Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2016/0511

 

П.Энхбатын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч П.Энхбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвадулам нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 372 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, П.Энхбатын нэхэмжлэлтэй, Гааль, татварын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 372 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 16 дугаар зүйлийн16.З, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.2.1, 27.2.4, 39 дүгээр зүйлийн 39.5, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 78 дугаар зүйлийн 78.1-д заасныг баримтлан иргэн П.Энхбатын Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/418 тоот тушаалын иргэн П.Энхбатад холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ажилдаа эгүүлэн томилуулж гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан П.Энхбатын ажилгүй байсан хугацааны цалинг зохих журмын дагуу тооцон гаргаж, түүний нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Гааль, татварын ерөнхий газрын даргад даалгажээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...П.Энхбат миний бие ажлаас үндэслэлгүйгээр халагдах хүртлээ Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/237 дугаар тушаалын дагуу Гаалийн ерөнхий газрын харъяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын Гаалийн зөрчлийн албаны дарга бөгөөд гаалийн улсын ахлах байцаагчаар томилогдон ажиллаж байсан юм.

Анхан шатны шүүхээс Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/418 тоот тушаалыг хууль бусаар гаргасан байна гэж үзэж хүчингүй болгож шийдвэрлэсэн гэж би ойлгож байгаа тул намайг өмнө ажиллаж байсан ажил албан тушаалаа эрхлэх, мөн уг ажил албан тушаал өнөөдрийн байдлаар Гааль, Татварын ерөнхий газарт байхгүй болсон бол миний өмнө хашиж байсан ажил, албан тушаалтай ижил түвшингийн ажил, албан тушаалд намайг ажиллуулах талаар шийдвэр гаргаж өгөөгүйд гомдолтой байна.

Иймээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 372 дугаартай шийдвэрийн "ажилдаа эргүүлэн томилуулж" гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэсэн хэсгийг хүчингүй болгож, намайг өмнөх ажил, албан тушаалд эсхүл түүнтэй дуйцэхүйц ажил, албан тушаалд томилуулах тухай шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, зөв үнэлсэн атлаа Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж П.Энхбатын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь үндэслэл муутай байх боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ба хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан, эсхүл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гомдол гаргасан тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй.” гэж заасны дагуу давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч П.Энхбат нь давж заалдах гомдолдоо “миний өмнө ажиллаж байсан ажил албан тушаалтай ижил түвшний ажил, албан тушаалд намайг ажиллуулах талаар шийдвэр гаргаж өгөөгүйд гомдолтой байна” гэжээ.

Анхан шатны шүүх “ажилд эгүүлэн томилуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн ажиллаж байсан Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын Гаалийн зөрчлийн албаны даргын орон тоо хасагдсан гэх шалтгаанаар нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй.

 Учир нь Гаалийн Ерөнхий газрын дарга нь 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/237 дугаар тушаалаар П.Энхбатыг Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын Гаалийн зөрчлийн албаны дарга бөгөөд гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалд томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д “Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ”, 17.4-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина” гэж тус тус заасныг зөрчсөн байна. Энэ талаар анхан шатны шүүх холбогдох баримтад үндэслэн зөв дүгнэжээ.

Харин хариуцагч Гаалийн ерөнхий газрын дарга нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн дээрх Б/237 дугаар тушаалаа хүчингүй болгосон нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-д заасанд нийцсэн байна. Төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан хуульд нийцээгүй шийдвэрээ хүчингүй болгох нь төрийн албаны “хууль дээдлэх” зарчимд нийцнэ. Гэтэл анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д “Энэ зүйлийн 16.2, мөн хуулийн 17.1, 17.4-д заасныг зөрчиж иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг төрийн албаны төв байгууллага хүчингүйд тооцож, буруутай албан тушаалтанд шүүгч энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.”, 39 дүгээр зүйлийн 39.5-д “Төрийн жинхэнэ албаны хүний нөөцийн удирдлагатай холбогдон гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол төрийн албаны төв байгууллага өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй.” гэж тус тус заасны дагуу төрийн төв байгууллага өөрчилж, хүчингүй болгох эрхтэй гэж хуулийн зорилго агуулгыг хэт явцууруулан буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 33.2-т “Төрийн албан хаагчийн стандартын удирдлагыг төрийн албаны төв байгууллага хэрэгжүүлнэ”, 33.3-д “Төрийн албан хаагчийн шуурхай удирдлагыг төрийн байгууллагын ажлын албаны эрх бүхий албан тушаалтан хэрэгжүүлнэ” гэж, 35.1.2-т төрийн албаны төв байгууллага нь төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан стандартын хэрэгжилтийг шалган зааварлах, зөрчлийг  арилгуулах хугацаатай үүрэг өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих, энэ хуулийн З9.1-д заасан маргааныг хянан шийдвэрлэх бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан бөгөөд уг чиг үүргээ хэрэгжүүлэх үедээ буюу төрийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж зөрчлийг илрүүлсэн, маргааныг шийдвэрлэсэн үедээ дээрх заалтуудын дагуу төрийн байгууллагын шийдвэрийг хүчингүй болгох бүрэн эрхтэй гэж ойлгохоор байх бөгөөд харин төрийн албаны төв байгууллага дээрх бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй үед төрийн байгууллагын хууль зөрчсөн шийдвэрийг хэн ч хүчингүй болгох эрхгүй, хууль бус шийдвэр хэрэгжсээр, албан тушаалд тавигдах шаардлага хангаагүй этгээд төрийн жинхэнэ албан тушаалд үргэлжлүүлэн ажилласаар байх ойлголт үүсэх бөгөөд энэ нь хуулийн зорилго биш юм. 

Нэхэмжлэгч П.Энхбат нь Төрийн албаны тухай хуулийн 4.2.4-д “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх” зарчмыг зөрчиж гаалийн албаны бүтцийн нэгжийн дарга бөгөөд гаалийн улсын ахлах байцаагчаар томилогдсон байх тул түүнд хууль ёсоор төрийн жинхэнэ албан хаагчийн эрх үүсээгүй байх тул төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангагдах эрхтэй гэж үзэхгүй. Иймд Захиргааны хэргийн шүүх нь хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж сэргээх үүрэгтэй бөгөөд П.Энхбатыг урьд эрхэлж байсан ажилтай дүйцэхүйц албан тушаалд томилохыг хариуцагчид даалгах талаарх гомдлыг хангах үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгчийн гомдлын хүрээнд шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 372 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.Энхбатын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                    Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                    С.МӨНХЖАРГАЛ