Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 21

 

Ч.Э нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

Шүүгчид: Т.Жаргалсайхан, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч: Н.М, Ч.Э нар

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: В.*******

Хариуцагч байгууллагын төлөөлөгч: Т.*******

Хариуцагчийн байгууллагын өмгөөлөгч: Б.*******

Нарийн бичгийн дарга: Б.******* нар оролцов.

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзулын даргалж шийдвэрлэсэн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 253 дугаартайшийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч Ч.*******а, Н.******* нарын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.*******а анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ч.Э миний бие 1985 онд төрсөн. 2007 онд Монгол улсын Их сургуулийн Завхан аймаг дахь эдийн засгийн салбар сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. 2014 оноос 2017 оны 01-р сарын 16-ны өдрийг хүртэл Улиастай сумын Чигэстэй багийн Хөгжлийн нийгмийн ажилтнаар ажилласан. Улиастай сумын Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.******* нь 2017 оны 01 сарын 16-ны өдрийн Б/12 тоот тушаалаар ажлаас халсан. Завхан аймгийн 2017 оны баталсан төсөв Улиастай сумын Засаг даргын тамгын газрын гэрээт ажилтаны орон тоо 21-р тогтоол баталж миний орон тоо, цалингийн сан батлагдсан байтал Улиастай сумын Засаг дарга Б.******* 2017 оныхоо бүтэц орон тоонд гэрээт ажилчдын тоог 15 болгон өөрчилсөн нь аймгийн хэмжээнд баталсан төсвийг зөрчсөн буруутай үйлдэл гэж үзэж байна. Иймд намайгчөлөөлсөн Улиастай сумын Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.******* даргын 2017 оны 01-р сарын 16-ны өдрийн Б/12 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Н.М анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Н овогтой М миний бие 1988 онд төрсөн. 2010 онд Монголын үндсэний дээд сургуулийг хууль эрх зүйч мэргэжлээр төгссөн. Улиастай сумын Товцог багийн Хөгжлийн нийгмийн ажилтнаар 2013-2017 он хүртэл ажилласан төрийн албан хаагч юм. Гэтэл намайг Улиастай сумын Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.******* нь 2017 оны 01 сарын 16-ны өдрийн Б/10 тоот тушаалаар ажлаас халсан. Завхан аймгийн 2017 оны баталсан төсөв Улиастай сумын Засаг даргын тамгын газрын гэрээт ажилтаны орон тоо 21-р тогтоол баталж миний орон тоо, цалингийн сан батлагдсан байтал Улиастай сумын Засаг дарга Б.******* 2017 оныхоо бүтэц орон тоонд гэрээт ажилчдын тоог 15 болгон өөрчилсөн нь аймгийн хэмжээнд баталсан төсвийг зөрчсөн буруутай үйлдэл гэж үзэж байна. Иймд намайг чөлөөлсөн Улиастай сумын Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.******* даргын 2017 оны 01-р сарын 16-ны өдрийн Б/10 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.М анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Улиастай сумуудын багийн ажлын бүтэц орон тоонд нийгмийн ажилтаны орон тоо байхгүй, цалингийн санд багийн Засаг дарга, түшмэл гэсэн 2 орон тоо, цалин төсөвлөгдөж батлагдсан байдаг. Нийгмийн ажилтаны албан ёсны орон тоо, цалингийн сан байхгүй тул тухайн жилийн цалингийн сан төсвийн байдалтай уялдуулан нийгмийн ажилтаны ажил үүргийг гэрээгээр гүйцэтгүүлж байсан.

Багийн нийгмийн ажилтаны орон тоо өмнө нь ч байгаагүй одоо ч байхгүй. Тиймээс Ч.Э нь 2014 оны 10 сарын 01-ний өдрөөс Чигэстэй багийн Нийгмийн ажилтанаар түр, 2015 оны 01 сарын 01-ний өдрөөс төрийн үйлчилгээний албан тушаалын цалингаар цалинжиж төсвийн байгууллагын зарим үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 33 дугаар тогтоолыг үндэслэн гэрээ байгуулж гэрээт ажилтан буюу хөлсөөр ажиллах гэрээний зарчмаар ажиллаж байсан. Ч.Э-ийн хувийн хэрэгт 2016 онд хөдөлмөрийн харилцааг зохицуулах гэрээ, ямар нэгэн бичиг баримт байхгүй байгаа нь холбогдох хуулийг зөрчсөн байна.

