дугаар сарын огноо бүхий дугааргүй захирамжаар захиргааны хэргийг нэр бүхий гурван улсын байцаагчид холбогдуулан үүсгэсэн байхад хавтаст хэрэгт зөвхөн нэг этгээдэд гардуулан өгсөн байна. Энэ Захиргааны хэргийн шүүхийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д "хэргийн оролцогчид эрх, үүргийг нь амаар тайлбарлан өгч, энэ тухай тэмдэглэлд бичиж, гарын үсэг зуруулах" гэсэн заалтыг зөрчсөн байна.
Мөн хэргийн 34 дүгээр талд Гаалийн ерөнхий газраас нэр бүхий 4 этгээдийг томилсон байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн оролцуулаагүй байна. Хэргийн 88 дугаар талд авагдсан баримтаар хэргийн материалыг гаалийн улсын байцаагч Д.Д, Нямсүрэн нарт танилцуулсан, мөн хавтаст хэргийн 114 талд авагдсан баримтаас үзэхэд зөвхөн Доржид танилцуулсан байна.
Мөн 2013 оны 9 дүгээр сарын 27-нд үйлдсэн хэргийн 123 дугаар талд Энхээ огт байхгүй байгаа бол, хэргийн 124 дүгээр талд авагдсан баримтаар хариу тайлбарыг Нямсүрэн, Дорж нар тайлбар гаргасан бод гаалийн улсын байцаагч Энхжаргалд хуульд заасан эрхийг танилцуулаагүй, тайлбар аваагүй байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломж олгоогүй байна.
Мөн хавтаст хэргийн 127 дахь талд авагдсан баримтаар Нямсүрэн, Дорж нар нь шүүхэд төлөөлөх эрхийг Энхээд олгосон байхад түүнд эрх үүрэг танилцуулаагүй байж шүүх хуралд оролцох мэдэгдлийг өгсөн байна.
Мөн хэргийн 150 дахь талд авагдсан баримтаар шүүх хуралд хариуцагч талаас Э, Н, Д нар оролцсон байх бөгөөд гаалийн улсын байцаагч Энхжаргал огт мэдэгдээгүй оролцуулаагүй байна.
Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.2-т "Захиргааны хэргийг хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч захиргааны хэргийн шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн байвал давж заалдах журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэсэн захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 88.1.1, 88.1.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана" гэсэн заалтыг баримтлан нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Гаалийн улсын байцаагчийн 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 29/13 дугаар актаар Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1 дэх заалтыг үндэслэн У т з нийгэмлэгээр гаальд мэдүүлээгүй барааны үнэ 48.288,744.32 төгрөгийг нөхөн төлүүлж, 150,000 төгрөгөөр торгох захиргааны шийтгэл ногдуулжээ.
Анхан шатны шүүх хэрэгт шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгчийн гаргасан гомдлын үндэслэлүүдийг судалж үзвэл:
Шалгалтын актыг үйлдэхдээ Татварын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, 74 дүгээр зүйлд заасан шаардлагын бүрэн хангаагүй гэх тухайд:
Маргаан бүхий акт гарах болсон үндэслэл нь хариуцагч бүрдүүлэлтийн дараах шалгалтаар Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1 -ыг зөрчсөн зөрчил гарсан гэж үзсэн явдал байх бөгөөд мөн хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1.7-д “гаалийн хууль тогтоомж зөрчсөн захиргааны зөрчилд хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх" гэж зааснаар захиргааны хариуцлага ногдуулжээ. Тиймээс энэ тохиолдолд Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйл болон татварын хууль тогтоомжийн дагуу “татвар ногдуулсан” акт үйлдсэн биш байх тул дээрх гомдол үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн таван нэр төрлийн сэлбэгийг “гаалийн бүрдүүлэлт хийгээгүй мэдүүлээгүй нь нийлүүлэгч байгууллагын буруу” гэх гомдлын тухайд:
Нэхэмжлэгч хуулийн этгээд нь БНХАУ -ын “Ж Х” гэх компанитай 30.380,300 төгрөгийн сэлбэг хэрэгслийг захиалгын дагуу хүлээн авахаар худалдах, худалдан авах гэрээг 2010 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан байна.
Уг гэрээний 1.4-т “Барааг ЮАР Замын-Үүд/ нөхцөлөөр худалдан авагч талд хүлээлгэн өгнө..” гэсэн заалтаар нийлүүлэгч компани нь импортын бүрдүүлэлтийг хийлгүйгээр захиалсан барааг Замын-Үүд өртөөнд У т з нийгэмлэгт хүлээлгэж өгөхөөр тохиролцсон байна. Тиймээс Монгол Улсын хилээр хэрхэн нэвтрүүлсэн нь тодорхойгүй барааг “гаальд мэдүүлэх үүргийг өөртөө” хүлээж гэрээ байгуулсан этгээд нь У т з нийгэмлэг байх тул Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1-т заасан “гаальд мэдүүлэхгүйгээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэдэгт хамаарч байна, энэ үндэслэлээр гаалийн улсын байцаагчийн актаар хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн заалтаар “хилээр оруулж ирж буй төмөр замын хайгуулын шинжилгээний ба барилга болон ашиглалтад чухал хэрэглэгдэх төхөөрөмж материалуудыг шалган үзэх 6а гааль татвар хураахгүйгээр БНМАУ-д нэвтрүүлэн оруулж байх" гэж заасан байна. Гэтэл гаалийн улсын байцаагчийн актаар татвар ногдуулсан бус харин Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1-д зааснаар гаалийн хилээр мэдүүлээгүй нэвтрүүлсэн гэдэг үндэслэлээр захиргааны хариуцлага ногдуулсан байна. Нөгөө талаар нэхэмжлэгч хуулийн этгээд өөрсдийн ажилтны үйл ажиллагааны хариуцлагагүй байдлаас болж энэхүү зөрчил гарсныг хүлээн зөвшөөрсөн байдаг.
Анхан шатны шүүхээс эдгээр болон бусад асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдолдоо гаргасан “нэмэлт тайлбарт” дурдагдсан асуудлын тухайд: Хариуцагч улсын байцаагчдаас төлөөлөн нэхэмжлэлийн хувийг нэг нь гардаж авсан, хариу тайлбар өгсөн, харин "тэднээс нэхэмжлэлийг гардаж аваагүй, эрх үүрэгтэй танилцуулаагүй” гэх гомдол гаргаагүй байна. Түүнчлэн нэг захиргааны актыг хамтран гаргасан, ашиг сонирхлын зөрчилгүй улсын байцаагчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөө оролцуулах боломж нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 23 дугаар зүйлд тодорхой зохицуулагдсан байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН
П.СОЁЛ-ЭРДЭНЭ Д.БАТБААТАР Ц.ЦОГТ