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлж Засгийн газрын 2015 оны 11-р сарын 02-ны өдрийн 425 дугаар тогтоолын 10001-20000 хүртэл хүн амтай суманд 20 орон тоотой байх заалтыг үндэслэн Улиастай сумын Засаг даргын тамгын газрын бүтэц орон тоонд өөрчлөлт оруулах саналыг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 35 дугаар тогтоол гарган дэмжиж Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулах саналд Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн саналыг тусгаж холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэр гаргаж хэрэгжүүлэхийг сумын Засаг дарга Б.*******т даалгасан. Үүний дагуу Улиастай сумын Засаг дарга Б.******* 2016 оны 12- р сарын 02-ний өдрийн А/135 тоот захирамж гарган бүтэц орон тоог баталсан. Энэ бүтэц, орон тоогоор гэрээт ажилтаны тоог 6-р цөөрүүлсэн.

Захирамжийн дагуу гэрээт ажилтаны тоог цөөрүүлсэн, гэрээний хугацаа дуусгавар болсон багийн ажлын албаны нийгмийн ажилтаны ажил үүргийг гэрээгээр гүйцэтгэж байсан 6 хүнд 2016 оны 12-р сарын 02-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон тухай албан мэдэгдлийг өгч Ч.Э-г 2017 оны 01-р сарын 18-ны өдрөөр тасалбар болгон 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгож үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Дээрх нөхцөл байдлуудын улмаас Ч.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй болохыг үүгээр уламжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Ч.*******а анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Улиастай сумын Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.М нь Улиастай сумын Засаг даргын хууль бус шийдвэрийг үндэслэж 2017 оны 01 сарын 16-ны өдрийн Б/12 тоот тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн. Би энэ тушаалыг хууль бус гэж үзэж байна. Учир нь  Завхан аймгийн Нутгийн захиргааны удирдлагын 2017 оны төсөвт 21 гэрээт ажилтан байхаар төсөвлөж төсвийн мөнгийг  баталсан байгаа. Гэтэл Улиастай сумын Засаг дарга шинээр томилогдсоноосоо хойш 2017 оны гэрээт ажилтанг 15 болгон өөрчилсөн. Аймгаас баталж өгсөн орон тоог дур мэдэн өөрчилж  бидний ажлын цэсэн дээр өөр ажилтан авч ажиллуулж байна гэж үзэж байна. Тиймээс 2017 оны 01 сарын 16-ны өдрийн Б/12 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1618910 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ.

Нэхэмжлэгч Н.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2013-2016 оны хүртэл Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн нийгмийн ажилтанаар ажиллаж байсан. Тамгын газар дарга *******ын 2017 оны сарын 16-ны өдөр Б/10 тоот тушаалаар намайг  ажлаас халсныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.  Ийм учир Б/10 тоот тушаалыг хүчингүй болгож, Улиастай сумын Товцог багийн нийгмийн ажилтнаар эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 1618910 төгрөгийн цалин олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж надад учирсан хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ч.*******агийн өмгөөлөгч В.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

*******аг ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гарч *******агийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэж үзэж байна. Хууль хэрэглээний алдаа гарсан байна. Энэ тушаал дээр Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг хэрэглэсэн байгаа. Хавтаст хэрэгт 40.1.1 дэх заалтыг яагаад хэрэглэсэн талаар баримтыг гаргаж өгөөгүй. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 11 сарын 30 тоот тогтоол, сумын Засаг даргын захирамж зэргийг үндэслэж энэ тушаалаа гаргасан байгаа. Энэ тогтоол, захирамжийг үндэслэсэн асуудал нь эргэлзээтэй, он сар нь зөрүүтэй зүйл байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх хэсгийг хэрэглэх эсэх асуудлаар зөвшилцөх хурлаар хэнийг халах талаар ярьсан гэх баримт огт байх. Албан тушаалын энэ асуудлыг хэнийг яаж халсан талаар гаргах нотлох баримт авагдаагүй байна. Гэрээний хугацааг хууль бус гэж дүгнэж  байгаа.  Тухайн гэрээ нь ажил олгогч ажил үүрэг гүйцэтгэгч хоёрын хоорондын байгуулсан эрх зүйн акт юм. Энэ актын биелэлтийг хангаж ажиллаагүй учраас ажлаас халсан асуудал байна. Хууль хэрэглээний алдаатай акт байсан учраас *******агийн нэхэмжлэлийн шаардлагыг хуульзүйн үндэстэй гэж үзэж байна.

Орон тооны талаар Засаг даргатайгаа зөвшилцсөн асуудал яригдаж байгаа. Ингэж зөвшилцөхдөө яг ямар ямар орон тоо байх талаар тодорхой нарийн тусгаагүй.  Энэ байгууллага хувийн байгууллага биш төрийн байгууллага, бүхэл бүтэн 1 сумыг удирдаж байгаа учраас ажилдаа хариуцлагатай хандах ёстой. Иргэдийн хуралдаа зүгээр нэг хүний тоо авах гэж байгаа юм шиг хандсан асуудал харагдаж байна. Ямар орон тоотой ажиллах талаар тодорхой зүйл байхгүй байна. Орон тоог цомхтгосон гэж байгаа боловч шинээр орон тоо бий болгож ажилчид авсан зүйл харагдаж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийгмийн ажилтанууд ТЗ-ийн ангиллаар цалинжиж ажиллаж байсан юм байна лээ. Тэгэхэд бүтцэд эдгээр орон тоо байхгүй, цалингийн сангаас шалтгаалж ТҮ-ийн ангилал руу шилжүүлсэн юм байна лээ. Би тушаал гаргах, ажлаас чөлөөлөх болсон үндэслэлүүдээ хэлье.

Нэгдүгээрт УИХ-ын 47 дугаар тогтоолоор дарга эрхлэгч нарт чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах зэргээр орон тоо цалингийн сан, урсгал зардлын бууруулах эрхийг олгох, бүтцийн өөрчлөлт, чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор хэмнэсэн цалинг  байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах зориулалтаар зарцуулахыг зөвшөөрөх  гэсэн чиг үүрэг өгсөн. Энэ нь эдийн засгийн хямралтай холбоотой юм. 10001 дээш хүн амтай Тамгын газарт 20 орон тоотой ажиллах ёстой юм байна лээ. Багийн ажлын алба нь 2 орон тоотой. Өөрөөр хэлбэл багийн Засаг дарга, багийн түшмэл гэсэн орон тоотой ажиллаж байгаа. Нийгмийн ажилчид нь гэрээгээр ажиллаж байсан ажилчид юм. Улиастай сумын Засаг дарга ажлаа авсны дараа бүтцийн өөрчлөлт хийж УИХ-ын 47 дугаар тогтоол, Засгийн газрын 325 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх явцтай энэ нь давхцаж байгаа. Багийн нийгмийн 6 ажилтны орон тоо байхгүй, эдгээр хүмүүс гэрээгээр ажиллаж байгаа. Мөн гэрээнийх нь хугацаа 2017 оны 01сарын 01-нээс дуусгавар болж байгаа. Тиймээс энэ хүмүүст ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлээ өгсөн. Түүний дараа шийдвэрээ гаргасан. *******ын тухайд шүүхээр энэ асуудлаа шийдвэрлүүлнэ гээд тэтгэмж аваагүй. *******а тэтгэмж авахгүй гэж байгаад сүүлд нь тэтгэмж авсан. Иргэдийн хурлын дарга *******ээр яриулж байгаад миний гаргасан тушаалыг өөрчлүүлж байгаад тэтгэмж авсан. Дараа нь шүүхэд өгсөн тайлбартаа надад хууль бусаар тэтгэлэг өгсөн гэж бичсэн байна лээ. Миний зүгээс *******аг залилангийн шинжтэй тэтгэмж авсан гэж ойлгож байгаа.  ******* дарга надад хэлэхдээ *******а тэтгэмжээ аваад шүүхэд нэхэмжлэл гаргахгүй юм шиг байна лээ. Надтай тэгж ярилаа. Чи тэр тэтгэмжийг нь өгөөд энэ хүнийг явуулаачээ надад удаа дараа хэлсэн. 2016 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээ эрх зүйн үндэслэлгүй байгаа. Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг үндэслэж гэрээ байгуулсан байна лээ. Гэтэл тухайн үндэслэсэн хууль нь аль эрт хүчингүй болсон. Аймгийн захиргаанаас бүтцийг баталж өгсөн байхад ******* өөрөө дур мэдэн бүтцээ өөрчилсөн гэсэн асуудал ярьж байна. Сумын Засаг даргын тамгын газар 20 орон тоотой ажиллах талаар Засгийн газар баталсан байгаа.  Түүний дагуу 20 орон тоог аймгийн төсөвт суулгаж өгсөн. Төрийн ажил үйлчилгээг бусдаар гүйцэтгүүлэх гэдгийг цалинг л төсөвт суулгаж өгдөг юм. Би 2016 оны 11 сарын 14-нд ажлаа хүлээж авсан. Ажил хүлээж авсны дараа ямар бүтцээр яаж ажиллах талаар удирдлагын зөвлөлийн хуралдаанаар олон удаа хэлэлцүүлж санал авч ярилцсан. Дараа нь албан ёсоор зөвшилцсөн. Тэр асуудлаа сумын Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлсэн. Энэ хуралдаанаас тухайн асуудлыг дэмжсэн тогтоол гаргасан. Тэр тогтоол нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлээд байгаа 35 дугаар тогтоол юм. Тэр тогтоолыг үндэслэж сумын Засаг дарга ийм бүтэцтэй ажиллах юм байна гэж шийдвэр гаргасан. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар бол Тамгын газрын дарга Засаг даргатайгаа зөвшилцөх  үүрэгтэй. Тэр үүргийнхээ дагуу Засаг даргатай зөвшилцсөн юм. Гэрээний тухай асуудал яригдаж байна. Бүтэц орон тоо өөрчлөгдөж байгааг багийн нийгмийн ажилчид эрт мэдсэн. Хөдөлмөрийн гэрээ гэсэн нэршил бүхий энэ гэрээ нь хууль зүйн хувьд учир дутагдалтай, хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээтэй байна гэжээ.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн шаардлага хангасан. Орон тооны асуудал дээр нэгжийн тухай хуулийн 33.4 дэх хэсэгт зааснаар Засаг даргын Тамгын газар нь бүтэц, орон тооны хязгаарын дотор багтааж цалингийн сан ажилтны тоог тогтоосон. Энэ нь хуулийн шаардлагыг бүрэн хангаж байна. 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хэлэлцээд гэрээт ажилтны орон тоо 15 байна гэж тогтоосон байна. Шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй баримт хавтаст хэрэгт авагдсан байна. Учир нь эх сурвалж нь тодорхойгүй нотлох баримт байна энэ нотлох баримтыг шүүх үнэлэхгүй байх гэж бодож байна. Ийм учраас бүрэн эрхээ хэтрүүлээгүй гэж үзэж байна. Учир нь Тамгын газрын дарга нь Засаг даргатай зөвшилцөж цалингийн сандаа багтаагаад бүтэц орон тоогоо тогтоогоод явах боломжтой юм. Хөдөлмөрийн тухай хууль болон Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангаж байгаа учраас энэ тушаал үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Анхан шатны шүүх: Ч.Э, Н.М нарын нэхэмжлэлтэй Завхан аймгийн Улиастай сумын ЗДТГ-т холбогдохажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.Э, Н.М нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Завхан аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 23-ны өдрийн 253 тоот шийдвэртэй 2017 оны 06 сарын 08-ны өдөр хүлээн авч танилцаад эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхэд хэргийг бодит байдалд тохирсон дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх Улиастай сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын 35-р тогтоолыг үндэс болгон бидний нэхэмжлэлийг хүчингүй болгосон нь орон тоо төсвийг хийсвэрээр үнэлж шийдвэрлэсэн гэж ойлгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэстэй юм. Анхан шатны шүүх Улиастай сумын Иргэдийн төлөөлөгчийн хуралын тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 35-р тогтоол, 2016 оны 12 дугаар сарын 02-ны Удирдлагын зөвлөлийн хурлаар гаргасан санал зэрэгт үндэслэсэн асуудал нь эргэлзээтэй он, сар, өдөр зөрүүтэй.

2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Ч.*******а, Н.******* нарын Хөдөлмөрийн гэрээний 5.3, 5.4 дэх заалтуудыг зөрчсөн шийдвэр гаргасан байхад шүүх энэхүү баримтыг авч үзээгүй.

Завхан аймгийн нутгийн захиргааны байгуулгын 2016 он, 2017 оны төсвийн баримтыг наториатаар баталгаажуулсан байхад нотлох баримтанд авч үзээгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Давж заалдах гомдолоо дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд хандаж байна. Нутгийн захиргааны 2016, 2017 оны улсын төсвийн баримтуудыг нотариатаар баталгаажуулсан байхад нотлох баримтад авч үзээгүй. Удирдлагын хурлын тэмдэглэл он сар зөрүүтэй байхад нотлох баримтын хэмжээнд үнэлсэн зэрэгт гомдолтой байна гэв.

Нэхэмжлэгч Ч.*******а давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хөдөлмөрийн гэрээний 5.3 гэсэн заалтад нь Талууд гэрээний хугацаа дуусгавар болохоос 10 хоногийн дотор харилцан тохиролцож, төлбөр тооцоог дуусгавар болгоно, 5.4-т нэг тал санаачилгаараа Хөдөлмөрийн гэрээг цуцлахыг хориглоно гэж заасан энэ заалтыг авч үзээгүй гэж үзээд байгаа юм гэв.

Нэхэмжлэгч Ч.Э-ийн өмгөөлөгч В.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.Э-ийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ тодорхой эрх зүйн актад заасан хэм хэмжээнд тулгууран асуудлыг шийдвэрлээгүй байна гэж гомдол гаргаж байна. Ч.Э-г 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/23 тушаал гарсан уг тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн хуулийн 1 дэх заалтыг баримтласан энэхүү баримтлахдаа ажилчдын орон тоо хасагдсан, цөөрсөн гэсэн эрх зүйн үндэслэл байдаг. Дээрх эрх зүйн актаас өөр эрх зүйн акт баримтлан тушаалаа гаргасан байна. Хөдөлмөрийн гэрээнд заасан эрх зүйн акт үндэслэл болгон асуудлыг шийдвэрлэх ёстой. Хөдөлмөрийн гэрээний 1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн гомдол гаргаж байгаа нь үндэслэлтэй байна гэж үзэж байна.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.Э М нар гомдол гаргасан байна. Гомдолтой холбогдуулан хэд хэдэн зүйлийг тайлбаръя. Уг гэрээ нь Хөдөлмөрийн гэрээ гэж нэртэй байсан болохоос биш Хөдөлмөрийн гэрээ ч биш Хөлсөөр ажиллах гэрээ ч биш гэрээ байсан. Тэрхүү гэрээ нь оны эцсээр хугацаа нь дуусч байсан. Захиргаа төсөв баталсан байсан гээд байна. Энэ бол Иргэдийн хурлаар төсөв баталдаг гэхдээ тэр байгууллагын эрх хэмжээнд нийцүүлэн багцаар баталсан. Ийм үйл ажиллагаа заавал байх ёстой гэж үзээд байх шиг байх байна. Нэхэмжлэгч талын өмгөөлөгчөөс хэлж байна. Тушаалын үндэслэх хэсэгтээ ажилчдын орон тоо хасагдсан, цөөрсөн гэсэн заалт баримтлсан гэж хэлж байна. Харин үгээр тайлбарлахдаа гэрээний хугацаа дууссан байна гэж тайлбарлаж байна. Манай дээр аль аль үйл ажиллагаа нь явагдсан. Нэгэнт гэрээний хугацаа дуусч байгаа учраас бид нар Иргэдийн төлөөлөгчийн хурал, Засаг даргатай гэрээний хугацаа дуусч байгаа, эдгээр ажлын байрны шаардлагагүй учраас орон тоог цомхтгоё гэж үзсэн. Багийн нийгмийн ажилчдын орон тоог яагаад цомхтгох шаардлага бий болсон юм гэхээр Улиастай сумын орон тоо Засгийн газрын тогтоолоор 20 орон тоо байдаг. Дээр нь 6 багийн нийгмийн ажилтны 12 орон тоо байдаг. 6 багт учраас 1 багт 2 ниймгийн ажилтаны орон тоо байдаг. Бүх багийн нийгмийн ажилчид ТЗА-аар ажиллаж байгаад сүүлдээ ТҮА -аар ажилдаг болсон. ТҮА болгохдоо Хөлсөөр ажиллах гэрээ ч юм уу Хөдөлмөрийн гэрээ ч юм уу болгож ажиллаж байсан байна. Нэгэнт баталсан орон тоо байхгүй учраас Засгийн газраас гаргасан тогтоол , Улсын их хурал тогтоолууд бол эдийн засгийн хямралын үед аль болох орон тоо цөөлөх үргүй зардал гаргахгүй багасах тухайн байгууллага өөрөө дотоодоо баталдагдсан төсвөө зохицуулах нэмэлт хийх үйл ажиллагааг авч хэрэгжүүлэхийн тулд ийм шийдвэр гаргасан. Нийгмийн ажилтныг халсанаас хойш нийгмийн ажилтаны орон тоо дээр нэмж хүн аваагүй баг дээр багийн дарга, багийн түшмэл гэсэн орон тоотой ажиллаж байна гэв.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Улиастай сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч байгууллагын өмгөөлөгчөөр оролцож байна. Давж заалдах гомдолтой холбогдуулан тайлбарлахад Захиргаанаас олгосон төсвийг шүүхээс үнэлээгүй гэж нэхэмжлэгч талын өмгөөлөгчөөс үзэж гэж ярьсан. Нотлох баримтын хэмжээнд шаардлага хангаагүй гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн яагаад ингэж дүгнэсэн гэхээр ямар эрх зүйн акт гэдэг тодорхой бус байсан учраас шүүх асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн гэрээнд ТҮА-аар ажил гүйцэтгүүлэн гэж заасан байдаг. Хөдөлмөрийн гэрээ гэж үзэхгүй ч гэсэн хөдөлмөрийн харилцаа явагдсан байна гэж үзэх үндэслэлтэй гэж үзсэн учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрнө. Ямар утгатай эрх зүйн акт вэ, ямар байгууллагаас гаргасан гэдэг нь тодорхой бус хэдэн сарын хэдийн өдөр гаргасан нь мэдэгдэхгүй баримт байсан. Нэхэжлэгч хариуцагч 2-т шүүхээс хэрэг үүсгэсэнээс эрх үүргийг тайлбарлан өгсөн. Хариуцагч байгууллага бол хуулийн хүрээнд бүрэн эрхээхэрэгжүүлсэн Хөдөлмөрийн гэрээний тухайд ямар гэрээ байсан талаар ярьсан. Бид нар захиалагч, гүйцэтгэгч гэсэн 2 талаас оролцож байгаа. Гэрээний хугацаа дуусгавар болсон тухай 1 сарын дотор мэдэгдэх хуудас өгсөн байгаа.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1 дэх заалтад заасныг баримтласан 40.2 дахь заалтаас юу харагдаж байна гэхээр тушаалын үндэслэх хэсэгт эрх зүйн актуудыг үндэслэсэн байгаа энэ эрх зүйн актууд Улиастай сумын Засаг даргын Тамгын газраас багуудад ийм орон тоотой ажиллах тухай захирамж дээр заасан байгаа. Мөн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 зүйлийн 4 дэх хэсэгт заасан Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө гэсэн энэ заалт яригдаж байгаа асуудал тухайн байгууллагынхаа бүтэц цалингийн сан дээр Засаг дарга, Тамгын газрын дарга нар оролцож зөвшилцсөн тухай баримтууд хавтаст хэргийн материалд байгаа учраас анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд хэвээр үлдээж өгөхийг хүсч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалттай нийцжээ.

Ажил олгогч Улиастай сумын Засаг даргын Тамгын газар нь тус сумын Чигэстэй багийн хөгжлийн нийгмийн ажилтнаар ажиллаж байсан Ч.Э, Товцог багийн ажилтнаар ажиллаж байсан Н.М нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөнийг эс зөвшөөрч ажилтан Н.М, Ч.Э нар шүүхэд гомдол гаргажээ.

Нэхэмжлэгч Ч.*******а нь Чигэстэй багийн хөгжлийн нийгмийн ажилтнаар, нэхэмжлэгч Н.******* нь Товцог багийн хөгжлийн нийгмийн ажилтнаар ажиллаж байсныг ажил олгогч нь 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/12, Б/10 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, дэх заалт Улсын их хурлын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 47 дугаар тогтоолын 1.2, Б заалт, Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 425 дугаар тогтоол, Улиастай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 35 дугаартай тогтоол, сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/135 дугаар захирамжийг үндэслэн тус, тус ажлаас чөлөөлжээ.

Ажил олгогч нь тушаалынхаа үндэслэлийг тайлбарлахдаа Улиастай сумын багуудын нийгмийн ажилтаны орон тоо гэж өмнө нь ч байгаагүй, одоо ч байхгүй, Ч.*******а, Н.******* нартай Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, төсвийн байгууллагын зарим ажил үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай Засгийн газрын 2003 оны 233-р тогтоолыг үндэслэн гэрээ байгуулж гэрээт ажилтан буюу хөлсөөр ажиллах зарчмаар ажиллаж байсан гэж тайлбарлан маргаж байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас харахад ажилтны ажлын байр, гэрээний үргэлжлэх хугацаа, цалин хөлсний хэмжээ болон олгох нөхцлийг тохирсон байдал, ажил үүргээ гүйцэтгэж байгаа байдал, ажлын цаг ашиглалт, ажлаас чөлөөлсөн байдал зэргээс талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсэж, хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь заалт, Засгийн газрын 2014 оны 326, 2015 оны 425 дугаар тогтоол, Улиастай сумынн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 35 дугаар тогтоолыг үндэслэн Завхан аймгийн засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр А/135 дугаар захирамжаар Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоог хавсралтаар баталжээ.

Уг хавсаралтанд зааснаар Улиастай сумын багийн ажлын албанд багийн хөгжлийн нийгмийн ажилтан гэсэн орон тоо байхгүй хасагдсан болох нь тогтоогджээ.

Ажил олгогч нь ажилтнуудыг ажлаас чөлөөлсөн тушаалынхаа үндэслэл болгосон дээрх захирамж, тогтоолуудыг хэрэгт нотлох баримтуудаар ирүүлсэн байх бөгөөд баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангасан баримтууд байх ба дээрх баримтуудаар Улиастай сумын багийн хөгжлийн нийгмийн ажилтны орон тоог хасах үндэслэл байсан болон уг баримтуудад үндэслэж, ажилтнуудын орон тоог хассан, нөхцөл байдал тогтоогдож байна.

Ажил олгогч дээрх орон тоо хасагдсан ажилтнуудад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан журмын дагуу мэдэгдэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй, байна.

Иймд нэхэмжлэгч нарын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийг бичихдээ хуульд үндэслээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 23-ны өдрийн 253 дугаартайшийдвэрийн 1 дэх заалтын эхэнд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар гэж нэмж, шийдвэрийн бусад заалт хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Э Н.М нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН

Б.АРИУНБАЯР